Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 132

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Ч-У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч:  УДС ХХК-д холбогдох,

        Техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэсний үндсэн төлбөр 140.813.365 төгрөг, алданги 70.406.682,5 төгрөг, нийт 211.220.047,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2017-2019 онуудад Ч-У ХХК-ийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 54.595.970 төгрөг, алданги 27.297.985 төгрөг, нийт 81.893.955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 9-12 сар, 2020 оны 1 дүгээр сарын дулааны төлбөр 14.061.762 төгрөг, алданги 5.468.463 төгрөг, нийт 101.424.180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймагт нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага нь анх 1951 онд "Иргэдэд үйлчлэх товчоо" нэртэйгээр байгуулагдаж, 1997 оноос нийтийн аж ахуйн үйлчилгээний Ч-У ХХК нэршилтэйгээр 68 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь Улаангом сумын гэр хорооллын 20 гаруй мянган хүн ам, 60 гаруй нийтийн орон сууцны 1500 айл өрхийн 7500 иргэд, төсөвт болон үйлдвэр үйлчилгээний 180 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжийг эх үүсвэрийн 10 худаг, гэр хороололд ус түгээх 17 худаг, усан сан, ус өргөлтийн 2 станцаар дамжуулан 18,7 км цэвэр усны цагираг шугам сүлжээгээр хоногт дунджаар хэрэглэгчдэд 1400-1600 м3 цэвэр усаар хангаж, 16,5 км бохир усны шугам сүлжээгээр сард 1600 м3 бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйл ажиллагааг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өгсөн тусгай зөвшөөрлийн хүрээнд тогтоон өгсөн үнэ тарифыг мөрдлөг болгон ажиллаж байна. Гэтэл манай хэрэглэгчдийн нэг УДС ХХК нь 2013 оноос хойш 2018 оныг дуусталх техникийн болон ахуйн хэрэглээний бохир татан зайлуулсны төлбөр болох 140,813,365 төгрөгийн тооцоог төлж барагдуулалгүй манай компанид хохирол учруулаад байна. 2001 оноос 2013 оныг хүртэл УДС ХХК, Ч-У ХХК нь хамтран ажиллаж, Ч-У ХХК-ийн конторын барилгыг дулаанаар хангаж, Ч-У ХХК нь УДС ХХК-ийн техникийн болон ахуйн бохирыг татан зайлуулж, хоёр компани жил эцсээр тооцоо нийлсэн акт үйлддэг байсан. Гэтэл 2013 оноос хойш УДС ХХК нь манай компанийн бохир татан зайлуулсны төлбөрийн баримтад гарын үсэг зурахаас зайлсхийж явсаар өдийг хүрсэн. 2016 онд манай компанийг халаалтын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн ба халаалтын төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Улмаар манай компани нь бохир татан зайлуулсны төлбөрийг УДС ХХК-аас нэхэмжилж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүх тухайн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй. Үүний дагуу манай компанийн зүгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандаж, уг зөвлөлийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтийн дагуу бид дахин анхан шатны шүүхэд хандсан боловч УДС ХХК нь дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн шүүх сонсгох ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Манай компани нь УДС ХХК-ийн бохирыг татан зайлуулж, цэвэрлэх үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэж байгаа төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөгдөөгүй байна. Иймд манай компани Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд дахин хандсан ба уг зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/274 дүгээр албан бичгээр энэхүү маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн болно. УДС ХХК нь бохир татан зайлуулсны төлбөрт 2013 онд 9,344,720 төгрөг, 2014 онд 9,344,720 төгрөг, 2015 оны 1-6 сарыг дуустал 6,063,750 төгрөг, 2015 оны 7-12 сарыг дуустал 14,771,295 төгрөг, 2016 онд 33,762,960 төгрөг, 2017 онд 33,762,960 төгрөг, 2018 онд 33,762,960 төгрөг нийт 140,813,365 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хожимдуулсны хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож үзэхэд 70,406,682.5 төгрөг болж байгаа. Иймд УДС ХХК-аас техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж цэвэрлэсний үндсэн төлбөр 140,813,365 төгрөг, алданги 70,406,682,5 төгрөг, нийт 211,220,047,5 төгрөгийг гаргуулж Ч-У ХХК-д олгож өгнө үү. Хариуцагчийн хувьд манай байгууллага бохир ус гаргадаггүй гэж тайлбарладаг атлаа 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Цэрэн овогтой Энхбаттай гэрээ байгуулан бохироо татан зайлуулдаг талаарх баримтыг гаргаж өглөө. Бохир ус гаргадаггүй юм бол яагаад Ц.Энхбаттай бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулсан юм бэ. Барилга, хот байгуулалтын яамны сайдын тушаалаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр аймгийн хэмжээнд цэвэр бохир усны үйлчилгээ үзүүлдэг төрийн ганцхан байгууллага нь Ч-Увс ХХК юм. Гэтэл УДС ХХК нь дурын этгээдтэй хууль бус гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагын хувьд хариуцагчаас 3 төрлийн бохирын ус татан зайлуулсны төлбөр нэхэмжилж байгаа ба хариуцагч байгууллагын ажилтнууд дор хаяж хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж усанд орно, хоол унд иднэ, тухайн хоол бэлтгэж өгдөг газар нь ус, угаадсаа гадагшаа гаргаад цацаад байх боломжгүй. Энэ нэг айлын бохир биш, бүхэл бүтэн станцын ахуйн хэрэгцээ байгаа, дээрээс нь ариун цэврийн асуудал байгаа. Энэ бүгд бохирын цооног руу явж байгаа бөгөөд манай байгууллага цэвэрлэдэг. Гэтэл хариуцагч тал бохироо өөрсдөө цэвэрлэдэг гэх тайлбарыг өгч байгаа нь үндэслэлгүй, дэлхий дээр бохир гардаггүй технологи гэж байхгүй. Үүнийг би мэргэжлийн хүний хувьд хариуцлагатайгаар хэлнэ. Манай байгууллагын зүгээс УДС ХХК-тай гэрээ байгуулъя гэдэг асуудлыг маш олон жил ярьсан. Хаалгаараа манай байгууллагын нэг ч хүн оруулдаггүй, үүдний харуулд нь бичиг дамжуулаад өгөөч гэхээр авдаггүй учир гэрээ хийх талаар мэдэгдлээ шуудангаар явуулсан. УДС ХХК нь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа өдий төдий ажилтантай байгууллага атлаа 2013 оноос бохир ус татан зайлуулсныхаа төлбөрийг огт төлөөгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч байгууллага манай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УДС ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал техникийн болон ахуйн бохир ус татан зайлуулж цэвэрлэсний үндсэн төлбөр 140.813.365 төгрөг, алданги 70.406.682,5 төгрөг, нийт 211.220.047,5 нэхэмжилж байгаа. Миний бие яагаад 2013 оноос хойш гэрээ байгуулахгүй, төлбөр төлөхгүй байгаа талаар хуулийн үндэслэлтэй тайлбарлая. Өмнө нь Ч-Увс ХХК нэхэмжлэл гаргахад н.Нарантуяа гэх улсын байцаагчаар дүгнэлт гаргуулсан байсан ба нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр уг дүгнэлтийг хүчингүй болгосон байдаг юм. Шүүхийн шийдвэр дээр үндэслэлүүд нь тодорхой байгаа. Нэхэмжлэгчийг хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцсан эсэхэд эргэлзэж байна. Яагаад гэвэл улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 20/46 тоот дүгнэлт гарчихсан байгаа. Увс дулааны станц нь 2011 оноос технологийн шинэчлэл хийж хөврөх ул ширэмтэй технологийг зуухын галны хотолд хөргөх тавцан бүхий өндөр температурт буцламтгай үед шилжүүлж, скереперийн байгууламжийг өөрчилж, механик ажиллагаатай технологид шилжүүлснээр станцын үнс зайлуулахад хэрэглэдэг байсан түүхий усны зарцуулалтыг ашиглахгүй, усыг зөвхөн шугам сүлжээний алдагдлыг нөхөхөд зарцуулдаг болсон. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой туссан байгаа. УДС ХХК нь 2011 онд алдагдлаа нөхөөд өөрт ашигтай тоног төхөөрөмжөө оруулж ирсэн бөгөөд 2013 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн ба уг станцад бүхэл бүтэн үйлдвэр ажиллаж байна. Энэхүү техник, тоног төхөөрөмжийн схем зургийг ч хавтаст хэрэгт хавсаргаад инженерүүд, нягтлан бодогч нарыг гэрчээр асуулгасан байгаа. Мөн 2011 оны баримтуудаа ч нотариатаар баталгаажуулаад нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл Ч-У ХХК нь ямар ч бохир ус зайлуулаагүй байж 211.220.047,5 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. УДС ХХК нь нэг ч удаа тус компаниас үйлчилгээ авч байгаагүй, нэхэмжлэгч нь Увс дулааны станцыг хэрэглэгч нь гэдгийг нотлож чадахгүй байгаа атлаа манайх тусгай зөвшөөрөлтэй, Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт байгаа бохир усны албан мэдэгдэл гэх 2013-2018 онуудын баримтууд дээр ерөнхий нягтлан бодогч Эрдэнэбат, борлуулалтын байцаагч Батмөнх нар гарын үсэг зурсан байдаг. Эдгээр мэдэгдлүүд дээр хүлээж авсан хэсэгт УДС ХХК-ийн нягтлан бодогч гарын үсэг зураагүй, тус албан мэдэгдлээ хүргэж өгсөн эсэх нь тодорхойгүй байхад ийм баримтаар 211.220.047,5 төгрөг нэхэмжилж байгаа. Чандамнь-Увс ХХК 2017 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр буцаасан, энэ үед бид нар мөн тайлбар өгч байсан. Яагаад Д.Сурмаажав гуайтай очиж уулзаад ямар технологи нэвтрүүлээд, эдийн засгаа хэмнээд байгааг нь үзэж хараад үзлэг хийж болдоггүй юм. УДС ХХК нь ганцхан Д.С-нх биш, маш олон хувьцаа эзэмшигтэй компани бөгөөд өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгохын тулд тоног төхөөрөмж оруулж ирж байгаа байдал нь харин ч Ч-У ХХК-аас хараат бус болж байгаа юм. Ч-У ХХК нь үйлчилгээ өгдөггүй мөртлөө хүчээр бохир ус зайлуулсны төлбөр авахыг оролддог, хуурамчаар баримт хийж, ийм мэдэгдэл гаргаж байгааг нь үнэхээр гайхаад олохгүй байна. Тарифууд жил бүр өөрчлөгдөж байдаг ба одоо надад байгаа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай Ч-У ХХК-ийн ус хангамж, ариутгах, татуургын үйлчилгэний борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, тариф, суурь хураамж батлах тухай зөвлөлийн тогтоолууд гэх баримт байна. Энэ тогтоолууд 2013, 2014, 2015 онуудад байнга өөрчлөгдсөн. Энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл ямар тарифаар нэхэмжлэл гаргаад байгаа нь мэдэгдэхгүй, хэдэн бохир усны мэдэгдлээр нэхэмжлэл гаргаж байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зохицуулах зөвлөлийн бүрэн эрхэд цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх талаар зохицуулсан. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-т цэвэр ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөнө гэсэн байхад нэхэмжлэгч нь ямар 0,5 хувийн алданги яриад байгаа нь ойлгомжгүй. Эдгээр тарифийн талаарх тогтоолууд мөн үйлчилгээ үзүүлж байсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд гэрээний талаарх ойлголт байх ба 13.1-д хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна гэж заасан бөгөөд энэ талаар гэрээ байхгүй, мөн хуулийн 13.2-т хангагч нь зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэсэн байхад өнөөдөр нэхэмжлэгч тал нь мэдэгдлээр нэхэмжлэл гаргаад шүүхийг төөрөгдүүлээд явж байгаа үйл баримт байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т энэ хуулийн 13.2-т заасан гэрээнд нийлүүлэх цэвэр ус болон татан зайлуулах бохир усны хэмжээ, чанар, найрлага, гэрээг дүгнэх хугацаа, төлбөр тооцооны арга, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хохирол тооцох журам болон шаардлагатай бусад зүйлийг тусгана, 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалт мөн хэрэгжээгүй, 13 дугаар зүйлийн 13.5-д хангагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэсэн байгаа ба энэ нь хангагчийн эрх байгаа юм. Хэрэв бид нар хангагч гэж байгаа бол хэрэглэгчтэйгээ гэрээ байгуулах үүрэг нь хэрэглэгчид биш хангагчид байгаа юм. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлнө гэсэн ба хэрэв гэрээ байсан бол бид нар хугацаандаа мөнгөө төлөх үүрэгтэй байсан. Нэгдүгээрт УДС ХХК-г хэрэглэгч гэдгийг нотлоогүй, хоёрдугаарт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоол буюу тарифаа батлаагүй, ямар тарифаар юу нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, гуравдугаарт гэрээ байгуулаагүй буюу бид нарын зүгээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд гэрээ бичгээр хийсэн гэдэг нь нотлогдохгүй, анхнаасаа гэрээ хийгдээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Ч-У ХХК нь өөрөө нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй байгаа. Хэрэв УДС ХХК-д үзлэг хийсэн бол бүх нөхцөл байдал тодорхой харагдах байсан. УДС ХХК нь өөрөө бохир усаа цэвэршүүлдэг, хаягдал ус нь бага гардаг, бага гаргасан усаа сард нэг удаа зайлуулдаг бөгөөд нэхэмжлэгчид сард 2, 3 саяар нь мөнгө төлөхгүйгээр сард 30.000, 60.000 төгрөг төлөөд Энхээ гэх иргэн болон өөр аж ахуйн нэгжид хаягдал усаа өгөөд тэдгээр хүмүүс нь аваад бас ашигладаг юм билээ. Гэрчүүд ч гэсэн УДС ХХК нь бохир усаа өөрөө цэвэршүүлдэг талаар хангалттай мэдүүлсэн байгаа. Ч-У ХХК нь 2013 оноос хойших төлбөрөө нэхэмжлээд байгаа ба энэ хугацаанд нэг ч үйлчилгээ үзүүлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсний дагуу Катав болон 2 инженерийн өгсөн мэдүүлэг болон бусад холбогдох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 101.424.180 төгрөгийг Ч-У ХХК-аас нэхэмжилж байгаа бөгөөд 2017, 2018, 2019 оны 1-5 сар хүртэл Чандмань Увс ХХК-ийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 54.595.970 төгрөг, алданги 27.297.985 төгрөг, нийт 81.893.950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд 2019 оны 10, 11, 12 сар, 2020 оны 1 сарын төлбөр буюу 14.061.762 төгрөг, алданги 5.468.463 төгрөг, нийт 101.424.180 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа болно. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Эрчим хүчний тухай хуулиараа зохицуулагдах бөгөөд магадлал дээр 2016 оноос өмнөх дулааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн учраас манайх 2017 оноос хойшхи дулааны эрчим хүчний төлбөрийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага давхцаагүй, үндэслэл давхцаагүй болно. УДС ХХК нь Улаангом сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс өгсөн тусгай зөвшөөрлийн дагуу дулаан үйлдвэрлэх, дамжуулах, хангах, түгээх үйл ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэгч нь 2017-2020 онд конторын барилгын өргөтгөл хийлгэсэн бөгөөд 2185,2 м3 болоход дулааны эрчим хүчний төлбөрийг төлдөггүй байсан. Өмнө нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 522 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай магадлалаар 2013 оноос 2016 оныг дуусталх халаалтын тооцоог шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл 68.000.000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд явж байгаа. Хариуцагчийн зүгээс 2013-2016 оны дулааны төлбөр давхцаагүй, 2017-2020 оны төлбөрөө нэхэмжилж байгаа юм. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан тул алданги нэхэмжилж байгаа. Энэ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиас өөр бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч тал төлөхгүй гэж байгаа тул манайх бас төлөхгүй гэдэг байдлаар хандаад байна. Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй тайлбар юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч-У ХХК нь хариуцагч УДС ХХК-д холбогдуулан техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэсний үндсэн төлбөр 140.813.365 төгрөг, алданги 70.406.682,5 төгрөг, нийт 211.220.047,5 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, УДС ХХК нь 2017-2019 он, 2020 оны 1 дүгээр сард Ч-У ХХК-ийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 81.893.955, алданги 19.530.225 төгрөг, нийт 101.424.180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           1.      Үндсэн нэхэмжлэлийн талаар:

         Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч-У ХХК нь Увс аймгийн Улаангом суманд байрлах айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-12.2.14 дэх хэсгүүдэд заасан ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ; цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ; бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ; бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ; ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ; хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ; зөөврийн ус хангамжийн үйлчилгээ; бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээг тус тус үзүүлдэг хуулийн этгээд байна.

          Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна заасан хэдий ч Ч-У ХХК, УДС ХХК-ууд нь 2013-2018 онд техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй байна.

       Гэсэн хэдий ч Ч-У ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйлчилгээг Увс аймгийн Улаангом суманд байрлах айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлдэг цор ганц компани байх бөгөөд тус компани нь УДС ХХК-ийн 2013-2018 онд техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэсэн байх тул бичгээр гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр хариуцагч компанийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх боломжгүй гэж үзлээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2013 оноос одоог хүртэл УДС ХХК нь бохир усыг өөрсдөө татан зайлуулж цэвэрлэж байгаа гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Х.Өсөхбаяр, Ц.Чулуунбаатар нарыг оролцуулж гэрчүүд нь Ч-У ХХК нь бохир ус татан зайлуулах үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ схемд тусгагдсан тоног төхөөрөмжүүд одоо УДС ХХК-д ажиллаж байгаа. Манай УДС ХХК нь гаднаа 400 литрийн 2 банктай. Түүнээсээ ажиллаж байгаа 3 зуухаа түүхий усаар тэжээж ажилладаг. Түүхий усыг фильтерээр шилжүүлээд хөргөх тавцангаа хөргөөж, ашиглаад фильтерээрээ эргүүлдэг. Фильтер гэх тоног төхөөрөмж нь ус цэвэршүүлэх үүрэгтэй бөгөөд түүнээс бохир ус гардаггүй. УДС ХХК нь зуухны хий авагч, үе үеийн үлээлгэ, юүлэх, шугамыг дахин ашиглах технологи нь схемийн дагуу хэвийн ажиллаж байгаа. Ажиллаж байгаа зуухнуудын хийг байнга авч ажилладаг. Хий авч юүлсэн ус нь нөөц банк руу ороод нөөц банкнаас насосоор шахаад 25 м.куб деаэратор руу шилжүүлээд деаэратороосоо сүлжээний усны алдагдлыг нөхөх хэлбэрээр ашигладаг. Химийн хаягдал ус, сүлжээний усны насосны сальникаар алдаж буй ус, гоожуурын ус хаях схемийн дагуу тоног төхөөрөмжүүд нь ажиллаж байгаа. Натри 1, натри 2 гэсэн фильтер нь бүрэн автомат ус цэвэрлэдэг төхөөрөмж юм. Хаягдал ус шахах насосоор дамжин хаягдал нөөцлөх банканд орж, хуримтлагдсан давстай бохир усыг аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан зайлуулдаг. Уг аж ахуй нэгж нь бохирын машинтай ирж, давстай усыг соруулж авдаг гэж мэдүүлсэн, мөн хариуцагчаас химийн хаягдал ус, сүлжээний усны насосны сальникаар алдаж буй ус, гоожуурын хаях схем зураг, зуухны түүхий ус, хөргөлтийн усны схем, зуухны хий авагч, үе үеийн үлээлгэ, юүлэх, шугамыг дахин ашиглах технологийн схем зураг, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 20/46 дугаар дүгнэлт, иргэн Ц.Энхбаттай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ДС/-09/18 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг ирүүлсэн хэдий ч УДС ХХК, иргэн Ц.Энхбат нар нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах зөвлөлөөс аваагүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

        Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 54.595.970 төгрөгийг зөвшөөрч, алданги 27.297.985 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй хэдий ч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хуульд заасан хугацааны дотор тайлбар өгөөгүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцно гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

         Иймд Ч-У ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Эрдэнэбат, борлуулалтын байцаагч Б.Батмөнх нарын түүвэрлэсэн 2013-2018 онд Ч-У ХХК болон УДС ХХК-ийн хоорондох бохир усны төлбөрийн албан мэдэгдэл гэх баримт болон ерөнхий нягтлан бодогч Ц.Эрдэнэбатын УДС ХХК-ийн бохир усны төлбөрийн тооцоо гэх баримтыг үндэслэн хариуцагч УДС ХХК-аас техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэсний 2013 оны төлбөр 9.344.720 төгрөг, 2014 оны төлбөр 9.344.720 төгрөг, 2015 оны 1-6 сарын төлбөр 6.063.750 төгрөг, 2015 оны 7-12 сарын төлбөр 14.771.295 төгрөг, 2016 оны төлбөр 33.762.960 төгрөг, 2017 оны төлбөр 33.762.960 төгрөг, 2018 оны төлбөр 33.762.960 төгрөг, нийт 140.813.365 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч-У ХХК-д олгох нь зүйтэй.

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна..., 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ... гэж заасан байх ба талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй тул алданги 70.406.682,5 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчээс ирүүлсэн Ч-У ХХК болон Улаангомын Дулааны 2-р станц ТӨХК-тай байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаар цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ, нэхэмжлэхүүд нь 2013-2018 онд техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэсний үндсэн төлбөр 140.813.365 төгрөг, алданги 70.406.682,5 төгрөг, нийт 211.220.047,5 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хамааралгүй, мөн 0004887, 0004868 дугаартай нэхэмжлэхүүд, баримт бичиг хүлээлцсэн тэмдэглэл гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

          Хариуцагч УДС ХХК нь Ч-У ХХК-д холбогдуулан дулааны эрчим хүчээр хангасны 2017 оны төлбөр 20.267.104 төгрөг, 2018 оны төлбөр 20.267.104 төгрөг, 2019 оны төлбөр 24.998.688 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын төлбөр 3.124.836 төгрөг, алданги 32.766.448 төгрөг, нийт 101.424.180 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

       УДС ХХК, Ч-У ХХК-ийн хооронд 2017-2020 онд Ч-У ХХК-ийн компанийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангах талаарх гэрээг бичгээр хийгдээгүй хэдий ч хариуцагч компани нь уг компанийг дулааны эрчим хүчээр бодитоор хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч тал талбайн хэмжээ болон дулааны үнэд маргаагүй, гэрээг бичгээр байгуулаагүйн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

          Иймд хариуцагчаас ирүүлсэн УДС ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Х.Катавын түүвэрлэсэн УДС ХХК-аас Ч-У ХХК-д өгсөн халаалтын хөлсний тооцоо товчоо гэх баримт, УДС ХХК-ийн нэхэмжлэлүүд зэрэг баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ч-У ХХК-аас 2017 оны төлбөр 20.267.104 төгрөг, 2018 оны төлбөр 20.267.104 төгрөг, 2019 оны төлбөр 24.998.688 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын төлбөр 3.124.836 төгрөг, нийт 68.657.732 төгрөг гаргуулж хариуцагч УДС ХХК-д олгох нь зүйтэй.

        Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан байх боловч зохигчид алданги тооцох талаар бичгээр гэрээ байгуулаагүй байх тул алданги 19.530.225 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар зааснаар нэхэмжлэгч Ч-У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.214.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УДС ХХК-аас нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 140.813.365 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 862.017 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч-У ХХК-д олгож, хариуцагч УДС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 707.366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч-У ХХК-аас сөрөг нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 68.657.732 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 501.239 төгрөгийг гаргуулан хариуцагч УДС ХХК-д олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагч УДС ХХК-аас техникийн болон ахуйн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэсний үндсэн төлбөр 140.813.365 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч-У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 70.406.682,5 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч-У ХХК-аас тус компанийн конторын барилгыг дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 68.657.732 төгрөг гаргуулж хариуцагч УДС ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 32.766.448 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч-У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.214.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УДС ХХК-аас 862.017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч-У ХХК-д олгож, хариуцагч УДС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж 707,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Чандмань Увс ХХК-аас 501.239 төгрөг гаргуулан хариуцагч УДС ХХК-д олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ