Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 13

 

Б.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хилийн 0... дугаар ангид

 холбогдох иргэний хэргийн тухай         

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг.. тоотод оршин суух, 1980 онд төрсөн, регистрийн дугаар ..., Э овогт Б-Э-ийн Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн .. дугаар ангид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Б.Л 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймаг дахь Хилийн 0... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, хэвлийдээ буудуулан нуруу, нугасны хүнд гэмтэл авч тахир дутуу болсон. Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Б.Эг 25 жил хорих ялаар шийтгэж,  Б.Л-д учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Б.Л нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан бөгөөд олон жилийн турш хүнд өвчтэй, бие, сэтгэлээрээ шаналан зовж, байнгын хэвтэрт асаргаа, сувилгаа эмчилгээтэй байхаас гадна эрүүл мэндийн шалтгаанаас болж ажил хийх ямар ч боломжгүй хүнд байдалд амьдарч байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэсний дагуу байлдагч Б.Эгийн цэргийн алба хааж байсан Увс аймаг дахь Хилийн 0... дугаар ангиас дараах төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.

Үүнд:  хохирогч Б.Л байнгын хэвтэрт эмчилгээтэй байдаг бөгөөд 2016 оны 8 дугаар сараас 2019 оныг дуустал эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх, хагалгаа хийлгэх, эм тарианы зардалд нийт 6.206.449 төгрөгийн зардал гарсан тул дээрх хохирлыг хариуцагч байгууллага буюу Хилийн .. дугаар ангиас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хилийн .. дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хилийн 0... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Э нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан харуулын байраа орхин, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Н-Э-ийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө байлдааны зэвсэг АКМ буугаар буудаж амь насыг нь хохироож, иргэн Б.Л, байлдагч Б.О нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Увс аймаг дахь сум дундын шүүх 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулсан ба уг шийтгэх тогтоолд Хилийн цэргийн анги, салбарыг дурдаагүй байгаа нь энэ хэргийн хариуцагч нь зөвхөн Б.Э гэдэг нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэх заалтыг үндэслэн Б.Эг төрийн албан хаагч мөн гэж маргасан. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар  төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, төрлүүдэд хугацаат цэргийн албан хаагчийг хамааруулсан зүйл заалт байхгүй нь хугацаат цэргийн албан хаагч төрийн албан тушаал хашдаггүй нь илэрхий байна. Хугацаат цэргийн алба хаагч нь дээрх цалингийн сүлжээний дагуу цалин, хөлс авдаггүй бөгөөд Засгийн газрын 1999 оны 38 дугаар тогтоолын дагуу Гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний цолны мөнгөн хангалт эдэлдэг. Хил хамгаалах байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан албаны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг бүтэц, орон тоонд хугацаат цэргийн албан хаагчдад хамаарах орон тоо байдаггүй нь хугацаат цэргийн албан хаагч нь төрийн албан тушаалтан биш болох нь харагдаж байна.

Б.Э нь хугацаат цэргийн алба хаагч мөн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу бусдад учруулсан гэм хорыг Б.Э өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.  Хилийн 0... дугаар анги уг хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0... дугаар ангиас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5.096.895 /таван сая ерэн зургаан мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.109.554 /нэг сая нэг зуун есөн мянга таван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А давж заалдах журмаар гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Л нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дэх хэсэгт зааснаар Хилийн 0... дугаар ангиас хохирол нэхэмжилсэн нь анхнаасааа үндэслэлгүй байсан юм. Учир нь Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба хаагч нь төрийн албан хаагчид хамаардаггүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсан Б.Э-гаас өөрөөс нь нэхэмжпэх ёстой.

Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн 0... дугаар ангийн удирдлагууд өмнө нь гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй боловч иргэн Б.Л нь хилчний гэр бүл болох гэж байсан, түүний эрүүл мэнд, амьдарлын түвшинг нь харгалзан үзэж, дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 4.636.256 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэснийг биелүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Б.Лд 4.636.256 төгрөг хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэгч Б.Л нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрөө хүлээн зөвшөөрч дээрх мөнгийг хүлээн авсан.

Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар “Цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргаж, цэргийн анги байгууллагад хуваарилах” гэж заасны дагуу Б.Э нь тус цэргийн ангид алба хааж байсан. Манай байгууллага нь Б.Этай Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр манай байгууллага уг хэргийн хариуцагч биш бөгөөд нэхэмжлэээд байгаа гэм хорын хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Хилийн 0... дугаар ангид холбогдуулан гэмтлийн улмаас 2016 оны 8 дугаар сараас 2019 оныг дуусталх хугацаанд хэрэглэсэн эм тариа, эмчилгээний зардалд нийт 6.206.449 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, үндэслэлээ “хугацаат цэргийн алба хаагч нь төрийн албан хаагч биш тул хугацаат цэргийн алба хаагчийн учруулсан гэм хорыг төрийн байгууллага хариуцахгүй, гэм буруутай цэргийн алба хаагч өөрөө хариуцах учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.

 Нэхэмжлэгч Б.Л нь 2005 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хэвлийдээ буудуулан, нурууны 5-р нугалам хугарсан, хэвлий, бүдүүн гэдсэнд сум нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, нугасны гэмтэл бүхий гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл авсан болох нь хэрэгт авагдсан, Б.Эг гэм буруутайд тооцож хорих ял шийтгэсэн Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан  “ Б.Э нь тус ангид цэргийн алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч мөн боловч төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу бусдад учруулсан гэм хорыг Б.Э өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.  Хилийн 0... дугаар анги уг хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ Увс аймагт байрлах Хилийн 0... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан ба хугацаат цэргийн алба хаагч нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “ Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” Монгол улсын иргэний үндсэн үүргээ биелүүлж,  эх орноо батлан хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан хаагч мөн болно.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй / -ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэмт хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна” гэж заасны дагуу цэргийн алба хаагч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо түүний алба хааж байсан Хилийн 0... дугаар ангиас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба хаагч нь төрийн албан хаагчид хамаардаггүй. Б.Э нь тус цэргийн ангид алба хааж байсан боловч манай байгууллага нь түүнтэй Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй тул уг хэргийн хариуцагч биш бөгөөд нэхэмжлээд байгаа гэм хорын хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Б.Эгийн 2005 оны 11 дүгээр 04-ний өдөр үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн хор уршгаар хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг байнга тогтоож,  хугацааг сунгаж байгаа, гэмтлийн хор уршиг  арилаагүй,  тухайн гэмт хэрэгт өртсөн цаг хугацаанаас хойш байнгын эмчилгээ, оношилгоо хийлгэж байгаа, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Б.Л нь гэмтлийн дараах нугасны эмгэгшил, баруун талын 1 мөчний саажилт /хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтын 4.16-н в заалтаар / оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар,  24 сарын хугацаагаар /хүчинтэй хугацаа 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны хүртэл/ тогтоогдсон байгаа зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Нэхэмжлэгч нь Б.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бие махбодид нь учирсан хүнд гэмтлүүд болон уг гэмтлээс үүдэлтэй илэрч буй өвчин эмгэг, гэмтлийн үлдэц, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй  холбоотойгоор 2016 оны 8 дугаар сараас 2019 оныг дуусталх хугацаанд хэрэглэсэн эм тариа, эмчилгээний зардалд 6.206.449 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн  эмчилгээ хийлгэсэн, эм тариа худалдан авсан зардалд 5.096.895 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 1.109.554 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хилийн 0... дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96500 /ерөн зургаан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хилийн 0... дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хилийн 0... дугаар ангийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96500 /ерөн зургаан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлүүдийн 172.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                    Л.АЛТАН