Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0776

 

“И х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан “И х т” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 дүгээр, 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хохироосон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хуулийн дагуу хянан үзэлгүй хэтэрхий нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн байна. Бид Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу газар нутгийнхаа эзэн нь газар өмчлөх, эзэмших эрхтэй. Харин гадаадын иргэн аж ахуйн нэгж газрыг ашиглаж болно гэж заасан байдаг. Гэтэл Герман улсын иргэний итгэмжлэл болон гараар бичсэн албан тоот гэж үзэхэд учир дутагдалтай, ямар ч тамгагүй, шууд монголоор бичсэн бичигт Вернер Вайглан гарын үсэг зурсан гэх, хуулийн зөвлөх гэх  Г.Баяржаргалын хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийг эзэмшигчид нь мэдэгдэлгүй хууль бусаар шилжүүлэхдээ маш түргэн шуурхай үйлчилсэн. Нэг өдрийн дотор газрын асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчиж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан бүрдүүлбэр хангасан эсэхийг судалж тогтоолгүйгээр бусад аж ахуйн нэгж, иргэний эрх ашгийг хохироож хууль зөрчиж шийдвэрлэсэн захирамж нь хууль бус болохыг 2016 оны Өмнөговь аймгийн прокурорын газрын 22 тоот тогтоолд Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даамал ажилтай М.Баярсайхан нь өөрийн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 1,5 га газрыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэсэн зэрэгт тодорхой тусгагдсан билээ. 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 тоот Арбитрын шийдвэрт “...Газрын тухай асуудлаар арбитрын бүрэлдэхүүн харьяалан шийдвэр гаргах боломжгүй, энэ асуудлаар нэхэмжлэгч талд жич нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэж заасан байхад Засаг дарга захирамжиндаа энэ шийдвэрийг үндэслэсэн гэдэг. Мөн одоо “Монгол хаад тур” ХХК гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. 2005 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр энэ хуулийн этгээд эрх зүйн чадваргүй болсон гэж цагаан дээр хараар тодорхой бичсэн албан ёсны шийдвэр, “Монгол хаад тур” ХХК-ийн гэрчилгээг үрэгдүүлсэн болохыг тогтоосон Улсын мөрдөн байцаах газрын хэлтсийн дарга Цагдаагийн хошууч Д.Цогбаярын тоотод 2005 оны 09 дүгээр сарын  27-ны өдөр гэрчилгээ тамгыг хурааж авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэлийг хавсаргаж өгсөн тухай баримтыг хэрхэн үнэлж тус сумын Засаг дарга 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 тоот хууль бус захирамж гаргасан болохыг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх болов уу гэтэл харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч талыг буруутгасан нь гайхшрал төрүүлж шударга шүүхэд итгэх итгэл алдраад байна. Хуулиар хориглосон үйлдэл хийж хууль бус шийдвэр гаргасан захиргааны албан тушаалтны шийдвэрийг дэмжиж шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль ёсны болсон гэхэд эргэлзэж байна. “Монгол хаад тур” ХХК-иас “М А” ХХК-д эрх шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд тусгайлан заасан бичиг баримтын бүрдэл хангаагүй байхад маргаан бүхий акт болох 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамж яаж үндэслэлтэй болоод байгаа талаар буюу өөрөөр хэлбэл шүүх дараахь эрх бүхий бусад хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хэрхэн үндэслэлгүй болж байгааг шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлтэйгээр заагаагүй байна. “Монгол хаад тур” ХХК-ийн Монгол талын захирал нь Т.Нарангэрэл мөн болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн гэрээ, Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа зэргээр нотлогддог болохыг хамгийн эхний ээлжинд дурьдаж байгааг минь анхаарна уу. Баянгол дүүргийн шүүхээс 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 552 тоот захирамжаар “Монгол хаад тур” ХХК-ийн санхүүгийн балансад тусгагдсан Вернер Вайгланы эзэмшлийн гэр тавилга, тоног төхөөрөмж битүүмжлэгдсэн эд хөрөнгө байсан юм. “Монгол хаад тур” ХХК газар эзэмшигч мөн болохыг нэхэмжлэгчийн тайлбар батлахгүй, зөвхөн эрх бүхий байгууллагын хуулийн үндэслэлтэй шийдвэр захиргааны актаар нотолж батлах ёстой бөгөөд 1999-2004 онуудад гадаадын хөрөнгө оруулалттай “Монгол хаад тур” ХХК-ийн нэр дээр газар эзэмших захирамж гараагүй билээ. Иргэн Т.Нарангэрэл 2000 онд “Гүег хаан” баазыг аялал жуулчлалын зориулалтаар ажиллуулахдаа газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан, энэ үед Монгол-Германы хөрөнгө оруулалттай “Монгол хаад тур” ХХК байгуулж гадаад аялагчдыг бааздаа хүлээн авч ашиг орлогоо тооцохоор болж хамтран ажиллаж байх явцад 2004 оны сүүлээс маргаан гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ба иргэний шүүхийн шийдвэрээр Герман тал нь манай талд 10 гаруй сая төгрөг төлөх шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж чадахгүй байгаа юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хальж 2000, 2004 оны сумын Засаг дарга нарын гаргасан шийдвэрийг хөндөж нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байна гэж дүгнэсэн. Хууль хэрэглээний мөн чанар алдагдаж Монгол хүн монгол газар шороондоо эзэн байх эрхгүй болж гадаадын иргэн Монгол иргэний газрыг бусдад зарж ашиг олоод оргон зайлж болдог гэдгийг дэмжсэн. Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэгч бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль бус гарсан захиргааны акт болох Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга Г.Сайнбуянгийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжуудыг хүчингүй болгож, мөн тус сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/74 тоот захирамжаар “М А” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 40 жилээр сунгасан захирамжийг хүчингүй болгож  шийдвэрлэж өгнө үү ”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “И х т” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “тус компанийн эзэмшлийн газрын гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгож “Монгол хаад тур” ХХК-ийн нэрээр захирамж болон  гэрчилгээг сольсон, үндэслэлгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүй “М А” ХХК-д шилжүүлсэн” гэж маргажээ. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа “И х т” ХХК-д хууль ёсны дагуу газар эзэмших эрх үүсээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж шууд дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцэхгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “И х т” ХХК-ийн захирал Т.Нарангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Вернер Вайглайн нар хамтран 1999 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Монгол хаад тур” ХХК-ийг үүсгэн байгуулсан байх бөгөөд тус компанийн газар эзэмших тухай хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 тоот шийдвэрээр газар эзэмших эрхийг “Монгол хаад тур” ХХК-д 3 жилийн хугацаагаар олгосон гэж хариуцагч талаас тайлбарласан ч уг 18 тоот шийдвэр хэрэгт авагдаагүй тул хэнд газар эзэмших эрх олгосон нь тодорхойгүй.

 Харин 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг Гүюг хаан баазын захирал Т.Нарангэрэлтэй байгуулсан, 2000  оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1511000420 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Гүюг хаан жуулчны баазад 15 жилийн хугацаатай олгосон, “И х т” ХХК-ийн 2004 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар уг газрыг “Гюүг хаан” жуулчны баазад аялал жуулчлалын зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, 2004 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0039032 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг “И х т” ХХК-д олгосон, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжаар тухайн газрын эзэмшигчийн нэрийг “Монгол хаад тур” ХХК болгон өөрчилж дээрх Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжийн “Гюүг хаан” баазад холбогдох хэсгийг хүчингүй болгож “И х т” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.

Мөн Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1310 дугаар шийдвэрээр “И х т” ХХК-ийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг, Хавцгайтын адагт байрлах Гүег жуулчны баазын газрыг эзэмших эрхтэй талаар дүгнэж, тус компанийн жуулчны баазаа эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж буй  “Тал нутгийн хаад” ХХК-ийн /Герман Улсын иргэн Вернер Вайглайн үүсгэн байгуулсан/ үйлдлийг таслан зогсоохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Герман Улсын иргэн Вернер Вайглайн нь Монголын Үндэсний Арбитрт хандан  маргаан бүхий газрын эзэмших эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг  “И х т” ХХК-ийн захирал Т.Нарангэрэлд холбогдуулан гаргаж байсан үйл баримтаас дүгнэхэд  тухайн үед “И х т” ХХК-ийн нэр дээр газрын эзэмшил байсан нь нотлогдож байхад нэхэмжлэгч “И х т ХХК-ийг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Түүнчлэн, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг, Хавцгайтын адагт байрлалтай аялал жуулчлалын баазын эд хөрөнгийн өмчлөгчөөр Герман Улсын иргэн Вернер Вайглайныг тогтоосон байх ба харин уг газрын эрхийг сэргээлгэхийг хүссэн маргааныг арбитрын бүрэлдэхүүн шийдвэрлэх боломжгүй талаар дурдаж энэ асуудлыг шийдвэрлээгүй байна.

Гэтэл шүүх “Гүюг хаан” жуулчны баазын өмчлөгчөөр “Монгол хаад тур” ХХК-ийг тогтоосон тул уг компанийн газар эзэмших эрхийг сэргээж, “Их хаадууд тур” ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ. 

Зүй нь шүүх маргаан бүхий газрын эзэмших эрх анх аль хуулийн этгээдэд  үүссэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Засаг даргын захирамжид заасан “Гюүг хаан” нэртэй аялал жуулчлалын бааз нь аль хуулийн этгээдийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан эсэх, “Монгол хаад тур” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох, уг хуулийн этгээд маргаан бүхий захирамжууд гарах үед эрх зүйн чадамжтай байсан эсэх, маргаан бүхий газрын төлбөрийг 1999 оноос хойш хэн, хэрхэн төлж байсан, тухайн газартай холбоотой эрх зүйн харилцаанд хэн төлөөлж оролцож байсан эсэх, “М А” ХХК-нд газар эзэмших эрх шилжсэн 2012 оноос хойш тухайн газар дээр хэн үйл ажиллагаа явуулж байсан, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан болон мэдэх боломжтой байсан эсэх талаар холбогдох баримтуудыг цуглуулсаны үндсэнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой байна. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хэрэгт авагдсан нотлох баримт, бодит байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хянан үзээгүй” гэх гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

                                                ШҮҮГЧ                          Г.БИЛГҮҮН

                                                 ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН 

                                                 ШҮҮГЧ                         О.НОМУУЛИН