Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 10

 

 

“Ч-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай      

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын .. дугаар багт байрлах, ..улсын бүртгэлийн дугаартай, ... регистрийн дугаартай, “Ч-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын .. дугаар багт байрлах, “У д с”  ХХК-д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Мөнхөө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны бичгийн дарга М.Булгаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхөө анхан шатны  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хэрэглэгчдийн нэг “Увс дулааны станц “ХХК нь 2013 оноос хойш 2018 оныг дуусталх техникийн болон ахуйн хэрэглээний бохир татан зайлуулсны төлбөр болох 140,813,365 төгрөгийг төлж барагдуулалгүй манай компанид хохирол учруулаад байна. 2001 оноос 2013 оныг хүртэл Увс дулааны станц ХХК, Ч-У ХХК нь хамтран ажиллаж, Ч-УХХК-ийн конторын барилгыг дулаанаар хангаж, Ч-УХХК нь Увс дулааны станц ХХК-ийн техникийн болон ахуйн бохирыг татан зайлуулж, хоёр компани жил эцсээр тооцоо нийлсэн акт үйлддэг байсан. Гэтэл 2013 оноос хойш Увс дулааны станц ХХК нь манай компанийн бохир татан зайлуулсны төлбөрийн баримтад гарын үсэг зурахаас зайлсхийж явсаар өдийг хүрсэн. Увс дулааны станц ХХК нь бохир татан зайлуулсны төлбөрт 2013 онд 9,344,720 төгрөг, 2014 онд 9,344,720 төгрөг, 2015 оны 1-6 сарыг дуустал 6,063,750 төгрөг, 2015 оны 7-12 сарыг дуустал 14,771,295 төгрөг, 2016 онд 33,762,960 төгрөг, 2017 онд 33,762,960 төгрөг, 2018 онд 33,762,960 төгрөг нийт 140,813,365 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хожимдуулсны хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож үзэхэд 70,406,682.5 төгрөг болж байгаа. Иймд Увс дулааны станц ХХК-аас техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж цэвэрлэсний үндсэн төлбөр 140,813,365 төгрөг, алданги 70,406,682,5 төгрөг, нийт 211,220,047,5 төгрөгийг гаргуулж Ч-УХХК-д олгож өгнө үү.

Увс дулааны станц ХХК нь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа байгууллага атлаа 2013 оноос бохир ус татан зайлуулсныхаа төлбөрийг огт төлөөгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч байгууллага манай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс дулааны станц ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Увс дулааны станц ХХК нь 2011 онд алдагдлаа нөхөөд өөрт ашигтай тоног төхөөрөмжөө оруулж ирсэн бөгөөд 2013 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн ба уг станцад бүхэл бүтэн үйлдвэр ажиллаж байна. Энэхүү техник, тоног төхөөрөмжийн схем зургийг ч хавтаст хэрэгт хавсаргаад инженерүүд, нягтлан бодогч нарыг гэрчээр асуулгасан. Ч-УХХК нь ямар ч бохир ус зайлуулаагүй байж 211.220.047,5 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Увс дулааны станц ХХК нь нэг ч удаа тус компаниас үйлчилгээ авч байгаагүй, нэхэмжлэгч Увс дулааны станцыг хэрэглэгч нь гэдгийг нотлож чадахгүй байгаа атлаа манайх тусгай зөвшөөрөлтэй, Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг гэсэн тайлбар гаргадаг. Хавтаст хэрэгт байгаа бохир усны албан мэдэгдэл гэх 2013-2018 онуудын баримтууд дээр ерөнхий нягтлан бодогч Эрдэнэбат, борлуулалтын байцаагч Батмөнх нар гарын үсэг зурсан байдаг. Эдгээр мэдэгдлүүд дээр хүлээж авсан хэсэгт Увс дулааны станц ХХК-ийн нягтлан бодогч гарын үсэг зураагүй, тус албан мэдэгдлээ хүргэж өгсөн эсэх нь тодорхойгүй байхад ийм баримтаар 211.220.047,5 төгрөг нэхэмжилж байгаа. Ч-УХХК нь үйлчилгээ өгдөггүй мөртлөө хүчээр бохир ус зайлуулсны төлбөр авахыг оролддог, хуурамчаар баримт хийж, ийм мэдэгдэл гаргаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тарифууд жил бүр өөрчлөгдөж байдаг ба одоо надад байгаа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай Ч-УХХК-ийн ус хангамж, ариутгах, татуургын үйлчилгээний борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, тариф, суурь хураамж батлах тухай зөвлөлийн тогтоолууд гэх баримт байна. Энэ тогтоолууд 2013, 2014, 2015 онуудад байнга өөрчлөгдсөн. Энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл ямар тарифаар нэхэмжлэл гаргаад байгаа нь мэдэгдэхгүй, мэдэгдэл гэх зүйлээр нэхэмжлэл гаргаж байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зохицуулах зөвлөлийн бүрэн эрхэд цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх талаар зохицуулсан. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т цэвэр ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөнө гэсэн байхад нэхэмжлэгч нь ямар 0,5 хувийн алданги яриад байгаа нь ойлгомжгүй. Эдгээр тарифийн талаарх тогтоолууд мөн үйлчилгээ үзүүлж байсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд гэрээний талаарх ойлголт байх ба 13.1-д хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна гэж заасан бөгөөд энэ талаар гэрээ байхгүй, мөн хуулийн 13.2-т хангагч нь зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэсэн байхад өнөөдөр нэхэмжлэгч тал нь мэдэгдлээр нэхэмжлэл гаргаад шүүхийг төөрөгдүүлээд явж байгаа үйл баримт байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.2, ,13.4 13.5 дахь хэргүүдэд зааснаар “Чандмань-Увс”ХХК нь хангагч гэж байгаа бол хэрэглэгчтэйгээ гэрээ байгуулах үүрэг нь хэрэглэгчид биш хангагчид байгаа юм.

Нэгдүгээрт: Увс дулааны станц ХХК-ийг өөрийн хэрэглэгч гэдгийг нотлоогүй, хоёрдугаарт : Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоол буюу тарифаа батлаагүй, ямар тарифаар юу нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, гуравдугаарт: гэрээ байгуулаагүй буюу бид нарын зүгээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т: хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд гэрээ бичгээр хийсэн гэдэг нь нотлогдохгүй, анхнаасаа гэрээ хийгдээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Ч-УХХК нь өөрөө нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй. Хэрэв Увс дулааны станц ХХК-д үзлэг хийсэн бол бүх нөхцөл байдал тодорхой харагдах байсан. Увс дулааны станц ХХК нь өөрөө бохир усаа цэвэршүүлдэг, хаягдал ус бага гардаг, гаргасан усаа сард нэг удаа зайлуулдаг бөгөөд нэхэмжлэгчид сард 2-3 саяар нь мөнгө төлөхгүйгээр сард 30.000, 60.000 төгрөг төлөөд Энхээ гэх иргэн болон өөр аж ахуйн нэгжид хаягдал усаа өгөөд тэдгээр хүмүүс нь аваад бас ашигладаг юм билээ. Гэрчүүд ч гэсэн Увс дулааны станц ХХК нь бохир усаа өөрөө цэвэршүүлдэг талаар хангалттай мэдүүлсэн. Ч-УХХК нь 2013 оноос хойших төлбөрөө нэхэмжлээд байгаа ба энэ хугацаанд нэг ч үйлчилгээ үзүүлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсний дагуу Катав болон 2 инженерийн өгсөн мэдүүлэг болон бусад холбогдох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 101.424.180 төгрөгийг Ч-УХХК-аас нэхэмжилсэн бөгөөд 2017, 2018, 2019 оны 1-5 сар хүртэл Чандмань Увс ХХК-ийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 54.595.970 төгрөг, алданги 27.297.985 төгрөг, нийт 81.893.950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд 2019 оны 10, 11, 12 сар, 2020 оны 1 сарын төлбөр буюу 14.061.762 төгрөг, алданги 5.468.463 төгрөг, нийт 101.424.180 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Эрчим хүчний тухай хуулиараа зохицуулагдах бөгөөд өмнөх шүүхийн магадлал дээр 2016 оноос өмнөх дулааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн учраас манайх 2017 оноос хойшхи дулааны эрчим хүчний төлбөрийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл давхцаагүй болно. Увс дулааны станц ХХК нь Улаангом сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс өгсөн тусгай зөвшөөрлийн дагуу дулаан үйлдвэрлэх, дамжуулах, хангах, түгээх үйл ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэгч нь 2017-2020 онд конторын барилгын өргөтгөл хийлгэсэн бөгөөд 2185,2 м3 болоход дулааны эрчим хүчний төлбөрийг төлдөггүй байсан.

Хариуцагчийн зүгээс 2013-2016 оны дулааны төлбөр давхцаагүй, 2017-2020 оны төлбөрөө нэхэмжилж байгаа юм. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан тул алданги нэхэмжилж байгаа. Энэ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиас өөр бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч тал төлөхгүй гэж байгаа тул манайх бас төлөхгүй гэдэг байдлаар хандаад байна. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй тайлбар юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагч Увс дулааны станц ХХК-аас техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэсний үндсэн төлбөр 140.813.365 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч-УХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 70.406.682,5 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч-УХХК-аас тус компанийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 68.657.732 төгрөг гаргуулж хариуцагч Увс дулааны станц ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 32.766.448 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлага хангаагүйд гомдолтой байна.

Нэг: Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт"...”Чандмань Увс” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Эрдэнэбат, борлуулалтын байцаагч Б.Батмөнх нарын түүвэрлэсэн 2013-2018 онд “Чандмань Увс” ХХК болон “У д с”  ХХК-ийн хоорондох бохир усны төлбөрийн албан мэдэгдэл гэх баримт болон ерөнхий нягтлан бодогч Ц.Эрдэнэбатын Увс дулааны станц ХХК-ийн бохир усны төлбөрийн тооцоо гэх баримтыг үндэслэн техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж цэвэрлэсний төлбөрт нийт 140.813.365 төгрөг гаргуулж “Чандмань Увс” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч “Чандмань Увс” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байхад шүүх нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй, нөхөж хийсэн, үнэлэх боломжгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Чандмань Увс” ХХК-аас 2013 оноос 2018 онуудад “У д с” ”ХХК-д хандаж падааны дугаар, бүртгэлийн дугаартай нэг ширхэг ч нэхэмжлэл ирж байгаагүй, бохир ус татан зайлуулж байгаагүй, бохир усны төлбөрийн мэдэгдэл өгч байгаагүй атал нөхөж бүрдүүлсэн эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүхэд гаргаж анхан шатны шүүхээр 140.000.000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч “Чандмань Увс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын шалтгаан нөхцөл, үр дагаврын үндэслэл тус бүрийг нэг бүрчлэн тодруулаагүй. “Чандмань Увс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохын тулд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 69 дүгээр Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Мөн дээрх тогтоолын хавсралтад 3337.4 төгрөг, 3850 төгрөгний тариф гэж байхгүй юм байна.

Нэхэмжлэгч нь 2013 он, 2014 оны Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хэдэн оны хэдэн сарын тогтоолд заасан тарифыг үндэслэж бохир усны төлбөр тооцоо гаргаж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад шүүх  нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамараалтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх үүргээ биелүүлээгүй.  

Хоёр: Нэхэмжлэгч “Чандмань Увс” ХХК-ийн нийт 211.220.047.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т: хангагч, хэрэглэгчийн хооронд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид гэрээ/ -гээр зохицуулна, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т :хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна, мөн хуулийн 13.3-т : Энэ хуулийн 13.2-т заасан гэрээнд нийлүүлэх цэвэр ус болон татан зайлуулах бохир усны хэмжээ, чанар, найрлага, гэрээг дүгнэх хугацаа, төлбөр тооцооны арга талуудын эрх, үүрэг, хариуцлага, хохирол тооцох журам болон шаардлагатай бусад зүйлийг тусгана гэж тус тус заасан.

Гэтэл “Чандмань Увс” ХХК болон “У д с”  ХХК-ийн хооронд дээрх нөхцлийг тусгасан гэрээ байгуулагдаагүй бөгөөд 2013 оноос 2018 онуудад техникийн болон ахуйн бохир ус татан зайлуулж, цэвэрлэж байгаагүй нь гэрч Т.Өсөхбаяр, гэрч Ц.Чулуунбаатар, Х.Катав нарын мэдүүлгээр нотлогдсон. Мөн Монгол улсын Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 1 дүгээр сарын 11-ны 20/46 дугаартай эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн хүчин төгөлдөр дүгнэлтээр тогтоогдсон.

Монгол улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 2-т: шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т: Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийг ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “У д с”  ХХК-ийн зуухны авагч,  үеийн үлээлгэх, юүлэх, шугамыг дахин ашиглах технологийн схем зураг, химийн хаягдал ус, сүлжээний усны насосны сальникаар алдаж буй ус, гоожуурын ус хаях схем, зуухны түүхий ус хөргөлтийн усны схем зургуудын дагуу үйл ажиллагаа явуулж буй тоног төхөөрөмжүүдэд “үзлэг” хийлгэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх нь гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байх хуулийг зөрчсөн байна. Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Гурав: Хариуцагч “У д с”  ХХК-ийн 2017 оноос 2019 онуудад "Чандмань Увс” ХХК-ийн конторын барилгыг хангасны төлбөр 54.595.970 төгрөг, алданги 27.297.985 төгрөг, нийт 81.893.955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж 2019 оны 9-12 сар, 2020 оны 1 дүгээр сарын дулааны төлбөр 14.061.762 төгрөг, алданги 5.468.463 төгрөг, нийт 101.424.180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлээгүйд гомдолтой байна.

“Ч-У” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн 1771.6 м3 бүхий албан конторын халаалтын төлбөрийг 2017 он, 2018 он, 2019 онд конторын барилгын өргөтгөл хийгдэж 2185,2 м3 дулааны эрчим хүчний төлбөр төлөөгүй байна. Зохигчдын хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ 2012 он, 2013 онуудад хийгдэж байсан. Зохигчдын хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээг 2017 , 2018, 2019 онуудад бичгээр байгуулаагүй боловч дулааны эрчим хүчээр бодитоор хангагдаж, талбайн хэмжээ, үнэ зэрэгт маргах боломжгүй, гэрээг бичгээр байгуулаагүй нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т: эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна, 31.4-т: Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилжээ. Хавтаст хэрэгт “У д с”  ХХК нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гаргасныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн баримт, төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ гэх хуулийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтууд гаргасан байтал үндэслэлгүйгээр алданги 32.766.448 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр бодитой гарсан. Яагаад гэвэл 2003 оноос 2013 оны хооронд 2 байгууллага харилцан тохиролцоод нэг нь дулаан эрчим хүчээр хангаад нөгөө нь бохирыг татан зайлуулаад явж байсан. 2013 оноос хариуцагч тал шүүхэд гомдол гаргаад маргаан анх үүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг бас хангасан. Нэхэмжлэгч байгууллагыг дулаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх, хариуцагч талыг бохир усаа татаж зайлуулсны төлбөрийг нэхэмжлэгч байгууллагад төл гэдэг шийдвэр гарсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч-У” ХХК нь хариуцагч “У д с”  ХХК-аас техникийн болон ахуйн бохир ус татан зайлуулж цэвэрлэсний үндсэн төлбөр 140,813,365 төгрөг, алданги 70,406,682,5 төгрөг, нийт 211,220,047,5 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч,  “Ч-У” ХХК-аас  конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 68.657.732 төгрөг, алданги 32.766.448 төгрөг, нийт 101.424.180 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр хариуцагч “У д с”  ХХК-аас техникийн болон ахуйн бохир ус татан зайлуулсны үндсэн төлбөр 140.813.365 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ч-У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 70.406.682,5 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ч-У” ХХК-аас тус компанийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 68.657.732 төгрөг гаргуулж хариуцагч “У д с”  ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу алданги 32.766.448 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан  байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж дүгнэв.

“Ч-У” ХХК нь 2013-2018 онуудад “У д с”  ХХК-ийн техникийн болон ахуйн бохир ус татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаар талууд маргаж байх бөгөөд анхан шатны шүүхээс “Ч-У” ХХК нь 2013-2018 онуудад  “У д с”  ХХК-ийн техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан байна гэж дүгнэн бохир ус татан зайлуулсны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Увс дулааны станц ХХК нь 2011 оноос “усны хаягдалгүй технологи” нэвтрүүлэн шинэчлэл хийснээр Ч-УХХК-ийн бохир усны сүлжээнд нийлүүлж хаяж байсан хаягдал усыг цэвэрлэн эргүүлэн ашигласнаар манай байгууллагаас ямар ч бохир ус тус компанийн бохир цэвэрлэх, зайлуулах шугам сүлжээнд орохгүй байгаа. 2013 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн, бүхэл бүтэн үйлдвэр ажиллаж байгаа. Увс дулааны станц” ХХК-ийн үйлдвэрээс бохир ус Ч-УХХК-д  нийлүүлдэггүй, манай байгууллагаас ямар ч бохир ус зайлуулаагүй байж 211.220.047,5 төгрөгийн төлбөр  нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэг ч удаа тус компаниас үйлчилгээ авч байгаагүй” гэж тайлбарлан маргасан байх бөгөөд “Чандмань –Увс” ХХК нь “У д с”  ХХК-ийн үйлдвэрийн техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтын талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс тогтоогдсон гэж дүгнэсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй буюу  хэргийн үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч тал 2013-2018 оны хоорондох бохир усны үйлчилгээний төлбөрийг тооцоолохдоо татан зайлуулсан гэх бохир усны хэмжээ /м3/, нэгж тарифын үнийг өөр өөрөөр тооцсон байх ба тухайлбал: 2013 онд  8 сар,  сар бүр  350  м3  бохир ус татан зайлуулсан, 1 м3  бохир усны үнэ 3337.4 төгрөг,

 2015 оны 1-6 сар хүртэл 4.5 сар, сар бүр 350м3 бохир ус татан зайлуулсан, 1 м3  бохир усны үнэ 3850 төгрөгөөр,

2015 оны 7-12 сар болон 2016-2018 онуудад сар бүр 1096,2 м3 бохир ус татан зайлуулсан, 1 м3  бохир усны үнэ 3850 төгрөгөөр тус тус тооцож нэхэмжлэхдээ ямар ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байхад шүүхээс уг тооцооллын дагуу төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрт усны төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох чиг үүрэгтэй байна” гэж заасны дагуу зохицуулах зөвлөл нь Увс аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Чандмань –Увс” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг батлах эрхтэй бөгөөд уг зөвлөлөөс баталж нийтэлсэн тарифын дагуу бохир усны төлбөрийг тооцоолох үндэслэлтэй болно.

Гэтэл нэхэмжлэгч нь тус зохицуулах зөвлөлийн хэдэн оны ямар ямар шийдвэрүүдийг үндэслэсэн нь тодорхойгүй, мөн түүнчлэн татан зайлуулсан, цэвэрлэсэн бохир  усны хэмжээг юунд үндэслэж  он онуудад өөр өөрөөр тооцоолсон нь тодорхойгүй байна.

Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна. 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.025.849 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “У д с” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.025.849 /нэг сая хорин таван мянга найман зуун дөчин ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                    Л.АЛТАН