| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/02074/И |
| Дугаар | 181/ШШ2024/03413 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/03413
2024 09 18 181/ШШ2024/03413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.О /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХК /РД:......./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ш,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Б.О нь Э ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, өгөгдлийн шинжээч гэх ажлын байранд ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм.
Ингээд үүрэгт ажлаа гүйцэтгэж явж байтал гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг үндэслэн компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчилэн батлагдсантай холбогдуулан өгөгдлийн шинжээч Б.Огийн ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл Б.Огийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй.
Мөн Э ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, нөгөө талаар компанийн үйл ажиллагаа нь мэдээллийн технологи дээр суурилж явагддаг тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдах боломжгүй.
Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хэрхэн хасагдсан талаарх үндэслэл бүхий тайлбар, тушаал шийдвэрийг танилцуулж, тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан чиг үүрэг бүхэлдээ хасагдсан уу, өөр ажлын байртай нэгтгэгдсэн үү гэх нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжийг олгохгүйгээр шууд л хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Мөн дээр дурдсан компанийн бүтэц зохион байгуулалтын улмаас бөөнөөр халах үеийн процесс ажиллагаа явагдсан байдаг. Бөөнөөр халах үеийн зохицуулалт явагдаж байгаа энэ тохиолдолд ижил төстэй ажлын байрыг ажил олгогчийн зүгээс санал болгох үүрэгтэй байдаг. Гэтэл ажил олгогчийн зүгээс ижил төстэй ажлын байрыг санал болгох хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Энэ хүний хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчиж, халдаж байгаа учраас ажил олгогч онцгой анхаарахыг Хөдөлмөрийн тухайн хуульд тодорхой зааж өгсөн. Энэ үндэслэлээр Улсын дээд шүүхээс хэргийг өмнө нь шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, бөөнөөр халах үеийн зохицуулалт явагдах үед ижил төсөлтэй ажлын байрыг бий болгосон эсэх талаар хэлэлцүүлээгүй. Энэ талаар хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж дүгнэсэн байдгийг шүүх анхаарч үзэх байх.
Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого-ын 6.4 дэх хэсэгт заасан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.
Дээрх тогтоолуудад үндэслэн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт-ыг шинэчлэн баталсан ба Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтсийн чиг үүрэг өөрчлөгдөж, улмаар өгөгдлийн шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдсан.
Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Б.Од 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/938 тоот албан бичгээр 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод болгох ажлын хүрээнд Э ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан байдаг.
Ажлын байр хасагдсан хэдий ч Б.О тус компаниас нээлттэй зарлагдсан өөр ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Б.Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Мөн ажилтнуудыг бөөнөөр халах зохицуулалттай холбогдуулаад ажил олгогчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд ажилтны төлөөлөлтэй хоёр удаагийн хэлэлцээр хийсэн байдаг. Энэхүү хэлэлцээрт ажилтнууд дундаасаа төлөөллөө томилоод гарын үсгээ зураад хэлэлцээ хийе гэсэн шаардлага хүргүүлсэн. Өөрсдийнх нь томилсон төлөөллүүдтэй хэлэлцээр хийсэн байдаг. Энэхүү хэлэлцээрээр ажилтнуудад олгох Хөдөлмөрийн хуульд заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлье гэдэг асуудлыг тохиролцсон. Компаниас зарлаж байгаа нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтой талаар мэдэгдэж, энэ сонгон шалгаруулалтаар эхний таван байранд шалгарсан тохиолдолд, тэргүүн ээлжид авч ажиллуулах гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байдаг. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуульд заасан журмыг баримтлаад мэдэгдлийг хугацаанд нь хүргүүлсэн. Ажил олгогчийн төлөөлөлтэй хэлэлцээр хийсэн, Б.Отай өөртэй нь тусад нь хэлцэл хийсэн.
Ажил олгогч Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Б.Огийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй. Системийн инженерийн гүйцэтгэх чиг үүрэг нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэж байснаас өөр. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул Б.Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: өгөгдлийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, 01/938 тоот мэдэгдэл, Э ХХК-ийн захирлын Б/06 тоот тушаал, О.Цд олгосон итгэмжлэл, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот Э ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, дипломын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг ирүүлсэн. /1хх, 3-20, 95, 145-147/
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Б.И, Т.Х, Х.Ш, Б.Б нарт олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 56 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 тоот тогтоол, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, өгөгдлийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт, 01/938 тоот мэдэгдэл, гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот хэлцэл, гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 тоот тушаал, гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 тоот тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтууд, Э ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүргүүлсэн мэдэгдэл, гэрээ цуцлах мэдэгдэл авсан ажилтнуудын жагсаалт, тэтгэмж олгох жагсаалт, 01/938 тоот мэдэгдэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны 62 тоот тогтоол, Ажилтны төлөөлөлтэй хйисэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэл, Ажилтнуудаас хүргүүлсэн шаардлага гэх баримтуудыг ирүүлсэн. /1хх 27, 35-84, 96-112, 173-174, 227, 235-236, 238, 2хх, 87-96, /
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Э ХХК-иас ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам, мэдээллийн технологийн хэлтсийн менежер, системийн инженер, техник хангамжийн инженер, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн ажлын байрнуудад тэнцсэн ажилтнуудын мэдээллийг, нэхэмжлэгчийн ажиллах хугацаанд захиргаанд гаргаж өгсөн гэх хоёр удаагийн ажлын тайланг,
Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд Э ХХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулснаас маргаанд хамаарах Мэдээллийн технологийн хэлтсийн мэдээллийн технологийн хэлтсийн менежер, системийн инженер, техник хангамжийн инженер, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 ажлын байрны тухайд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан эсэх, зарласан бол энэ талаарх мэдээлэл, уг ажлын байрнуудад ажил горилогчид тавигдсан шаардлагад хамаарах баримтуудыг,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Геологи уул уурхай үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрийг,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэл татан буугдсан эсэх лавлагааг тус тус гаргуулсан. /1хх, 122-143, 158-172, 185, 196-198, 200-205, 2хх, 107-119, 131-132/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э ХХК нь тус компанийн бүтцээс өгөгдлийн шинжээч гэх ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ог ажлаас чөлөөлсөн. Гэвч нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн. Э ХХК нь ажилтнуудыг бөөнөөр халах хэлэлцээ хийхдээ зөвхөн тэтгэмжийн талаар хэлэлцсэн. Нэхэмжлэгч Б.О нэмэгдсэн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байхад эхний ээлжинд авч ажиллуулах үүргээ биелүүлээгүй, шинээр нэмэгдсэн ажлын байр санал болгоогүй тул Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох шимтгэл, татварыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.Огийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээч гэх ажлын байр хасагдсан тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, гурван сарын тэтгэмж олгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан мэдэгдлийг хуульд заасан хугацаанд гардуулсан. Мэдэгдэлд заасан 30 хоногийн хугацаанд талууд харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хэлцэл байгуулсан. Нэхэмжлэгч нь нээлттэй зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан хэлэлцээрийг ажилтны төлөөлөлтэй хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
4.1. Нэхэмжлэгч Б.О нь Э ХХК-ийн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс-т өгөгдлийн шинжээчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ЭМГЛ-47/ХГ дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 тоот тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /1хх-ийн 6-12, 14, 146/
4.2. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо Э ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн байна. /1хх-ийн 16-20/
4.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор Э ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, Э ХХК-ийн нэгдлийн хэмжээнд үр ашиггүй ажиллаж байгаа компани, төслийн нэгжийг татан буулгах болон хуримтлагдсан өр төлбөрийг 2022 онд багтаан барагдуулах талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 36-44/
4.4. Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Э ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг 91 байхаар тогтоосон байна. /1хх-ийн 35/
4.5. Улмаар Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталжээ. /1хх-ийн 59-69/
4.6. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э ХХК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр тушаал, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалт, ажилтанд гардуулан өгсөн мэдэгдэл, талуудын харилцан тохиролцсон хэлцлийг үндэслэн компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор ажилтантай харилцан тохиролцсон үндэслэлээр Б.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас чөлөөлжээ. /1хх-ийн 14/
4.7. Э ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/938 тоот албан бичгээр нэхэмжлэгч Б.Од Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэг, Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай тогтоолыг тус тус үндэслэн мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд: Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Э ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын журам-ын дагуу өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоно уу.
Сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8 дах хэсэгт заасныг үндэслэн тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, дуусгавар болгохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /1хх-ийн 13/
4.8. Э ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 47 ажилтны нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн байна. /1хх-ийн 173-174/
4.9. Э ХХК-ийг буюу ажил олгогчийг төлөөлж С.Б, Б.Г, Б.П, ажилтнуудыг төлөөлж О.Т, А.Б, Б.Т, Б.Ц, Г.Э, Д.М нар 2023 оны 01 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд хэлэлцээр хийсэн болох нь Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэл-ээр тогтоогдож байна. /2хх-ийн 87-94/
4.10. Э ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Н, ажилтан Б.О нар 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 03 дугаартай хэлцэл байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан хөдөлмөр эрхлэлтийг цуцалсны тэтгэмжид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 58/
5. Талууд нэхэмжлэгч Б.Огийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээч гэх ажлын байр Э ХХК-ийн бүтцээс бодитоор хасагдсан эсэх, ажил олгогч ажилтнуудыг бөөнөөр халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлсэн эсэхэд маргаж байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. гэж заасан.
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
6.2. Нэхэмжлэгч Б.Огийн ажиллаж байсан Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэс нь Мэдээлэл технологийн хэлтэс болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан өгөгдлийн шинжээч гэх ажлын байр хасагдсан болох нь дараах баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах хэлтэст хэлтсийн дарга 1, мэдээллийн технологийн бодлого аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн 1, мэдээлэл технологийн инженер 1, өгөгдлийн шинжээч 1, олон нийттэй харилцан мэргэжилтэн 1, нийт 5 орон тоотойгоор ажиллаж байжээ. /1хх-ийн 64-67/
Харин Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар Мэдээлэл технологийн хэлтэс-т мэдээлэл технологийн хэлтсийн менежер 1, системийн инженер 1, техник хангамжийн инженер 1, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн 1, нийт 4 орон тоотой байхаар шинэчлэн баталсан байна. /1хх-ийн 59-63/
Хэрэгт авагдсан, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар баталсан өгөгдлийн шинжээчийн ажлын байрны тодорхойлолт, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар баталсан системийн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан дүгнэхэд уг хоёр албан тушаал нь ажлын байрны зорилго, гүйцэтгэх чиг үүргийн хувьд ялгаатай болох нь тогтоогдож байх тул Э ХХК-ийн бүтцээс өгөгдлийн шинжээчийн ажлын байр хасагдсан гэж үзнэ.
7. Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргах эрхтэй хэдий ч ийнхүү ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.
7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасан.
Э ХХК-иас нэхэмжлэгч Б.Од 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн 01/938 дугаартай мэдэгдлээр Мэдээлэл, технологи олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн, өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгтээ хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох, хэрэв оролцоогүй, тэнцээгүй тохиолдолд түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах-ыг мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасантай нийцээгүй буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
7.2. Э ХХК нь ажилтнуудыг бөөнөөр халсан үйл баримтад талууд маргаагүй.
Ажил олгогч нь ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, энэ хуулийн 81.3-т заасан асуудлаар хэлэлцээ хийх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т ажилтны төлөөлөгч гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөгч, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтныг хэлэхээр заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Э ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо ажилладаггүй учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдлийг ажилтны төлөөлөлд мэдэгдэх боломжгүй байсан гэж тайлбарласан.
Гэвч хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар дээрх цаг хугацаанд Э ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо улсын бүртгэлд бүртгэлтэй байсан нь тогтоогдсон тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. /2хх-ийн 132/
Түүнчлэн, ажил олгогчийн санаачилгаар бус ажилтнуудын шаардлагын дагуу 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулсан хэлэлцээрийн хурлын тэмдэглэлийн хурлын агуулга хэсэгт Энэхүү хэлэлцээрээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. гэж заасан боловч хурлын тэмдэглэлээс дүгнэхэд ажил олгогчийн зүгээс халагдах ажилтны тоог багасгах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах талаар хэлэлцсэн байдал тогтоогдсонгүй.
7.3. Хариуцагч Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор бүтэц орон тооны дээд хязгаар 70 орон тоотой байсныг 91 болгож, 21 орон тоогоор нэмэгдүүлсэн, үүн дотор нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтсийг өөрчлөн зохион байгуулж, системийн инженер, техник хангамжийн инженер гэх албан тушаалууд нэмэгдсэн байна.
Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод Мэдээлэл технологийн хэлтэс-ийн системийн инженер албан тушаалд тавигдах шаардлагад мэдээллийн технологи, мэдээллийн систем, програм хангамжийн мэргэжилтэй, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, өгөгдөл дээр ажиллах, задлан шинжлэх чиглэлээр мэргэшсэн, LINUX, Microsoft 365 системийн удирдлагаар мэргэшсэн, Active director, domain controller админ түвшинд мэргэшсэн, мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болохоор заажээ.
Нэхэмжлэгч Б.О нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг компьютерийн программ хангамж мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төгссөн, өгөгдлийн шинжээч ажлын байранд тавигдах программ хангамж, түүний хэрэглээ хөгжүүлэлт ба шинжилгээний чиглэлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан Б.Огийн бакалаврын дипломын хуулбар, албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдсон.
Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан хэлэлцээгээр шинээр бий болсон ажлын байрны шаардлагыг хангаж байгаа ажилтнуудад ажлын байр санал болгоогүй, нэмэгдсэн орон тоонд бөөнөөр халагдаж байгаа ажилтнуудаас эхний ээлжид авч ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нээлттэй зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох шаардлага тавьсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
8. Иймд нэхэмжлэгч Б.Ог ажлаас чөлөөлсөн Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаал үндэслэлгүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Ог Э ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтсийн системийн инженер албан тушаалд тогтоох үндэслэлтэй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэхэмжлэгч Б.Огийн дундаж цалинг 2023 оны 01, 2022 оны 11, 12 дугаар сард авсан цалингаар тооцоход 1 сарын 3,576,530 төгрөг /4,456,591.63+3,136,500+3,136,500/, 1 өдрийн 170,310 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 19 сар, 13 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 70,170,472 төгрөг олгохоос тэтгэмжид олгосон 9,000,000 төгрөгийг хасаж 61,170,472 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Огийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Э ХХК-д даалгах нь зүйтэй.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Огийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Э ХХК-иас 463,802 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ог Э ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн системийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 61,170,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Огийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Э ХХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Огийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Э ХХК-иас 463,802 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ