Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1163

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00782 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-гийн хариуцагч “К-” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “К-” ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Барилгын төсөвчнөөр ажиллах хүсэлтээ компанийн захиралд илэрхийлсний дагуу компанийн санхүүжилтээр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 10 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 хоног тус тус сургалтанд хамрагдаж, барилгын төсөвчний гэрчилгээ авсан. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 4 сартай жирэмсэн байсан ба 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Барилгын төсөвчний сургалтанд суусан тул компани барилгын төсөвчнөөр ажиллах шаардлага тавьж байсан боловч надтай уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, жирэмсний амралт авах хүртэл хөдөлмөрийн гэрээнд заасан худалдааны зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Компанийн зүгээс барилгын төсөвчний ажлыг гүйцэтгэх, эсвэл худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан. Би арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүк чатаар захирал руу хүсэлтээ явуулсан. Шинэ ажилд томилсон тушаалыг гаргаад надад мэдэгдэнэ гэсэн үүнээс хойш санхүүгийн ажилтантай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалинтай ээж тэтгэлэгт хамрагдах зорилгоор хүүхэд асрах чөлөөний маягтыг авахаар холбогдоход ажлаас халагдсан тушаал гарсныг мэдэгдсэн. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа орохоор төлөвлөсөн байсан тул уг хугацаанаас эхэлж өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй, нялх хүүхэдтэй байсан тул ажлаас халсан тушаалыг садангийн ахаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авхуулсан. Ажлаас халсан тушаал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул ажилд буцаан томилж өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д- нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 17/04 дугаартай тушаапаар тус компанид худалдааны зөвлөхөөр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа компанийн зардлаар барилгын төсөвчний сургалтад суусны дагуу компанийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/04 дугаартай тушаалаар барилгын төсөвчний албан тушаалд Г.Д-г томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. 2019 оны 10 сараас ажлаас гарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Компанийн удирдлагын зүгээс үргэлжлүүлэн ажиллахыг санал болгосон боловч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус компанийн захирлын утсаар холбогдон, өөрийн мэргэжлийн дагуу барилгын менежментийн чиглэлээр хотын төвд ажилд орж байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хүсэж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж явуулсан. Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй ирүүлснээс хойш 1 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн захирлын 19/07 дугаартай тушаалаар Г.Д-г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн зүгээс дахин өөр ажилд томилох талаар санал болгосон, хуурч мэхэлсэн дарамталсан зүйл байхгүй. Г.Д-гийн өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “К-” ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Г.Д би "К-" ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс Худалдааны зөвлөхөөр ажилд орж ажиллаж байсан бөгөөд миний бие барилгын менежментийн мэргэжлээрээ буюу барилгын төсөвчнөөр ажиллах хүсэлтээ байгаагаа захирал н.Н-т илэрхийлсэн бөгөөд барилгын төсөвчний сургалтад сууж мэргэжлээ дээшлүүлээд барилгын төсөвчнөөр ажиллах боломжтой гэсэн хариу өгч, би компанийн санхүүжилтээр барилгын төсөвчний анхан шатны сертфикатыг авсан. Уг сургалтын хооронд буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр би 04 сартай жирэмсэн байсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрж охинтой болсон. Ийм учраас энэхүү сургалтыг завсартайгаар суралцаж төгссөн юм. Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу жирэмсний амралтаа авч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд ийнхүү амаржиж хүүхдээ асарч байтал "К-" ХХК-аас захирал н.Н- 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ярьж барилгын мэргэшсэн төсөвний сертификат авч, барилгын төсөвчнөөр ажиллах шаардлагатай тул худалдааны зөвлөхийн ажлаас чинь чөлөөлж, барилгын төсөвчний ажилд томилох шаардлагатай байна гэсэн. Би жирэмсний амралттай байгаа болохоор өөр ажилд томилох юм бол одоохондоо ажиллах боломжгүй гэдгээ хэлэхэд захирал худалдааны зөвлөхөөр ажиллуулах шаардлагатай, чи өөрөө барилгын төсөвчин болно гээд компани зардлаар сургалтад суусан одоо ажлыг нь солиод амаржсны амралтаа дуусгаад ирээд он гарахаар шинэ ажлаа хийнэ гэж хэлсэн. Би анх худалдааны зөвлөхөөр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул амаржсны чөлөө дуусаагүй байхад өөр ажилд орох боломжгүй гэсэн боловч юмпанийн зардлаар сургалтад суучихаад одоо яг санал болгосон ажилд томилох гэхээр «иаятагтоочлоо эсхүл бүр ажлаас чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан. Би арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж бичиж фэйсбүүк чатаар захирал н.Н- руу 2 хүсэлт мсж чатаар нь явуулсан. Эхний хүсэлтийг сургалтанд сууж байсан болохоор яаруу сандруу байдлаар худалдааны зөвлөхөөр ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичиж явуулахад н.Н- захирал утсаар залгаж, баллаж сохолсон байна, худалдааны зөвлөхийн ажлаа болиод барилгын төсөвчнөөр томилж өгнө үү гэж өөрчилж бич гэсний дагуу эхний бичсэн хүсэлтийн ар талд 2 дахь хүсэлт барилгын төсөвчний ажилд шилжүүлж өгнө үү гэж бичээд дахин мсж чатаар утсаараа зургийг нь дараад явуулсан. Энэ бичсэн 2 хүсэлтээ олохгүй байгаа тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа юм. Хариуцагч тал миний мсж чатаар явуулсан 2 хүсэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр өгөөгүй байсан ба харин тэгтэл шүүх хуралдаан дээр шүүгч хариуцагчаас энэ хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагчаас худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж өгөхөд нотлох баримтын шаардлага хангахгүй хүсэлтийг шүүх нотлох баримтаар шүүхэд хэлэлцүүлж, нэхэмжлэгчээс энэ мсж чатаар явуулсан хүсэлт чинь мөн үү гэж асуусан. Нэхэмжлэгч эхний явуулсан хүсэлт мөн байна, Н- захирал баллаж цохолсон байна, худалдааны зөвлөхийн ажлаас барилгын инженерийн ажилд шилжүүлж өгнө үү гэж засаад ахиж явуул гэсний дагуу явуулсан тэр хүсэлт байхгүй байна гэж шүүхэд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч тайлбарлаж хэлээд байхад үүнд шүүх дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх үнэлэхгүй байх, хэрэв мсж чатаар ирсэн гэж үзэж байгаа баримтыг нотлох баримтаар үнэлэхэд тухайн компанийн ирсэн бичиг бүртгэсэн дардас, бүртгэлийн дэвтрийн бүртгэсэн тэмдэглэгээ байхгүй байгаа тодруулж нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн энэхүү нотлох баримтын шаардлагагүй хангахгүй баримтыг шүүх нотлох баримтаар хэлэлцүүлж байгаа нэхэмжлэгчийн 2 дахь явуулсан хүсэлтийг өмн адил хариуцагчаас гаргуулж үнэлэх талаар хэлсэн байхад шүүхэд үүнийг анхаарч үзээгүй, Дэжидмааг эхний ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг миний бичсэн хүсэлт мөн гэж хэлснийг ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж гуйвуулж, шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг нотлох баримтаар үнэлж, Г.Д-гийн өгсөн мэдүүлгийн хүсэл зоригийн эсрэг хууль бусаар тайлбарлаж, Г.Д- ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдсан нь тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна. Шүүхээс Г.Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар амаржсны чөлөөний 60 хоногийн хугацаа дууссан байхад Д нь ажилдаа ороогүй, хэрэв энэхүү хугацаа дуусан бол Хөдөлмөрийн хуулийн 106-р зүйлийн 106.1 -т зааснаар хүүхэд асрах чөлөө авах хүсэлтээ ажил олгогчид гаргах ёстой байтал үүнийг гаргаагүй тул түүнийг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч гарсан мэтээр үндэслэлгүйгээр тайлбарласан. Г.Д-гийн хувьд захирал Н-той 2019 оны 11 дүгээр сарын 21 -ний өдөр утсаар ярихдаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох хүсэлтээ байгаа илэрхийлж, тэр хүртэл хүүхэд асрах чөлөөгөө авна гэдгээ илэрхийлж, энэхүү хүсэлтийг Н- компанийн захирал ажил олгогчийн хувьд хүлээн зөвшөөрснөөр энэхүү чөлөөг авах хүсэлтийг амаар гаргаж, ажил олгогч үүнийг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогддог. Гэтэл шүүх энэ талаар зохигчид маргаагүй байхад энэ хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн эсэх талаар зохигчдоос асуугаад гаргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс Г.Д- нь цалинтай ээжийн материалд компанийн санхүүгээс тодорхойлолт асуусан, ажилдаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ороогүй зэрэг нь түүнийг ажлаас халагдснаа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасныг давхар нотлож байгаа, нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй мэтээр шийдвэрт тайлбарлаж бичсэн байдаг. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар маш тодорхой тайлбарласан. 2019 оны 12 дугаар сард хорооны нийгмийн ажилтан нэхэмжлэгчийн гэрт нь ирж амаржсны болон хүүхэд асрах чөлөөтэй ээжүүд цалинтай ээж тэтгэлэгт заавал хамрагдах ёстой энэхүү эрхийг нь эдлүүлэхээр зорилгоор хорооны айлуудаар явж мэдээлэл өгч байгаа талаар хэлсэн бөгөөд Г.Д- цалинтэй ээжийн мөнгө нөхөж олгогдох талаар асуухад мэдээгүй, эрхээ хэрэгжүүлж чадаагүй хүмүүст туслана, материал бүрдүүлж хороонд өгөх талаар зөвлөснөөр Г.Д- компаниас тодорхойлолт асуусан нь ажлаа цаашид хийхгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн болгоод шүүх тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй юм. Мөн Г.Д- эх Г-тай ярилцаад он гаргаад ажилд орвол эх Г-н ээлжийн амралтаа авч хүүхдийг харж, цаашид хоёулаа ажил эрхлээд явах юм чинь хүүхдээр хөлсөөр хүн харуулахаар тохиролцоод байсан бөгөөд Г-гаас өөр хүн ажил хийхгүй байсан тул гэр бүлийн хувьд ингэж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдаанд тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч ажилдаа орж ажиллах боломжийг компани олгоогүй, харин түүнийг ажлаас халсан гэдгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн бөгөөд он гаргаад хүүхэд ханиад авсан тул тушаалыг авч чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Шүүх хүүхдийн эмчилгээний картаас 2019 оны 12 дугаар сард үзүүлэхэд эрүүл байсан тийм болохоор хүүхэд өвдсөн гэж Г.Д- худал мэдүүлсэн мэтээр шийдвэрт тусгасан нь мөн ойлгомжгүй, Г.Д- 2019 оны 12 дугаар сард хүүхэд өвдсөн гэж огт хэлээгүй, 2020 оны 01 дүгээр сард хүүхэд өвдсөн тул компани руу очиж тушаалаа авч чадаагүй гэж мэдүүлсэн нь ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй байгаа.  Хариуцагчаас Г.Д-гийн нийгмийн даатгалын дэвтэрт барилгын инженерээр ажилд авч, ажлаас чөлөөлсөн гэж худал мэдээллийг бүртгэсэн, мөн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр барилгын төсөвчнөөр ажилд томилсон хуурамч тушаал нөхөн гаргасан байхад хариуцагч нь нотлох баримт хуурамчаар бүрдүүлэн шүүхэд өгч байгаа зэрэгт дүгнэлт хийхгүй. Дээрх үндэслэлээр хариуцагч тал илтэд зөрүүтэй нотлох баримт, нотлох баримтын шаардлагагүй хангахгүй баримт зэргийг өгсөн байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэж байгаа гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Д- нь “К-” ХХК-ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

            Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасны дагуу ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөр өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авч, шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасанд нийцжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв..

 

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхпээ хууль буруу хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Д- нь анх хариуцагч “К-” ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралтаа авсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, хүүхдийн төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 6, 32-44 дүгээр тал/

 

            Улмаар ажил олгогчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/07 дугаартай тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Д-г худалдааны зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчжээ. /хэргийн 34 дүгээр тал/ Тодруулбал, нэхэмжлэгч Г.Д-гийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч дуусгавар болгосон байна.

 

            Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тохиолдолд тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэл зоригоо Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар илэрхийлсэн байх ёстой. Хэрэгт нэхэмжлэгч хүсэлтээ бичиж, фото зураг хэлбэрээр цахимаар илгээсэн гэх хуулбар баримт авагдсан байна. /хэргийн 49 дүгээр тал/ Нэхэмжлэгч Г.Д-гийн гаргасан гэх хүсэлтэд “...өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэж бичсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх боловч уг хүсэлтийг нэхэмжлэгч бичсэн болон бичигдсэн зүйлийн агуулгын талаар зохигчид маргаагүй. Уг баримтад заагдсан хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тайлбарлавал, тус байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн агуулгагүй байна. Өөрөөр хэлбэл, өөр байгууллагад ажилахаар болсонтой холбоотойгоор худалдааны зөвлөхийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэл зорилгоо илэрхийсэн болох нь тогтоогдоогүй байна.

 

            Хариуцагч буюу ажил олгогч Г.Д-г барилгын төсөвчний албан тушаалд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр томилсон 18/09 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалийн дэвтэрт томилж, чөлөөлсөн бичилт хийсэн байх боловч уг тушаалын дагуу талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй  тухайн албан тушаалд ажиллуулаагүй үйл баримтын талаар маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, барилгын төсөвчний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч эдгээр нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийг өөр ажилд шилжин томилогдох зорилгоор өгсөн гэх тайлбарыг давхар нотлож байгаад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Хариуцагч өөрийн гаргасан шийдвэр үндэслэлтэй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил буюу худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн томилох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй.

 

            Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс тооцох нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө ажилдаа орох хүсэлт гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны олговрыг түүний ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар шаардлага гаргасан өдрөөс тоолох нь зүйтэй. Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журын 7а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 1 415 333 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авч байсан байна. Иймд магадлал гарсан өдрийг хүртэл ажлын 62 өдрийн /1 өдрийн цалин 64 333 төгрөг/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин болох нийт 3 889 666 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00782 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Д-г “Констракшн энд булдинг суплайс” ХХК-ийн Худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3 988 666 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.” гэж

2 дах заалтын “дурдсугай.” гэснийг “дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 78 768.66 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                     С.ЭНХТӨР