Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 14

 

А.Э нэхэмжлэлтэй

Д.С холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2020/00375 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Жаргалант сум 3 дугаар багт оршин суух А.Э

            Хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сум 4 дүгээр баг Д.С холбогдох

            А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймаг Жаргалант сум Байдраг гол бидний нутаг фейсбүүк группээр дамжуулан А.Эөөс уучлал гуйхыг хариуцагч Д.С даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Сийн өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорож нар оролцов.

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группт нэхэмжлэгч А.Эөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдөр хууль бус уурхайн улмаас Байдрагийн гол улаанаар урсаж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ гэх мэдээлэл оруулсан. Гэтэл уг мэдээллийн дор Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нь 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдөр дараах сэтгэгдлийг бичсэн байдаг. Ийм хүмүүсийн ард албан тушаалын амбиц. мөнгөний ашиг сонирхол нуугдаж байдаг. Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя ТББ-н тэргүүн А.Эгэх энэ этгээд хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн нэгэн. Манайхан мэднэ дээ энэ нөхрийн амьдралын замналыг. Дээхнэ үед сүү тосны заводоос зөвшөөрөлгүй масло авч байж масло гэх алдарыг хүртэж. Эмгэнтэд байсан сум дундын эмнэлгийн харъяаны сульдаатай хүүхдийг сувилах байрыг мөн л хулгайлсан хэрэгт унан цагдаагийн хаалга татаж явсан нэгэн. Түүнчлэн 10 гаруй жил гурван ч уурхай дамжуулан ухуулж байх үед тэмцээгүй харин ч өөрөө ухалцаж явсан энэ нөхөр яагаад олон жил ухуулсан энэ бөмбөгдсөн мэт болгосон газрыг нөхөн сэргээлгэж тэгшлүүлэх гэхээр гэв гэнэт л нутаг усныхаа төлөө тэмцэж байна гээд гүйгээд унав? Хариулт нь тун тодорхой. Энэ ТББ-аа 2015 онд байгуулж нутаг усныхаа төлөө тэмцэнэ хандив өгөөрэй гэж иргэдээс 5 сая гаруй төгрөг цуглуулсан байдаг. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулсан тухай тайлангаа одоо болтол тавиагүйг хандив өргөсөн иргэд гайхдаг гэх мэтээр ихээхэн зүйл бичсэн байдаг.

Жаргалант сумын Засаг дарга, тус сумын иргэн Д.С нь 6000 гаруй гишүүнтэй сумын фейсбүүк группээр иргэн А.Эийг албан тушаал, мөнгөний ашиг сонирхолтой, хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн, масло хулгай хийж масло хочтой болсон, Сульдаатай хүүхдийг сувилах байрыг хулгайлсан, алт ухаж байсан, зээлээ төлөхгүй төлүүлнэ гэвэл сошиалаар нэр хүндийг нь гутаана гэж хэлсэн зэргээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон мэдээллийг баримт нотолгоогүйгээр түгээсэн.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Баянтүшлэг овогтой А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группээр дамжуулан А.Эөөс уучлалт гуйхыг хариуцагч Д.С даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн А.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Д.С нь баримт нотолгоогүйгээр 6 төрлийн мэдээлэлийг тараасан. Өөрийн үндсэн эрхээ эдлээд хуулийн дагуу явж байхад нь хувь хүн рүү нь чи хулгайч гэдэг байдлаар хандсан. Маргаж байгаа асуудлаас халиад хувь хүн рүү хандсан учраас нэр төр сэргээлгэх шаардлагатай болсон. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад би ийм пост оруулсан гэдгээ өөрийнх нь хариу тайлбар дээр байдаг. Хариуцагч Сайнбилэг нь үйл баримтын хувьд маргаагүй байна. Дээрх постыг би ийм шалтгааны улмаас оруулсан гэдгээ хэлсэн. Өмнө нь фэйсбүүк дээр тавьсан асуудлууд өөрийнх нь гарын үсэг зурсан гэрээтэй компанийн оролцоотой байсан юм байна гээд олон нийтийн сүлжээнд тараасан байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хулгай хийсэн, алт ухаж байсан гээд тодруулах шаардлагатай гээд хүсэлт өгөөд Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас А.Э бичил уурхай болон алт ухаж байсан зүйл байхгүй гэсэн тодорхойлолт ирсэн байгаа. Хулгай хийсэн гээд эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн байгаа. Өөрийг нь зөвтгөх үндэслэлүүд үүнд хамаарахгүй байна. Иргэн А.Э нь хулгайн гэмт хэрэг дээр шалгагдаж байсан баримт байхгүй. Мөн А.Э нь алт ухаж байгаагүй юм байна. Нотлох баримт нотолгооны шаардлага хангахгүй зүйлийг өгсөн байна гэж байна. Төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс бол хэргийн үйл баримтын талаар мэдэхгүй этгээд байгаа. Хэргийн оролцогч нар өөрсдөө хэргийн үйл баримтын талаар мэдэж байгаа. Хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа учраас үйл баримтын хувьд маргаан байхгүй байна. Энхтөр миний нэр төрд халдаад ингээд байсан юм гэсэн баримтууд байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр төр гутаасан этгээд няцаах үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа:

Танайд иргэн А.Э өмнөөс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Нэхэмжлэгч Баянтүшлэг овогтой А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймгийн Жаргалант сум /Байдраг гол бидний нутаг/ фейсбүүкээр дамжуулан А.Эөөс уучлалт гуйхыг хариуцагч Д.С даалгах гэжээ. Би энэ нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм. Яагаад гэвэл А.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд нар нь иргэн Д.С миний нэр төрд үндэслэлгүй халдаж , нөхөн сэргээлт оруулдаг түүнээсээ авилга авдаг, нутаг усаа худалддаг гэх зэрэг мэдээллүүдийг удаа дараа дээрх фэйсбүүк грүппээр янз бүрийн пост оруулдаг байсан. Бүр сүүлдээ хэвлэлийн бага хурал хийлгэж нөгөө л зүйлүүдээ ярьж миний нэр төрийг гутаан доромжилсон. Үүний хариуд би энэ хүмүүсийн доромжлолыг үнэхээр тэсэхгүй нь гэж эхлээд дээрх постыг оруулсан. Энэ постонд А.Э бол хулгайч гэж бичсэн нэг өгүүлбэр байхгүй. Тэгээд ч А.Эийг үнэхээр доромжилсон байна гэсэн ямар нэгэн хуулийн байгууллагын эрхийн акт гарч нотлоогүй тул иргэн А.Эөөс фейсбүүкээр уучлалт гуйх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э нэр төрийг сэргээж, хариуцагч Д.С А.Эийг

(1) албан тушаал, мөнгөний ашиг сонирхолтой, (2) хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн, (3) масло хулгай хийж масло хочтой болсон (4) Сульдаатай хүүхдийг сувилах байрыг хулгайлсан, (5) алт ухаж байсан, (6) зээлээ төлөхгүй төлүүлнэ гэвэл сошиалаар нэр хүндийг нь гутаана гэж хэлсэн зэрэг мэдээллийг тараасан хэлбэр болох Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк групп хуудсаар няцаалт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Сийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Н.Энхжаргал нь А.Э нэхэмжлэлтэй Д.С холбогдох “Нэр төр сэргээж, уучлалт гуйхыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа.

Тус хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2020/00375 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талаас хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг өгөөгүй байхад дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн зөрчил гэж гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн өгсөн хариу тайлбарт тулгуурласан, тухайн тайлбарт дүгнэлт өгсөн байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Тус хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурьдсан, тус сошиалд бичсэн зарим зүйлийг бичээгүй талаар дурьдсан байхад энэ байдалд дүгнэлт хийсэн нь буруу.

Мөн иргэний нэхэмжлэл гаргасан этгээд өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлэх байтал тус хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт нь нотариатаар батлуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хууль зөрчсөн нотлох баримтанд дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч сошиал хүрээнд нэр төр гутаасан мэдээ тараасан гэж байгаа ч тухайн нэр төр гутаасан гэх сошиал мэдээлэл нь байдаг эсэх, байдаг бол хэдэн дагагчтай, ямар хүрээнд тардаг, ямар админтай мэдээллийн хэрэгсэл вэ гэдгийг нэхэмжлэгч талаас нотлоогүй, хэрэгт хангалттай энэ талаар нотлох баримт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2020/00375 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймаг Жаргалант сум Байдраг гол бидний нутаг фейсбүүк группээр дамжуулан А.Эөөс уучлал гуйхыг хариуцагч Д.С даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нь 6000 гаруй гишүүнтэй Баянхонгор аймгийн Жаргалант сумын (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группт 2018 оны 8 дугаар сарын 07-ний өдөр дараах дараах сэтгэгдэлийг бичжээ. Үүнд Ийм хүмүүсийн ард албан тушаалын амбиц, мөнгөний ашиг сонирхол нуугдаж байдаг. Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя ТББ-н тэргүүн А.Эгэх энэ этгээд хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн нэгэн. Манайхан мэднэ дээ энэ нөхрийн амьдралын замналыг Дээхнэ үед сүү тосны заводоос зөвшөөрөлгүй масло авч байж масло гэх алдарыг хүртэж Эмгэнтэд байсан сум дундын эмнэлгийн харъяаны сульдаатай хүүхдийг сувилах байрыг мөн л хулгайлсан хэрэгт унан цагдаагийн хаалга татаж явсан нэгэн. Түүнчлэн 10 гаруй жил гурван ч уурхай дамжуулан ухуулж байх үед тэмцээгүй харин ч өөрөө ухалцаж явсан энэ нөхөр яагаад олон жил ухуулсан энэ бөмбөгдсөн мэт болгосон газрыг нөхөн сэргээлгэж тэгшлүүлэх гэхээр гэв гэнэт л нутаг усныхаа төлөө тэмцэж байна гээд гүйгээд унав? Хариулт нь тун тодорхой. Энэ ТББ-аа 2015 онд байгуулж нутаг усныхаа төлөө тэмцэнэ хандив өгөөрэй гэж иргэдээс 5 сая гаруй төгрөг цуглуулсан байдаг гэх мэтээр баримт нотолгоогүйгээр 6 төрлийн мэдээлэлийг Жаргалант сум Байдраг гол бидний нутаг фейсбүүк группээр тараасан болох нь хэрэгт авагдсан тухайн фейсбүүк группээс татаж авсан 3 хуудас материал болон зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Сээс тайлбарлахдаа ийм постыг оруулсан нь үнэн боловч “…А.Э бол хулгайч..” гэж нэг ч өгүүлбэр байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч “…А.Эгэх энэ этгээд дээхнэ үед сүү тосны заводоос зөвшөөрөлгүй масло авч байж масло гэх алдарыг хүртэж. Эмгэнтэд байсан сум дундын эмнэлгийн харъяаны сульдаатай хүүхдийг сувилах байрыг мөн л хулгайлсан хэрэгт унан цагдаагийн хаалга татаж явсан нэгэн…” гэсэн постыг оруулсан нь А.Э бол хулгай хийдэг гэсэн ойлголтыг Баянхонгор аймгийн Жаргалант сумын (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группийн бүх хэрэглэгчидэд тараажээ.

А.Этэй холбогдох 6 төрлийн мэдээлэлийг тараасан нь А.Э нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ фейсбүүк группээр тараасан болох нь хэрэгт авагсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Хариуцагч Сайнбилэг нь үйл баримтын хувьд маргаагүй байна. Дээрх постыг би ийм шалтгааны улмаас оруулсан гэдгээ маргаагүй харин ийм постыг оруулсынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д.Сийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтэндээ А.Эийг хулгай хийсэн, алт ухаж байсан гээд тодруулах шаардлагатай гээд хүсэлт өгсөний дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас “…А.Э нь өмнө нь хулгайн хэрэгт холбогдсон эсэхийг шалгахад холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй болно…” гэсэн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас “…иргэн Д.Энхтөр нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримт одоогоор бүрдээгүй…” гэсэн тодорхойлолт тус тус ирүүлжээ. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал гомдолдоо анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн өгсөн хариу тайлбарт тулгуурласан, тухайн тайлбарт дүгнэлт өгсөн байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэж гомдол гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар “…Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ…” гэж заасны дагуу хариуцагч талаас А.Этэй холбогдох “…А.Эгэх энэ этгээд дээхнэ үед сүү тосны заводоос зөвшөөрөлгүй масло авч байж масло гэх алдарыг хүртэж…” гэх мэт 6 төрлийн мэдээлэлийг үнэн зөв болохыг нотлох үүрэг нь хариуцагч талд байгаа болно. Гэтэл хариуцагч талаас А.Этэй холбогдох фейсбүүк группээр тараасан 6 төрлийн мэдээлэлээ үнэн зөв болохыг нотолж чадаагүй байна.

Мөн хариуцагч талаас гомдолдоо сошиал хүрээнд нэр төр гутаасан мэдээ тараасан гэж байгаа ч тухайн нэр төр гутаасан гэх сошиал мэдээлэл нь байдаг эсэх, байдаг бол хэдэн дагагчтай, ямар хүрээнд тардаг, ямар админтай мэдээллийн хэрэгсэл вэ гэдгийг нэхэмжлэгч талаас нотлоогүй гэж байгаа боловч Баянхонгор аймаг Жаргалант сум Байдраг гол бидний нутаг фейсбүүк групп байдаг болох нь /хх-ийн 6-9, 54-58 дугаар тал/ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон нэгэнт тодорхой баримтыг дахин давхар нотлох шаардлагагүй, хэдэн дагагчтай, ямар админтай мэдээллийн хэрэгсэл гэдэг нь ач холбогдолгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Сийн өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах гомдлыгхангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өмгөөлөгч Н.Энхжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2020/00375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Сийн өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар өмгөөлөгч Н.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.