Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 222

 

            Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Н.Гантуяа, Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Прокурорын газар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

 Хариуцагч: И.Д холбогдох

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч П.Цэцэнбилэг, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Эрдэнэсоёл, Д.Сарангарав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дашдорж /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга  И.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажпын албанд болон аймгийн Татварын хэлтэст автомашин худалдан авах тухай тендерийн болон санхүүгийн бусад баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн автомашинууд худалдан авч 14.5 сая төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож тус Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ яллагдагч  И.Давтомашиныг худалдан авахад завшсан нийт 14500000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Дээрх прокурорын шийдвэрийн дагуу яллагдагч  И.Д9 сая төгрөгийг прокурорын шатанд төлж барагдуулан баримтыг хэрэгт хавсаргасан боловч үлдэгдэл 5.500.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иймд Прокурорын тухай хуулийн 41.1, 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд  И.Д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5500000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү.

Прокурорын байгууллагын нэхэмжпэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Эрдэнэсоёл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эвлэрэх санал хүсэлтгүй. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан  И.Д нь албан тушаалаа урвуулан ашиглаж, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон аймгийн Татварын хэлтэст тендерийн болон санхүүгийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж автомашинууд худалдаж авч 14.500.000 төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг. Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаар тогтоолоор тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ автомашин худалдан авахдаа завшсан 14.500.000 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулахаар тогтоолд заасан байдаг юм.  И.Д нь прокурорын шатанд 9.000.000 төгрөг төлж барагдуулсан тухай дансны хуулга нь хэрэгт авагдсан ба үлдэгдэл 5.500.000 төгрөг төлж барагдуулаагүй байгаа тул Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу төрийг төлөөлж прокурорын нэхэмжлэл гаргасан.

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зарим яллагдагч нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Тогтоолд хэргийг хэрэгсэхгүй болгох гол утга нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйл зааснаар хохирлын хэмжээнд хүрэхгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг буюу их хэмжээний хохирол хүрэхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Прокурорт бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгохоос өөр гаргалгаа байхгүй. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн, тогтоолтой  И.Д нь танилцаад гарын үсгээ зурсан байдаг.  И.Д нь тогтоолыг хүлээн зөвшөөрөлгүй шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх гомдол гаргах бүрэн боломжтой байсан ч тухайн цаг хугацаанд гомдол гаргаагүй бөгөөд тогтоолыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад гэм хорын хохирол 9.000.000 төгрөгийг төлсөн байдаг.

Иймээс үлдэгдэл гэм хорын хохирол 5.500.000 нэхэмжилж байгаа нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Сарангарав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эвлэрэх санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Прокурорын байгууллагын нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй адил саналтай байна.. гэв.

Хариуцагч  И.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Дээрх иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга нэхэмжлэлд гарын үсэг зурж, нэхэмжлэлийн үндэслэлээ Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүд гэжээ. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төр нийтийн ашиг сонирхолыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана, 41.2-т Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна..гэж заасан.

Мөн ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүрэг, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.. гэж заасан. Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 56, 17 дугаар тогтоолууд нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг зөрчсөн байсан. Учир нь орон нутгийн төсөвт 47.492.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2015 оны 12 сарын 12-ны өдөр 135 дугаар яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд хэргийг хүргүүлсэн байдаг. Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Мөрдөн байцаалтын шатанд байх хугацаанд нь 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 17 дугаартай Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолын нэг дэх заалтаар 5.500.000 төгрөгийг завшсан гэх хэргийг, аймгийн Татварын хэлтэст 36 сая төгрөгийн автомашин авахаар батлуулж орон нутгийн төсвөөс ... тоот дансаар 36 сая төгрөгийг авч завшсан гэх хэргийг тус тус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэргийг ингэж хэрэгсэхгүй болгосон хэрнээ тогтоолынхоо 3 дахь заалтаараа завшсан 14.500.000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулахаар тогтоосон. Тухайн үед завсан бол намайг болон бусад этгээдүүдийг хамт шалгаж өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргаж байснаас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэж заасан. Намайг болон тухайн үед миний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бямбасүрэн Татварын хэлтсийн дарга асан А.Эрдэнэбилэг нарыг гэм буруутай болохыг шүүхээр тогтоогоогүй, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлүүдээр хэргийг нь хаасан.

Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэрэг үйлдээгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байж гэмт хэргийн улмаас учирсан 5.500.000 төгрөгийг надаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Миний бие болон А.Эрдэнэбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор татан оролцуулж байсан бөгөөд энэ асуудлаар хохирсон гэж үзвэл хохирлоо нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй орхидог. Шийдвэрлэх ёсгүй асуудлыг шийдвэрлэн тогтоол гаргасан, түүнийгээ үндэслэн шаардах эрх Баянхонгор аймгийн Прокурорын газарт байхгүй. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү..гэжээ.

2020 оны 02 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: 

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга нэхэмжлэлдээ .. автомашинууд худалдан авч 14.5 сая төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож тус Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ..хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ..завшсан нийт 14.500.000 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн..гэсэн байна. Иргэний хэрэгт авагдсан баримтуудаас авч үзвэл Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 56 дугаар тогтоол нь 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон уг тогтоол нь хууль бус юм. Тухайн үед яллаж байсан зүйлчлэл буюу гэмт хэргийн улмаас хэн нэгэнд ямар нэг хохирол учраагүй. Түүнээс гадна 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасныг зөрчиж Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь миний эрх зүйн байдлыг дордуулж намайг хохироож байгаа үйлдэл болсныг одоо л мэдэж байна. Э.Гантулга прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тайлбарласнаас биш намайг гэмт хэрэг үйлдсэн, түүнийг чинь Өршөөлийн хуульд хамаарууллаа гэж тухайн үед надад хэлээгүй. Миний хуулийн мэдлэг дутмаг, хэргийг хэрэгсэхгүй болсныг л ойлгосноос ийм үр дагаврууд үүсч болохыг мэдээгүй юм.

Иргэний хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 17 дугаар яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол авагдсан ба уг тогтоолоор намайг холбогдуулан шалгасан Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2 дахь зүйл ангиудыг тухайн үед мөрдөгдөж байсан ЭБШХ ийн 24.1.1, 280.1.1-дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.5 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй.

Тус иргэний хэрэгт авагдсан гэрч Ж.Бямбасүрэн, Д.Эрдэмээ нарын мэдүүлгүүд, Орон нутгийн өмчийн газрын албан бичиг зэргээс надаас нэхэмжилж байгаа 5.5 сая төгрөгөөр Тоёото Бривес маркийн машин худалдан авсан, уг машин нь өнөөдөр ч Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албанд явж, ашиглагдаж байгаа нь нотлогдоно. Нөгөө талаар хэнд ямар үйлдлийн улмаас хэдий хэмжээний гэм хор учирсан болохтой холбоотой нотлох баримт байхгүй зэргийг үндэслэн ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч  И.Дгийн тайлбарыг дэмжиж байна. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хяналтын прокурор Гантулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан, нэхэмжлэлдээ 14.500.000 төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, тус Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаар тогтоолоор тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэдгийг гол үндэслэл болгосон байна.

Гэтэл хавтаст хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 56 тогтоолууд тус тус авагдсан ба 17 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 1.1, 208 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэрэг гаргасан гэх хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэхь хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Өршөөлийн тухай хуульд хамруулсан байдаг ба тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Өршөөлийн хуульд хамруулсан байдаг.

Уг тогтоолд хохирол төлбөр учирсан талаар дурдаагүй байхад  И.Дгэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Прокурор бол Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаах шийтгэх хуулийг чанд сахин ажиллах үүрэгтэй байсан. Хохирлын хэмжээ хүрэхгүй байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтуудыг хэрэглэсэн талаар тайлбарлаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. гэж заасан байхад шүүхийн өмнөөс прокурор тогтоолдоо гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэлт гаргаж эцэслэн шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тогтоол байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтуудыг барьж байгаа бол гэмт хэрэг гараагүй гэж үзэх учраас гэмт хэргийн хохирол яригдахгүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар машин худалдан авсан нь тогтоогдож байгаа ч байгууллага хохирсон зүйл харагдахгүй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцээд байгаа гэм хорын хохирол яригдах эсэх нь эргэлзээтэй тул хяналтын прокурор Э.Гантулгын гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон саналаа дэмжиж байна , шүүхээр гэм буруугийн асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нь прокурор хохирлыг шийдэж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. заасан байх тул прокурорын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар нь И.Д холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5500000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар нь Авлигатай Тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн 201505000222 дугаар хэргийн холбогдогч  И.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажпын албанд болон аймгийн Татварын хэлтэст автомашин худалдан авах тухай тендерийн болон санхүүгийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн автомашинууд худалдан авч 14.5 сая төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож тус Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож,  И.Давтомашиныг худалдан авахад завшсан нийт 14.500.000 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Дээрх прокурорын шийдвэрийн дагуу  И.Д9.000.000 сая төгрөгийг прокурорын шатанд төлсөнийг хасч үлдэгдэл 5.500.000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь  И.Д нь А.Эрдэнэбилэгтэй бүлэглэн Төсвийн тухай хуулийн 66, 67 дугаар зүйлд зааснаар төсвийн төслийг Засаг дарга боловсруулж ИТХ-д мэдүүлнэ.. гэснийг зөрчиж, ИТХ-ын 2015 оны 12 сарын 24-ний өдрийн хурлаар аймгийн Татварын хэлтэст 36 сая төгрөгийн автомашин авахаар батлуулж орон нутгийн төсвөөс 36 сая төгрөг авч завшсан гэх гэмт хэргийн улмаас учруулсан 9.000.000 төгрөгөө төлж барагдуулсан тул энэ хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, харин Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ-ын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 оны 08 сарын 28-ны өдрийн ИТХ-ын 9/2 дугаартай тогтоолыг хуурамчаар үйлдэн 5.500.000 төгрөгийг зарцуулахаар баталж, Тоёото Бревис автомашин худалдан авч, хувьдаа завшсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.. гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч  И.Д нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд хяналтын прокуророос 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 17 дугаар Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор надад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолын нэг дэх заалтаар 5.500.000 төгрөгийг завшсан гэх хэргийг, аймгийн Татварын хэлтэст 36 сая төгрөгийн автомашин авахаар батлуулж орон нутгийн төсвөөс ... тоот дансаар 36 сая төгрөгийг авч завшсан гэх хэргийг тус тус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу гэмт хэрэг үйлдээгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байж гэмт хэргийн улмаас учирсан 5.500.000 төгрөгийг надаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор татан оролцуулж байсан бөгөөд энэ асуудлаар хохирсон гэж үзвэл хохирлоо нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй орхидог.

Шийдвэрлэх ёсгүй асуудлыг шийдвэрлэн тогтоол гаргасан, түүнийгээ үндэслэн шаардах эрх Баянхонгор аймгийн Прокурорын газарт байхгүй. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас  И.Дг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 оны 08 сарын 28-ны өдрийн ИТХ-ын 9/2 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдэн 5.500.000 төгрөгийг зарцуулахаар баталсан, мөн давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дарга А.Эрдэнэбилэгтэй бүлэглэн аймгийн Татварын хэлтэст 36 сая төгрөгийн автомашин авахаар батлуулж, Ланд-100 автомашиныг 27 сая төгрөгөөр худалдан авч, 9 сая төгрөгийг хувьдаа завшсан..зэрэг гэмт хэргүүдэд холбогдуулан шалгасан байна.

Улмаар 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн 201505000222 дугаартай хэргээс  И.Дд холбогдох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ-ын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 оны 08 сарын 28-ны өдрийн ИТХ-ын 9/2 дугаартай тогтоолыг хуурамчаар үйлдэн 5.500.000 төгрөгийг зарцуулахаар баталж, Баянхонгор сумын ИТХ-ын ажлын албанд өөрийн унаж ашиглаж байсан Тоёото Бривес автомашиныг худалдан авч 2014 оны 10 сарын 14-ний өдөр 9.700.000 төгрөг, 2014 оны 12 сарын 25-ны өдөр 1.792.000 төгрөг нийт 11.492.000 төгрөгийг Өлзий хээтэй цох ХХК-ийн ХААН банкин дахь 5225487140 тоот дансаар гарган авч хувьдаа завшсан, мөн Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дарга А.Эрдэнэбилэгтэй бүлэглэн Төсвийн тухай хуулийн 66,67 дугаар зүйлд зааснаар төсвийн төслийг Засаг дарга боловсруулж ИТХ-д мэдүүлнэ.. гэснийг зөрчиж, ИТХ-аар аймгийн Татварын хэлтэст 36 сая төгрөгийн автомашин авахаар батлуулж, орон нутгийн төсвөөс 2015 оны 01 сарын 30-ны өдөр Рашаант бумбат хайрхан ХХК-ны Хас банкин дахь 5000957111 тоот дансаар 36 сая төгрөг гарган авч завшсан гэх хэргүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр,

Харин 2016 оны 05 сарын 23-ны өдөр 56 дугаар тогтоолор Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Прокурорын байгууллага нь Прокурорын тухай хуулийн 41.1, 41.2-д зааснаар  И.Дхохирол шаардан, нэхэмжлэл гаргасан байна.

Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлд Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана..гэжээ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно..гэж нарийвчлан зохицуулсан байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Прокурорын байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан байх тул дээрх хуулийн заалтууд бүрэн хангагдсан, нэхэмжлэгч нар нь төрд учруулсан хохирол, гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар нь Авлигатай Тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн 201505000222 дугаар хэргийн холбогдогч  И.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажпын албанд болон аймгийн Татварын хэлтэст автомашин худалдан авах тухай тендерийн болон санхүүгийн бусад баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн автомашинууд худалдан авч 14.5 сая төгрөг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирлын 9 сая төгрөгийн прокурорын хяналтын шатанд төлж барагдуулсан, үлдэгдэл 5.5 сая төгрөгийг гаргуулна.. гэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч  И.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа Надад холбогдуулан үүсгэсэн албан тушаалын гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэргийг үйлдээгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдээгүй, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.. гэж маргаж байгаа ч маргаан бүхий Прокурорын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 56 дугаартай тогтоолыг эс зөвшөөрсөн талаар дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гараагүй, прокурорын тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Өөрөөр хэлбэл  И.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2014 оны 08 сарын 28-ны өдрийн ИТХ-ын 9/2 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдэн 5.500.000 төгрөгийг зарцуулахаар баталж, нийт 11.492.000 төгрөгөөр өөрийн унаж ашиглаж байсан Тоёото Бревис автомашиныг Өлзий хээтэй цох ХХК-наас худалдан авсан мэтээр баримт бичиг бүрдүүлж, тус компаний дансаар дамжуулан авч мөнгийг ашигласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал: Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолд  И.Д нь Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албанд Тоёото Бревис автомашиныг худалдан авахдаа 2014 онд ИТХ-тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан 4.200.000 төгрөг, мөн ажлын албаны Ниссан террана маркийн хуучин автомашиныг зарсан 1.792.000 төгрөг нийт 5.992.000 төгрөг дээр 2014 оны 08 сарын 28-ны өдөр хуурамч тогтоол гаргаж 5.500.000 төгрөгийг нэмж баталж уг машиныг 11.492.000 төгрөгөөр худалдан авч хувьдаа 5.500.000 төгрөгийг завшсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ч  И.Дгийн үйлдийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан үлэмж хэмжээний хохиролд хүрэхгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгов..гэжээ. Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 сарын 12-ны өдрийн 135 дугаар яллах дүгнэлтэнд дээрх үйлдлийг хууль бус байсныг нотолсон хохирогч гэрч нарын мэдүүлэг дэлгэрэнгүй байдлаар авагджээ.

Хэдийгээр прокурорын шатанд  И.Дгийн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж хэрэгсэхгүй болгосон байгаа зэргээс үзвэл  И.Д нь хувьдаа ашиг олох зорилгоор буюу албан тушаалын эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглахдаа хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, дээрх 2 үйлдэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл прокуророос хариуцагчийг хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас 5.5 сая төгрөгийн хохирол учирсан, энэ нь  И.Дгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь  И.Д нь гэмт хэрэг үйлдээгүй, прокуророос түүний хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хохирол төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа ч Иргэний хуулийн 228 дугаар зүйл, 497 дугаар зүйлүүдэд зааснаар гэм хор учруулагч этгээд нь бусдын эрх, эд хөрөнгөнд санаатай болгоомжгүйгээр гэм хор учруулсан хууль бус үйлдэл гаргаснаас хохирол учирсан байхыг шаардаж байх бөгөөд түүний үйлдэл нь заавал Эрүүгийн хуульд заасан, шүүхээр гэм буруутайд тооцсон гэмт хэрэг байхыг шаардахгүй юм.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч  И.Дгэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.500.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д төсвийн байгууллагын болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 102950 төгрөгийг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч  И.Дгэмт хэргийн улмаас учруулсан хохирол 5.500.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч  И.Дулсын тэмдэгтийн хураамж 102950 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.