Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01078

 

 

 2022          11           10                                          001/ХТ2022/01078

 

Ж ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

            2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 132/ШШ2020/00667 дугаар шийдвэр,

            Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар магадлалтай,                                                                                                                                 

Ж ийн нэхэмжлэлтэй

Ш д холбогдох

Гэм хорын хохиролд 8,241,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж , хариуцагч Ш , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж  нь хариуцагч Ш д холбогдуулан гэм хорын хохиролд 8,241,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 132/ШШ2020/00667 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш аас 6,148,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,093,669 төгрөгийг гаргуулах хэсгийн хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,817 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш аас улсын тэмдэгтийн хураамжид 113,318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар магадлалаар: Хариуцагч Ш ын давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “6,148,00” гэснийг “3,868,00” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Зохигчид маргаан бүхий 6,148,000 төгрөгийг "Жи тайм корпорейшн" ХХК-д элсэх зорилгоор шилжүүлсэн гэдэг дээр огт маргадаггүй. Нэхэмжлэгч Ж  нь би цагдаагийн байгууллагад “Жи тайм” сүлжээний хохирогчоор мэдүүлэг огт өгөөгүй гэж шүүх хурал дээр удаа дараа худал мэдүүлэг өгч байсан ба 2020.07.08-нд болсон анхан шатны шүүх хурал дээр Монгол Улсад Ж  гэдэг нэртэй хүн 36 мянга гаруй байдаг үүнээс Ж ийн Ж  гэдэг нэртэй хүн хэдэн зуугаараа байдаг учраас намайг гэж үзэх ёсгүй гэж худал мэдүүлэг өгч байсан. Гэвч МУ-ын хүн амын мэдээллийн санд Ж  овогтой Ж  гэж 2 хүн бүртгэгдсэнээс 1962.03.14-нд төрсөн Ж  овогтой Ж  нь 1997.02.07-ны өдөр нас барсан гэж бүртгэгдсэн байдаг юм байна. Мөн нэхэмжлэгч Ж  нь “Жи тайм” сүлжээний хохирогчоор өргөдөл мэдүүлгээ өгсөн нь дараах байдлаар тогтоогдсон юм. Учир нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр яллагдсан Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн 201701000037 дугаартай хэрэг буюу “Жи тайм'' сүлжээний хэргийн хохирогчоор тогтоогдсон 11,349 иргэдийн нэрсийн жагсаалтын 41-р хуудасны 1947 дугаарт нэхэмжлэгч Ж ийн овог нэр, регистрийн дугаар Ж ийн Ж, хохирлын хэмжээ буюу учирсан хор уршиг /6,502,443.10 төг/, хохирогчид хувь тэнцүүлэн олгох дүн /1,786,717.74 төг/, үлдэгдэл төлбөр /4,716,725.36 төг/ гэж маш тодорхой бичигдсэн байгаа болно. “Жи тайм” сүлжээний Монгол талын захирал гэх З нь эрүүгийн хэрэгт шалгагдаж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн 2020/ШЦТ/687 шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Иймд эрх зүйн маргаантай харилцааны талаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн иргэний хэргийн хариуцагч эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд иргэний нэхэмжлэгч нь хэн болох, энэ иргэний хэргийн маргааны зүйл эрүүгийн хэрэгт хэрхэн хамаарч байгаа нь тодорхой байх учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж  тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож, маргааны зүйл болж буй мөнгийг нэхэмжилсэн бол иргэний хэргийн нэхэмжлэл давхардах болно.  Анхан шатны шүүхэд нотлох баримт болох “Жи тайм” сүлжээний эзэн холбогдогч Э.Оюунчимэгт холбогдох шүүх хурал нь 2020.07.17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн болохоор Ж ийг “Жи тайм”-ын хохирогчоор тогтоосон жагсаалтыг нотлох баримтаар хавсаргах нь цаг хугацааны хувьд боломжгүй байсан тул давж заалдах шатны шүүхэд нотлох баримт болгон авч орж байсан.  Ж  нь 2017.01.26-ны өдөр Улаанбаатар хот орж тухайн компанийн оффис дээр очиж “Эвсэг” багийн “Основной’' хөтөлбөрийг хариуцаж ажиллаж байсан Э.Ариунжаргалтай өөрийн биеэр уулзаж,  би энэ хөтөлбөрт чинь орж ажиллаад өмнө орсон эхлэлийн “ВИП” хөтөлбөрийн 2,280,0 төгрөгийн суудлаа түрж ажиллая, намайг дээхнэ шиг суудлаар оруулаад хурдан түргэн мөнгөнд минь хүргэж өгөөрэй гэж ярьж тохирч байгаад 2017.01.26-ны өдрийн бүртгэлд мөнгөө өгөлгүй урьдчилж бүртгүүлэн "Evseg Nara” гэж ЛОГИН нэр үүсгүүлчихээд буцаж нутагтаа очсон хойноо банкны цалингийн зээл авч 2017.02.02-ны өдрийн 16 цаг 33 минутад миний Төрийн банкны харилцах дансанд 3,868,000 төгрөгийг шилжүүлсэн тул миний бие тухай өдрийн 17 цаг 26 минутад өөрийн ХААН банкны 5276012095 данс руу 4 удаагийн үйлдлээр хуваан шилжүүлж авсаар байтал /тухайн үед банк хоорондын гүйлгээ 1,000,000 төгрөгөөс илүү үнийн дүнгээр шилждэггүй байсан/ банкны гүйлгээ зогссон учраас маргааш нь буюу 2017.02.03-ны өдөр “Жи тайм корпорэйшн” ХХК-ийн дансанд барааны мөнгө гэж шилжүүлсэн байдаг. Тухайн компанийн дансанд Ш  миний бие өөрийн нэрээр шилжүүлсэн учир шалтгаан нь Ж  миний ажиллаж байсан багт хамтарч ажиллахаар элсэж орсон тул сүлжээний маркетенгийн зарчмаар шинээр элсэн орж байгаа хүний мэдээлэл болон барааны үнийг компанид урьж оруулсан хүн нь хариуцан дээш нь мэдээлж мэдээллийг оруулдаг зарчмын дагуу л явагдсан болно. Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 27 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Ж  нь хариуцагч Ш д холбогдуулан 8,241,669 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба тэрээр “... мөнгөө өсгөх зорилгоор 2016 оны 11 сард цалингийн зээл авч 2,280,000 төгрөг, 2017 оны 12 сард өмнө өгсөн мөнгөө авахын тулд “Жи тайм” компанийн “основ” хөтөлбөрт хамрагдахаар дахин зээл авч 3,868,000 төгрөг, нийт 6,148,000 төгрөгийг хариуцагчийн дансанд  шилжүүлсэн, банкнаас зээл авч хүү төлсөн тул банкны жилийн хүүгээр хүү тооцож 2,093,669 төгрөг, нийт 8,241,669 төгрөгийн хохирол учирсан, ...мөнгийг Ш д шилжүүлсэн тул түүнээс гаргуулна” гэж үндэслэлээ тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, “... Ж ийг энэ сүлжээний компанид хүчээр оруулаагүй, өөрөө над руу яриад манай багт ормоор байна гэж хэлсэн. Миний дансанд 6,148,000 төгрөг орсон нь үнэн боловч би “Жи тайм” компанийн дансанд өдөрт нь тушааж, түүний нэрээр логин нэр үүсгэсэн, шилжүүлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг хувьдаа аваагүй” гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 6,148,000 төгрөгийг Ш ын дансанд шилжүүлсэн, хариуцагч нь мөнгийг хүлээн авч бусдад шилжүүлсэн талаар талууд маргаагүй, Ш д шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд 6,148,000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, харин хүү  2,093,669 төгрөгийг хариуцагч төлөх үүрэггүй” гэж дүгнэн, хариуцагч Ш аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 6,148,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,093,669 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7. Давж заалдах шатны шүүх “...зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг  Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар “бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” гэж үзэн мөн хуулийн 492.1.1-т заасныг баримталсан нь тухайн маргааны талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчид 2,800,000 төгрөгийн үнэ бүхий цүнхтэй бэлэг өгсөн нь тайлбар бусад нотлох баримтаар нотлогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй” гэж дүгнэн, хариуцагчаас 3,868,00 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Гэвч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн  хэмжээ 3,868,00 төгрөг хэрхэн тооцогдон гарч ирсэн нь ойлгомжгүй, шүүх энэ талаар тодорхой дүгнээгүй байна.

8. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж  нь “Жи тайм” компанийн хуримтлалын хөтөлбөрт 2,280,000 төгрөг, “основ” хөтөлбөрт 3,868,000 төгрөг, нийт 6,148,000 төгрөг төлж элсэн орохоор төлбөрийг Ш ын Хаан банкан дахь 5276012095 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч Ш  нь нэхэмжлэгчид 2,800,000 төгрөгийн үнэ бүхий цүнхтэй бэлэг өгсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

9. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

9.1. Зохигчийн хооронд үүссэн маргаан нь “Жи тайм” гэх сүлжээнд элсэн орж, мөнгөө өсгөх зорилгоор шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийн асуудал байх бөгөөд уг сүлжээний үйл ажиллагааны талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа, хохирогчдыг тогтоож байгаа үйл баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “нийтэд илэрхий” гэж үзэх үндэслэлтэй.

9.2. Нэхэмжлэгч Ж ийг “Жи тайм” гэх сүлжээний гишүүн мөн эсэх,  түүнчлэн “Жи тайм” гэх эрүүгийн хэрэгт түүнийг хохирогчоор тогтоогдсон эсэх нь тодорхой бус байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 132/ШШ2020/00667 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн      2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 76,838 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                        П.ЗОЛЗАЯА 

                                                                                        Д.ЦОЛМОН