Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00394/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгаламаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч:  ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух Б овогт П-н Г /утас .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг дахь ШШГЕГ-445 нээлттэй хорих анги холбогдох,

 

“Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай захирамжаар П.З, П.Г нараас 69,302,750 төгрөг гаргуулж “К.б”-д олгохоор шийдвэрлэсэн.

Тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Барьцааны хөрөнгө болох У хот, С дүүрэг, ... хороо, ...хороолол, ... байрны ... тоот 30 мкв талбай бүхий орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

-Дуудлага худалдааг явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 “мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.

-2019 оны 11 дүгээр сарын 21-нд болсон 2 дахь дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан зүйлийг баримтлаагүй байна. Учир нь дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид дараах баримт бичгийг хүргүүлнэ гэжээ. Үүнд тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.1-69.2.5 дахь хэсэгт заасан баримт бичгийг хүргүүлсэн байхаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хуульд нарийвчлан зохицуулалт болгон оруулжээ.

-Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хуульд заасан журмаар гаргаагүй учир гомдол гаргах эрхээр хангаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн бүх боломжийг хааж тодорхой бус хуульд нийцээгүй хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж явуулсан хэт нэг талын эрх ашигт илтэд үйлчилсэн гэж хардах үндэслэл болж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эс зөвшөөрсөн хариуг гардан авсан.

“Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд буюу 14 хоногийн дотор танилцуулна гэжээ. Гэтэл уг шийдвэрийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасны дараа танилцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг хамаараагүй нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн байна. Иймд тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Барьцааны хөрөнгө болох У хот С дүүрэг ...хороо ... хороолол, ... байр ... тоот 30 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24 дэх хэсэгт Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 310 дугаартай шүүгчийн захирамжаар П.З, П.Г нараас 69,302,760 төгрөг гаргуулж К.б-д олгохоор шийдвэрлэжээ. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч ... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001230 дугаартай, Нийслэлийн С дүүргийн ...хороо ...хороолол ... байрны ... тоот дахь 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001230 дугаартай, Нийслэлийн С дүүргийн ...хороо ...хороолол ... байрны ... тоот дахь 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 79,350,333 төгрөгийн 70 хувь буюу 55,545,233.1 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож Анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар 2019 оны ...сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177.4-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, Нийслэлийн С дүүргийн ...хороо ...хороолол ... байрны ... тоот дахь 30.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 79.350,333 төгрөгийн 50 хувь буюу 39.675.166,5 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 45,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот тогтоолыг талуудад утсаар мэдэгдэж 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж ажилласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, энэ хуулийн 65.1-д заасан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна, 64.3-д "Үнэ хаялцуулах худалдааг энэ хууль болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна" гэж заасан байх тул газраас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч П.Г, П.З нар нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч ШШГЕГ-н харъяа 445 нээлттэй хорих ангид холбогдуулан хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар ...П.Г, П.З нар нь К.б-ны Дархан салбарт төлөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 69,302,750 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар эвлэрч, хэрэв тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд П.Г, П.З нарын өмчлөлийн Нийслэлийн С дүүргийн ...хороо, ...хороолол, ... байр ... тоот 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан ба энэхүү захирамж, албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 19070291 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2019 оны 05 сарын 21-ний өдрийн ... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 06  дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолоор барьцаа хөрөнгө болох 30 мкв талбайтай Нийслэлийн С дүүргийн ...хороо, ...хороолол, ... байр ... тоот орон сууцыг хурааж, улмаар шийдвэр гүйцэтгэгч Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу “А.б” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Үнэлгээний тайлангаар дээрхи үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 79,350,333 төгрөгөөр тогтоожээ.

            Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолоор 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад хуульд заасны дагуу мэдэгдсэн. /хх-88-95/

            Тус газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны ...сарын 06-ны өдрийн 11/31 дугаартай  “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолоор “...анхын албадан дуудлага худалдаанд анх санал болгосон үнэд санал гаргаагүй, хөрөнгө борлогдоогүй гэх үндэслэлээр дээрх үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 79,350,333 төгрөгийн 50 хувь болох 39,675,166.5 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2019 оны ...сарын 21-ний өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар” шийдвэрлэжээ. /хх-95/

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь хоёрдахь албадан дуудлага худалдааг явуулах талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч П.Г-т 2019 оны ...сарын 13-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн /хх-96/, тэрээр хоёрдахь албадан дуудлага худалдааны талаар мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлээр /хх-111-112/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.Г-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа ба 2019 оны ...сарын 21-ний өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Иймд нэхэмжлэгч П.Г-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11...зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Гийн хариуцагч ДУА дахь ШШГЕГ-ын харъяа 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2019 оны ...сарын 21-ний өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1324 дугаартай  захирамжийг хүчингүй болсныг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ТУНГАЛАГМАА