Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 73

 

Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00176 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт оршин суух, Цоохор морьтон овогт Бүдээгийн Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Нямдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Бүдээ овогтой Нямдэлгэр нь Ховд аймгийн  “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 тоот тушаалаар үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халагдсан юм. Энэхүү ажиллах хугацаандаа тус байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасны дагуу тооцоо бодсон баримт, халуун ус, ус зөөврийн орлогын журнал, албан байгууллага, орон сууцны оршин суугчдын цэвэр бохир усны авлага, өглөгийн бүртгэл хөтлөх, байгууллагын эдийн засгийн үзүүлэлт бүр дээр дүн шинжилгээ хийж танилцуулан төсөв төлөвлөгөө хийж зохих байгууллага, албан тушаалтнаар батлуулах, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын төсөв хийж гүйцэтгэлийг гаргах, байгууллагын өглөг, авлагын бүртгэл хөтлөх, татвар тайлангууд гаргах, санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон бодлогын баримт бичгийн дагуу гарган ажиллаж ирсэн байгууллагын шилдэг тэргүүний ажилтан юм. Мөн мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй иймээс намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “ Б.Нямдэлгэр нь ажлаа дур мэдэн тасалж ажлын өдөр Аймгийн Засаг даргын тамгын газраас байгууллагад шалгалт хийж байгаа үед Оросын холбооны улс руу хувийн зорилгоор аялан явсан учир байгууллагын даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/75 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан.

 Сануулах арга хэмжээтэй байх хугацаандаа ажлын байранд согтуугаар ирж ээлжийн жижүүртэй байгаа ажилтныг дарамталж зодсон нь ажилтны өргөдөл, камерын бичлэг шалгах ажлын хэсгийн тэмдэглэл, шийдвэрээр баталгаажсан байгаа тул 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 тоот даргын тушаалаар ажлаас халсан юм” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00176 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох урьд эрхэлж байсан Ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нямдэлгэр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Хариуцагч байгууллага буюу “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08, 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Нямдэлгэрийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Гэвч дээрх эрх зүйн акт нь он, сар,өөр, утга агуулга ондоо 2016 оны 02 дугаар сарын 08,10-ны аль тушаалаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон эсэх нь тодорхой бус  ажил хүлээлцэх актыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаал гэж 3 өөр янзын тушаалаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байдаг. Тухайн ажилтны хөдөлмөрийн харилцааг үүсгэж дуусгавар болох эрх зүйн акт нь нэг л янзаар гарах атал 3 өөр янзын тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23.2.1, 24 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Мөн хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн тухайн үеийн бичлэг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, камерын бичлэг үзэх комисс дүгнэлт гаргах эрхтэй эсэх зэрэг нь эргэлзээтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын дунд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй,  Хөдөлмөрийн  тухай хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч  Б.Нямдэлгэр нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай гомдлыг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

 

Ажилтан нь Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт орлогын нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байгаад 2015 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийн  Б/17 дугаар тушаалаар ерөнхий санхүүчээр дэвшин  ажиллаж байсан бөгөөд энэ ажлын байранд  ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө намайг 2016 оны 02 дугаар сарын 8,10-ны өдрүүдэд Б/08 дугаар тушаал гаргаж ажлаас халж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг үндэслэн ажил хүлээлцсэн. Намайг ажлаас халах 3  тушаал гаргасан гэж тайлбарлажээ. 

 

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,131 дүгээр зүйлийн 131.1.3,  байгууллагын дотоод журмын 9.1в, 9.2, 9.3 дахь  хэсэг,   хөдөлмөрийн гэрээний 7.4  дэх хэсэгт заасан сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажилтныг 2016 оны 02 дугаар сарын 8,10-ны өдрүүдэд Б/08 дугаар тушаалаар ажлаас халсан гэж маргажээ. /хх-ийн 6, 69 дүгээр хуудас/ 

Ажилтан нь 2015 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийн  Б/17 дугаар тушаалаар  Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын  ерөнхий санхүүчээр дэвшин ажиллаж байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  Хэрэгт авагдсан баримтаар  ажил олгогч нь  2014 оны 03 дугаар сарын 04, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Дээрх 2  гэрээний 1.1-т зааснаар  ажил олгогч нь орлогын нягтлан бодогч, эдийн засагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба ажилтны дэвшин ажилласан ажлын байр буюу ерөнхий санхүүчийн ажлын байранд шинээр томилогдсон ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд зөрчил тус бүр нь тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

Мөн “ноцтой зөрчил” гэдгийг   ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц, сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал,гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн зааж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаарддаг юм.    

Хэрэгт ажил олгогч нь ажилтантай ерөнхий санхүүчийн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй тул  “сахилгын зөрчлийг давтан гаргасан, ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон гэж тодорхойлох боломжгүй юм.

Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 8,10-ны өдрүүдэд Б/08 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Нямдэлгэрийг ерөнхий санхүүчийн ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заалтыг зөрчсөн байх тул түүнийг Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 02 дугаар сарын 08-наас 2016 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл 2 сар 6 хоног ажилгүй байжээ. Түүнд энэ хугацаанд олгох ажилгүй байсан  хугацааны  нөхөх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн 2015 оны 11,12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сарын бичилтийг үндэслэн тооцвол нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 804152 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 37402 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ  /804152х2+37402х6/=1608304+224412=1832716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,  Б.Нямдэлгэрт олгох нь үндэслэлтэй байна. Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1832716 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 114473 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, нэхэмжлэгч нь  давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00176 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан Б.Нямдэлгэрийг Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий санхүүчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 1832716 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Б.Нямдэлгэрт олгож, ажилтан Б.Нямдэлгэрийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 114473 (44273+70200) төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                         Н.ТУЯА