Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 303

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Ё-ийн М-ын нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Ц-ын Б-д холбогдох,

     Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ё.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шинэ зуун төвийн зүүн жигүүрт байрлах 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь миний өмч байсан. Улмаар 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр уг эд хөрөнгийг Б-д 20.000.000 төгрөгөөр үнэлж худалдсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Б-ийн нэр дээр бүрэн шилжсэн байдаг. Б нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ болох 20.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулж Ё.М-д олгож өгнө үү. Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зуун төвийн 2 давхрын зүүн жигүүрт байрлах 109 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэвээр хадгалж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Б шүүхэд гаргасан тайлбартаа: Т, Ё.М нар нь Шинэ зуун төвд байрлах ажлын байрны зориулалттай 297 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө худалдсаны үлдэгдэл үнэ нийт 38.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг гэрээ нь Ё, миний аав Ц хоёрын хооронд хийгдсэн бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдан авах болсон шалтгаанд тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ё, Ё.М нарын худалдсан 297 м.кв талбай бүхий ажлын байрны зориулалттай байр нь газар дээр нь хэмжилт хийхэд 213 м.кв байгаа бөгөөд тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийх үед м.кв нь хүрэхгүй байгаа талаар ярихад Ё.М-ын нэр дээр байгаа 109 м.кв хөрөнгийн гэрчилгээ нь зээл авах, зээлийн барьцаанд тавихын тулд давхардуулаад авчихсан юм гэж тайлбарлаж байсан. Ё-ийн гэрчилгээ Хаан банкны зээлийн барьцаанд, Ё.М-ын гэрчилгээ Төрийн банкны зээлийн барьцаанд тавигдсан байсныг Ц.Б миний нэр дээр шилжүүлэхийн тулд тус бүртэй нь худалдах, худалдан авах гэрээ хийж Ё.М, Ё нартай холбоотой 27.000.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсаар байтал Ё.М-тай байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, манай гэр бүлийг луйварчид хүний хөрөнгийг залилж авсан гэх мэтээр танил тал, найз нөхөддөө ярих зэргээр бидний нэр төрийг гутаах оролдлого удаа дараа гаргаж байгаад туйлын харамсаж байна. Надад худалдсан гэх Ё-ийн 188 м.кв, Ё.М-ын 109 м.кв нийт 297 м.кв талбай бүхий хөрөнгө нь гэрээнд заасан м.кв -даа хүрэхгүй 213 м.кв байгаа ба нөгөө талаас миний аав Ц-ын хувь эзэмшлийн 56,6 м.кв талбай бүхий хөрөнгө багтсан тул худалдах, худалдан авах гэрээнд заасан үнээр тооцоход 297.000.000 төгрөг, 10 жил ашигласны түрээсийн төлбөр 16.800.000 төгрөг, нийт 46.500.000 төгрөг хасаж тооцох ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, төлбөрийг бүрэн барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний зүгээс нийт 86.500.000 төгрөг төлсөн болно гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх уг үл хөдлөх хөрөнгийг 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр миний бие Баянбулаг хоршооны эзэн Д гэх хүнээс Ё, Х гэсэн 2 хүнтэй хамтарч 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тухайн үед үл хөдлөх хөрөнгийг рестораны зориулалтаар ашиглахаар болж, засвар хийсэн боловч цэвэр бохир усны асуудал тулгарсан тул 2003 оны 10 дугаар сард Ё-д түрээслэхээр амаар тохиролцсон юм. Тэгээд Ё-ийн эхнэр буюу нэхэмжлэгч Ё.М-ын ээж нь Сайн тус нэртэй сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгуулан ажиллаж байсан. 2011 оноос Ё, Х бид гурав уг үл хөдлөх хөрөнгийг зарах талаар ярилцаж эхэлсэн боловч халаалт болон цэвэр бохир ус байхгүй гэсэн шалтгаанаар хэн ч аваагүй. Тэгээд 2013 онд Б хэвлэлийн цех байгуулан ажиллана гэсэн тул Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ ингэж учир битүүлэг зүйл болно гэж бодоогүй. Х Сагил сум руу шилжихдээ дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хувь нийлүүлсэн хөрөнгөө надаас авч, би тэр хүний хувийг эзэмшихээр болсон юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийн 3-ны 2 нь миний хөрөнгө гэсэн үг юм. Мөн уг эд хөрөнгө дээр 2 гэрчилгээ байдаг бөгөөд нэг нь 109 м.кв, нөгөө нь 188 м.кв хэмжээтэй. Гэвч үнэндээ уг 109 м.кв нь 188 м.кв-даа багтсан талбай байгаа юм. Ё.М-ын нэр дээр байсан 109 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь банкинд барьцаалж, зээл гаргуулах зорилгоор давхардуулан гаргасан гэрчилгээ юм. Зээл авах л зорилгоор уг үл хөдлөх эд хөрөнгө дээр давхардуулан хоёр гэрчилгээ гаргуулсан байдаг. Тэр 109 м.кв гэсэн гэрчилгээний хувьд 188 м.кв-даа багтаж байгаа учир 20.000.000 төгрөгөөр үнэлээд Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Энэ бол Ё.М-д ч хамааралтай зүйл биш, Ё бид хоёрт л хамааралтай хөрөнгө юм. Ё.М, Б нар бол зүгээр л гарын үсэг зурсан. 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкнаас 80.000.000 төгрөгийн зээл авч, 27.000.000 төгрөгийг Ё.М-д өгсөн. Дараа нь цагаан сарын үеэр би Ё.М-тай таарахад машин авах гэж байна гэж хэлэхээр нь 33.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс буюу 16.500.000 төгрөгөөр тоёота кроун маркийн машин авлаа гээд явж байсан. Мөн уг мөнгөнөөс банкны зээлээ хаасан. Төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ Ё.М-ын надаас нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ юм гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ё.М, Т нар нь хариуцагч Б-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ 38.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нас барсан бөгөөд түүний маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тул тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2458 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

      Иймд нэхэмжлэгч Ё.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн болно.

       Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

     2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зууны 2 давхрын зүүн жигүүрт байрлах, ажлын байрны зориулалттай, 109 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ё.М нь Б-ийн өмчлөлд шилжүүлэх, Б нь үл хөдлөх хөрөнгийн үнэд 20.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

     Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр шинэ өмчлөгчид өмчлөх эрх шилжихээр тус тус заасан. 

      Ё.М, Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь дээрх хуулийн заалтад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

     Талууд дээрх гэрээг байгуулсны дараа буюу 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулсан хэдий ч талуудын хэн хэн нь эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй, төлбөртэйгээр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул энэхүү бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. 

      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

     Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Шинэ зууны 2 давхрын зүүн жигүүрт байрлах, ажлын байрны зориулалттай, 109 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч /худалдагч/ нь хариуцагчаас /худалдан авагч/ гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхийг шаардах эрхтэй. 

     Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар маргаж Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан улсын бүртгэлийн х дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр Ё.М, Б нарт эрхийн улсын бүртгэлийн х дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн обьектын байршил болон талбайн хэмжээг зөрүүтэй бичиж олгосон. Б нь улсын байцаагчид хандан алдаатай бүртгэлийг зөвтгүүлэх, өөрчлөлт хийлгэх бүрэн боломжтой талаар дүгнэж Б-ийн Улсын бүртгэлийн х дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар хөндий бичин олгосон улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн х дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, хариуцагч алдаатай бүртгэлийг зөвтгүүлэх, өөрчлөлт хийлгэх талаар холбогдох байгууллагад гомдол гаргаагүй байна.

    Түүнчлэн хариуцагч Б үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед талбайн хэмжээ өөр болохыг мэдэх боломжтой бөгөөд ажлын байрны талбайн хэмжээ нь тухайн байрыг хүлээн авах үед мэдэх боломжгүй доголдол биш юм.

     Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байх тул хариуцагчийн Маргаан бүхий ажлын байр нь м.кв-ын хувьд дутуу, 109 м.кв-тдаа хүрдэггүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  

    Хариуцагч Б нь Ё-ийн гэрчилгээ Хаан банкны зээлийн барьцаанд, Ё.М-ын гэрчилгээ Төрийн банкны зээлийн барьцаанд тавигдсан байсныг Б миний нэр дээр шилжүүлэхийн тулд тус бүртэй нь худалдах, худалдан авах гэрээ хийж Ё.М, Ё нартай холбоотой 27.000.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Нийт 86.500.000 төгрөг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт Б, Ё.М нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өгч, авалцсан талаарх баримт авагдаагүй, харин Ц-с Ё-д мөнгө хүлээлгэж өгсөн талаарх баримтууд авагдсан байх тул энэхүү баримтыг үндэслэн хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн гэж үзэх боломжгүй.

    Хариуцагч талаас Ё.М-д төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнээс Ё.М нь автомашин худалдаж авсан, банкны зээлээ хаасан гэж маргаж, улсын бүртгэлийн х дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Төрийн банкны зээлийн барьцааны үүргээс чөлөөлөгдсөн талаарх баримт, Ё.М-ын нэр дээрх Зоос банкнаас Төрийн банк руу шилжүүлсэн зээлийн гэрээ, зээл хаасан талаарх баримтыг Хас, Төрийн банкнаас гаргуулсан боловч Ё.М нь Б-ээс шилжүүлсэн мөнгөнөөс тус банкнаас зээлдсэн зээлийг хаасан болох нь тогтоогдохгүй байна.

     Б-ийн Хаан банкин дахь а тоот данснаас Ё, Ё.М нар луу 2013.01-30-ны өдөр 27.000.000 төгрөг, 2013.01.31-ний өдөр 33.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч Б-ийн хугацаагүй хадгаламжийн дэвтрээс үзэхэд хэний, ямар дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн болох нь тодорхойгүй байна.

      Ийнхүү хариуцагч Б нь ажлын байрны зориулалттай, 109 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 20.000.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Ё.М-ын үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 328 дугаар Увс аймгийн Улаангом сумын 4-р баг, Шинэ зуун төвийн 2 давхрын зүүн жигүүрт байрлалтай, 109 м.кв талбай бүхий Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.М, Т нар нь 38.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 347.950 төгрөг төлсөн бөгөөд тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2458 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг буцаан олгосон. Иймд үлдэх 100.000 төгрөг дээр нэхэмжлэгч Ё.М-ын 20.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийн зөрүү 157.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б-ээс 257.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-д олгох нь зүйтэй. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-ээс үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэ 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-д олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.М-с улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 157.950 /нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б-ээс 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-д олгосугай.

       3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 328 дугаар шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ