Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 72

 

“С Х” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00589/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...”С Х” ХХК 30% гүйцэтгэлтэй барилгыг 1 тэрбум 300 саяар үнэлсэн байхад Капитал зууч ХХК 673,250,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Х- 2020.04.16-нд бичигдсэн шууданд хийсэн байдаг. Компани 2020.04.18-нд хүлээн авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 7 хоногийн дотор шүүхэд хандана гэснээр шүүхэд хандаж байна. Үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “С Х” ХХК-аас 330.257.300 төгрөг гаргуулж нэр бүхий 36 иргэнд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “С Х” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус компанийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг ХААИС-ийн оюутны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018828 дугаартай, 3600 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16070676/03 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч “С Х” ХХК-ний захирал Т.Э- нь 1 тэрбум 571 сая 200 мянган төгрөгийн, төлбөр авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-, Л.Т- нар нь шинжээчээр үнэлүүлэх саналыг тус тус ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20/007 тоот тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн шинжээчээр томилсон боловч шинжээчийн хөлсний асуудлаар дүгнэлт гаргахаас татгалзсан тул 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020-004 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон.

Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 673.250.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн, баталгаат шуудангаар хүргүүлэн гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч “С Х” ХХК-ийн захирал Т.Э- нь гаргасан нэхэмжлэлдээ тус барилгад хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаанаа дурдаагүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Томилогдсон шинжээч Капитал зууч ХХК-ийн төлбөрт хураагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, ХААИСургуулийн оюутаны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын Ү-2003018828 дугаартай 3600 м.кв талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг /зоорийн давхартай, нэг давхар/ 622.400.000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг Үйлдвэрчний 1-109 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Э-2003000576, нэгж талбарын 450900327 дугаартай 3390 м.кв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрыг 50.850.000 төгрөг, нийт 673.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э- давж заалдсан гомдолдоо:

            “С Х” ХХК нь 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 1.571.200.000 төгрөгөөр үнэлсэн байхад 673.250.000 төгрөгөөр үнэлсэн нь хууль бус учир 2020.06.04 өдрийн 638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ““С Х”” ХХК хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар-445 дугаар нээлттэй хорих анги цаашид /ШШГГ/-д холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгө болон орон сууцны зориулалттай эзэмшлийн газрыг үнэлсэн үнэлгээний тайланг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байх бөгөөд хариуцагч ШШГГ тус үнэлгээ нь хуулийн дагуу бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч тал “С Х” ХХК-ний шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн тул тэрхүү үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 780 дугаартай шийдвэрээр “С Х” ХХК-иас 4.654.100 төгрөг гаргуулж, иргэн Н.Мөнхтуяад олгохоор шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3806 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 646 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

Тус гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн ШШГГ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, ХААИС-ийн оюутны дотуур байрны зүүн талд  байрлах, 3600 м/кв талбайтай, орон сууцны зориулалттай дуусаагүй барилга, Дархан сумын 13 дугаар баг Үйлдвэрчний 1-109 тоотын 3390 м/кв талбайтай, нийтийн орон сууцны зориулалттай газрыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  тогтоолоор хураан авч, битүүмжлэн, үүргээ биелүүлэх хугацаа тогтоон өгч, хэрвээ заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэх  ажиллагаа явуулахыг төлбөр төлөгч “С Х” ХХК-нд мэдэгджээ.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газрыг хураан авах, битүүмжлэх ажиллагаанд төлбөр төлөгчийн зүгээс гомдол гаргаагүй болно.

ШШГГ төлбөр төлөгчийг заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг дуудлага худалдаагаар худалдах тухай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн байна.

Төлбөр төлөгч “С Х” ХХК 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны дуусаагүй барилгыг 1.300.000.000 төгрөгөөр, эзэмшлийн газрыг 271.200.000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн санал ирүүлсэн байна.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Томилогдсон үнэлгээчин “Капитал зууч” ХХК Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний үнэ цэнэ түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна” гэж тус тус зааснаар  Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, ХААИС-ийн оюутны дотуур байрны зүүн талд  байрлах, 3600 м/кв талбайтай, орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын үнэлгээг  Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга, байгууламжийн нэгж, хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх” аргачлалын дагуу тооцож 622.400.000 төгрөгөөр, Дархан сумын 13 дугаар баг Үйлдвэрчний 1-109 тоотын 3390 м/кв талбайтай, нийтийн орон сууцны зориулалттай газрын үнэлгээг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших,ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох” аргачлал дагуу тооцож 50.850.000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 673.250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн байна.

Төлбөр төлөгч “С Х” ХХК үнэлгээчний үнэлгээний тайланг бодитой биш, 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй, орон сууцны зориулалттай барилга 800.000.000 төгрөг орчим, эзэмшлийн газар 500.000.000 төгрөг орчим үнэтэй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар маргаж буй хөрөнгийн үнийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд өөрөө хүлээн зөвшөөрчээ.

Маргаж буй дуусаагүй барилга нь 2014 оны 06 дугаар сард барилга угсралтын ажил эхлээд 2014 оны 09 дүгээр сард санхүүжилт байхгүйгээс бүрэн зогссон 30 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай барилга байх бөгөөд барилгад оруулсан хөрөнгө оруулалтын санхүүгийн тайлан, бусдаас авсан бараа материалын тайлан, ажиллах хүч, тээврийн зардал  болон 30 хувийн ажил гүйцэтгэхэд хэдэн төгрөгийн зардал хэрхэн гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар төлбөр төлөгч өөрөө нотлох боломжтой байсан болно.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэгдэх нөхцөл, давуу байдал зэргийг тодорхойлоогүй, үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгийн чанар байдал, эдэлгээг бодитоор үнэлээгүйгээс барилгын үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг хэрэгт авагдсан баримтаар нотлох боломжгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль буруу хэрэглээгүй байх тул нэхэмжлэгч ““С Х”” ХХК-ний үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч “С Х” ХХК-ний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

                                                          ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                              Л.АМАРСАНАА