Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00977

 

Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00176 дугаар шийдвэртэй,                                                                                  

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт  холбогдох,

Ерөнхий санхүүчийн ажилд  эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг  нийгмийн даатгалын шимтгэлийн хамт  төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 тоот тушаалаар үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халагдсан юм. Энэхүү ажиллах хугацаандаа тус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасны дагуу тооцоо бодсон баримт, халуун ус, ус зөөврийн орлогын журнал, албан байгууллага, орон сууцны оршин суугчдын цэвэр бохир усны авлага, өглөгийн бүртгэл хөтлөх, байгууллагын эдийн засгийн үзүүлэлт бүр дээр дүн шинжилгээ хийж танилцуулан төсөв төлөвлөгөө хийж зохих байгууллага, албан тушаалтнаар батлуулах, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын төсөв хийж гүйцэтгэлийг гаргах, байгууллагын өглөг, авлагын бүртгэл хөтлөх, татвар тайлангууд гаргах, санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон бодлогын баримт бичгийн дагуу гарган ажиллаж ирсэн байгууллагын шилдэг тэргүүний ажилтан юм. Мөн мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй иймээс намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Нямдэлгэр нь ажлаа дур мэдэн тасалж ажлын өдөр Аймгийн Засаг даргын тамгын газраас байгууллагад шалгалт хийж байгаа үед Оросын холбооны улс руу хувийн зорилгоор аялан явсан учир байгууллагын даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/75 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан.Сануулах арга хэмжээтэй байх хугацаандаа ажлын байранд согтуугаар ирж ээлжийн жижүүртэй байгаа ажилтныг дарамталж зодсон нь ажилтны өргөдөл, камерын бичлэг шалгах ажлын хэсгийн тэмдэглэл, шийдвэрээр баталгаажсан байгаа тул 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 тоот даргын тушаалаар ажлаас халсан юм гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00176 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан Ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нямдэлгэр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан Б.Нямдэлгэрийг Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 1832716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Б.Нямдэлгэрт олгож, ажилтан Б.Нямдэлгэрийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 114473 (44273+70200) төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь ажлын байранд согтуугаар ирж онцгой үеийн ерөнхий жижүүрийн эрх чөлөөнд халдаж, зодож танхайрсан зөрчил давтан гаргасан нь өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн үг, уучлал хүсэлт, даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл,  өргөдөл, байгууллагын камерийн дүрс бичлэг, гэрчүүдийн үг зэргээр тогтоогдсон учир түүнийг ажлаас нь халсан ба нэг л тушаал гаргасан бөгөөд ямар учраас 2 өөр тушаал гаргасан, хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан гэдэг нь ойлгомжгүй байна. 3 өөр тушаал гарсан гэдэг нь үндэслэлгүй. Шүүхэд шүүх болон талууд тушаал буруу гаргасан талаар огт маргаж мэтгэлцээгүй нь тушаалд заасан архидан согтуурч, ажлын байранд танхайрсныг нотолж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Нямдэлгэр нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг  нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн төлүүлэх...” шаардлага тавьжээ. 

 Анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, Б.Нямдэлгэрийг ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт   хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын  шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн  гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

1. Б.Нямдэлгэр нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” ХХК-ийн захирлын  2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар тушаалаар эдийн засагчаар, Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар ерөнхий санхүүчээр ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ерөнхий санхүүчийн ажлаас халагдсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. /хх 4, 5, 6/

2.  Нэхэмжлэгч ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргахдаа  хариуцагчийн  2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг үндэслэсэн  бөгөөд тушаалаас үзвэл ажил олгогч нь Б.Нямдэлгэрийг сахилгын зөрчил “давтан гаргасан...” гэж халжээ. /хх 6, 25/  

Ажил олгогч ажилтныг сахилгын зөрчил “давтан” гаргасан гэж  халсан байхад давж заалдах шатны шүүх уг зөрчлийн талаар бус, харин  зөрчил “ноцтой”  эсэх талаар  дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргах” гэсэн зохицуулалтад зөрчил “ноцтой” байх урьдчилсан нөхцөл байхгүй тул хариуцагч 2016 оны Б/08 дугаар тушаалд ажилтны   гаргасан зөрчлийн талаар “ноцтой” гэж бичсэн нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

3.  Б.Нямдэлгэр  2015 оны Б/17 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий санхүүчээр ажиллахдаа хариуцагчтай хөдөлмөрийн гэрээг бичгээр хийгээгүй байсан  нь тогтоогджээ.     

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон гэж үзэх үндэслэлгүй тул талуудын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчихгүй юм.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...ажилтан ...хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан тул Б.Нямдэлгэр нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ерөнхий санхүүчийн ажлаас халахдаа Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.в, 9.2, 9.3-г үндэслэсэн ба “...хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн бол сануулах, цалин бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар...”, дотоод журмын 9.1, “...сахилгын шийтгэлийг тушаалаар ногдуулах талаар” 9.2-т, “..архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилд ирэх...ажиллаагүй үедээ үйлдвэрийн талбайд согтуу ирэх... архи уух...”  зөрчил гаргасан ажлаас халах талаар 9.3-т тус тус заасан байна.

Б.Нямдэлгэр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-с 17-ны өдөр шилжих шөнө ажил дээрээ ирж архи уусан болох нь нотлогдсон байх тул ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалын үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.  /хх 49-54/

4. Сахилгын зөрчлийг “давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхаас гадна зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана, харин зөрчил тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.                                                                                         

Б.Нямдэлгэр ерөнхий санхүүчээр ажиллаж байхдаа ажил олгогчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/75 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдаж байсан  бөгөөд уг тушаалд гомдол гаргаагүй, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сахилгын зөрчил гаргасан нь “сахилгын зөрчил давтан гаргасан”-д хамаарна.

 Нэхэмжлэгч ерөнхий санхүүчээр ажиллаж байхдаа хоёр удаа зөрчил гаргасан, зөрчил тус бүр тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5. Ажилтныг ажлаас халах тухай  2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 /хх 6, 25/ дугаар тушаал, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаал /хх 69/  нийт гурван тушаал хэрэгт авагдсан байх боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарахгүй байна.

Хэргийн 6, 25 дугаар талд буй, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08  дугаар тушаал хоорондоо адил тул нэг баримт гэж үзнэ. Хэргийн 69 дүгээр талд буй,  2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаал нь  бичилт болон огнооны хувьд  мөн сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалтаас өөр боловч утга нь ижил байна. Түүнчлэн, уг баримтын талаар зохигчид анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн /хх 75-87/ бөгөөд энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

 6. Анхан шатны шүүх Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 114.473 төгрөгийг Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт  буцааж олгох захирамж гаргасугай. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ