Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 70

 

П.Г-ийн  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00394/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 12-ны өдрийн 569 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч П.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч П.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай захирамжаар П.З-, П.Г- нараас 69.302.750 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Барьцааны хөрөнгө болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 359 тоот 30 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.

2019 оны 11 дүгээр сарын 21-нд болсон 2 дахь дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан зүйлийг баримтлаагүй байна. Учир нь дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид дараах баримт бичгийг хүргүүлнэ гэжээ. Үүнд тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.1-69.2.5-д заасан баримт бичгийг хүргүүлсэн байхаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хуульд нарийвчлан зохицуулалт болгон оруулжээ.

Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хуульд заасан журмаар гаргаагүй учир гомдол гаргах эрхээр хангаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн бүх боломжийг хааж тодорхой бус хуульд нийцээгүй хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж явуулсан хэт нэг талын эрх ашигт илтэд үйлчилсэн гэж хардах үндэслэл болж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эс зөвшөөрсөн хариуг гардан авсан.

Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд буюу 14 хоногийн дотор танилцуулна гэжээ. Гэтэл уг шийдвэрийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараа танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг хамаараагүй нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна. Иймд тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцааны хөрөнгө болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 11-р хороолол, 1-р байр 359 тоот 30 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24-т хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 310 дугаартай шүүгчийн захирамжаар П.З-, П.Г- нараас 69.302.760 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэжээ. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 19070291 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001230 дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол 1 дүгээр байрны 359 тоот дахь 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001230 дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 359 тоот дахь 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 79.350.333 төгрөгийн 70 хувь буюу 55.545.233,1 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177.4-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001230 дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол 1 дүгээр байрны 359 тоот дахь 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 79.350,333 төгрөгийн 50 хувь буюу 39.675.166,5 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 45.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна, энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сар 05-ны өдрийн 12/06 тоот тогтоолыг талуудад утсаар мэдэгдэж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж ажилласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, энэ хуулийн 65.1-д заасан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна, 64.3-д “Үнэ хаялцуулах худалдааг энэ хууль болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна” гэж заасан байх тул газраас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч П.Г-, П.З- нар нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 569 дүгээр шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2- т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1324 дугаартай захирамжийг хүчингүй болсныг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Г- давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч П.Г- би Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 569 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Г- би хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулж “Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргасан.

Учир нь тус анги дуудлага худалдаа явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 “мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он сар, өдөр цагийг тэмдэглэнэ гэснийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шаардлага гаргасныг шүүх хүлээн аваагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч П.Г- нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдааг зохин байгуулахдаа төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэн уг дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл П.Г-, П.З- нар нь Капитрон банкны Дархан-Уул аймаг дахь салбарт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал зэрэгт нийт 69.302.750 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгах, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд П.Г-, П.З- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2203001230, өмчлөх эрхийн 000578827 дугаар бүхий Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны, 359 тоот 30м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.

Уг “Эвлэрлийн гэрээ”-г Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 310 тоот шүүгчийн захирамжаар /хх-ийн 33-35-р тал/ баталгаажуулсан байх ба П.Г-, П.З- нар нь уг захирамжид заасан үүргээ сайн дураараа биелүүлээгүй тул тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 1022 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 31-р тал/ гарч 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 205 тоот гүйцэтгэх хуудас /хх-ийн 30-р тал/ бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээ хийх эрх бүхий “Ашид Билгүүн” ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө болох дээрх орон сууцны тухайн үеийн зах зээлийн дундаж үнийг 79.350.333 төгрөгөөр тодорхойлон үнэлгээний тайлан гаргажээ. /хх-ийн 70-85-р тал/

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/28 тоот Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “Анхны дуудлага худалдааг” 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1000 цагт зохион байгуулж, ингэхдээ орон сууцны үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 79.350.333 төгрөгийн 70 хувь буюу 55.545.233 төгрөгөөр тогтоож энэ талаар хуульд заасны дагуу төлбөр төлөгч нарт “Мэдэгдэх” хуудсаар мэдэгдсэн байна. /хх-ийн 93, 94-р тал/

Анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, хөрөнгө борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу орон сууцны үнэлгээг үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнийн 50 хувь буюу 39.675.166.5 төгрөгөөр тогтоон 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1000 цагт зохион байгуулах /хх-ийн 95-р тал/ талаарх “Мэдэгдэл”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу төлбөр төлөгч П.З-д 2019 оны 11 дүгээр сарын 14-нд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан /хх-ийн 98-р тал/, төлбөр төлөгч П.Г-т Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-ийн 96-р тал/

2 дахь албадан дуудлага худалдаанд оролцогч Л.Лодойдамба нь 45.500.000 төгрөгийн үнийн саналаар ялагчаар тодорч уг мөнгөө 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу дуудлага худалдаа явагдсанаас 12 хоногийн дараа тухайн байгууллагын дансанд шилжүүлжээ. “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол” 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр үйлдэгдэж /хх-ийн 106-107-р тал/ уг тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Э- нь утсаар ярьсан тухай тэмдэглэл /хх-ийн 104, 105-р тал/ үйлдэн төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байх тул төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодит нөхцөл байдалд нийцүүлэн үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Иймд нэхэмжлэгч П.Г-ийн “...дуудлага худалдаа явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй...” гэх агуулга бүхий гомдолд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “...ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно...” хэмээн хуульчилсан. Төлбөр төлөгч П.З- нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан байх ба төлбөр төлөгч П.Г- 2020 оны 02 дугаар сарын 21-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлыг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгааг цаашид анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч П.Г-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.АМАРСАНАА

                                                               ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                          М.МӨНХДАВАА