Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 16

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Жимобайл ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ерөнхий боловсролын лаборатори Э сургуульд холбогдох 736.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Я гийн давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов. 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори Э  сургууль нь 2018 оны 09 сарын 12-ны өдөр манай компанитай ЖМ 18/810 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2280000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон багц үйлчилгээг урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр авсан. Одоо гэрээний дагуу үндсэн төлбөр 491000 төгрөг, алданги 245500 төгрөг, нийт 736500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага ерөнхий боловсролын Эрдмийн өргөө сургуультай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр утас нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл төлбөрийн үлдэгдэл 491000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа. Одоо Ч.Ч ын худалдаж авсан гар утасны 6000 төгрөгийн нэгжтэй 12 сард сар бүр ашиглах 1 GB дататай, 794000 төгрөгийн утас авснаас одоо үлдэгдэл 491000 төгрөг байгаа. төлбөрөө 12 сараар багтааж өгнө, өгөхгүй бол алданги тооцно гээд нийт 211 хоногийн 350 880 төгрөгийн алданги гарснаас 245500 төгрөг, нийт 736500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори Э  сургуулийн захирал Н.Я  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлд дурьдсан төлбөрийн үлдэгдэл 491000 төгрөг, алданги 245500 төгрөгийн үлдэгдэл нь тухайн үед англи хэлний багшаар ажиллаж байсан Ч.Ч ын авсан J5 2017 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр. Багш Ч.Ч  нь 2018 оны 11 сарын 1-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн ба сургуулийн захиргаа гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд цалингаас суутгал хийж төлбөрийг барагдуулж байсан. Жимобайл ХХК-иас 2019 оны 10 сарын 21-ний өдөр 03/01-01-100 дугаартай албан мэдэгдэл ирсэн даруйд Ч.Ч ын аавд энэ тухай утсаар хэлсэн. Сургуулийн төсөвт нэхэмжлэлийн хохирлыг барагдуулах төсөв байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ төлбөрийг Ч.Ч  төлөх ёстой гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори Э  сургуулиас 736500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22226 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори Э  сургуулиас 22226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Я  давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 736.500 төгрөгийг тухайн үед орос хэлний багшаар ажиллаж байсан Ч.Ч  нь 5 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахаар өөрийн хүсэлтээ ирүүлсэн тул өөрөөр нь төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Э  сургуульд холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр 491.000 төгрөг, алданги 245.500 төгрөг нийт 736.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори Э  сургуулийн төлөөлөгч Н.Я  тайлбартаа тухайн гар утсыг байгуулагын хэрэгцээнд аваагүй хувь хүн худалдан авсан тул манай сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан Ч.Ч  төлөх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Жимобайл ХХК, Э  сургуулийн эрх бүхий албан тушаалтантай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЖМ18/810 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 2.280.000 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг гар утас, багц үйлчилгээг шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-т зааснаар хариуцагч тал төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэснээс үзэхэд алданги гаргуулах талаар шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч Жимобайл ХХК хариуцагч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 946 хоног хугацаа хэтэрсэн гэж үзэн 0,3 хувиар алданги гаргуулж тооцохдоо 350.880 төгрөг гэсэн атлаа 245.500 төгрөг гаргуулахаар баримт гаргаж өгсөн нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байхад шүүх тухайн нотлох баримтанд бодит дүн шинжилгээ хийлгүй шийдвэрийн үндэслэл болгож алданги гаргаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцээгүй байна. /х.х-ийн 7/

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтанд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй зэрэг нь давж заалдах шатны шүүх дээр дурдсан алдааг зөвтгөн залруулах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн багш Ч.Ч аар утасны төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болон дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Я гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.226 /хорин хоёр мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

        ШҮҮГЧИД                        Д.МӨНХӨӨ

                                                          М.ХҮРЭЛБААТАР