Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 15

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Э.Бадрал шүүгдэгч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/, тэдгээрийн өмгөөлөгч О.Анхбаяр, хохирогч Б.Мөнхтэмүүлэн, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нарт холбогдох эрүүгийн “1811025821010” дугаартай, 186/2018/0888/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  шүүн  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУлсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг Зүүн үзэмчин хошуу Улиастай балгасны Баянтүмэн гацаанд төрсөн, 21 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл Урлагийн Их Сургуулийн дуулаачийн 3 дугаар курс, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 72 дугаар байр 39 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Амьбөх овогтой Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/, гадаад паспортын дугаар Е83114099/,
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 02-ны өдөр БНХАУлсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг Зүүн сүмэд хошуунд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, Соёл Урлагийн Их Сургуулийн дуулаачийн 3 дугаар курс, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо 72 дугаар байр 39 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Мөнгөнсуунаг овогтой Хүсэл /НUSILE/, гадаад паспортын дугаар Е54033116/,
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 06-ны өдөр БНХАУлсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймаг Зүүн үзэмчин хошуунд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, Соёл Урлагийн Их Сургуулийн дуулаачийн 4 дүгээр курс, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо 72 дугаар байр 39 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Сүхбаатар овогтой Цээл / QIGELE/, гадаад паспортын дугаар Е54030051/,
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУлсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Алшаа аймаг эзний хошуунд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл Урлагийн Их Сургуулийн бүжгийн 3 дугаар курс, СУИС-ийн дотуур байр 1-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, Ганболд овогтой Гансүх /GANGSUYE/, гадаад паспортын дугаар Е811390478/,

            Холбогдсон хэргийн талаар:

Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Берлин бургер” рестораны орчим хохирогч Б.Мөнхтэмүүлэнг зодож түүний биед тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 4,5 дугаар хурууны үе 2 өвдөгний зүүн  зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт  хохирогч  болон шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч А.Эрхэмсаяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Тэр өдөр орой 20 цагийн үед Гансүхтэй 5 дугаар сургууль дээр уулзаад “TSE” пабад орж суусан удалгүй Хүсэл, Цээл нар ирсэн. Бид нар уулзаад бааранд орсон. Тэгээд баарнаас гараад таксинд суусан. Таксинд байх үедээ маргаан болсон. Таксины мөнгө өгөх гэтэл бид нарын задгай мөнгө хүрэхгүй байсан юм, таксинаас буух үедээ би 5000 төгрөгийг өгөхдөө би наад мөнгөө аваад зайл гэж хэлсэн. Гэтэл хохирогч машиныхаа араас дроцов гаргаж ирээд бид нарыг дроцовоор цохих гээд хөөгөөд байсан. Тэгээд бид нар айгаад зугтаж байгаад эргээд хартал хохирогч Хүсэлийн гарыг барьчихсан байсан. Тэгээд бид 3 буцаж очиж салгах гээд маргаан болсон. Бид нар маргаанаа зогсоож явъя гэхэд хохирогч явуулахгүй байсан гэв.

1.2. Шүүгдэгч М.Хүсэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:....мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1.3. Шүүгдэгч С.Цээл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1.4. Шүүгдэгч Г.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1.5. Хохирогч Б.Мөнхтэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүлэхдээ:..Тухайн өдөр эдгээр хүмүүс миний машинд суусан цагаасаа эхлэн машины хаалга чанга хаах, хэл амаар доромжилж байсан. Тэр үед хаашаа явах гэж байгааг нь асуухад хэлэхгүй байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр зогсоод мөнгөө өгөхдөө хэл амаар доромжилоод маргаан болсон. Буухдаа машины голын хайрцаг эвдэлсэн байсан. Тэгээд би араас нь буугаад таксины мөнгөө төлөхийг шаардсан. Гэтэл М.Хүсэл нь намайг машины хаалгатай хавсарч цохьсон. Тэгээд бүгд надруу дайрсан. Нэг залуу нь миний утас алга болсон гэж орилоод надруу дайраад байсан. Тухайн үед би айж сандарсанаас болж өөрийгөө хамгаалах зорилгоор машины арын багажнаас дроцов гаргаж ирсэн. Машины кундактор болон голын хайрцаг эвдэрсэн. Гомдолтой байна. Иймд шүүгдэгч нараас 3.250.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнхтэмүүлэнгийн:..2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн үед 3,4 дүгээр хороололд хадмындаа байж байгаад хувиараа таксинд явахаар гарсан, тэгээд хотын төвөөр таксинд явж байгаад 05 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороо "11В палас"-ийн ертөнцийн зүгээр зүүн талд байрдах "коко банана" баарны хашааны гадна зогсож байтал үл таних 4 залуу хүнсний нэг орно гээд сууцгаасан, суухдаа машины хаалга хүчтэй хаагаад суухаар нь хөөё хаалгаа зөөлхөн хаагаарай гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд гандангаас уруудаад гэрлэн дохион дээр зогсож байтал нэг болохоор дотуур байр явна, нэг нь болохоор хоол иднэ "зочин бууз" орно гээд хаашаа явах нь мэдэгдэхгүй надруу ийшээ яв, тйишээ яв гээд дээрэнгүй харьцаад байхаар та нар яг хаашаа явах юм бэ хэсэг нь "зочин бууз" дээр буугаад хэсэг нь оюутны байр явах юм уу, ямар оюутны байрлуу явах бэ гэтэл бөөн бөөнөөрөө аль сургууль байх нь чамд ямар хамаатай юм, хараалын үг хэлээр хэл амаар доромжлоод, хажууд сууж байсан залуу түлхээд наанаа зогс бид нар бууна гэхээр нь Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр зогсоод таксины 3000 төгрөг болсон гэтэл үл таних 4 залуу машинаас буухаар нь би бас машинаас буугаад жолооч талын хаалганы хажууд хаалга онгойлгоод зогсоод таксины мөнгөө авъя гэтэл 3000 төгрөгөө, 3000 төгрөгөө гээд юм ярьж байснаа /хэлсэн үгийг нь ойлгоогүй/ хамгийн жижигхэн намхан залуу хүрч ирээд хаалга руу өшиглөхөд хаалгатай хавсрагдаж цохигдсон, тэгтэл нэг залуу нь миний утас алга болсон байна. Миний гар утсыг өг гээд миний барьж байсан утсыг авах гээд 4 үүлээ нийлээд учир зүггүй зодоод эхлэхээр нь айж сандарсандаа болоод машины багажанд байсан дроцовоор айлгаж байгаад явуулах санаатай гаргаад ирсэн чинь барьж байсан дроцовыг хамгийн намхан залуу булааж аваад зодох гээд байхаар нь би зүүн тийшээ зугтаагаад зам гараад гал командын урдуур гүйж байхдаа зодуулаад өнхөрч унаад босоод ялалтын талбайн урдуур зам гараад сааданд зодуулчихаад босоод зам гараад Берлин бургерийн урд машин дээрээ очиход 4 залуу намайг барьж авсан, намхан жижигхэн залуу миний толгойруу дроцовоор цохьсон газар уначихсан байхад миний толгойноос цус гарч энд тэндгүй цохиж өшиглөөд байсан...гэх мэдүүлэг /хх 9-10/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Батбаярын:..Би шөнийн цагаар хувиараа таксинд явж, хүн зөөдөг. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цагийн орчим Тэнгис кино театрын урд талын автобусны буудал дээр зогсож байхдаа замын голын сааданд буюу тусгаарлах зайд үл таних 2 залуу хоорондоо маргалдаж зодолдож байхыг харсан. Тэдний нэг нь улаан өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй байсан ба нөгөөх нь саарал өнгийн цамцтай байх шиг байсан. Тухайн үед автобусны буудал дээр миний урд зогсож байсан машинаас мөн үл таних 2 залуу бууж очоод сааданд муудалцаж байсан 2 залуу дээр очиж Саарал цамцтай залууг нь гурвуулаа нийлээд өшиглөж зодож байх шиг байсан. Дараа нь улаан өнгийн биеийн тамирын цамцтай залуу нь цаашаа зам хөндлөн гараад Баянбүрдийн чиглэлд алхсан ба түүний араас нөгөө 2 залуу нь явсан. Би машинтайгаа тойрж очоод харахад араас нь явж байсан 2 залуу нь Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын зогсоол дээр машинуудын урд бөөлжөөд сууж байх шиг байсан. Харин зодуулсан гэх саарал хувцастай залуу автобусны буудал дээрх машин дээрээ очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод сууж байхыг нь харсан. Тэнгис кино театрын урд талын автобусны буудлын урдуур эргэж Теdy үйлчилгээний төвийн харалдаа газраас нэг хүн аваад Зайсан хүргэж өгөхөөр болоод хөдөлж байхад Тэнгис кино театрын урд талын автобусны буудал дээр машинтайгаа зогсож байсан зодуулсан залуугийн дэргэд цагдаагийн машин ирсэн байсан тул тухайн залууг ямар хувцастай, хичнээн залуус зодсон талаар хэлж, мөн аль чиглэлд явсныг зааж, өгөөд үйлчлүүлэгчээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсанд хүргэж өгөөд буцаж ирсэн. Цагдаагийн байгууллагын албан хаагчдад туслах зорилгоор тухайн залуусын явсан зүгрүү өөрөө очиж хайсан ч олоогүй. Гэхдээ тэр 3 залуугийн 1 болох улаан цамцтай залууг СУИС-ын оюутны дотуур байр руу орж байхыг нь харсан тул энэ талаар цагдаагийн алба хаагчдад хэлээд. Би өөрөө цагдаагийн хэлтэс дээр ирээд байна гэх мэдүүлэг. /хх 13-14/,

 2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Дэлгэрцэцэгийн:.. Би СУИС-д гадаад оюутнуудыг хариуцсан мэргэжилтэн нь байгаа юм. Эдгээр хүүхдүүд бол сахилга бат сайтай, хичээлдээ байнга явдаг, урд нь гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй, Цээл бол хичээлдээ байнга явдаг, мэргэжлийн хичээлдээ сайн, бусад хичээлдээ тааруухан сурдаг, бусад нь бол хичээлдээ сайн сурдаг, сайн хүүхдүүд байдаг. Эрхэмсаяг бол томоотой, даруухан, их сайн хүүхэд байдаг, бид нар томоотой сайн сурдаг хүүхдүүдийг дотуур байранд оруулдаг. Эрхэмсаягийг дотуур байранд оруулж, гадаад оюутнуудыг хариуцдаг хүнээр оруулна гэж ярьж байсан, гэтэл өөрөө дотуур байранд орох хүсэлтээ өгөөгүй учраас байрны квотонд орж чадаагүй юм. Манай сургуулийн гадаад оюутнууд хоорондоо эв түнжинтэй хэрүүл маргаан, зодоон цохион хийж байгаагүй, архи дарс ууж байхыг нь харж байгаагүй. Одоо ийм асуудалд орсон байгааг их гайхаж байна. Манай сургуулийн дотуур байранд Гансүхийг амьдарч байгааг дотуур байрны багшаас өнөөдөр өглөө сонссон, надад мэдэгдэж, хүсэлтээ өгч орсон хүүхэд бол биш, бусад 3 нь гадуур байр түрээслэж амьдарч байгаа, яг хаана амьдарч байгааг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-15/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11269 тоот актын:

1. Б.Мөнхтэмүүлэнгийн биед тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайд шарх, баруун 4, 5-р хурууны үе, 2 өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна

         5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн  дүгнэлт. /хх-25/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс улсын яллагч: 4-6 дугаар хуудас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 9-10 дугаар хуудас хохирогч Б.Мөнхтэмүүлэнгийн мэдүүлэг, 13-14 дүгээр хуудас Ц.Батбаярын мэдүүлэг, 25 дугаар хуудас 11269 дугаартай шинжээчийн дүгнэлт, 74-86 дугаар хуудас камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 104-110 дугаар хуудас яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  хавтаст хэргээс 4 дүгээр хуудас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 44-47 дугаар хуудас шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, 63 дугаар хуудсанд цагдаагийн цахим бүртгэлд хохирогч нь сэжигтнээр бүртгэгдэж байсан баримт, 79 дугаар хуудас камерийн бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт, 125 дугаар хуудас 988.500 төгрөгийн хохирлын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн яллагдагч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нар нь бүлэглэн  2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Берлин бургер” рестораны орчим хохирогч Б.Мөнхтэмүүлэнг зодож түүний биед тархи доргилт, зүүн чамархай, баруун зулайн хуйхны шарх, 4,5 дугаар хурууны үе 2 өвдөгний зүүн  зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч  Б.Мөнхтэмүүлэнгийн:..2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 05 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороо "11В палас"-ийн ертөнцийн зүгээр зүүн талд байрдах "коко банана" баарны хашааны гадна зогсож байтал үл таних 4 залуу хүнсний нэг орно гээд сууцгаасан, суухдаа машины хаалга хүчтэй хаагаад суухаар нь хөөё хаалгаа зөөлхөн хаагаарай гэж хэлээд хөдөлсөн…..4 залуу машинаас буухаар нь би бас машинаас буугаад жолооч талын хаалганы хажууд хаалга онгойлгоод зогсоод таксины мөнгөө авъя гэтэл 3000 төгрөгөө, 3000 төгрөгөө гээд юм ярьж байснаа /хэлсэн үгийг нь ойлгоогүй/ хамгийн жижигхэн намхан залуу хүрч ирээд хаалга руу өшиглөхөд хаалгатай хавсрагдаж цохигдсон, тэгтэл нэг залуу нь миний утас алга болсон байна. Миний гар утсыг өг гээд миний барьж байсан утсыг авах гээд 4 үүлээ нийлээд учир зүггүй зодоод эхлэхээр нь айж сандарсандаа болоод машины багажанд байсан дроцовоор айлгаж байгаад явуулах санаатай гаргаад ирсэн чинь барьж байсан дроцовыг хамгийн намхан залуу булааж аваад зодох гээд байхаар нь би зүүн тийшээ зугтаагаад зам гараад гал командын урдуур гүйж байхдаа зодуулаад өнхөрч унаад босоод ялалтын талбайн урдуур зам гараад сааданд зодуулчихаад босоод зам гараад Берлин бургерийн урд машин дээрээ очиход 4 залуу намайг барьж авсан, намхан жижигхэн залуу миний толгойруу дроцовоор цохьсон газар уначихсан байхад миний толгойноос цус гарч энд тэндгүй цохиж өшиглөөд байсан...гэх мэдүүлэг /хх 9-10/, гэрч Ц.Батбаярын:...би шөнийн цагаар хувиараа таксинд явж, хүн зөөдөг. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 цагийн орчим Тэнгис кино театрын урд талын автобусны буудал дээр зогсож байхдаа замын голын сааданд буюу тусгаарлах зайд үл таних 2 залуу хоорондоо маргалдаж зодолдож байхыг харсан. Тэдний нэг нь улаан өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй байсан ба нөгөөх нь саарал өнгийн цамцтай байх шиг байсан. Тухайн үед автобусны буудал дээр миний урд зогсож байсан машинаас мөн үл таних 2 залуу бууж очоод сааданд муудалцаж байсан 2 залуу дээр очиж Саарал цамцтай залууг нь гурвуулаа нийлээд өшиглөж зодож байх шиг байсан. Дараа нь улаан өнгийн биеийн тамирын цамцтай залуу нь цаашаа зам хөндлөн гараад Баянбүрдийн чиглэлд алхсан ба түүний араас нөгөө 2 залуу нь явсан. Би машинтайгаа тойрж очоод харахад араас нь явж байсан 2 залуу нь Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын зогсоол дээр машинуудын урд бөөлжөөд сууж байх шиг байсан. Харин зодуулсан гэх саарал хувцастай залуу автобусны буудал дээрх машин дээрээ очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод сууж байхыг нь харсан...гэхдээ тэр 3 залуугийн 1 болох улаан цамцтай залууг СУИС-ын оюутны дотуур байр руу орж байхыг нь харсан тул энэ талаар цагдаагийн алба хаагчдад хэлээд. Би өөрөө цагдаагийн хэлтэс дээр ирээд байна гэх мэдүүлэг. /хх 13-14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11269 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нарыг бүлэглэн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Мөнхтэмүүлэн нь шүүгдэгч нараас 3.250.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 867.000 төгрөгийн баримт  авагдсан бөгөөд шүүгдэгч нараас хохирогчид 988.500  төгрөг төлсөнийг  хохирогч Б.Мөнхтэмүүлэн  хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч нарыг  бусдад  учруулсан хохирлыг  нөхөн төлсөн гэм хорыг арилгасан байна, харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасны  дагуу  жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх зүйтэй  байна гэж шүүх үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй, шүүгдэгч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нар нь  цагдан хоригдсон  хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалахаар  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Хүсэлд /HUSILE/-д 500 /таван зуун цаг/  шүүгдэгч С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нарт  тус бүр 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 /найм/ цагийг ажлын  1 /нэг/ хоногоор тооцож  хорих ялаар  сольж  болохыг  сануулсугай.

 

5. Шүүгдэгч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Хохирогч Б.Мөнхтэмүүлэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хүсэл /HUSILE/, С.Цээл /QIGELE/, Г.Гансүх /GANGSUYE/, А.Эрхэмсаяг /ERIHEMUSAYIGA/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                           

 

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ