Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1195

 

 

 

 

 

 

 

 

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00724 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 355 838 553.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК шүүхэд болон төлөөлөгч М.Д- шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Т-” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээ, ЗБ/СС180924018-3-20, ЗБ/СС180924018-3-21 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ф/СС180924018-3-22, Ф/СС180924018-3-23, Ф/СС180924018-3-24, Ф/СС180924018-3-25, Ф/СС180924018-3-26 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан 350 000 000 төгрөгийг, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Т- ХХК-нь ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Г.М-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201046617 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр, 109 тоотын 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууц болон иргэн Г.Н-тын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204096366 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр хороолол /13335/, 58 дугаар байр 38 тоотын 34,85 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд банктай байгуулсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нүүдийн дагуу Sinotruk-Howo /ZZ3317/ маркийн LZZ5EXSE2JN435602 арлын дугаар бүхий өөрөө буулгагч, Sinotruk-Howo /ZZ3317/ маркийн LZZ5EXSE0JN435601 арлын дугаар бүхий өөрөө буулгагч, Liang shan /YGK9403CXYE/ маркийн LVK9GH3C5J0000300 арлын дугаар бүхий өөрөө буулгагч чиргүүл, Liang shan /YGK9403CXYE/ маркийн LVK9GH3C7J0000301 арлын дугаар бүхий өөрөө буулгагч чиргүүл, Lovol /FL956F/ маркийн CLW009LFVJS002246 маркийн урдаа шанагатай авто ачигч зэрэг техникүүдийн өмчлөлийг манай банканд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээний 13.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй. Зээлдэгч нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 309 728 460.37 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 45 081 772.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 962 321.23 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 66 000 төгрөг байна. Зээлдэгч “Т-” ХХК-тай байгуулсан ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал нийт 355 838 553.86 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Г.М-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201046617 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байр, 109 тоотын 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууц болон иргэн Г.Н-тын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204096366 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр хороолол /13335/, 58 дугаар байр, 38 тоотын 34,85 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т-” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох нотлох баримт тайлбараа гаргаж өгөх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т-” ХХК-иас 366 804 580.31 / гурван зуун жаран зургаан сая найман зуун дөрвөн мянга таван зуун наян төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046617 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 байр 109 тоотод байршилтай 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096366 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 58 байр 38 тоот хаягт байршилтай, 34,85 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 267 950 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, Улсын орлогоос илүү төлсөн 275 977 төгрөгийг буцаан гаргуулж “Х Б” ХХК-д олгож, хариуцагч “Т-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 991 973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д тус тус олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч “Т-” ХХК-иас иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт нотлох баримт гаргаж өгөх талаар бичгээр мэдэгдсэн. Тус шүүхийн шийдвэрийг гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч надад хуралдааны товыг “мэдэгдэх хуудас"-аар мэдэгдсэн боловч ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээр миний эзгүйд шийдвэрлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар талуудын тэгш оролцоог хангаж мэтгэлцэх зарчмыг хангаагүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 355 838 553.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10 966 026.45 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 366 804 580.31 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 350 000 000 төгрөгийг, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.М-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046617 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 байр, 109 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Г.Н-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096366 дугаартай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 11 хороолол, 58 байр, 38 тоот хаягт байршилтай, 34.85 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан ЗГ/СС180924018-3 Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээ, ЗБ/СС180924018-3-20, ЗБ/СС180924018-3-21 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 10-35 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Талууд дээрх гэрээний дагуу 350 000 000 төгрөг зээлсэн, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 40 271 539.63 төгрөг, зээлийн хүүд 24 059 414.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 104 711.57 төгрөг, нийт 64 435 666.02 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаангүй байна.

 

            Хариуцагч зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикаар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 11-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/6989 дугаартай мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 168 дугаартай зээлдэгчийн хүсэлт зэрэг бичгийн баримтаар хариуцагчаас зээлээ төлөхийг шаардаж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ. Харин анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10 966 026.45 төгрөгөөр нэмэгдүүлсэнийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа нь дуусгавар болоогүй гэрээг хариуцагч үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсны дагуу өөрөө цуцалж, дуусгавар болгосон тохиолдолд гэрээний үүрэг буюу хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй болно. Өөрөөр хэлбэл гэрээг цуцласнаас хойш хугацаанд гэрээний үүргийг нэмж тооцон шаардах эрх зээлдүүлэгчид үүсэхгүй.

 

            Иймд дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу хариуцагч “Т-” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 355 772 553.86 төгрөг, нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 66 000 төгрөг бүгд 355 838 555 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 966 026 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

            Анхан шатны шүүх зээлийн барьцаанд тавьсан Г.М-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201046617 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 байр 109 тоотод байршилтай 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096366 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, 58 байр 38 тоот хаягт байршилтай, 34,85 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

            Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр болох талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-ид 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуралдаанд ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийнг 166.4 дэх хэсэгт эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/00724 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыгИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т-” ХХК-иас 355 838 553 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 966 026 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

3 дах заалтын “1 991 973 төгрөг” гэснийг “1 937 142.77” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 991 973 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                   

 

                                       ШҮҮГЧИД                              Д.НЯМБАЗАР            

                                                С.ЭНХТӨР