Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 223

 

М.Х /H/, С.Ц /Q/, Г.Г /G/, А.Э /E/

      нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар магадлалтай, М.Х- /H/, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарт холбогдох 1811025821010 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг Зүүн үзэмчин хошуу Улиастай балгасны Баянтүмэн гацаанд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** дуулаачийн 3 дугаар курс, ял шийтгүүлж байгаагүй, А овогтой Э /E/,

2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 02-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг Зүүн сүмэд хошуунд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** дуулаачийн 3 дугаар курс, ял шийтгүүлж байгаагүй, М овогтой Х /H/,

3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг Зүүн үзэмчин хошуунд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** дуулаачийн 4 дүгээр курс, ял шийтгүүлж байгаагүй, С овогтой Ц /Q/,

4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймаг, Эзний хошуунд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** бүжгийн 3 дугаар курс, ял шийтгүүлж байгаагүй, Г овогтой Г /G/.

М.Х- /H/, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-г зодож түүний биед тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 4, 5 дугаар хурууны үе, 2 өвдөгний зүүн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Х- /H/, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүсэл /HUSILE/-д 500, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарт тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг өдөрт 3 цаг хийлгэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х- /H/-ийг 500 цаг, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарыг тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Х- /H/-д 300 цаг, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарыг тус бүр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүгдэгч нар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үеэс эхлээд өөрсдийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. /хх-н 16-23, 92-110/

2. Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон нийт 988,500 төгрөгийн бодит хохирлыг мөрдөн байцаалтын үед хохирогчид бүрэн төлж барагдуулсан. /хх-н 124, 125/

3. Хавтаст авагдсан ял шалгах хуудсаар шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй буюу анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. /хх-н 43-47/

4. Мөн хохирогч Б.М-гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 63 дугаар хуудасны арын нүүрэнд байх сэжигтний бүртгэл зэргээс үзэхэд гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлүүд нөлөөлсөн байдаг, хохирогч нь дроцов төмөр гаргаж шүүгдэгч М.Х- /H/-ийг хөөсөн, салж явах гэсэн шүүгдэгч нартай зууралдан зодолдох зэргээр явуулахгүй байсан, урьд өмнө Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр шалгагдаж байсан зэрэг нөхцөл байдлыг шүүхүүд шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна.

Дээрх 4-н төрлийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрхэн дүгнэж байгаа талаараа тогтоол болон магадлалд хууль зүйн дүгнэлт хийж тусгаагүй байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслээд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах бүрэн боломжтой байхад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Ял шийтгэлийн хувьд шүүхийн эрх мэдлийн асуудал тул тусгайлан гаргах саналгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн М.Х- /H/, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нэр бүхий шүүгдэгч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-г бүлэглэн зодож түүний биед тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 4, 5 дугаар хурууны үе, 2 өвдөгний зүүн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын журмаар гаргасан “...Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч холбогдох өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар магадлалын 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х- /H/, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарт тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч  М.Х- /H/, С.Ц- /Q/, Г.Г- /G/ , А.Э- /E/ нарын өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан “оногдуулсан ялыг торгох ял болгож өөрчлөх” тухай гомдлыг хангасугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН