Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 17

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Ч ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н  т холбогдох, 6.869.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Н.Н  ийн давж заалдах гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь хариуцагч Н.Н  ийг орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цалингийн зээл авч дансанд бэлнээр 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг хариуцагч Н.Н   нь удаа дараа шаардахад өгнө гэсээр одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2015 оны 06 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Н.Н нь Улаанбаатар хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 19881 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Н  ийг оршин суух газартаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ201505684 дугаар шүүхийн шийдвэрээр Н.Н  ийг эрэн сурвалжилж эхэлсэн. Үүнээс хойш оршин суух хаяг нь тодорхой бус тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй өдийг хүрсэн. Гэтэл Н.Н   нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тасгийн даргаар ажиллаж байсныг сая олж мэдсэн. Иймд миний Н.Н  т шилжүүлсэн 5.000.000 төгрөг, зээлийн хүү 1.758.000 төгрөг, өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг, нийт 6.869.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Н  ийг орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цалингийн зээл авч Н.Н  ийн дансанд бэлнээр 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг хариуцагч Н.Н   нь удаа дараа шаардахад өгнө гэсээр одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2015 оны 06 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Н.Н нь Улаанбаатар хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 19881 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Н  ийг оршин суух газартаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ201505684 дугаар шүүхийн шийдвэрээр Н.Н  ийг эрэн сурвалжилж эхэлсэн. Үүнээс хойш оршин суух хаяг нь тодорхой бус тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй өдийг хүрсэн. Гэтэл Н.Н   нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тасгийн даргаар ажиллаж байсныг сая олж мэдсэн. Иймд Н.Н т шилжүүлсэн 5.000.000 төгрөг, зээлийн хүү 1.758.000 төгрөг, өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг, нийт 6.869.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Н   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Ч ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлэн дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э.Ч  миний ********** дугаартай Хаан банкны дансанд 5.000.000 төгрөг шилжүүсэн нь үнэн бөгөөд тухайн үедээ би уг мөнгийг хэрэглээд зарим хэсэг болох 2.000.000 төгрөгийг би буцаан өгсөн юм. Ингэж мөнгийг өгөхдөө би өөрийн танил ахаар дамжуулан өгсөн. Тэр үед Э.Ч  зээл авч мөнгийг өгсөн, хүү төлж байгаа талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд надтай мөн зээлийн ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй. Би үлдэгдэл мөнгийг өгөх гэсэн боловч амьдралын боломжоос шалтгаалан өгч чадаагүй байсаар өдийг хүрсэн. Тэрээр надаас үндсэн мөнгө 5.000.000 төгрөгөөс гадна зээлийн хүү болох 1.758.000 төгрөгийг нэхэмжилж байгааг мөн түүнчлэн өмнөх шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг нэхэмжилсэнийг би зөвшөөрөхгүй. Учир нь би өнгөрсөн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт байнгын хаяг дээрээ байсан. Э.Ч  надтай ердөөсөө ч уулзаагүй юм. Намайг эрэн сурвалжилж байсныг ч би мэдээгүй. Энэ талаар хэн нэгэн надтай ирж уулзаж байгаагүй. Иймд би түүнд төлөх ёстой үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөх учиртай тул нэхэмжлэлийн шаардлагаас миний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Н  ээс 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 869 000 /нэг сая найман зуун жаран ес/ хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 854 /нэг зуун хорин дөрвөн мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Н   давж заалдах гомдолдоо: ...2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Э.Ч оос миний эзэмшилийн Хаан банкны дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн мөнгөнөөс би хариу тайлбартаа дурдсаны дагуу 2.000.000 төгрөгийг түүнд буцаан өгсөн ба одоо 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тус мөнгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үндэслэлгүйгээр 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжэгч Э.Ч  нь Н.Н  т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр бүгд 6.869.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 3.000.000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Хэрэгт цугларсан готлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.Ч  нь хариуцагч Н.Н  тэй ярьж тохиролцон 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүний эзэмшдэг ХААН банкны ********** тоот дансруу 5.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Талууд тухайн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу бичгээр байгуулаагүй өөрөөр хэлбэл хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэснийг үндэслэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч Э.Ч т 2.000.000. төгрөгийг танил ахаараа дамжуулан өгсөн одоо 3.000.000 төгрөг төлөх ёстой гэж маргасан боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэснийг биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Н.Н  ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Н.Н  ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг төхийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

        ШҮҮГЧИД                        Д.МӨНХӨӨ

                                                          М.ХҮРЭЛБААТАР