Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 9

 

Баянхонгор аймгийн Прокурорын газар,

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын

нэхэмжлэлтэй И.Долгормаад холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 131/ШШ2020/00222 дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Прокурорын газар

            Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг 42-06 тоотод оршин суух Иш-Осорын Долгормаад холбогдох

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч И.Долгормаагийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга И.Долгормаа нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажпын албанд болон аймгийн Татварын хэлтэст автомашин худалдан авах тухай тендерийн болон санхүүгийн бусад баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн автомашинууд худалдан авч 14.5 сая төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож тус Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ яллагдагч И.Долгормаагаас автомашиныг худалдан авахад завшсан нийт 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Дээрх прокурорын шийдвэрийн дагуу яллагдагч И.Долгормаагаас 9 сая төгрөгийг прокурорын шатанд төлж барагдуулан баримтыг хэрэгт хавсаргасан боловч үлдэгдэл 5.500.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иймд Иш-Осорын Долгормаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5500000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү.

Прокурорын байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсоёл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зарим яллагдагч нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Тогтоолд хэргийг хэрэгсэхгүй болгох гол утга нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйл зааснаар хохирлын хэмжээнд хүрэхгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг буюу их хэмжээний хохирол хүрэхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. И.Долгормаа нь тогтоолыг хүлээн зөвшөөрөлгүй шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх гомдол гаргах бүрэн боломжтой байсан ч тухайн цаг хугацаанд гомдол гаргаагүй бөгөөд тогтоолыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад гэм хорын хохирол 9.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Иймээс үлдэгдэл гэм хорын хохирол 5.500.000 нэхэмжилж байгаа нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сарангарав анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эвлэрэх санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Прокурорын байгууллагын нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй адил саналтай байна.. гэв.

Хариуцагч И.Долгормаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 56, 17 дугаар тогтоолууд нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг зөрчсөн байсан. Учир нь орон нутгийн төсөвт 47.492.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 135 дугаар яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд хэргийг хүргүүлсэн байдаг. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Мөрдөн байцаалтын шатанд байх хугацаанд нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолын нэг дэх заалтаар 5.500.000 төгрөгийг завшсан гэх хэргийг, мөн аймгийн Татварын хэлтэст 36 сая төгрөгийн автомашин авахаар батлуулж орон нутгийн төсвөөс 36 сая төгрөгийг авч завшсан гэх хэргийг тус тус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэргийг ингэж хэрэгсэхгүй болгосон хэрнээ тогтоолынхоо 3 дахь заалтаараа завшсан 14.500.000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулахаар тогтоосон. Тухайн үед завсан бол намайг болон бусад этгээдүүдийг хамт шалгаж өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргаж байснаас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй юм гэжээ.

Хариуцагч И.Долгормаагийн өмгөөлөгч Б.Дашдорж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

 Хавтаст хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 56 тогтоолууд тус тус авагдсан ба 17 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1, 208 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэрэг гаргасан гэх хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байгаа юм. Мөн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэхь хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Өршөөлийн тухай хуульд хамруулсан байдаг ба тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Өршөөлийн хуульд хамруулсан байдаг. Уг тогтоолд хохирол төлбөр учирсан талаар дурдаагүй байхад И.Долгормаагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Хохирлын хэмжээ хүрэхгүй байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтуудыг хэрэглэсэн талаар тайлбарлаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтуудыг барьж байгаа бол гэмт хэрэг гараагүй гэж үзэх учраас гэмт хэргийн хохирол яригдахгүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар машин худалдан авсан нь тогтоогдож байгаа ч байгууллага хохирсон зүйл харагдахгүй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцээд байгаа гэм хорын хохирол яригдах эсэх нь эргэлзээтэй тул хяналтын прокурор Э.Гантулгын гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон саналаа дэмжиж байна. Шүүхээр гэм буруугийн асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нь прокурор хохирлыг шийдэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. заасан байх тул прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч И.Долгормаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.500.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч И.Долгормаагаас улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч И.Долгормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсгээр зүйлчлэн шалгаж байсан хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон уг прокурорын тогтоолоор хохирол төлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй юм. Тиймээс энэ зүйлчлэлд холбогдох бодит хохирол төрд учраагүй, үүнийг гэм хор гэж үзэн шаардах эрх прокурорын байгууллагад байхгүй.

 Тухайн үед Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 17 дугаар прокурорын тогтоолоор И.Долгормааг яллаж байсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, тодруулбал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэм хорыг арилгуулахаар шаардах эрх хэдийд бий болох вэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн, эс үйлдэл гаргасан болохыг хуулийн хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоох, 5.500.000 төгрөг нь уг гэмт хэрэг, эс үйлдлийн улмаас төрд учирсан бодит хохирол байх шаардлагатай юм. Гэм буруу, эс үйлдэл гаргасан эсэхийг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар эрүүгийн хэргийн шүүх тогтоодог болохоос Иргэний хэргийн шүүх болон прокурорын тогтоолоор тогтоогддоггүй.

Тухайн үед яллаж байсан энэ зүйлчлэл бүхий гэмт хэргийн улмаас ямар нэг хохирол хэн нэгэнд учраагүй. Бодит хохирол учирсан гэж үзвэл прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргах эрх эрүүгийн хэргийн хохирогч болон түүний төлөөлөгч С.Баярмаа нарт ч байсан. Тухайн үедээ эдгээр субьект гомдол гаргаагүй, прокурорын байгууллага тэдгээрийн урдаас иргэний шүүхэд 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг мөн анхаараагүй.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Прокурорын газраас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.500.000 төгрөгийг хариуцагч Иш-Осорын Долгормаагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар “…Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно...” гэж заасны дагуу эхлээд төрийн байгууллагын хүсэлт гаргасны дараа прокурор нь нэхэмжлэгчээр оролцох үндэстэй байтал төрийн байгууллагын хүсэлт Баянхонгор аймгийн Прокурорын газарт ирээгүй байхад прокурорын нэхэмжлэл гаргасан нь зөрчилтэй болжээ.

Анхан шатны шүүхэд гаргасан прокурорын нэхэмжлэл нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын хэвлэмэл нэр хаягтай хуудас, албан бланк хуудас дээр эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж нэхэмжлэлээ гаргасны дараа аймгийн Прокурорын газрыг төлөөлж хяналтын прокурор Э.Гантулга нь шүүхэд төлөөлнө гэсэн итгэмжлэлийг хавсаргаж нэхэмжлэлээ гаргах үндэстэй байтал зөвхөн аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга нь нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шаардлага хангахгүй болжээ.

Анхан шатны шүүх прокурор Э.Гантулгын нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүгч ажиллагаа хийх явцад прокурор Э.Гантулга нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ “…Аймгийн Засаг даргын тамгын газрыг хамтран нэхэмжлэгчээр томилж өгнө үү…” гэсэн хүсэлтийг шүүх 2020 оны 1 дүгээр сарын 29-нд хүлээн авч Шүүхийн тогтоолоор Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулжээ. Шүүх Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан тухай шүүхийн тогтоолыг хариуцагч И.Долгормаад болон нэхэмжлэгчээр татан оролцуулж байгаа Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт танилцуулаагүй, гардуулаагүй нь зохигч талуудын эрхийг хангаагүй. Харин нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан баримт үйлдэж /хх-ийн 212-213 дугаар тал/ прокурорын нэхэмжлэлийн нэг хувийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Сарангаравт гардуулсан баримт байгаа нь ойлгомжгүй, нэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг нөгөө нэхэмжлэгчид гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Дашцэрэнгээс анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигтээ /хх-ийн 216 дугаар тал/ “…И.Долгормаагийн нэхэмжлэлтэй Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангаравын томилж байна…” гэсэн нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгчээр оролцож байгаагаа ойлгоогүй, хариуцагчаар оролцож байна гэж ойлгож итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангаравын тайлбар нь итгэмжлэлтэйгээ зөрчилдсөн.

Яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /хх-ийн 4-5 дугаар тал/ Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн прокурорын тогтоолоор И.Долгормааг баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн автомашинуудыг Сумын Иргэдийн төлөөлөгчидийн хуралд худалдан авч 5.500.000 төгрөг завшсан гэх хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /хуучин/ 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд төрийн байгууллагын хүсэлт гаргасныг үндэслэж Прокурорын газар нэхэмжлэлээ гаргах үндэслэлтэй байтал шүүх шууд прокурорын нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч И.Долгормаагаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102.950 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгох үндэстэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон                          

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн 131/ШШ2020/00222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Иш-Осорын Долгормаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч И.Долгормаагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч И.Долгормаад олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.