Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00392/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, Залуучуудын өргөн чөлөө гудамж, Т.б-ны Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, А овогт С-ын Г,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Д овогт Б-ийн Б нарт холбогдох

 

40 326 658.1 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ш.К, хариуцагч С.Г, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.б-ны Дархан салбарын захирал П.Л, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ш.К нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Г, Б.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ... тоот дугаартай Зээлийн гэрээг байгуулан 40 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний 6.2.12 дахь заалт болон зээлийн эргэн төлөх чадварт сөргөөр нөлөөлөхүйц бусдад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот захирамж гарсан, зээлдэгчийн Т.б дахь харилцах дансууд битүүмжлэгдсэн. С.Г, Б.Б нарын ... аймаг, ... сум, ... баг, ... тоот тоот хаягт байрлах ... м.кв талбайтай ... тоот улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалж авсан. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс илт зайлсхийж зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоор хангуулж өгнө үү.

Иймд иргэн С.Г болон хамтран зээлдэгч Б.Б нараас үндсэн зээл 38 152 152.52 төгрөг, хуримтлагдсан хүү 2 162 211.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 294.4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 000 төгрөг, нийт 40 326 658.10 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот хаягт байрлах ... тоот улсын бүртгэлийн дугаартай, ... м.кв талбайтай ... өрөө орон сууц болон хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Г, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Г би Т.б-наас гэр бүлийн хүн болох нөхрийн хамт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөнөөс сар бүр 1 280 000 төгрөгийн төлөлт хийж 2019 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн. Энэ хугацаанд манай гэр бүлийн хүн Б.Б-ийн ажил зогссон, би өөрөө жирэмсэн байсан учир ажил хийж чадалгүй, төлөлтөө хийж чадаагүй. Мөн нийтийг хамарсан өвчин гарсан учир нөхөр бид хоёрын хувьд ямар ч ажил төрөл одоог хүртэл эрхлээгүй учир төлөх ямар ч боломжгүй байна. Мөн банкны гаргасан тооцооллоор хүү, алдангийг хэтэрхий өндөр гаргасан байх тул үүнийг зөвшөөрөх ямар ч боломжгүй. Мөн засгийн газраас нийт зээлдэгч нарт хөнгөлөлтөд хамруулж байгаа тул холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Т.б-нд хандаж зээлийн эргэн төлөлтийг зогсоох бодолтой байна. Энэ хугацааны дараа зээл, хүү, алдангийг зохих журмын дагуу үнэн зөв гаргаж ирсэн тохиолдолд үйл ажиллагаа хэвийн явагдах үед үлдэгдэл зээлээ ямар нэг байдлаар төлж барагдуулна гэсэн бодолтой байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г нь Т.б-наас гэр бүл нөхрийн хамт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгөөс сар бүр 1 280 000 төгрөгийн төлөлт хийж 2019 оны 12 дугаар сарын дуустал төлсөн. Энэ хугацаанд гэр бүлийн хүн Б.Б-ийн ажил зогссон, би өөрөө жирэмсэн байсан учир ажил хийж чадалгүй, төлөлтөө хийж чадаагүй. Мөн нийтийг хамарсан өвчин гарсан учир ямар ч ажил төрөл одоог хүртэл эрхлээгүй учир зээл төлөх боломжгүй байна. Мөн банкны гаргасан тооцооллоор хүү, алдангийг хэтэрхий өндөр гаргасан байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.бны Дархан салбар нь хариуцагч С.Г, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 38 152 152.52 төгрөг, хуримтлагдсан хүү 2 162 211.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 294.4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 000 төгрөг, нийт 40 326 658.1 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нар нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг болон зээлийн хүү, алданги хэтэрхий өндөр гарсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Т.бны Дархан салбар, хариуцагч С.Г, Б.Б нар нь харилцан тохиролцож, 40 000 000 төгрөгийн зээлийг, 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зарцуулахаар гэрээ байгуулан, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ... тоот Барьцааны гэрээ байгуулан ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, ... мкв талбайтай, ... эрхийн улсын бүртгэлийн дугаатай, ... өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч С.Г-ийн Т.б-ны Дархан салбар дахь ... тоот дансанд зээлийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 3-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 сарын төлбөрийг графикийн дагуу төлсөн байх ба хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 213 998 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөр хийгээгүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 19-23 дахь тал/

 

Хариуцагч нар нь нийтийг хамарсан цар тахал гарсантай холбоотой эдийн засгийн хувьд доройтсон зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлт өгнө гэж шүүхэд тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдэгч нар энэ талаар хүсэлт гаргах эрх нээлттэй боловч одоогоор ирүүлээгүй гэж тайлбар гаргасан зэрэг нөхцөл байдал болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ гэж заасныг нэхэмжлэгч тал хангасан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.

Хариуцагч нар нь зээлийн хүү, алданги хэтэрхий өндөр байна гэж тайлбар ирүүлсэн боловч энэ нь бусад банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн хүүгээс хэт өндөр байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч С.Г, Б.Б нараас үндсэн зээл 38 152 152.52 төгрөг, хуримтлагдсан хүү 2 162 211.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 294.4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 000 төгрөг, нийт 40 326 658.1 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.б-ны Дархан салбар нь №... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлийн Барьцааны гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.б-ны Дархан салбар, хариуцагч С.Г, Б.Б нар нь төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлж Д.С, Ш.К, хариуцагч нарыг төлөөлж И.Э нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.б-ны Дархан салбар, хариуцагч С.Г, Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Г, Б.Б нараас үндсэн зээл 38 152 152.52 төгрөг, хуримтлагдсан хүү 2 162 211.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 294.4 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 9 000 төгрөг, нийт 40 326 658.1 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.б-ны Дархан салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, ... мкв талбайтай, ... эрхийн улсын бүртгэлийн дугаатай, .... өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429 784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 429 784 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.б-ны Дархан салбарт олгосугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА