Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00547

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Б.Лгийн нэхэмжлэлтэй

ХХЕГ-ын харъяа Х-ийн 0000 дугаар ангид холбогдох

Гэм хорын хохиролд 6,206,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартүвшингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мягмарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Л нь ХХЕГ-ын харъяа Х-ийн 0000 дугаар ангид холбогдуулан гэм хорын хохиролд 6,206,449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ХХЕГ-ын харъяа Х-ийн 0000 дугаар ангиас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 5.096.895 /таван сая ерэн зургаан мянга найман зуун ерэн тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.109.554 /нэг сая нэг зуун есөн мянга таван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х-ийн 0000 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартүвшингийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х-ийн 0000 дугаар ангийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96500 /ерөн зургаан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартүвшин хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч Б.Л нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэх үндэслэлээр Х-ийн 0000 дугаар ангиас нэхэмжилсэн нь анхнаасаа үндэслэлгүй байсан юм. Учир нь Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба хаагч нь төрийн албан хаагчид хамаардаггүй. Б.Э нь 2005.10.31 ний өдөр Х-ийн 0000 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ заставын харуулын байрыг орхин явж, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Нийг 2005.11.04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг нь хохироосон, иргэн Лхагвасүрэн, байлдагч Б.О нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Увс аймаг дахь сум дундын шүүх 2007.01.16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон. Хугацаат цэргийн алба хаагч нь Монгол Улсын Үндсэн хуульд 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтанд заасны дагуу цэргийн албанд дайчилгаагаар татагдан, цэргийн алба хаах үүргээ биелүүлж байгаа Монгол Улсын иргэн бөгөөд Төрийн албан хаагчид хамаарахгүй. Хугацаат цэргийн албан хаагчийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар “хугацаат цэргийн алба хаагч” гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг хэлнэ гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх огт хэрэглээгүй “Монгол Улсын үндсэн хууль”-ийн ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгожээ. Тус анги нь Монгол улсын Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар “Цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргаж, цэргийн анги байгууллагад хувиарлах” гэж заасны дагуу цэргийн алба хаалгаж байсан. 2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн Б.Э бусдад учруулсан гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй. Б.Э нь цэргийн жинхэнэ алба хаагч мөн боловч, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн алба хаагчид хамаарахгүй. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.2. Төрийн албан хаагч гэж Төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйл. Төрийн албаны ангилал Төрийн албыг доор дурдсанаар ангилна.

      1. Төрийн улс төрийн алба;
      1. Төрийн захиргааны алба;

6.1.3 Төрийн тусгай алба;

6.1.4 Төрийн үйлчилгээний алба; Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл. Төрийн тусгай албан тушаал 13.1.6-д зэвсэгт хүчин, Х-ийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарахаар заасан тул хугацаат цэргийн алба хаагч нь төрийн албан хаагчийн аль нэг ангилалд ордоггүй болно. Манай байгууллага нь Б.Этай Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй болно. Иймд дээрх үндэслэлээр манай байгууллага хэргийн хариуцагч биш гэм хорын нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй тул шийдвэр, магадлал, иргэн Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. ХХЕГ-ын харьяа Х-ийн 0000 дугаар ангиас 5,096,895 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лд олгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

7. Хариуцагч Х-ийн 0000 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан  Б.Э 2005.11.04-ний өдөр өс хонзонгийн сэдэлтээр, өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор, хоёр ба түүнээс олон хүнийг алсан, алахыг завдсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, галт зэвсгийг хулгайлсан, цэргийн албанаас оргон зайлсан, цэргийн эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдэхдээ Б.Лг буудаж, хэвлий, бүдүүн гэдсэнд сум нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, нугасны гэмтэл нурууны 5-р нугалам хугарсан, хүнд гэмтэл учруулсан болох нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007.01.16-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол, гэм хорыг гаргуулсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018.12.07-ны өдрийн 101/ШШ2018/03731 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.27-ны өдрийн 380 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хэргийн шүүх хуралдааны 2019.06.11-ний өдрийн 001/ХТ2019/00883 дугаар тогтоолоор тогтоогджээ. /хх-101-123/

8. Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сараас 2019 оныг дуусталх хугацаанд хэрэглэсэн эм тариа, эмчилгээний зардалд нийт 6,206,449 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

9. Нэхэмжлэгч Б.Лгийн нэхэмжлэлийн шаардлага гэм хор учруулснаас үүссэн үүргийг, гэм буруутай этгээдийн алба хааж байсан байгууллагаас нь шаардсан агуулгатай тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалтад хамаарна гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба хаагч нь төрийн албан хаагчид хамаардаггүй... манай байгууллага нь Б.Этай Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй ...дээрх үндэслэлээр хариуцагч биш бөгөөд гэм хорын нэхэмжлээд байгаа хохиролтой шалтгаант холбоо байхгүй...” гэх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

10.1. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д.“цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, Х-ийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.8.“хугацаат цэргийн алба хаагч” гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг хэлнэ гэж нэр томьёог тайлбарласан ба Б.Э нь ХХЕГ-ын харьяа Х-ийн 0000 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч байна.

10.2. Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаас үзвэл Б.Э нь төрийн албан хаагч биш боловч цэргийн албан хаагчийн хууль бус үйлдэл Төрийн албаны тухай хуульд огт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

10.3 Цэргийн албаны тухай хууль, Цэргийн нийтлэг дүрэмд зааснаар цэргийн анги нь хугацаат цэргийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь зохих хяналт тавих үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу бусдад учруулсан гэм хорыг Б.Э өөрөө хариуцан арилгах үүрэгтэй боловч хариуцагч ХХЕГ-ын харъяа Х-ийн 0000 дугаар анги хуулиар хүлээсэн хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй тул гэм хорыг хариуцах үндэслэлтэй.

10.4. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.”, 4.2.-т “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.” гэж заажээ.

10.5 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна” гэж заасан зохицуулалтыг шүүх төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгч нь цэргийн алба хаагч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо түүний алба хааж байсан Х-ийн 0000 дугаар ангиас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 96,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                                 Д.ЦОЛМОН