Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 185

 

Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Ө.Ө- болон түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,  нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 18030037850419 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт төв операторын жижүүр ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Г.

Б.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын замд “Тоёота Марк-2” загварын *** УНМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж иргэн Ө.Ө-ы жолоодон явсан “Тоёота Приус-20” загварын *** УНА дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Г-д оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-аас 9,275,400 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ө-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан 3,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Г-д оногдуулсан ялыг хүндрүүлж, 3,600,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн. Ингэхдээ давж заалдах шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн, хуульд заасан үндэслэлээс гадуур шийдвэр гаргасан юм.

Учир нь анхан шатны шүүх нь өөрт олгогдсон эрх, хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шийдвэрээ гаргасан. Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх ямар ч үндэслэл байгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлийг хуульчилж өгсөөр байтал давж заалдах шатны шүүх “...оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирохгүй байх тул...” гэж дүгнэж, өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хуулийн дээрх заалтын аль нэг нь байхгүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхгүй гэж ойлгож болно. Хохирогч гомдол гаргалаа гээд өөрчлөөд байвал давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс ялгарах, дээд шатны байгууллага гэгддэг утга учраа алдах юм. Нэг ёсны анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг тал бүрээс нь шүүн хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хууль ёсны болон үндэслэлтэй, алдаагүй шийдвэр гаргасаар байхад давж заалдах шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх асуудалд хэт хутгалдаж, ял шийтгэлийг хүндрүүлэн өөрчилсөн гэж хэлж болохоор байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хуульд заасан шаардлага хангаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт дурдсанаар мөрдөн шалгах ажиллагаанд ноцтой зөрчил гарсан. Үүнийг хохирогчийн талаас гаргаж мэдэгдсэн гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч хохирол, төлбөрөө одоо болтол төлөөгүй байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэрэгт тохироогүй” гэв.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Г- нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас Ө.Ө-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд заасан төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Харин давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Энэ талаар Монгол Улсын Цэцийн дүгнэлт гарсан. Иймд магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж иргэн Ө.Ө-ы жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй гэсэн ерөнхий үндэслэлүүд дурдан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэн тогтоосон байх бөгөөд ингэхдээ эрүүгийн хариуцлага оногдуулахад хамаарах нөхцөл байдлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан тал бүрээс нь харгалзан дүгнээгүй байх тул уг шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                                           

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН