Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00153

 

                                   ,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2020/00298 дугаар шийдвэртэй,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

6,869,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нийт 6,869,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас 2,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3,000,000 төгрөгийг төлнө гэж маргажээ. 

2. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2020/00298 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ээс 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,869,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалаар Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.5.21-ний өдрийн 17 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Тус хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулаагүй, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй. Нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхдээ хариуцагч надад утсаар мэдэгдээгүй болон миний оршин суугаа хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлээгүй мөртлөө 2020.02.05-ны өдрийн 461 дүгээр захирамж гарч, цагдаагийн байгууллагаас надтай холбогдсоноор нэхэмжлэлийн талаар мэдэж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах захирамж гарсан талаар надад мэдэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалыг надад танилцуулаагүй. 2020.02.06-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зурсан, 2020.02.06-ны өдрөөс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хэргийн материалтай танилцаагүй. 2020.03.27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

4.2. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн л хариуцагч намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан болох өдрийн товыг надад мэдэгдэлгүйгээр шийдвэрлэсэн. Хэрэгт давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг 2020.05.14-ний өдрийн 15:47 минутад мэдэгдсэн баримт байгаа боловч тухайн өдөр надад хурлын товыг мэдэгдээгүй мөртлөө мэдэгдсэн “За ойлголоо” гэв гэсэн баримтыг шүүгчийн туслах үйлдсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж байна. Хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчиж хариуцагч миний эрхийг зөрчсөн, хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулаагүй, давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхийг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 298 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.5.21-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 6,869,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 5,000,000 төгрөг гаргуулж, үлдэх 1,869,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч нэхэмжлэгч хариуцагчид 5,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр  шилжүүлсэн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ, хариуцагч 2,000,000 төгрөгийг төлсөн гэж маргах боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй, мөн өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байхдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах боломжгүй, иймд үндсэн зээл 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.  

9. Анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч (хавтаст хэргийн 43 дахь талд) шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй.

10. Давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад тэрээр шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй тул (хавтаст хэргийн 62 дахь талд) “... шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан...” талаарх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

11. Мөн, “... хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулаагүй, 2020.02.06-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зурсан боловч уг өдрөөс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хэргийн материалтай танилцаагүй...” гэх гомдол (Тодорхойлох хэсгийн 4.2-т) үндэслэлгүй, учир нь хариуцагч нэхэмжлэлтэй танилцсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах эсэх нь оролцогчийн эрх бөгөөд шүүхээс хариуцагчийн уг эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2020/00298 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 95,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД