Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 275

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Ж” ХХК -ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургууль-д холбогдох 

736,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00229/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т , хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Я , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори Э  цогцолбор сургууль нь 2018 оны 09 сарын 12-ны өдөр манай компанитай ЖМ 18/810 тоот “зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2280000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон багц үйлчилгээг урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр авсан. Одоо гэрээний дагуу үндсэн төлбөр 491000 төгрөг, алданги 245500 төгрөг, нийт 736500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай байгууллага ерөнхий  боловсролын Э  сургуультай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр утас нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл төлбөрийн үлдэгдэл 491000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа. Одоо Ч.Ч  худалдаж авсан гар утасны 6000 төгрөгийн нэгжтэй 12 сард сар бүр ашиглах 1 GB дататай, 794000 төгрөгийн утас авснаас одоо үлдэгдэл 491000 төгрөг байгаа. төлбөрөө 12 сараар багтааж өгнө, өгөхгүй бол алданги тооцно гээд нийт 211 хоногийн 350 880 төгрөгийн алданги гарснаас 245500 төгрөг, нийт  736500 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургуулийн захирал Н.Я  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлд дурьдсан төлбөрийн үлдэгдэл 491000 төгрөг, алданги 245500 төгрөгийн үлдэгдэл нь тухайн үед англи хэлний багшаар ажиллаж байсан Ч.Ч  авсан J5 2017 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр.

Багш Ч.Ч  нь 2018 оны 11 сарын 1-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн ба сургуулийн захиргаа гэрээний дагуу ажиллаж байх хугацаанд цалингаас суутгал хийж төлбөрийг барагдуулж байсан.

“Ж” ХХК-иас 2019 оны 10 сарын 21-ний өдөр 03/01-01-100 дугаартай албан мэдэгдэл ирсэн даруйд Ч.Ч  аавд энэ тухай утсаар хэлсэн.

Сургуулийн төсөвт нэхэмжлэлийн хохирлыг барагдуулах төсөв байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ төлбөрийг Ч.Ч  төлөх ёстой гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургуульд холбогдуулан гар утас төхөөрөмжний үлдэгдэл төлбөр 491000 төгрөг, алданги 245500 төгрөг, нийт 736500 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч дээрхи бараа материалыг байгууллагын хэрэгцээнд бус хувь хүн худалдан авсан тул байгууллага хариуцахгүй, гар утас худалдан авсан Ч.Ч аас гаргуулах ёстой гэж маргаж байна. 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

Хэрэгт  авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “Ж” ХХК нь Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургуулийн ажилтан, албан хаагч нарт гар утас, төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгаа явуулж байгууллагын ажилтан гар утас, төхөөрөмж худалдан авбал зээлээр олгох ба төлбөрийг сар бүр цалингаас төлөх нөхцөлтэйгээр байгууллагатай гэрээ байгуулах санал тавьсныг Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургууль зөвшөөрч, байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх-12-13/

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь  2018 оны 09 сарын 12-ны өдөр ЖМ 18/810 дугаар “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага хариуцагч байгууллагад 2280000 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг гар утас болон багц үйлчилгээг шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээний заасны дагуу тохирсон цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид  хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Хариуцагч байгууллага нь тус сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан Ч.Ч ыг 2018 оны 11 сарын 1-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөхөд гар утасны үнийг түүний цалингаас суутган аваагүй, гэрээний 2.2.1, 2.12-т заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл “Ж” ХХК-ийн гэрээ байгуулах нөхцлийг Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургууль хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан атлаа тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

“Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т зааснаар худалдан авагч тал гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор байх тул алданги 245500 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 323.6-д зааснаар худалдагч тал худалдан авагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч байгууллага болох Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургууль нь гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул гэрээний 2.4, 4.2.1, 4.3-т тус тус зааснаар гэрээг цуцалсан байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 12-ны өдөр ЖМ 18/810 дугаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори Э ” цогцолбор сургуулиас үлдэгдэл төлбөр 491000 төгрөг, алдинги 245500 төгрөг, нийт 736500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт  заасныг баримтлан  хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургуулиас 736500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,226 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “Э ” цогцолбор сургуулиас 22226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ