Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00782

 

2020 оны 03 сарын 31 өдөр             Дугаар 183/ШШ2020/00782           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 00-р хороо, 00-00 тоотод оршин суух, Х овогт Г. Д /РД:УУ00000000/-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0-р хороо, Мишээл экспо барилгын их дэлгүүрийн 0 давхар, 00 тоот хаягт байрлах, К.э. б. С. ХХК /РД:0000000/-д холбогдох

        Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие К.э. б. С. ХХК -нд 2017.04.03-ны өдөр Худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Барилгын төсөвчнөөр ажиллах хүсэлтээ компанийн захиралд илэрхийлсний дагуу компанийн санхүүжилтээр 2019.04.08-нд 10 хоног, 2019.11.18-наас 10 хоног тус тус сургалтанд хамрагдаж, барилгын төсөвчний гэрчилгээ авсан. 2019.04.08-нд 4 сартай жирэмсэн байсан ба 2019.08.06-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019.09.27-ны өдөр төрсөн. Барилгын төсөвчний сургалтанд суусан тул компани барилгын төсөвчнөөр ажиллах шаардлага тавьж байсан боловч надтай уг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, жирэмсний амралт авах хүртэл хөдөлмөрийн гэрээнд заасан худалдааны зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Компанийн зүгээс барилгын төсөвчний ажлыг гүйцэтгэх, эсвэл худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлнө гэж дарамтлах шинжтэй зүйл ярьсан. Би арга буюу худалдааны зөвлөхийн ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019.11.21-ний өдөр фэйсбүүк чатаар захирал руу хүсэлтээ явуулсан. Шинэ ажилд томилсон тушаалыг гаргаад надад мэдэгдэнэ гэсэн үүнээс хойш санхүүгийн ажилтантай 2019.12.26-ны өдөр цалинтай ээж тэтгэлэгт хамрагдах зорилгоор хүүхэд асрах чөлөөний маягтыг авахаар холбогдоход ажлаас халагдсан тушаал гарсныг мэдэгдсэн. Миний бие 2020.01.01-ний өдрөөс хойш ажилдаа орохоор төлөвлөсөн байсан тул уг хугацаанаас эхэлж өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй, нялх хүүхэдтэй байсан тул ажлаас халсан тушаалыг садангийн ахаар 2020.02.20-ны өдөр авхуулсан. Ажлаас халсан тушаал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул ажилд буцаан томилж өгнө үү гэж тайлбарлажээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 17/04 дугаартай тушаапаар тус компанид худалдааны зөвлөхөөр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа компанийн зардлаар барилгын төсөвчний сургалтад суусны дагуу компанийн захирлын 2018.03.26-ны өдрийн 18/04 дугаартай тушаалаар барилгын төсөвчний албан тушаалд Г.Д томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2019.08.06-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. 2019 оны 10 сараас ажлаас гарах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Компанийн удирдлагын зүгээс үргэлжлүүлэн ажиллахыг санал болгосон боловч 2019 оны 11 сарын 21-нд тус компанийн захирлын утсаар холбогдон, өөрийн мэргэжлийн дагуу барилгын менежментийн чиглэлээр хотын төвд ажилд орж байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхийг хүсэж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж явуулсан. Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй ирүүлснээс хойш 1 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн захирлын 19/07 дугаартай тушаалаар Г.Д ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компанийн зүгээс дахин өөр ажилд томилох талаар санал болгосон, хуурч мэхэлсэн дарамталсан зүйл байхгүй. Г.Д өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

       Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

        К.э. б. С. ХХК -ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэв.

        Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч Г.Д К.э. б. С. ХХК -нд худалдааны зөвлөхөөр, нэг сарын 800,000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, нэг жилийн хугацаатай ажиллахаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 00/00 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай нийцжээ. /хх 35-41/

         Энэхүү хөдөлмөрийн гэрээнд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд Г овогтой Д нэг сарын цалинг 2017.04.26-аас 1,000,000 төгрөг болгон өсгөв, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сарын үндсэн цалин 1,400,000 төгрөг болгон тооцохыг 2018.03.26-аас хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгав, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд нэг сарын үндсэн цалин 1,650,000 төгрөг болгон өсгөв гэж тус тус нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан ажилтан, ажил олгогч нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх 43-44/

           Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Г.Д К.э. б. С. ХХК -нд худалдааны зөвлөхийн ажил үүргийг гүйцэтгэж байх ба ажил олгогч ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр цалин хөлс нэмэгдсэн болон хөдөлмөрийн гэрээ сунгасан өөрчлөлтийг харилцан тохиролцож баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч Г.Д жирэмсний болон амаржсаны амралт авах хүртэл худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан гэх тайлбар тогтоогдож байна.

         Хариуцагч буюу ажил олгогч Г.Д барилгын төсөвчний албан тушаалд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр томилсон 18/09 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалд бичилт хийсэн боловч уг тушаалын дагуу талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д заасан нөхцлүүд тогтоогдохгүй байх тул барилгын төсөвчний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

     Нэхэмжлэгч Г.Д нь ... Миний бие Г овогтой Д нь 2017 оны 4 дүгээр сарын 03-нд тус байгууллагад борлуулалтын менежерээр ажилд орсон ба өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү. Хүсэлт гаргасан Г.Д, 2019 оны 11 сарын 21 өдөр гэх хүсэлтийг хариуцагч К.э. б. С. ХХК -ийн захирлын цахим шуудангаар явуулсан, уг хүсэлт миний явуулсан цахим захиа мөн, миний бичиг маргахгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж маргаагүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох саналаа ажил олгогчид Г.Д гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, .... эрхийг шүүх эдлэх ... гэж заасны дагуу хавтаст хэргийн 49 дүгээр хуудасд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авахаар нэхэмжлэгчээс уг хүсэлт бичгээрээ байгаа эсэх, нэхэмжлэгч, хариуцагчид цахим захиа хадгалагдаж байгаа эсэхийг тодруулахад аль аль нь байхгүй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тул шүүх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч уг хүсэлтийн агуулга, бичгийн хэвийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар шүүх үнэллээ.

           Гагцхүү нэхэмжлэгч дээрх хүсэлтийг ажил олгогч дарамталсан тул бичиж өгсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн уг тайлбар, үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

         Мөн нэхэмжлэгч нь ... 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цалинтай ээжийн тэтгэмж авах зорилгоор хүүхэд асрах чөлөөний маягтыг авахаар ажил олгогчийн санхүүгийн ажилтантай холбогдоход ажлаас халагдсан тушаал гарсныг мэдэгдсэн. Миний бие 2020.01.01-ний өдрөөс хойш ажилдаа орохоор төлөвлөсөн тул уг хугацаанаас эхэлж өнөөдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна, нялх хүүхэдтэй учраас гэрээсээ гарч чадаагүй тул ажлаас халсан тушаалыг садангийн ахаар 2020.02.20-ны өдөр авхуулсан гэх тайлбар нь бодит байдалтайгаа зөрүүтэй, 2020.01.01-ээс ажилдаа орохоор төлөвлөж байсан гэх тайлбар нь үнэн зөв тайлбар өгч байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

       Учир нь Монгол Улсад Цалинтай ээж хөтөлбөр нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг тэтгэмж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т Тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн хүүхэд нь 3 нас хүрсэн, үрчлүүлсэн, нас барсан, тэтгэмж авч байгаа эх ажилдаа орсон сар хүртэлх хугацаанд олгоно гэсэн байх ба нэхэмжлэгч нэр бүхий 6 төрлийн бичиг баримт, тэтгэмж авах хүсэлтийн хамт бүрдүүлэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт гаргасан сараас эхлэн тэтгэмжийг авч эхлэхээр журамлажээ. 

         Иймээс нэхэмжлэгч тэтгэлэг авах хүсэлт гаргасан сараас эхлэн ажилд орох сар хүртэлх хугацааны тэтгэлэг авахаар байх тул 4 хоногийн дараа ажилдаа нэхэмжлэгч орохоор төлөвлөж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

         Мөн 2020 оны 12 дугаар сарын 26-нд ажлаас халсан тушаалыг нялх хүүхэдтэй авч чадаагүй садангийн хүнээр 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ажлаас авхуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох боломжгүй байсан болох нь өөрийнх нь тайлбараар мөн тогтоогдож байна.

         Иймд нэхэмжлэгч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлэхгүй, зөрүүтэй тайлбар өгч, тайлбар нь эргэлзээ төрүүлж байх тул ажил олгогч дарамталж хүсэлт бичүүлсэн гэх дан ганц нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлэх боломжгүй байна.

          Харин нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, хүүхэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр вакцинд хамрагдаж, эмчийн үзлэгт ороход хүүхэд зориургүй эрүүл байсан болох нь тогтоогдож /хх 6,16/ байх боловч 3 сартай хүүхэд зайлшгүй хүний асаргаанд байх учраас нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

        Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөр өгөх үүрэгтэй тул 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр авсан өдрөөс шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантэй нийцэж байна.

              Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно... гэж заасан нь ажил олгогч эхийг төрөхөөс өмнөх буюу жирэмсний 60 хоног, төрсний дараах буюу амаржсаны дараах 60 хоног нийт 120 хоногийг амралтыг ажил олгогч шууд олгоно, харин эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгохоор хуульчилжээ. Нэхэмжлэгч 2019 оны 9 сарын 27-ны өдөр төрсөн тул амаржсаны дараах амралт хуульд зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан бөгөөд цаашид хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг ажил олгогчид нэхэмжлэгч гаргаагүй, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас гарах хүсэлтээ ажил олгогчид цахим шуудангаар илгээжээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т ажилтан санаачилсан гэж заасан нь ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцлах саналаа ажил олгогчид гарах эрхтэй ба уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах эрхтэй байна.

           Иймд хариуцагч К.э. б. С. ХХК -ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00/00 тоот тушаалын Хөдөлмөрийн гэрээ цуцалсан хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Г овогтой Д өөрийх нь гаргасан хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан К.э. б. С. ХХК -ийн худалдааны зөвлөхийн ажилд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                 Ц.ОЮУНБИЛЭГ