Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 69

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00247/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Б-д холбогдох

"Хүүхдийн асрамж өөрчлүүлэн, өөрийн асрамжид авах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагч Л.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Б- бид хоёр дундаасаа нэг охинтой болсон. 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин Э.У- төрсөн. Ингээд бид хамтран амьдарсан. Хамт амьдрахад Л.Б- нь аливаа зүйлд туйлбаргүй, хариуцлагагүй, зан аашийн доголдолтой байсан. Ингээд бид 8 сар хамт амьдарч байгаад салсан. Тэгээд охин ээжтэйгээ байж байгаад 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Л.Б- “...охиноо чи өөрөө өсгө, өөрийнхөө амьдралыг бодох хэрэгтэй байна гэсэн...” учир би охиноо өөрөө аваад өсгөхөөр болж 2017 оны 06 дугаар сар хүртэл миний асрамжид байсан. Би Г.Д-  гэх  хүнтэй  хамтран  амьдрахаар  болоход  Л.Б- Г.Д-г охиныг маань зоддог гэж худлаа гүтгэх болсон. Ингээд Л.Б- охиноо өөрийнхөө асрамжид авах талаар маргаж  шүүхэд  нэхэмжлэл  гаргаад  2018  оны  02  дугаар  сард

шүүхийн шийдвэр гарч охин маань ээжийнхээ асрамжид очсон. Охин ээжийнхээ асрамжид очсоноос хойш Л.Б- нь долоо хоногт хүүхэдтэйгээ уулздаггүй юм уу гэж байнга дарамталдаг. Ямар нэг зүйл авч өгөхгүй бол охинтой минь уулзуулахгүй гэдэг. Охин маань ч гэсэн ээжтэйгээ байх дургүй болсон. Аавтайгаа байхыг хүсдэг, аав та намайг хэзээ авах юм бэ гэж асуудаг болсон. Би охиндоо чамайг 7 нас хүртэл тэсэх хэрэгтэй гэж хэлдэг.

Би хүн чанарын үүднээс ээж охин хоёрыг салгахыг хүсэхгүй байна. Охин том болоод ирэхээрээ ээжээсээ зугтаана гэж бодож байна. Л.Б- хүүхдэдээ чи миний охин бурхны охин, зөв шударга үнэн ч байх ёстой гэж сургадаг хэрнээ худлаа ярихыг шаарддаг. Охин маань ч гэсэн ээж дээрээ очоод Г.Д- намайг зоддог би тань дээр очихгүй гэж утсаар ярьдаг хэрнээ дараа нь би худлаа ярьсан юм, Г.Д- ээжээс уучлалт гуйж байна гэх мэтээр ярьдаг. Тэгээд миний охин яагаад ингэж хэлээд байгаа юм бэ гэхэд ааваа та намайг ойлгож байгаа биз дээ. Охиндоо битгий гомдоорой гэдэг. Өнөөдөр энэ хүүхдийн ирээдүй надад чухал байна. Насанд хүрээд 2, 3 хүнээс салсан хүн болоосой гэж хүсэхгүй байна. Л.Б- охиныг аваад явснаас хойш надтай нэг ч удаа уулзуулаагүй, зорилго нь охиныг шүүх дээр ээжтэйгээ байна гэдэг мэдүүлгийг өгүүлэхийг л хүссэн байх. Л.Б- Есүс бурханд итгэдэг байж охиныг буруу хүмүүжүүлээд байна. Тийм учраас хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараас харахад хүүхдийн асрамжийн талаар их маргаан харагдаж байна. Үүнтэй холбоотой олон нотлох баримтыг гаргаж өгсөн. Д.Э- хүүхдээ авах гээд байгаа талаараа ярилаа. Мөн хүүхдийнхээ сэтгэлийг дагамаар байна гэж байна.

Эрхлүүлэхгүй хатуу байснаараа хүүхэд зөв хүмүүжнэ гэсэн ойлголт байхгүй. Ээжтэйгээ байхад хайр энэрлийг авах ёстой. Зэмлэнэ, загнуулна, эрхэлнэ. Э.У- бол оюуны хөгжил сайтай хүүхэд гэж ойлгож байна. Хүүхэд ямар сэтгэхүй ёс суртахууны хүмүүжилтэй болох вэ гэдэг нь ээжээс шалтгаална. Ээж хүн бол маш их тэсвэр тэвчээртэй байх ёстой. Г.Д- гэдэг хүн бол дээд боловсролтой багш хүн. Г.Д- ер Э.У- охиныг зодоогүй гэж хэлдэг. Тэр зодсон асуудлаар цагдаагаас зөрчлийн хэрэг үүсгэж шалгаад хэрэгсэхгүй болгосон. Хүүхэд янз бүрийн мэдүүлэг өгөөд байгаа нь ээдрээ төвөгтэй байдалд оруулж байна. Хүүхэд хүчирхийлэлд орчхоод түүнийхээ талаар инээгээд ярьж байсан гэсэн тайлбар байна. Хүүхдэд ээж нь хэтэрхий хатуу хандаад байгаа юм болов уу гэж бодож байна. Хүүхдийг гадаад ертөнцтэй харьцуулахгүй байна. Д.Э-н хувьд бүх зүйлээ тодорхой ярилаа. Ээж дээрээ хүүхэд очлоо гэж бодоход аавтай нь дахин уулзуулахгүй байх гэсэн айдастай байна. Хүүхдийг хэдэн хоног аавтай нь байлгана гэсэн хуулийн заалт хуульд байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Дандаа өөрийгөө дөвийлгөсөн баримт хэрэгт өгсөн нь хүүхдийг алдар хүнд хөөцөлдсөн хүн болгочих вий гэж эмээж байна гэжээ.

Хариуцагч Л.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Э-гийн гаргаж байгаа нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Миний охин Э.У- маань 7 настай. Эрүүл мэндийн хувьд түнхний булчингийн чангарал, мөгөөрсний эмгэгтэй учир хөл нь урт богино. Эмчилгээ асаргаа маш их шаардлагатай байдаг. Би төрсөн цагаас нь эхлэн уламжлалт эмчилгээ рашаан сувилалд жилд 2-3 удаа явуулж эмчлүүлсэн. Үүний үр дүнд хөлийн урт богино нь засарсан. Нэг эмнэлэг эмчээ дагнасан учир үр дүнтэй эмчилгээ болсон. Одоо бага зэрэг зөрүүтэй байгаа. Үүнийг засахаар балет болон бүжгийн дугуйланд хичээллүүлсэн. Эрүүл мэндэд анхаарал хандуулсны хүчинд дархлаа сайтай өвөл ханиад хүрдэггүй, өсөлт хөгжил нь сайн. Эрүүл мэндийн шалтгаантай учир миний бие зайлшгүй халамж анхаарал тавих шаардлагатай.

Аав нь охиныг бага байхад нь эмчид үзүүлж байсан. Тархины саажилттай, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байсан боловч миний охин цоо эрүүл тархинд нь ямар нэг саажилт байхгүй болох нь тогтоогдсон.

Хоёрдугаарт миний бие 2014 онд ар гэр, амьдралаа авч явах шаардлагын улмаас Дарханы дулааны сүлжээ ХК-д ажилд орсон. Тухайн үед охиноо Д.Э-н асрамжид өгч байсан. Түүнээс хойш 2 жилийн дараа охиноо өөрөө асрах ёстой юм байна гээд ажлаасаа гарсан. Аавтай нь ойр байлгахыг хүсдэг байсан учир. Эргээд ирэх юм болов уу гээд, би өөрөө хайртай байсан болохоор охиноо Д.Э- руу явуулж байсан. Охин маань аав амьтай, аавтайгаа ойр байг гээд явахгүй гэхэд нь заавал аавтайгаа уулзах ёстой гээд явуулдаг байсан. Сүүлийн үед Д.Э- хүнтэй суугаад хүүхэдтэй болоод өөр амьдрал зохиогоод явсан учир ааваас нь нээх холдуулахгүйг хичээж байсан.

Д.Э- нь 2019 оны 10 дугаар сараас хойш охинд маань утас авч өгөөд түүнээс хойш охины хүмүүжил доголдож эхэлсэн. Би хүүхдээ гэрт нь утсаар тоглуулахгүй, зурагт үзүүлэхгүй, интернэтгүй орчинд хөгжүүлэх талаас нь дэмжиж байсан. Харин Д.Э- хүссэн зүйлийг нь өгч эрхлүүлдэг, буруу зүйл дээр нь өмөөрөх зэргээр хүмүүжлийн ялгаа гарч эхэлсэн. Нэг удаа сургууль дээр нь охиныг хүүхэд санаандгүй түлхтэл заавал нөгөө хүүхдийг буцааж түлхэнэ гэж уурлаад байсан. Би миний охин болдоггүй юм, санаандгүй түлхсэн байх гэхэд уурлаад л аав руугаа утсаар залгасан. Аав нь тэр даруй ирээд л болсон үйл явдлыг сонсоод уг нь миний охины буруу юм байна. Гэхдээ яах вэ гээд л буруу зүйл дээр нь өмөөрөөд л аваад явдаг. Охин маань сүүлдээ ээж намайг өмөөрдөггүй, миний буруу байсан ч өмөөрөх ёстой гэсэн буруу ойлголтыг авч эхэлсэн. Буруу зүйл дээр өөрийнхөөрөө зүтгэж аавыгаа дуудна. Хүүхдээ буруу зүйл дээр өмгөөлөх нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлдөг. Яахаараа таны үгэнд орох ёстой юм. Аавындаа очихоор би дураараа байдаг гээд хэлдэг болсон. Уг нь аягүй хөөрхөн үгэнд ордог, цовоо сэргэлэн нээлттэй, шулуун шударга хүүхэд. Өдөр бүр би охиндоо үлгэр, сургаалт үг, сургамжит өгүүллэг уншиж өгдөг. Өглөө бүр миний хайртай бурхны бэлэг гээд сэрээдэг. Би охиндоо зөвхөн хайртай гэж хэлэх биш бүх амьдралаараа харуулдаг. Би хүнтэй суугаагүй, өөр хүүхэдтэй болоогүй. Би нь охиндоо хойд эцэг, эхийн гар харуулахгүй гэж амласан амлалтдаа хүрэхийг хүсэж байна. Би охиныхоо баруун, зүүн тархийг хөгжүүлэх дасгалууд хийлгэдэг. Хүүхдийн сэтгэлийн боловсрол, оюуны боловсрол олж авах хамгийн чухал үе нь 6-12 нас. 6-12 насанд хүүхдийг харц мэт дагуулж өсгө гэсэн үг байдаг. Би өөрөөрөө үлгэрлэж, хичээлийг нь хамт хийж, бүтээл хийхэд нь тусалж хамт байдаг. Хүүхэд хоёр талд хоёр өөр хүмүүжилтэй байсан учир хүүхдийн хүмүүжил доголдоод байна гэж үзэж байна. Охин маань аавындаа очоод ирэхдээ Дууяа намайг загнасан, цохисон гээд хэлдэг. Сүүлийн үед хөхөрч гэмтсэн ирдэг болсон учир би Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаж байсан. Би хүүхдээ хойд эхийн гарт өгөхийг хүсэхгүй. Г.Д- хүүхэд зоддог нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Би хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Нэгэнт энэ хүн өөр амьдрал зохиогоод явсан байж намайг хүүхэдтэй минь яагаад тайван үлдээж болохгүй байгаа юм бэ. Намайг хүүхдийн хажууд элдэв муу үгээр харааж зүхдэг. Сэтгэцийн гажигтай эмгэн гэж хэлдэг байсан. Энэ нь миний нэр төр, хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байна. Би өөрөө багш мэргэжилтэй хүн, хүүхдэдээ анхаарал халамж тавих бүрэн боломжтой. Би төрүүлсэн ганц охиндоо өөрийн амьдралаа зориулж явдаг. Цаашид ч бүрэн халамжлаад асраад явах боломжтой. Иймд асрамж өөрчлүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэр бүлийн асуудалд тэр нь зөв энэ нь буруу гэж туйлшрах нь буруу юм. Хамгийн гол нь энэ хоёр хүн л хүүхдийнхээ төлөө санаа тавих хэрэгтэй. Энэ асуудлаа зогсоохгүй бол хүүхдийн сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлж байна гэж хэлсэн. Охин алс ирээдүйд сайн хүн болж өсвөл энэ хоёрт сайн. Хамгийн сүүлд хэлж байгаа үгийг сонсоод гайхаж байна. Хүүхэд нэг талд нь очоод л өөр зүйл яриад байдаг болсон байна. Аливаа юманд нэг бүтэн эерэг гаргалгаа гэж байдаг. Энэ хоёр хүн маргаанаа зогсоомоор байна. Л.Б- Г.Д-г шалгуулдаг. Г.Д- Л.Б-д гомдол гаргасан. Хүүхдийн асуудал бүр хаягдаад энэ хоёр хүний гэр бүлийн маргалдсан асуудал боллоо. Бичлэг хийгээд байгаа нь хүүхдийг дарамтанд оруулж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Д.Э-, Л.Б- хоёр хоёулаа дээд боловсролтой хүн байна. Тийм учраас ээнэгшин дассан газраас нь салгаад аавынх нь асрамжид өгөхгүй, ээжтэй нь үлдээх ёстой. Ээж нь утас бариулахгүй, зурагт үзүүлэхгүй их хатуу өгсөж байгаа нь буруу гэж ярьж байна. Ухаалаг утас, зурагтаас хол байлга гэдэг зөвлөмж өгч байгаа. Л.Б-г охиноо хөгжүүлэх талаар хичээл зүтгэлтэй сайн ээж гэж хувьдаа дүгнэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин Э.У-ийг эх Л.Б-гийн асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-н асрамж өөрчлүүлж, охин Э.У-ийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргахад охины мэдүүлэг чухал нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Л.Б-гийн зөвшөөрлөөр охиноо авч нэг өдрийг хамт өнгөрөөсөн. Орой 21 цагийн үед охин мөн л ээж дээрээ очихгүй тантай хамт баймаар байна гэх зэргээр гэртээ орохыг хүсээгүй. Тухайн үед би охиндоо миний охин “шүүхэд ээж дээрээ байна, ээжтэйгээ байх сайхан” гэсэн байсан. Тийм болохоор миний охин ээжтэйгээ байх ёстой гэж ойлгуулахыг хичээсэн. Гэтэл охин “тэр үед би ээж дээрээ байсан болохоор тэгж хэлэхгүй бол болохгүй гэдгийг та мэдэж байгаа” гэж хэлээд гэртээ орохгүй уйлаад байсан. Тэр үед хөрш айлын хүн орцонд таарсан тул тэр хүнд хөтлүүлээд загнаад оруулсан. Төд удалгүй Л.Б- над руу залгаад “Чи яагаад хүүхэд гэртээ харъя гээд байхад явуулдаггүй новш вэ, ахиж чамтай уулзуулахгүй” гээд утсаа тасалсан. Эндээс харахад ээжээсээ айсандаа хэлдэг болж байгаа мөн Л.Б-  охиныг хүн гүтгэх, худал хэлдэг болгох зэрэг цаашдын хүмүүжилд асар муугаар нөлөөлж байна гэж үзэж байна.

            2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед охиныг Л.Б- дээр хүргэж өгөхөөр орцны гадаа нь ирэхэд охин бид хоёрын хооронд;

/Би: Ингээд байвал ахиж уулзуулахаа больчихно шүү У-.

            Охин: Ээжтэй хономооргүй байна. /энэ үед орцны үүднээс гүйгээд машин зам руу орохоор завдсан мөн уйлсан байсан./

Би: Хүүе машин ирж байна зогсоорой ээж чинь чамайг уйлсан байхыг харвал аавыг чинь аашилна. Миний охин ээж дээрээ инээгээд орчих/ гэх мэтээр охиноо ятгаж байгаа яриа болсон. Охин маань ээж Л.Б-тай байх хүсэлгүйгээ байнга илэрхийлдэг ба энэ учраа ээж намайг байнга худал хэлүүлдэг бас хэлсэн амлалтандаа хүрдэггүй гэж тайлбарладаг. Иймд миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Д.Э-, Л.Б- нар нь 2011 оноос хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин Э.У- төрүүлсэн /энэ талаар зохигчид маргадаггүй/, хамтран амьдрагчид зан байдлын таарамжгүй байдлаасаа үүдэн 2014 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 220 тоот шийдвэрээр /хх-ийн 1-р хавтас 7-8-р тал/ охин Э.У- эх Л.Б-гийн асрамжид үлдээн, эцэг Д.Э-гаар хуульд заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охины эцэг Д.Э-гаас хариуцагч Л.Б-д холбогдуулан охин Э.У-ийг өөрийн асрамждаа авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч талаас эс зөвшөөрч мэтгэлцжээ.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гарган өгсөн болон тэдний хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 35-46-р тал/, нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу тус аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн “Зөрчлийн хэрэг”-ийн материалууд /хх-ийн 1-98-209/, хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан “...цаашид ээжтэйгээ амьдарна..., ...би ээждээ хайртай, ээждээ зориулж зурсан зураг, хийсэн бүтээлээ үзүүлье...” гэх хүүхдийн санал, охин Э.У-т эмчилгээ хийсэн талаарх “Цанжид ар үр” ХХК-ийн тодорхойлолт зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт хавсаргагдсан байна.

Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй хэрэгт “...хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ...” гэж хуульд заасан ба өөрөөр хэлбэл хүүхэд эцэг, эхийнхээ хэнд нь илүү ээнэгшин дассан, хаана хэнтэйгээ амьдрахад ээлтэй, тухтай, аюулгүй орчин бүрдсэн талаарх хүүхдийн ярьсан өгүүлэмж бөгөөд шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү байдлыг зайлшгүй анхаарах талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д хуульчилсан, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог нотолгооны чухал хэрэгсэл байдаг. 

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодит нөхцөл байдалд үндэслэн хүүхдийг эхийнх нь асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасантай нийцсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Д.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд уг эрх, үүргээ хэрэгжүүлэхэд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хориглосон байдаг тул хүүхдийн эцэг Д.Э-г хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадал олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Л.Б-гийн зүгээс ямар нэгэн саад учруулахгүй байхыг энэ магадлалаар даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.     

Цаашид нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан хүүхдийнхээ асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин Э.У- эцэг Д.Э-тай нь тогтмол уулзуулан эцгийн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.Б-д даалгасугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

        

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                                                           ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             М.МӨНХДАВАА