Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00375

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Н.Гантуяа, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 Нэхэмжлэгч: А.Э нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  Д.С холбогдох 

А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группээр дамжуулан А.Эөөс уучлалт гуйхыг хариуцагч  Д.Ст даалгахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /онлайнаар/, иргэдийн төлөөлөгч С.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   2018.08.07-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группт нэхэмжлэгч А.Эөөс хууль бус уурхайн улмаас Байдрагийн гол улаанаар урсаж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ гэх мэдээлэл оруулсан. Гэтэл уг мэдээллийн дор Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга  Д.С нь 2018.08.07-ны өдөр дараах сэтгэгдлийг бичсэн байдаг. Үүнд: Ийм хүмүүсийн ард албан тушаалын амбиц. мөнгөний ашиг сонирхол нуугдаж байдаг. Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя ТББ-н тэргүүн А.Э гэх энэ этгээд хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн нэгэн. Манайхан мэднэ дээ энэ нөхрийн амьдралын замналыг. Дээхнэ үед сүү тосны заводоос зөвшөөрөлгүй масло авч байж масло гэх алдарыг хүртэж. Эмгэнтэд байсан сум дундын эмнэлгийн харъяаны сульдаатай хүүхдийг сувилах байр"-ыг мөн л хулгайлсан хэрэгт унан цагдаагийн хаалга татаж явсан нэгэн.

10 гаруй жил гурван ч уурхай дамжуулан ухуулж байх үед тэмцээгүй харин ч өөрөө ухалцаж явсан энэ нөхөр яагаад олон жил ухуулсан энэ бөмбөгдсөн мэт болгосон газрыг нөхөн сэргээлгэж тэгшлүүлэх гэхээр гэв гэнэт л "нутаг усныхаа төлөө тэмцэж байна" гээд гүйгээд унав? Хариулт нь тун тодорхой. Энэ ТББ-аа 2015 онд байгуулж нутаг усныхаа төлөө тэмцэнэ хандив өгөөрэй гэж иргэдээс 5 сая гаруй төгрөг цуглуулсан байдаг. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулсан тухай тайлангаа одоо болтол тавиагүйг хандив өргөсөн иргэд гайхдаг. Сум хөгжүүлэх сангаас цагаан идээний төслөөр авсан мөнгөний тушаалтын гэрээний хугацаа дууссаныг сануулж миний бие гэрээ байгуулж олгосон хүний хувьд мөнгөө буцаан тушаахыг сануултал чи тушаачих хэрвээ тэгэхгүй бол сошиалаар чиний нэр хүндийг унагана" гэнэ.

Тэгээд л ийм зүйл хийгээд яваад байна. Иргэд та бүхэн энэ нөхрөөс болгоомжлох хэрэгтэй. Олон ч хүн дээр очиж худал ярьж явааг нь бодохоор хэдэн төгрөг олж л байвал энэ хүнд бусдын нэр төрийг гутаан доромжлох хамаагүй бололтой. Хэвлэлийн бага хурал хийж байна гээд хамт худлаа ярих хүн олдохгүй болохоор нэг талдаа ахыгаа нөгөө талдаа хаанах нь мэдэгдэхгүй 2 эмэгтэй суулгачихсан аль 2015 онд шат шатны хурлын тогтоолоор, хууль дүрэм журмынх нь дагуу нөхөн сэргээлт хийгээд дууссан газрыг хүртэл яриад сууж байх юм. Анх намайг ажил авахад эдгээр газрууд яаж хэний нөлөөгөөр эвдэгдсэн байсан одоо ямар болсон талаар цувралаар хүргэх болно. Энхтөр гэж ийм л нөхөр сумын удирдлагууд иргэдийн хооронд яс хаяж нүгэл хийсээр явна.

Жаргалант сумын Засаг дарга, тус сумын иргэн  Д.С нь 6000 гаруй гишүүнтэй сумын фейсбүүк группээр иргэн А.Эийг (1) албан тушаал, мөнгөний ашиг сонирхолтой, (2) хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн, (3) масло хулгай хийж масло хочтой болсон (4) Сульдаатай хүүхдийг сувилах байрыг хулгайлсан, (5) алт ухаж байсан, (6) зээлээ төлөхгүй төлүүлнэ гэвэл сошиалаар нэр хүндийг нь гутаана гэж хэлсэн зэргээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон мэдээллийг баримт нотолгоогүйгээр түгээсэн.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Баянтүшлэг овогтой А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группээр дамжуулан А.Эөөс уучлалт гуйхыг хариуцагч  Д.Ст даалгаж өгнө үү ...гэжээ.

Хариуцагч  Д.С шүүхэд гаргасан тайлбартаа:

 Танайд иргэн А.Эийн өмнөөс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Нэхэмжлэгч Баянтүшлэг овогтой А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймгийн Жаргалант сум /Байдраг гол бидний нутаг/ фейсбүүкээр дамжуулан А.Эөөс уучлалт гуйхыг хариуцагч  Д.Ст даалгах гэжээ. Би энэ нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм. Яагаад гэвэл А.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд нар нь иргэн  Д.С миний нэр төрд үндэслэлгүй халдаж , ...нөхөн сэргээлт оруулдаг түүнээсээ авилга авдаг, нутаг усаа худалддаг...гэх зэрэг мэдээллүүдийг удаа дараа дээрх фэйсбүүк грүппээр янз бүрийн пост оруулдаг байсан. Бүр сүүлдээ хэвлэлийн бага хурал хийлгэж нөгөө л зүйлүүдээ ярьж миний нэр төрийг гутаан доромжилсон. Үүний хариуд би энэ хүмүүсийн доромжлолыг үнэхээр тэсэхгүй нь ...гэж эхлээд дээрх постыг оруулсан. Энэ постонд А.Э бол хулгайч .. гэж бичсэн нэг өгүүлбэр байхгүй. Тэгээд ч А.Эийг үнэхээр доромжилсон байна гэсэн ямар нэгэн хуулийн байгууллагын эрхийн акт гарч нотлоогүй тул иргэн А.Эөөс фейсбүүкээр уучлалт гуйх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А. Энхтөр нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. 2018 онд болсон нэр төрд халдсан гэдэг асуудлаар шүүхэд хандсан. Баримт нотолгоогүйгээр 6 төрлийн мэдээлэлийг тараасан. Өөрийн үндсэн эрхээ эдлээд хуулийн дагуу явж байхад нь хувь хүн рүү нь чи хулгайч гэдэг байдлаар хандсан. Маргаж байгаа асуудлаас халиад хувь хүн рүү хандсан учраас нэр төр сэргээлгэх шаардлагатай болсон. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад би ийм пост оруулсан гэдгээ өөрийнх нь хариу тайлбар дээр байдаг. Хариуцагч Сайнбилэг нь үйл баримтын хувьд маргаагүй байна. Дээрх постыг би ийм шалтгааны улмаас оруулсан гэдгээ хэлсэн. Өмнө нь фэйсбүүк дээр тавьсан асуудлууд өөрийнх нь гарын үсэг зурсан гэрээтэй компанийн оролцоотой байсан юм байна гээд олон нийтийн сүлжээнд тараасан байгаа. Өөрөө түүн дээр Зөрчлийн хууль болон Иргэний хуульд заасны дагуу гомдол гаргасан зүйлгүй байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хулгай хийсэн, алт ухаж байсан гээд тодруулах шаардлагатай гээд хүсэлт өгөөд Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас А.Э бичил уурхай болон алт ухаж байсан зүйл байхгүй гэсэн тодорхойлолт ирсэн байгаа. Хулгай хийсэн гээд эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн байгаа. Өөрийг нь зөвтгөх үндэслэлүүд үүнд хамаарахгүй байна. Иргэн А.Э нь хулгайн гэмт хэрэг дээр шалгагдаж байсан баримт байхгүй. Мөн А.Э нь алт ухаж байгаагүй юм байна. Нотлох баримт нотолгооны шаардлага хангахгүй зүйлийг өгсөн байна гэж байна. Төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс бол хэргийн үйл баримтын талаар мэдэхгүй этгээд байгаа. Хэргийн оролцогч нар өөрсдөө хэргийн үйл баримтын талаар мэдэж байгаа. Хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа учраас үйл баримтын хувьд маргаан байхгүй байна. Энхтөр миний нэр төрд халдаад ингээд байсан юм гэсэн баримтууд байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр төр гутаасан этгээд няцаах үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Иргэн А.Эөөс уучлалт гуйхыг даалгах гэсэн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44,2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлага гаргаж байгаа бол нотлох бармитыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Өмнө нь шүүхэд нотлох баримт гаргаад өгөөч гэсэн хүсэлт ийм учиртай. Шүүх үнэлэх асуудлыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44,2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл муутай байна. Сүүлд тайлбар өгөхдөө энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Хуульд зааснаар шүүх баталгаажсан нотлох баримтыг үнэлж дүгнэх ёстой учраас нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа хэд хэдэн үндэслэл гаргасан. Эдгээрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ пост хариуцагчийн оруулсан пост мөн эсэх нь тодорхойгүй байна.  Д.С ийм пост оруулсан гэдгийг бүрэн нотлоогүй байгаа. Хэрэгт хуулбарлан өгсөн байгаа  Д.Сийн бичсэн пост гэх зүйлийг заавал нотариатаар батлуулах шаардлагатай.  Д.С гэдэг хүн хэд хэдэн үндэслэлээр миний нэр төрийг гутаасан гэж байгаа. Хаана ямар нэр төрийг сэргээлгэх гээд байгаа гэдгээ нэхэмжлэгч тал тодорхойлж чадаагүй. Хариуцагчийн тайлбарыг нотлох баримт гэж үзэж байгаа бол энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Хулгайч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ хариуцагч хариу тайлбартаа тодорхой хэлдэг. Нэхэмжлэгч өөрөө Зөрчлийн тухай хуулиар гомдол гаргаад шийдвэрлүүлсэн зүйл хэрэгт авагдаагүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж дээр бид нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тэр баримтуудыг үндэслэл болгох ёстой. Өнөөдөр шүүхийн практикаар асуудлыг шийдвэрлэхгүй. Бид нар зөвхөн хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Энэ зүйлийг нотлох, нотлох баримтаа нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Хариуцагч энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд өгсөн тэр пост гэсэн баримтыг шүүх үнэлэх боломжгүй. 6000 хүнтэй Фэйсбүүк грүпп гэдгийг тогтоосон баримт байхгүй. 6000 хүн бүгд үзсэн гэсэн тийм баримт байхгүй. 3 ширхэг лайк дарагдсан байсан. Энэ пост байсан ч юм уу үгүй ч юм уу мэдэгдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Э нь  Д.Ст холбогдуулан А.Э нэр төрийг сэргээж, Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группээр дамжуулан А.Эөөс уучлалт гуйхыг хариуцагч  Д.Ст даалгахыг хүсэн шаарджээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч  Д.С нь 6000 гаруй гишүүнтэй сумын фейсбүүк группээр иргэн А.Эийг (1) албан тушаал, мөнгөний ашиг сонирхолтой, (2) хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн, (3) масло хулгай хийж масло хочтой болсон (4) Сульдаатай хүүхдийг сувилах байрыг хулгайлсан, (5) алт ухаж байсан, (6) зээлээ төлөхгүй төлүүлнэ гэвэл сошиалаар нэр хүндийг нь гутаана гэж хэлсэн зэргээр нэхэмжлэгчийн нэр төрийг гутаан доромжилсон гэж үзэн нотлох баримтаар Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группийн нүүр зураг, Dagva Sainbileg..гэх нэрээр бичсэн бичвэр/пост/ бүхий 3 хуудас хуулбар баримтыг гаргаж ирүүлжээ. Хариуцагч  Д.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа Энэ постыг оруулсан нь үнэн. Ингэхдээ А.Эийн нэр төрийг гутаан доромжлох зорилго агуулаагүй гэжээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ... 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй..гэж тус тус эдийн бус гэм хорыг шаардах эрхийг тодорхойлсон байна.

Иймд нэхэмжлэгч А.Э нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч  Д.С нь 2018 оны 08 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группд ...иргэн А.Эийг (1) албан тушаал, мөнгөний ашиг сонирхолтой, (2) хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн, (3) масло хулгай хийж масло хочтой болсон (4) Сульдаатай хүүхдийг сувилах байрыг хулгайлсан, (5) алт ухаж байсан, (6) зээлээ төлөхгүй төлүүлнэ гэвэл сошиалаар нэр хүндийг нь гутаана гэж хэлсэн ..зэргээр түүний нэр төрийг гутаасан агуулга бүхий мэдээг бичиж, олон нийтэд тараасан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар /ХХ20-21/, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк группийн нүүр зураг, Dagva Sainbileg..гэх нэрээр бичсэн бичвэр/пост/ бүхий 3 хуудас хуулбар баримт зэргээр тогтоогдсон байна. 

Тодруулбал: Хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 28-1/6131 дугаартай А.Э нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан эсэхийг лавлагааны сангаас шүүн шалгахад холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй байна..гэсэн албан бичиг, Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 2/81 дугаар А.Э нь байгаль орчинтой холбоотой арга хэмжээ, торгууль шийтгэвэр тавигдаж байсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй болно гэсэн албан бичиг зэргээр А.Э нь хулгайлах төрлийн гэмт хэрэг, байгаль орчны эсрэг захиргааны зөрчилд холбогдож, шалгагдаж байгаагүй болох нь тогтоогдсон байна

. Түүнчлэн хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.. үүргээ хэрэгжүүлээгүй, А.Эийн талаар цахим хуудсаар бичсэн мэдээлэл буюу татгалзлалаа шүүхэд нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй юм..гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд дээрх хуулбар бүхий баримтын эх сурвалжийг хариуцагч устгасан гэх тул нөхөн тогтоох боломжгүй, нөгөө талаар дээрх баримт нь цахим мэдээллийн хэрэгслээс хуулбарлан авсан байх тул хуульд заасан нотариатын баталгаа шаардах бичиг баримтанд хамаарахгүй байна.

Үйл баримтаар дээрх баримтанд авагдсан мэдээ, мэдээг бичих болсон шалтгаан, үндэслэлээ хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбараараа давхар нотолж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч А.Эийн нэр төрийг сэргээж, хариуцагч  Д.Ст А.Эийг (1) албан тушаал, мөнгөний ашиг сонирхолтой, (2) хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн, (3) масло хулгай хийж масло хочтой болсон (4) Сульдаатай хүүхдийг сувилах байрыг хулгайлсан, (5) алт ухаж байсан, (6) зээлээ төлөхгүй төлүүлнэ гэвэл сошиалаар нэр хүндийг нь гутаана гэж хэлсэн зэрэг мэдээллийг тараасан хэлбэр болох Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк групп хуудсаар няцаалт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Д.Сээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Эд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Эийн нэр төрийг сэргээж, хариуцагч  Д.Ст А.Эийг (1) албан тушаал, мөнгөний ашиг сонирхолтой, (2) хууль бусаар мөнгө олох аргыг гаргуун эзэмшсэн, (3) масло хулгай хийж масло хочтой болсон (4) Сульдаатай хүүхдийг сувилах байрыг хулгайлсан, (5) алт ухаж байсан, (6) зээлээ төлөхгүй төлүүлнэ гэвэл сошиалаар нэр хүндийг нь гутаана гэж хэлсэн зэрэг мэдээллийг тараасан хэлбэр болох Баянхонгор аймгийн Жаргалант сум (Байдраг гол бидний нутаг) фейсбүүк групп хуудсаар няцаалт хийхийг даалгасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Д.Сээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.