Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 73

 

Т- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00392/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Г-,

                  Б.Б- нарт холбогдох

"40.326.658,1 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-, Ш.К-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбарын захирал П.Л-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-, Ш.К- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Г-, Б.Б- нар нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 140800344424 тоот дугаартай Зээлийн гэрээг байгуулан 40 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний 6.2.12 дахь заалт болон зээлийн эргэн төлөх чадварт сөргөөр нөлөөлөхүйц бусдад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №4406 тоот захирамж гарсан, зээлдэгчийн Т- Б- дахь харилцах дансууд битүүмжлэгдсэн. С.Г-, Б.Б- нарын Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4/4-91 тоот тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай Ү-2003009328 тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалж авсан.  Банкны  зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс илт зайлсхийж зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоор хангуулж өгнө үү.

Иймд иргэн С.Г- болон хамтран зээлдэгч Б.Б- нараас үндсэн зээл 38.152.152,52 төгрөг, хуримтлагдсан хүү 2.162.211,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.294,4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг, нийт 40.326.658,10 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны 91 тоот хаягт байрлах Ү-2003009328 тоот улсын бүртгэлийн дугаартай, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Г-, Б.Б- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Г- би Т- Б-наас гэр бүлийн хүн болох нөхрийн хамт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөнөөс сар бүр 1.280.000 төгрөгийн төлөлт хийж 2019 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн. Энэ хугацаанд манай гэр бүлийн хүн Б.Б-ийн ажил зогссон, би өөрөө жирэмсэн байсан учир ажил хийж чадалгүй, төлөлтөө хийж чадаагүй. Мөн нийтийг хамарсан өвчин гарсан учир нөхөр бид хоёрын хувьд ямар ч ажил төрөл одоог хүртэл эрхлээгүй учир төлөх ямар ч боломжгүй байна. Мөн банкны гаргасан тооцооллоор хүү, алдангийг хэтэрхий өндөр гаргасан байх тул үүнийг зөвшөөрөх ямар ч боломжгүй. Мөн засгийн газраас нийт зээлдэгч нарт хөнгөлөлтөд хамруулж байгаа тул холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Т- Б-инд хандаж зээлийн эргэн төлөлтийг зогсоох бодолтой байна. Энэ хугацааны дараа зээл, хүү, алдангийг зохих журмын дагуу үнэн зөв гаргаж ирсэн тохиолдолд үйл ажиллагаа хэвийн явагдах үед үлдэгдэл зээлээ ямар нэг байдлаар төлж барагдуулна гэсэн бодолтой байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Г- нь Т- Б-наас гэр бүл нөхрийн хамт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөнөөс сар бүр 1.280.000 төгрөгийн төлөлт хийж 2019 оны 12 дугаар сарын дуустал төлсөн. Энэ хугацаанд гэр бүлийн хүн Б.Б-ийн ажил зогссон, би өөрөө жирэмсэн байсан учир ажил хийж чадалгүй, төлөлтөө хийж чадаагүй. Мөн нийтийг хамарсан өвчин гарсан учир ямар ч ажил төрөл одоог хүртэл эрхлээгүй учир зээл төлөх боломжгүй байна. Мөн банкны гаргасан тооцооллоор хүү, алдангийг хэтэрхий өндөр гаргасан байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбар, хариуцагч С.Г-, Б.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Г-, Б.Б- нараас үндсэн зээл 38.152.152,52 төгрөг, хуримтлагдсан хүү 2.162.211,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.294,4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг, нийт 40.326.658,1 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны 91 тоот, 39,0 м.кв талбайтай, Ү-2003009328 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429.784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 429.784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Г- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 582 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Иргэн С.Г-, Б.Б- бид 2019-09-27-ны өдөр Т- Б-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40сая төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Энэ хугацаанд, зээлээ хэвийн төлж яваад 2019 оны 12 сарын 31 өдрийг дуустал зээлийн хүү алданги зохих журмын дагуу төлж байсан үүнээс хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин гарсан, үүний улмаас ажил зогсож гэр бүлийн хүн Б. Б- ажилгүй болсон мөн тухай үед би өөрөө жирэмсэн байж байгаад төрсөн.

ингээд ямар ч орлогогүй болсон тул дээрх зээлээ төлөх ямар нэг боломжгүй болсон мөн дээрх зээлээ хойшлуулъя гээд эдийн засагч С-тай удаа дараа дараа уулзаж хүсэлтээ гаргая гэж 3-4 удаа хэлсэн боловч хүлээж авах боломжгүй зээлээ төлөөгүй болохоор үүнд хамрагдах боломжгүй гээд зээл төлөх хугацааг хойшлуулж өгөөгүй өдий болгож байгаа гэтэл анхан шатны шүүх нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнээгүй хэтэрхий нэг талыг барьж биднийг илтэд хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зөвхөн нэг талыг барьж зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасан байна Т- Б-ны зээлийн хүү нь сарын 2 хувь жилийн 24 хувь байгаа нь биднийг хүүгийн асар их дарамтад оруулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т- Б-ны Дархан салбар хариуцагч С.Г-, Б.Б- нарт холбогдуулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 38.152.152,52 төгрөг, хуримтлагдсан хүү 2.162.211,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.294,04 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9.000 төгрөг, нийт 40.326.658,01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, зээлийн хүү, алданги хэтэрхий өндөр тооцож гаргасан гэж маргажээ.  Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 452, 453 дугаар зүйлүүдэд зааснаар гэрээт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хариуцагч С.Г- эс зөвшөөрч, зээлдэгч Б.Б- ажилгүй болж, би өөрөө жирэмсэн байсан, одоо төрсөн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн нийтийг хамарсан цар тахал гарсан, банкны хүү хэтэрхий өндөр, зээлийн хүүг бууруулах талаар нэхэмжлэгч талын төлөөгчтэй 3-4 удаа уулзаж, учир байдлаа тайлбарлаад байхад хүлээж аваагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хэтэрхий нэг талыг барьж гарсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хяналаа.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч талыг зээл давхардуулан олгосон талаар нэр бүхий хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасан байна. 

Шүүх 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2725 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авах эрхтэй боловч гэрчид тавьж буй асуултууд тус хэрэгт холбогдолгүй, маргаж буй асуудлыг шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд тодруулах боломжтой, гэрчээр асуугдах хүмүүсийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авхуулах...”, 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны шатанд шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах...” гэж заасныг тус тус үндэслэн дээрх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д дээрх захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохоор хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг зөвтгөж, залруулах хуулийн боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч С.Г-ийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Г-ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.784 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА 

                                                           ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                             Л.АМАРСАНАА