Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 16

 

Ё.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай      

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг .... тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар, Ц овогт Ё-гийн М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, .. тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ..., Ц овогт Ц-ын Б-д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шинэ зуун төвийн зүүн жигүүрт байрлах 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмч байсан. Улмаар 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр уг эд хөрөнгийг Ц.Б-д 20.000.000 төгрөгөөр үнэлж худалдсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Ц.Б-ийн нэр дээр бүрэн шилжсэн байдаг. Ц.Б нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ болох 20.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулж Ё.М-д олгож өгнө үү.

Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зуун төвийн 2 давхрын зүүн жигүүрт байрлах 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэвээр хадгалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Т, Ё.М нар нь Шинэ зуун төвд байрлах ажлын байрны зориулалттай 297 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө худалдсаны үлдэгдэл үнэ нийт 38.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг гэрээ нь П.Ё, миний аав Д.Ц хоёрын хооронд хийгдсэн бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдан авах болсон шалтгаанд тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байна. П.Ё, Ё.М нарын худалдсан 297 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай байр нь газар дээр нь хэмжилт хийхэд 213 м.кв бөгөөд тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийх үед м.кв нь хүрэхгүй талаар ярихад Ё.Мын нэр дээр байгаа 109 м.кв хөрөнгийн гэрчилгээ нь зээл авах, зээлийн барьцаанд тавихын тулд давхардуулаад авчихсан юм гэж тайлбарлаж байсан.

Ёндонсамбуугийн гэрчилгээ Хаан банкны зээлийн барьцаанд, Ё.Мын гэрчилгээ Төрийн банкны зээлийн барьцаанд тавигдсан байсныг Ц.Б миний нэр дээр шилжүүлэхийн тулд тус бүртэй нь худалдах, худалдан авах гэрээ хийж Ё.М, П.Ё нартай холбоотой 27.000.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсаар байтал Ё.Мтай байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, манай гэр бүлийг луйварчид хүний хөрөнгийг залилж авсан гэх мэтээр танил тал, найз нөхөддөө ярих зэргээр бидний нэр төрийг гутаах оролдлого удаа дараа гаргаж байгаад туйлын харамсаж байна.

Надад худалдсан гэх П.Ё-гийн 188 м.кв, Ё.Мын 109 м.кв нийт 297 м.кв талбай бүхий хөрөнгө нь гэрээнд заасан м.кв -даа хүрэхгүй 213 м.кв ба нөгөө талаас миний аав Д.Ц-ын хувь эзэмшлийн 56,6 м.кв талбай бүхий хөрөнгө багтсан тул худалдах, худалдан авах гэрээнд заасан үнээр тооцоход 29,7 сая төгрөг, 10 жил ашигласны түрээсийн төлбөр 16,8 сая төгрөг, нийт 46,5 сая төгрөг хасаж тооцох ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж төлбөрийг бүрэн барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний зүгээс нийт 86.500.000 төгрөг төлсөн болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх уг үл хөдлөх хөрөнгийг 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр миний бие Баянбулаг хоршооны эзэн Д гэх хүнээс П.Ё, Ж.Х гэсэн 2 хүнтэй хамтарч 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тухайн үед үл хөдлөх хөрөнгийг рестораны зориулалтаар ашиглахаар болж, засвар хийсэн боловч цэвэр бохир усны асуудал тулгарсан тул 2003 оны 10 дугаар сард П.Ё-д түрээслэхээр амаар тохиролцсон юм.

П.Ё-гийн эхнэр буюу нэхэмжлэгч Ё.Мын ээж нь Сайн тус нэртэй сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгуулан ажиллаж байсан. 2011 оноос П.Ё, Ж.Х бид гурав уг үл хөдлөх хөрөнгийг зарах талаар ярилцаж эхэлсэн боловч халаалт болон цэвэр бохир ус байхгүй гэсэн шалтгаанаар хэн ч аваагүй. Тэгээд 2013 онд Ц.Б хэвлэлийн цех байгуулан ажиллана гэсэн тул Ц.Б-ийн нэр дээр шилжүүлсэн.

Ж.Х Сагил сум руу шилжихдээ дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хувь нийлүүлсэн хөрөнгөө надаас авч, би тэр хүний хувийг эзэмшихээр болсон. Уг үл хөдлөх эд хөрөнгийн 3-ны 2 нь миний хөрөнгө гэсэн үг юм. Мөн уг эд хөрөнгө дээр 2 гэрчилгээ байдаг бөгөөд нэг нь 109 м.кв, нөгөө нь 188 м.кв хэмжээтэй. Гэвч үнэндээ уг 109 м.кв нь 188 м.кв-даа багтсан талбай байгаа юм. Ё.Мын нэр дээр байсан 109 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь банкинд барьцаалж, зээл гаргуулах зорилгоор давхардуулан гаргасан гэрчилгээ юм. Зээл авах л зорилгоор уг үл хөдлөх эд хөрөнгө дээр давхардуулан хоёр гэрчилгээ гаргуулсан байдаг.

Тэр 109 м.кв гэсэн гэрчилгээний хувьд 188 м.кв-даа багтаж байгаа учир 20.000.000 төгрөгөөр үнэлээд Ц.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлсэн. Энэ бол Ё.Мд ч хамааралтай зүйл биш, П.Ё бид хоёрт л хамааралтай хөрөнгө юм. Ё.М, Ц.Б нар бол зүгээр л гарын үсэг зурсан. 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкнаас 80.000.000 төгрөгийн зээл авч, 27.000.000 төгрөгийг Ё.Мд өгсөн. Дараа нь цагаан сарын үеэр би Ё.Мтай таарахад машин авах гэж байна гэж хэлэхээр нь 33.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс буюу 16.500.000 төгрөгөөр тоёота кроун маркийн машин авлаа гээд явж байсан. Мөн уг мөнгөнөөс банкны зээлээ хаасан. Төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ё.Мын надаас нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ юм” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бэс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Мд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Ц. Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Ё.М нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээнүүдээс үл хөдлөх хөрөнгө худалдах- худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ, харин үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Ё.Мын нэхэмжилж байгаа 109 мкв нь шинэ зуун төвд байрлах ажлын байрны зориулалтай эд хөрөнгө дээр 2 гэрчилгээ байгаа бөгөөд нэг нь 109 м.кв, нөгөө нь 188 м.кв хэмжээтэй ба 109 м.кв нь 188 м.кв-даа багтсан юм. Учир нь:

Ё.Мын нэр дээр байгаа 109 м. кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь банкинд барьцаалж зээл гаргуулах зорилгоор давхардуулан 188 м.кв дээр гаргасан гэрчилгээ гэж Ё. Мөнхзулын аав Ёндонсамбуу анх зарахдаа хэлсэн юм. Уг үл хөдлөх хөрөнгийг Ёндонсамбуу бид хоёр хоорондоо тохиролцож авсан.

Тухайн үл хөдлөх хөрөнгөө талийгаач бид 2 хүүхдүүдийнхээ нэр дээр авч, бид 2 мөнгө төгрөгөө өгч авалцаж байсан. Энэ нь Ё.М, Бат-Эрдэнэ нарт ямарч хамааралгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Б, нэхэмжлэгч Ё.М нарын хооронд үл хөдлөх хөрөнгийн үнийг өгч авалцсан талаархи баримт авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Миний бие нь талийгаач Ёндонсамбууд үл хөдлөх хөрөнгийн үнэ 86.500.000 төгрөгийг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 04 дүгээр сарын 06-ны 303 дугаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гол үндэслэл нь 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Ё.М, Ц.Б нарын хооронд үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүд байгуулсан.

Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр, харин бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй ярилаа. 2009 онд Ц.Бат-Эрдэнийн данснаас 30.000.000 төгрөг шилжсэн байдаг. Ё.М нь Зоос банкинд зээлтэй байсан. Зоос банк нь татан буугдаад Төрийн банк руу зээл шилжиж 10.000.000 төгрөгийн зээл төлсөн. Бодит байдал дээр Ё.Мын зээл төлөгдсөн нь харагдаж байгаа. Анхан шатны шүүх зээл төлсөн гэж үзээгүй нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь Ё.Мтай ярилцаж тохиролцож чадахгүй одоо хүртэл явсан байдаг. Б.Цогт-Очир нь П.Ётай гэрээ байгуулсан байдаг.

Ё.М нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээний талаар гаргаагүй, хөрөнгө худалдаж авсны үлдэгдэл үнэ гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тогтоогдоогүй гэж үзэж болно. 109м2 –ыг 20.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж байхгүй. 109 м2 нь 188 м2 квадратад шингэсэн байна гэж үзэж байна. Иймд  2020 оны 4 дүгээр сарын 06-ны 303 дугаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт байрлах Шинэ зуун худалдааны төвд байрлах, ажлын байрны  зориулалттай, 109 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны үнэ 20.000.000 төгрөг, нэхэмжлэгч Д.Т мөн хариуцагч Ц.Бд холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт байрлах Шинэ зуун худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах, ажлын байрны  зориулалттай, 188 м2  үл хөдлөх эд хөрөнгийг 100.000.000 төгрөгөөр тохиролцон худалдан борлуулсны үнийн үлдэгдэл 18.000.000 төгрөг тус тус гаргуулахаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хамтран нэхэмжлэл гаргажээ.

            Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Т нас барсан тул шүүхээс түүний нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэ талаар талууд маргаагүй байна.  

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн, нэхэмжлэгч Ё.М-ын үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Талуудын хооронд Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутаг Шинэ зуун худалдааны төвд байрлах, ажлын байрны зориулалттай, 109 м2 талбай бүхий  үл хөдлөх эд хөрөнгийг хорин сая төгрөгөөр тохиролцон худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, уг гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан, худалдагч тал өөрийн өмчлөлийн, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн, харин худалдан авагч тал хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт хууль зүйн  үндэслэлтэй байна.

            Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ : “Ё.М, П.Ё нарын надад худалдсан нийт 297м2  бүхий ажлын байр нь яг газар дээр нь хэмжилт хийхэд 213 м2  байгаа бөгөөд Ё.Мын өмчлөлийн 109 м2 талбай нь П.Ёгийн нэр дээр байсан 188 м2 талбайд багтсан байгаа, тухайн үед энэ хүмүүс банкны барьцаанд тавьж  зээл авахын тулд 2 тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан гэж тайлбарлаж байсан. Мөн Ё.Маас 109 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг Ц.Бд шилжүүлсэн гэх  2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэж тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй.

            Хариуцагчийн “ 188 м2 үл хөдлөх эд хөрөнгийн талбайд 109 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө багтсан” гэх татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгч  Ё.Маас хариуцагч Ц.Бд шилжүүлсэн 109 м2  үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь П.Ёгийн өмчлөлөөс Ц.Бд шилжүүлсэн  188 м2 үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд багтаагүй, давхцаагүй болох нь хэрэгт авагдсан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээртэй шийдвэрээр тогтоогдсон, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ Ё.М, П.Ё нартай холбоотой 27.000.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Мөнхзулын банкны зээл хаахад 10.000.000 төгрөг, машин авахад 16.500.000 төгрөгийг ааваар нь дамжуулж өгсөн, Мөнхзул өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. Би үл хөдлөх хөрөнгийн үнэд нийтдээ 86.500.000 төгрөгийг П.Ёд өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч Ё.М, Ц.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнэ буюу 109м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэ 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдгээ нотолж чадаагүй байна.

            Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх,үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан уг баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийг  өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

            Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын давж заалдах гсмдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.     

            Хариуцагч Ц.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950/ хоёр зуун тавин долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.АЛТАН

 

           ШҮҮГЧ                                                                  Н.МӨНХЖАРГАЛ

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН