Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 638

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00589/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг ... тоотод байрлах “С.х” ХХК /РД: ..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг ДУА дахь ШШГГ-445-р нээлттэй хорих ангихолбогдох

“К.з ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...“С.х” ХХК 30% гүйцэтгэлтэй барилгыг 1 тэрбум 300 саяар үнэлсэн байхад “К.з” ХХК 673,250,000 төгрөгөөр үнэлсэн байна. ШШГГазрын ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Х 2020.04.16-нд бичигдсэн шууданд хийсэн байдаг. Компани 2020.04.18-нд хүлээн авсан байдаг. ШШГТХуулиар 7 хоногийн дотор шүүхэд хандана гэснээр шүүхэд хандаж байна. Үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “С.х” ХХК-аас 330,257,300 төгрөг гаргуулж нэр бүхий 36 иргэнд олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “С.х” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул тус компанийн өмчлөлийн ... аймаг, ... сумын ... баг ХААИС-ийн оюутны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч “С.х” ХХК-ний захирал Т.Э нь 1 тэрбум 571 сая 200 мянган төгрөгийн, төлбөр авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Л.Т нар нь шинжээчээр үнэлүүлэх саналыг тус тус ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20/007 тоот тогтоолоор “Ашид билгүүн” ХХКомпанийг шинжээчээр томилсон боловч шинжээчийн хөлсний асуудлаар дүгнэлт гаргахаас татгалзсан тул 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020-004 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “К.з” ХХК-ийг шинжээчээр томилсон.

“К.з” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 673,250,000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн, баталгаат шуудангаар хүргүүлэн гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээний “К.з” ХХКомпани нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч “С.х” ХХК-ийн захирал Т.Э нь гаргасан нэхэмжлэлдээ тус барилгад хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаанаа дурдаагүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.х ХХК нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ... аймаг, ... сум, ... баг, ХААИСургуулийн оюутаны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын ... дугаартай ... мкв талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилга, ... аймаг, ... сум, ... баг ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай ... мкв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрыг иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч 673,250,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “хөрөнгийн үнэлгээний К.з ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа, нэхэмжлэлдээ тус барилгад хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаанаа дурдаагүй, энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна” гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 780 дугаар шийдвэрээр С.х ХХК-аас 4,654,100 төгрөг гаргуулан Н.Мд олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 34-36 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар, шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тул тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны  өдрийн 3806  дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 646 тоот гүйцэтгэх хуудас бичигджээ. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

Тус гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 545 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” 545 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлжээ. /хэргийн 38 дугаар хуудас/

 

Улмаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  ... дугаартай тогтоолоор ... аймаг, ... сум, ... баг, ХААИСургуулийн оюутаны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын ... дугаартай ... талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилга, ... аймаг, ... сум, ... баг ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай ... мкв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрыг битүүмжилж, 2020 оны 01 дүгээр  сарын 06-ны өдрийн ... дугаартай тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. Тус эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хэргийн 50-54 дүгээр хуудас/

 

Дээрх хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын   08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах доод үнийг үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохирч хариуг ирүүлнэ үү гэх мэдэгдэлийг хүргүүлэхэд төлбөр төлөгчийн төлөөлөгч 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 1,300,000,000 төгрөг, эзэмшлийн газрыг 271,200,000 төгрөгөөр үнэлж байгаагаа бичгээр илэрхийлсэн /хэргийн 55-60 дугаар хуудас/ төлбөр авагч  нар  шинжээч томилуулах  саналтай байснаас талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 20/007 тоот тогтоолоор эд хөрөнгийг үнэлүүлэхээр А.б ХХК-ийг шинжээчээр томилон, томилогдсон шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан тэмдэглэл үйлдсэн боловч шинжээчийн зардал төлөлтөөс хамаарч 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр К.з ХХК-ийг шинжээчээр томилон, томилогдсон шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан тэмдэглэл үйлдсэн байна.    /61-82 дугаар  хуудас/ 

 

Томилогдсон шинжээч К.з ХХК нь төлбөрт хураагдсан ... аймаг, ... сум, ...  баг, ХААИСургуулийн оюутаны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын ... дугаартай 3600 мкв талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг /зоорийн давхартай, нэг давхар/ 622,400,000 төгрөгөөр,  ... аймаг, ... сум, ... баг ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай ... мкв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрыг 50,850,000 төгрөг нийт 673,250,000 төгрөгөөр  байна гэж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр  үнэлгээний тайлан гаргасаныг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэн тэмдэглэл үйлджээ. /хэргийн 5-16 , 75-75-82 дугаар хуудас/

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т “Төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 49.4.3-д “Төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ” гэсэн хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэснээр томилогдсон үнэлгээчин  үнэлгээний зүйл болсон ... аймаг, ...сум,  ...  баг, ХААИСургуулийн  оюутаны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын ... дугаартай ... мкв талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын үнэлгээг Барилга хот байгуулалттын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх” аргачлалын дагуу тооцож, ... аймаг, ... сум,  ...  баг ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай ... мкв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрын үнэлгээг  Барилга хот байгуулалттын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан  “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох “аргачлалын дагуу тооцож тогтоосон гэдгээ тайланд дурдсан. /хэргийн 5-16 дугаар хуудас /

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч томилогдсон шинжээчийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон 673,250,000 төгрөгийг бодитой биш дуусаагүй барилга  800,000,000 төгрөг орчим, эзэмшлийн газар 500,000,000 төгрөг, нийт 1,300,000,000 төгрөг гэж маргаж байгаа.

 

Үнэлэгдсэн эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газрын үнэ цэнэ ямар учраас томилогдсон шинжээчийн үнэлгээнээс давуу байх нөхцөл байдал, түүний тайлбарт дурдсанаар дуусаагүй барилга 800,000,000 төгрөг орчим, эзэмшлийн газар 500,000,000 төгрөг, нийт 1,300,000,000 төгрөг байх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.  

 2014 оны 06 дугаар сард барилга угсралтын ажил эхлүүлээд 2014 оны 09 дүгээр сард санхүүжилтээс болж зогссон 30 хувийн гүйцэтгэлтэй гэх орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг /зоорийн давхартай, нэг давхар/ шинжээчийн үнэлсэн 622,400,000 төгрөг биш 800,000,000 орчим байх, мөн эзэмшлийн газар шинжээчийн дүгнэлтээс 10 дахин илүү үнэтэй талаарх нотлох баримт байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Тухайн барилга С.х ХХК-ийн өмч бол  барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг санхүүгийн тайлан, бусдаас худалдан авсан бараа материалын тайлан, ажиллах хүч, тээврийн зардалд зарцуулсан төлбөр зэрэг болон балансад хэдэн төгрөгөөр тусгасан зэргээр өөрөө нотлох боломжтой, мөн томилогдсон шинжээчийн баримталсан Барилга хот байгуулалттын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн нэгж хүчин чадлаын жишиг үнэлгээг хэрэглэх” мөн сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан  “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох” аргачлалаас өөр аргачлалаар тогтоох байсан эсэх талаарх баримтыг мөн ирүүлээгүй, хуулийн этгээдийн өмчлөлийн  үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэх нөхцөл, давуу байдал зэргийг тодорхойлоогүй, шинжээч үл хөдлөх хөрөнгийн чанар байдал, эдэлгээг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг нотлохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт буй нотлох баримтыг үзлэгийн журмаар  бэхжүүлэн авсан болно. / хэргийн 111 дүгээр хуудас /

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар шийдвэрээр С.х ХХК-аас 4,654,100 төгрөг гаргуулан Н.Мд олгохоор шийдвэрлэсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар, шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тул тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3806 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 646 тоот гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт “Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална” гэж заасны дагуу “С.х” ХХК-аас төлбөр авагч бусад 35 иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй гэснээр нийт 36 төлбөр авагчийн төлбөрийг нэгтгэн явуулж байгааг зохигчид маргаагүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн   улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.х ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан  Томилогдсон шинжээч К.з ХХК-ийн төлбөрт хураагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум,  13 дугаар  баг, ХААИСургуулийн  оюутаны дотуур байрны зүүн талд байрлах эрхийн улсын ... дугаартай 3 600 мкв талбайтай орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг /зоорийн давхартай, нэг давхар/ 622,400,000 төгрөгөөр, ... аймаг, ... сум, ... баг ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн ..., нэгж талбарын ... дугаартай ... мкв талбайтай нийтийн орон сууцны зориулалттай газрыг 50,850,000 төгрөг, нийт 673,250,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ