Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 555

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00247/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух Е овогт Д-ийн Э/РД:.../-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух Т овогт Л-гийн Б /РД:.../-д холбогдох,

 

"Хүүхдийн асрамж өөрчлүүлэн, өөрийн асрамжинд авах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Б бид хоёр дундаасаа нэг охинтой болсон. 2013 оны 1 сарын 31-ний өдөр охин У төрсөн. Ингээд бид хамтран амьдарсан. Хамт амьдрахад Л.Б нь аливаа зүйлд туйлбаргүй, хариуцлагагүй, зан аашийн доголдолтой байсан. Ингээд бид 8 сар хамт амьдарч байгаад салсан. Тэгээд охин ээжтэйгээ байж байгаад 2014 оны 3 сарын 5 өдрөөс Б “... охиноо чи өөрөө өсгө. Өөрийнхөө амьдралаа бодох хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь би охиноо өөрөө аваад өсгөхөөр болж 2017 оны 6 сар хүртэл миний асрамжид байсан. Би Д гэх хүнтэй хамтран амьдрахаар болоход Л.Б Д-г охиныг маань зоддог гэж худлаа гүтгэх болсон. Ингээд Л.Б охиноо өөрийнхөө асрамжид авах талаар маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаад 2018 оны 2 сард шүүхийн шийдвэр гарч охин маань ээжийнхээ асрамжид очсон. Охин ээжийнхээ асрамжид очсоноос хойш Л.Б нь долоо хоногт хүүхэдтэйгээ уулздаггүй юм уу гэж байнга дарамталдаг. Ямар нэг зүйл авч өгөхгүй бол охинтой минь уулзуулахгүй гэдэг. Охин маань ч гэсэн ээжтэйгээ байх дургүй болсон. Аавтайгаа байхыг хүсдэг, аав та намайг хэзээ авах юм бэ гэж асуудаг болсон. Би охиндоо чамайг 7 нас хүртэл тэсэх хэрэгтэй гэж хэлдэг.

Би хүн чанарын үүднээс ээж охин хоёрыг салгахыг хүсэхгүй байна. Охин том болоод ирэхээрээ ээжээсээ зугтаана гэж бодож байна. Л.Б хүүхдэдээ “Чи миний охин бурханы охин, зөв шударга үнэн ч байх ёстой” гэж сургадаг хэрнээ худлаа ярихыг шаарддаг. Охин маань ч гэсэн ээж дээрээ очоод Д намайг зоддог би тань дээр очихгүй гэж утсаар ярьдаг хэрнээ дараа нь би худлаа ярьсан юм, Д ээжээс уучлалт гуйж байна гэх мэтээр ярьдаг. Тэгээд миний охин яагаад ингэж хэлээд байгаа юм бэ гэхэд ааваа та намайг ойлгож байгаа биз дээ. Охиндоо битгий гомдоорой гэдэг. Өнөөдөр энэ хүүхдийн ирээдүй надад чухал байна. Насанд хүрээд 2, 3 хүнээс салсан хүн болоосой гэж хүсэхгүй байна. Л.Б охиныг аваад явснаас хойш надтай нэг ч удаа уулзуулаагүй, зорилго нь охиныг шүүх дээр ээжтэйгээ байна гэдэг мэдүүлгийг өгүүлэхийг л хүссэн байх. Л.Б Есүс бурханд итгэдэг байж охиныг буруу хүмүүжүүлээд байна. Тийм учраас хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараас харахад хүүхдийн асрамжийн талаар их маргаан харагдаж байна. Үүнтэй холбоотой олон нотлох баримтыг гаргаж өгсөн. Э хүүхдээ авах гээд байгаа талаараа ярьлаа. Мөн хүүхдийнхээ сэтгэлийг дагамаар байна гэж байна.

Эрхлүүлэхгүй хатуу байснаараа хүүхэд зөв хүмүүжнэ гэсэн ойлголт байхгүй. Ээжтэйгээ байхад хайр энэрлийг авах ёстой. Зэмлэнэ, загнуулна, эрхэлнэ. У бол оюуны хөгжил сайтай хүүхэд гэж ойлгож байна. Хүүхэд ямар сэтгэхүй ёс суртахууны хүмүүжилтэй болох вэ гэдэг нь ээжээс шалтгаална. Ээж хүн бол маш их тэсвэр тэвчээртэй байх ёстой. Д гэдэг хүн бол дээд боловсролтой багш хүн. Д ер У охиныг зодоогүй гэж хэлдэг. Тэр зодсон асуудлаар цагдаагаас зөрчлийн хэрэг үүсгэж шалгаад хэрэгсэхгүй болгосон. Хүүхэд янз бүрийн мэдүүлэг өгөөд байгаа нь ээдрээ төвөгтэй байдалд оруулж байна. Хүүхэд хүчирхийлэлд орчихоод түүнийхээ талаар инээгээд ярьж байсан гэсэн тайлбар байна. Хүүхдэд ээж нь хэтэрхий хатуу хандаад байгаа юм болов уу гэж бодож байна. Хүүхдийг гадаад ертөнцтэй харьцуулахгүй байна. Д.Э-н хувьд бүх зүйлээ тодорхой ярилаа. Ээж дээрээ хүүхэд очлоо гэж бодоход аавтай нь дахин уулзуулахгүй байх гэсэн айдастай байна. Хүүхдийг хэдэн хоног аавтай нь байлгана гэсэн хуулийн заалт хуульд байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Дандаа өөрийгөө дөвийлгөсөн баримт хэрэгт өгсөн нь хүүхдийг алдар хүнд хөөцөлдсөн хүн болгочих вий гэж эмээж байна” гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д.Эн гаргаж байгаа нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Миний охин У маань 7 настай. Эрүүл мэндийн хувьд түнхний булчингийн чангарал, мөгөөрсний эмгэгтэй учир хөл нь урт богино. Эмчилгээ асаргаа маш их шаардлагатай байдаг. Би төрсөн цагаас нь эхлэн уламжлалт эмчилгээ рашаан сувилалд жилд 2-3 удаа явуулж эмчлүүлсэн. Үүний үр дүнд хөлний урт богино нь засарсан. Нэг эмнэлэг эмчээ дагнасан учир үр дүнтэй эмчилгээ болсон. Одоо бага зэрэг зөрүүтэй байгаа. Үүнийг засахаар балет болон бүжгийн дугуйланд хичээллүүлсэн. Эрүүл мэндэд анхаарал хандуулсны хүчинд дархлаа сайтай өвөл ханиад хүрдэггүй, өсөлт хөгжил нь сайн. Эрүүл мэндийн шалтгаантай учир миний бие зайлшгүй халамж анхаарал тавих шаардлагатай.

Аав нь охиныг бага байхад нь эмчид үзүүлж байсан. Тархины саажилттай, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байсан боловч миний охин цоо эрүүл тархинд нь ямар нэг саажилт байхгүй болох нь тогтоогдсон.

Хоёрдугаарт миний бие 2014 онд ар гэр, амьдралаа авч явах шаардлагын улмаас ДДС ХК-д ажилд орсон. Тухайн үед охиноо Д.Э-н асрамжид өгч байсан. Түүнээс хойш 2 жилийн дараа охиноо өөрөө асрах ёстой юм байна гээд ажлаасаа гарсан. Аавтай нь ойр байлгахыг хүсдэг байсан учир. Эргээд ирэх юм болов уу гээд, би өөрөө хайртай байсан болохоор охиноо Д.Э руу явуулж байсан. Охин маань аав амьтай, аавтайгаа ойр байг гээд явахгүй гэхэд нь заавал аавтайгаа уулзах ёстой гээд явуулдаг байсан. Сүүлийн үед Д.Э хүнтэй суугаад хүүхэдтэй болоод өөр амьдрал зохиогоод явсан учир ааваас нь нээх холдуулахгүйг хичээж байсан.

Д.Э нь 2019 оны 10 сараас хойш охинд маань утас авч өгөөд түүнээс хойш охины хүмүүжил доголдож эхэлсэн. Би хүүхдэдээ гэрт нь утсаар тоглуулахгүй, зурагт үзүүлэхгүй, интернэтгүй орчинд хөгжүүлэх талаас нь дэмжиж байсан. Харин Д.Э хүссэн зүйлийг нь өгч эрхлүүлдэг, буруу зүйл дээр нь өмөөрөх зэргээр хүмүүжлийн ялгаа гарч эхэлсэн. Нэг удаа сургууль дээр нь охиныг хүүхэд санаандгүй түлхтэл заавал нөгөө хүүхдийг буцааж түлхэнэ гэж уурлаад байсан. Би миний охин болдоггүй юм, санаандгүй түлхсэн байх гэхэд уурлаад л аавруугаа утсаар залгасан. Аав нь тэр даруй ирээд л болсон үйл явдлыг сонсоод “Уг нь миний охины буруу юм байна. Гэхдээ яахав гээд л буруу зүйл дээр нь өмөөрөөд л аваад явдаг. Охин маань сүүлдээ ээж намайг өмөөрдөггүй, миний буруу байсан ч өмөөрөх ёстой гэсэн буруу ойлголтыг авч эхэлсэн. Буруу зүйл дээр өөрийнхөөрөө зүтгэдэг болсон. Аавыгаа дуудна. Хүүхдээ буруу зүйл дээр өмгөөлөх нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлдөг. Яахаараа таны үгэнд орох ёстой юм. Аавындаа очихоор би дураараа байдаг гээд хэлдэг болсон. Уг нь аягүй хөөрхөн үгэнд ордог, цовоо сэргэлэн нээлттэй, шулуун шударга хүүхэд. Өдөр бүр би охиндоо үлгэр, сургаалт үг, сургамжит өгүүллэг уншиж өгдөг. Өглөө бүр миний хайртай бурхны бэлэг гээд сэрээдэг. Би охиндоо зөвхөн хайртай гэж хэлэх биш бүх амьдралаараа харуулдаг. Би хүнтэй суугаагүй, өөр хүүхэдтэй болоогүй. Би нь охиндоо хойд эцэг, эхийн гар харуулахгүй гэж амласан, амлалтандаа хүрэхийг хүсч байна. Би охиныхоо баруун зүүн тархийг хөгжүүлэх дасгалууд хийлгэдэг. Хүүхдийн сэтгэлийн боловсрол, оюуны боловсрол олж авах хамгийн чухал үе нь 6-12 нас. 6-12 насанд хүүхдийг харц мэт дагуулж өсгө гэсэн үг байдаг. Би өөрөөрөө үлгэрлэж, хичээлийг нь хамт хийж, бүтээл хийхэд нь тусалж хамт байдаг. Хүүхэд хоёр талд хоёр өөр хүмүүжилтэй байсан учир хүүхдийн хүмүүжил доголдоод байна гэж үзэж байна. Охин маань аавындаа очоод ирэхдээ Дууяа намайг загнасан, цохисон гээд хэлдэг. Сүүлийн үед хөхөрч гэмтсэн ирдэг болсон учир би Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хандаж байсан. Би хүүхдээ хойд эхийн гарт өгөхийг хүсэхгүй. Д хүүхэд зоддог нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Би хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Нэгэнт энэ хүн өөр амьдрал зохиогоод явсан байж намайг хүүхэдтэй минь яагаад тайван үлдээж болохгүй байгаа юм бэ. Намайг хүүхдийн хажууд элдэв муу үгээр харааж зүхдэг. Сэтгэцийн гажигтай эмгэн гэж хэлдэг байсан. Энэ нь миний нэр төр, хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байна. Би өөрөө багш мэргэжилтэй хүн. Хүүхдэдээ анхаарал халамж тавих бүрэн боломжтой. Би төрүүлсэн ганц охиндоо өөрийн амьдралаа зориулж явдаг. Цаашид ч бүрэн халамжлаад асраад явах боломжтой. Иймд асрамж өөрчлүүлэхийг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гэр бүлийн асуудалд тэр нь зөв энэ нь буруу гэж туйлшрах нь буруу юм. Хамгийн гол нь энэ хоёр хүн л хүүхдийнхээ төлөө санаа тавих хэрэгтэй. Энэ асуудлаа зогсоохгүй бол хүүхдийн сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлж байна гэж хэлсэн. Охин алс ирээдүйд сайн хүн болж өсвөл энэ хоёрт сайн. Хамгийн сүүлд хэлж байгаа үгийг сонсоод гайхаж байна. Хүүхэд нэг талд нь очоод л өөр зүйл яриад байдаг болсон байна. Аливаа юманд нэг бүтэн эерэг гаргалгаа гэж байдаг. Энэ хоёр хүн маргаанаа зогсоомоор байна. Л.Б Д-г шалгуулдаг. Д Л.Б-д гомдол гаргасан. Хүүхдийн асуудал бүр хаягдаад энэ хоёр хүний гэр бүлийн маргалдсан асуудал боллоо. Бичлэг хийгээд байгаа нь хүүхдийг дарамтанд оруулж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Д.Э, Л.Б хоёр хоёулаа дээд боловсролтой хүн байна. Тийм учраас ээнэгшин дассан газраас нь салгаад аавынх нь асрамжид өгөхгүй, ээжтэй нь үлдээх ёстой. Ээж нь утас бариулахгүй, зурагт үзүүлэхгүй их хатуу өгсөж байгаа нь буруу гэж ярьж байна. Ухаалаг утас, зурагтаас хол байлга гэдэг зөвлөмж өгч байгаа. Л.Б-г охиноо хөгжүүлэх талаар хичээл зүтгэлтэй сайн ээж гэж хувьдаа дүгнэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Л.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлж, охин Э.У-ийг өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “шүүхийн шийдвэрийн дагуу охин Э.У-ийг эх Л.Б-гийн асрамжинд үлдээж шийдвэрлэснээс хойш 2 жилийн хугацаанд охин эцэг дээрээ байх хүсэлтэйгээ илэрхийлж, намайг хэзээ авах юм бэ гэдэг асуудлыг байнга тавьж байгаа бөгөөд Л.Б нь охиноо худлаа хэлүүлж, түүний хүсэл сонирхлын эсрэг, сүүлдээ надтай уулзуулахгүй байгаа зэрэг нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна” гэж, хариуцагч Л.Б татгалзлын үндэслэлээ “би охиныхоо эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй, харин Д.Э өөрөө утас авч өгөөд утсаар ярихдаа сэтгэл санааг нь үймүүлж, уйлуулж, стресст оруулж байгаагаас охины зан ааш өөрчлөгдөж байна. Д.Э-н үйлдэл нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон асрамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлаж байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Э.У-ийг эх Л.Б-гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Д.Э-гаас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус дүгнэлтээр “Хариуцагч Л.Б... амьдарч буй газрын эрүүл ахуйн нөхцөл цэвэр, цэгцтэй, дулаан, эрүүл, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал хэвийн, хүүхэд амьдрах ээлтэй орчин нөхцөл бүрдсэн. Л.Б нь хүүхдэд цаг гаргаж, зураг зурах, наамал хийх, баримлын шавар гэх мэт бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд анхаарал сайн тавьж дэмждэг нь хүүхдийн хийсэн, сурсан бүтээлүүдээс тодорхой харагдаж байлаа” гэж тодорхойлсон байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд “Эцэг эхийн чадамжийг үнэлэх”, “Эцэг, эхийн хүүхдэдээ хандах хандлага”-ыг тогтоох 10 психометрек шинжилгээний дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын сэтгэл зүйн хувьд сэтгэл гутрал болоод түгшүүр байхгүй, дасан зохицох чадвар удаан, сэтгэлийн хат маш сайн, архидан согтуурах зан үйлийн эрсдэл байхгүй зэрэг үзүүлэлттэй байгаа нь хэн хэнд нь давуу болон сул тал үүсээгүй. Хүүхдэд хандах хандлагын хувьд нэхэмжлэгч Д.Э хүүхдэд захирангуй, хүүхдэд өөрийн гэсэн орон зай олгодоггүй, эцгийн нөлөө сул байгаагаас өөр хэтрүүлсэн харилцаа байхгүй, хариуцагч Л.Б-гийн хувьд хүүхдэд хэт хяналттай, хөгжүүлэх гэж хатуу ханддаг тэгш харилцаа байхгүй бусад үзүүлэлт хэвийн гарсан. Хүүхдээс авсан “Хүүхдийн эцэг, эхдээ хандах хандлага, сэтгэл зүйн байдал” багц 4 оношилгоогоор охин Э.У түгшүүрийн хэмжээ бага, сэтгэл гутрал үүсээгүй, бага насны хүүхэд тул ээнэгшин дасан зохицох тестээр оношлох боломжгүй байсан ч гэр бүлийн хөрөг оношилгоогоор одоо амьдарч байгаа гэр бүл буюу ээж, ах, найз нарыг зурсан ба ах түрүүлж зурагдсан нь тухайн гэр бүлээс одоогийн нөхцөлд охины уулзахыг хүсэж байгаа хүн гэсэн утгатай. Эцэг эхийн салалт хүндээр тусч байна. Эцэг, эхийнхээ аль нэгтэй нь цуг байх гэсэн сэдэв хүндээр нөлөөлж, асуултуудад бултуулсан байдалтай асуудлаас холдох гэсэн хандлага ажиглагдсан тул эцэг, эхийн хэн нэгэнд давуу байдал тодорхойлогдоогүй” гэсэн дүгнэлтийг ирүүлжээ.

Дүгнэлтэд хүүхэдтэй ярилцсан ярилцлага, оношилгооноос харахад насанд хүрэгчдийн хоорондын зөрчил маргаантай харилцаанаас үүдэлтэйгээр цаашдаа хүүхдийн зан байдал, харилцаа, хандлага, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй тул эцэг, эхийн зүгээс хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогийг ойлгох, дэмжих, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшиж, хоорондын хандлагаа эерэгжүүлэхэд анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн баримтуудаас үзэхэд хариуцагч Л.Б нь Д.Э-г охин Э.У-ийн асран хамгаалах эрхийг зөрчиж байна гэх гомдлыг нэхэмжлэгч Д.Эд холбогдуулан 2020 оны 03 сарын 13-ны өдөр, охин Э.У-ийг зодож, эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр Д.Э-н эхнэр Г.Д-д холбогдуулан 2020 оны 04 сарын 09-ний өдөр гомдол тус тус гаргасны дагуу шалгаж, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Мөн хариуцагч Л.Б-д холбогдох ... дугаартай зөрчлийн хэргийн материалыг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд тус баримтуудаар Л.Б-г Д.Э-н биед гэмтэл учруулахгүйгээр халдсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгосон болох нь тогтоогдож байна.

 

Дээрх баримтуудаас дүгнэхэд зохигчдын хооронд гарсан зөрчил, маргаан нь охин Э.Ут нөлөөлж байгаа болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас гомдол шалгах ажиллагааны явцад охин Э.У-ийн өгсөн зөрүүтэй мэдүүлгүүд, сэтгэл судлаач Г.Г-ын Э.У-тай уулзсан 2020 оны 04 сарын 15-ны өдрийн “... Э.У нь төрөлх хувийн онцлогийн хувьд хөөрүү ба үг яриа, үйл хөдлөл хурдан, сэтгэл хөдлөл ихтэй, орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл их, оюуны чадамж өндөр, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, нээлттэй ярилцдаг, хамгаалалтын процесс буюу сэтгэлзүйн хамгаалалт өндөр, ярилцах явцад ээжрүү чиглэсэн асуултуудад ээжийгээ хамгаалсан байр суурь илэрхийлсэн...” гэсэн тэмдэглэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь хариуцагч Л.Б-г Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн гэдгийг тодорхойлох үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Л.Б хүүхдийнхээ даалгаврыг хийлгэдэггүй, охиндоо хариуцлагагүй ханддаг талаар дурдсан байх бөгөөд энэхүү үндэслэл нь шинжээчийн дүгнэлт болон цагдаагийн байгууллагад өгсөн охин Э.У-ийн анги удирдсан багшийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу 2020 оны 04 сарын 29-ний өдөр Э.У-ийн саналыг шүүх авсан бөгөөд Э.У “... Аав Дарханд ... тоотод Д эгч, А-тай хамт амьдарч байгаа. Д эгч аавын эхнэр, одоо жирэмсэн. Би онц сурдаг, зургийн хичээлдээ дуртай. Аав хааяа уурлахаараа аймар болдог. Энгийн байхдаа хөөрхөн ааштай. Архи уудаггүй, тамхи татдаггүй. Надад анхаарал халамж тавьдаггүй, А-т л анхаарал сайн тавьдаг. Ээж сайхан ааш зантай, буруу зүйл хийхэд болохгүй гэдгийг тайлбарлаж, ойлгуулж хэлдэг, загнаж, зоддоггүй. Ээж анхаарал халамж сайн тавьдаг, миний төлөө бүхнийг хийдэг... Цаашид ээжтэйгээ амьдарна. Яагаад гэвэл миний төлөө ажиллаж, бүх зүйлээ надад зориулж, халамжилж хайрлаж өсгөдөг. Хичээл ном хийхэд тусалж зааж өгдөг... Яагаад аавтай байхгүй вэ гэхээр аавыг ажилдаа явсан хойгуур Д эгч намайг нуруу руу цохидог...” гэсэн саналыг өгчээ. 

 

Охин Э.У нь түнхний булчингийн чангарал, мөгөөрсний эмгэгийн улмаас 2019 он хүртэл уламжлалт эмчилгээ хийлгэсэн бөгөөд түүний үр дүнд хөлний урт богино  засарч булчин суларсан, хөлний урт богино багассан болох нь “Ц” ХХК-ийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн тодорхойлолт, 2019 оны 08 сарын 19-ний өдрийг хүртэлх эмчилгээний төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр бага насны хүүхэд тул ээнэгшин дасан зохицох тестээр оношлох боломжгүй гэсэн хэдий ч “...охин Э.У түгшүүрийн хэмжээ бага, сэтгэл гутрал үүсээгүй, бага насны хүүхэд тул ээнэгшин дасан зохицох тестээр оношлох боломжгүй байсан ч гэр бүлийн хөрөг оношилгоогоор одоо амьдарч байгаа гэр бүл буюу ээж, ах, найз нарыг зурсан ба ах түрүүлж зурагдсан нь тухайн гэр бүлээс одоогийн нөхцөлд охины уулзахыг хүсэж байгаа хүн гэсэн утгатай” гэж дүгнэсэн байдал, хүүхдийн нас, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөл, хүүхдийн санал зэргийг харгалзан охин Э.Уийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр тогтоосон асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Хэрэгт хариуцагч Л.Б-д холбогдуулан гаргасан Г.Д-гийн гомдлыг цагдаагийн байгууллага 2017 онд шалгаж, гомдлыг хүлээн авахаас татгалзсан материал авагдсан, нэхэмжлэгчээс 2017 оны дүрс болон аудио бичлэгийг ирүүлсэн байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн ... дугаартай шийдвэр гарахаас өмнөх үеийн нөхцөл байдалтай холбоотой баримтуудыг шүүх хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай энэхүү шаардлагад хамааралгүй гэж үзэж дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 2013 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Э.У-ийг эх Л.Б-гийн асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-н хүүхдийн асрамж өөрчлүүлж, өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд 26.2-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” нь зохигчдын хэн алины үүрэг болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 01 сарын 31-ний өдөр төрсөн охин Э.У-ийг эх Л.Б-гийн асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-н асрамж өөрчлүүлж, охин Э.У-ийг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор             Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ