Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 434

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж, иргэн Б.М*******ын гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Батбазар овогтой М******* миний бие нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалаар төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан юм. Миний бие дээрхи тушаалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Дээрхи тушаал нь Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэхь хэсэгт заасан "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар.....өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй" гэснийг зөрчсөн байна. Намайг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан, 2015 оны 10 дугаар сарын 02-ны жижүүрийн томилгоот үүрэг тасалсан гэж үзэн уг зөрчил дээр албаны шалгалт явуулах тухай хүсэлтийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан бичгийг Мөрдөн байцаах газрын даргад хүргүүлсэн байдаг. Дээрхи зөрчлийг шалгах ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирж албаны шалгалт явуулсан юм.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигээр зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж тооцвол намайг ажлаас халах тушаал 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу хуульд заасан хугацаанаас 5 хоног хэтэрч гарсан байна.

Мэдэгдэх хуудсанд намайг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажил тасалсан гэж дурьдсан нь үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын зөвлөлийн хурлаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний дээр гаргасан зөрчил буюу 4 хоног ажил тасалсан гэх асуудлыг авч хэлэлцээд надад ажлаас халах болсон тухай амаар мэдэгдсэн юм.

2.   Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэхь хэсэгт буюу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг "Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 6а түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн"   бол гэж тодорхой заажээ. Урьд нь би нэг удаа цалингийн хэмжээг бууруулах арга хэмжээ авагдсан байсан бөгөөд саяны ажлаас халагдсан зөрчил нь 2 дахь удаа байсан юм.

3.   Намайг шалтгаангүйгээр  ажил  тасалсан  гэх асуудалд албаны  шалгалт явуулсан    материалыг   надад   танилцуулаагүй    бөгөөд   тайлбар    гаргах боломжоор хангаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Цагдаагийн ерөнхий газрын 2015-11-10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Маргаан бүхий захиргааны акт дээр “ажил тасалсан өдрүүдэд үл хамаарах 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг заасан Цагдаагийн ерөнхий газрын 2015-11-10-ны өдрийн Б/556 дугаартай тушаал алдаатай, хууль бус”.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.М*******ын Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хугацааны талаар:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар Б.М*******ыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн “Төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д "...иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсанаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.", Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.", мөн хуулийн 39 дүгээр {Йлийн 39.4-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийм албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 өдрийн дотор гаргана ' гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийн хугацаанд төрийн албаны салбар зөвлөл болон шүүхэд хандаагүй, хугацаа хэтрүүлсэн байна.

2. Сахилгын шийтгэл ногдуулсан зөрчлийн талаар:

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хяналт, шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтэст Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс "...тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М******* шалтгаангүй 4 хоног ажил тасалсан, удирдлагын зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул дээрх зөрчилд албаны шалгалт явуулж өгнө үү..." агуулга бүхий ирсэний дагуу Б.М*******од зөрчилд 2015 оны 10 дугаар сарын 08-12-ны өдрийн хооронд албаны шалгалт явуулсан.

Шалгалтаар цагдаагийн ахлах дэслэгч Б.М******* нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажил тасалсан нь Б.М*******ын тайлбар болон бусад баримтаар тогтоогдсон байна.

Түүнийг ажил таслах хугацаанд цагдаагийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын  02-ны өдрийн томилгоот жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаагүй тул өмнө нь жижүүрийн үүрэг гүйцэтгээд амрах байсан алба хаагчийг дахин ажиллуулсан, Дүүргийн прокурор, цагдаагийн хэлтсийн дарга нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, биелэлтийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцуулах "Налайх дүүрэг дэх щагдаагийн хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтад тулгалт хийх, прокурорын хяналт, шүүхэд шилжүүлсэн хэргийн эд мөрийн баримтуудыг зохих байгууллагад шилжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа хэргийн эд мөрийн баримтуудын хадгалалт, хамгаалалтын шалгах, ажлын хэсэг"-т ажиллаагүйгээс тухайн төлөвлөгөөт ажил тушаалд заасан хугацаанд биелээгүй зэргээр албаны үйл ажиллагаа доголдож, удааширсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гэж заасан.

Б.М******* өмнө Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/392 дугаар тушаалаар Төрийн албаны тухай тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар сахилгын шийтгэл хүлээсэн нь мөн хуулийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан байна.

Мөн нэхэмжлэлд "...Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж тооцвол намайг ажлаас халах тушаал 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу хуульд заасан хугацаанаас 5 хоног хэтэрч гарсан байна." гэж дурджээ.

Б.М*******од явуулсан албаны шалгалтын дүнг Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг Цагдаагийн ерөнхий газарт ирүүлснийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" 14 дүгээр тогтоолд "...Цагдаагийн ерөнхий газар нь Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлаг байна...", Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь хэсэгт Агентлагийн дарга нь "...хууль тогтоомжид заасны дагуу ... албан тушаалд томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах... бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.", Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "...Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна..." тус тус хуульчилсан.

Дээрх хууль тогтоомжид зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргыг "эрх бүхий албан тушаалтан" гэж үзэх тул Б.М*******ын нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-д заасан хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд, хуульд нийцээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасныг баримтлан Б.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М******* нь “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг хүчингүй” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаар тушаалд ажил тасалсан өдрүүдэд үл хамаарах 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг заасан тул маргаан бүхий захиргааны акт нь алдаатай, хууль бус” гэж мэтгэлцээнээ үндэслэсэн. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийн ажил тасалсан он сар өдрийн алдаатай бичсэн, энэ нь техникийн алдаа бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь нотлох баримтаар нотлогдсон тул 2015 ны Б/556 дугаар тушаал нь үндэслэлтэй” гэж мэтгэлцсэн. 

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтаар Б.М******* нь нэхэмжлэл гаргах хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдож байх тул түүнийг нэхэмжлэл гаргах хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй  байна. 

Хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийг зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Б.М*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтуудын талаар:

Цагдаагийн ерөнхий газрын даргын  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар Б.М*******ыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн  ахлах мөрдөн байцаагчийн албанаас халжээ. 

Б.М*******ыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажил тасалсан гэж Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8у/4484 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын даргад танилцуулга хүргүүлсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11/2-2159 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хяналт, шалгалт аюулгүй байдал, ёс журмын хэлтэст албаны шалгалт явуулахаар шилжүүлсэн байна. 

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хяналт, шалгалт аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн албаны даргын баталсан “Албаны шалгалт явуулах төлөвлөгөө”-ний дагуу 2015 оны 10 дугаар сарын 08-аас 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд Б.М*******ын буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор албаны шалгалт явуулж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн илтгэх хуудас дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтэнд Б.М*******ыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл шалтгаангүйгээр ажлын 4 хоног тасалсан буруутай үйлдэлд албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан байна.

Хоёр.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:

Маргаан бүхий захиргааны акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн ажил тасалсан он, сар, өдрийг алдаатай бичсэн байгаа боловч энэ нь сахилгын зөрчил гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийг  хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байж болохгүй учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “маргаан бүхий захиргааны акт зөрчил гаргаагүй байсан цаг хугацаанд хамруулан гарсан тул нэхэмжлэл хангагдах ёстой” гэх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

 Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т  “цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний ба эргүүл, харуулын дүрэм, албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм , журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэх батлуулах, мөрдүүлэх” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  869 дугаар  тушаалаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталжээ. Энэхүү дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Алба хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзсэн албан тушаалтан энэ тухай тэмдэглэл үйлдэж зөрчил гаргасан байж болох алба хаагчид заавал мэдэгдэж, хариу тайлбарыг авна.Шаардлагатай тохиолдолд албаны шалгалт явуулж сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооно”, 6 дугаар зүйлийн 6.3-т “Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно”, 11 дүгээр зүйлийн 11.14-т “Алба хаагч ажил тасалсан бол сануулах, уг үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан бол албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар  бууруулах эсхүл тухайн албанд нэг жилийн хугацаанд  эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж журамласны дагуу Б.М*******ын ажил тасалсан үйлдэлд албаны шалгалт явуулж, дүгнэлт гарган,  Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар цагдаагийн албанаас халжээ.

Б.М******* нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон болно. Нөгөөтэйгүүр,  Татварын ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн  4.1.8.“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж ямар нөхцөл байдлыг үзэх талаар тодорхой зааж өгсөн ба Б.М*******ын машин эвдэрсэн түүнийгээ засуулсан нөхцөл байдал нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй юм. 

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/392 дугаар тушаалаар Б.М*******од сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан хугацаа дуусаагүй байхад тэрбээр дахин сахилгын зөрчил гаргасан байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д  “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах", Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” 26.3-т "...Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна..." Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т заасны дагуу “хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах асуудлыг шийдвэрлэх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд, хариуцагч үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3. 20.1.12, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3-т заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/556 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Б.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ