Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0778

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.О*******эн

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ц.О нарын хоорондын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гуравдагч этгээд Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.О*******энгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ч.О*******энгээс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандаж ...Баянзүрх дүүргийн 20-р хороо, Ианд 2014 оноос ахуйн хэрэгцээнд зориулсан зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмшиж байгаа тул эзэмших гэрчилгээ зөвшөөрөл олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай А/102 дугаар захирамжаар газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлтээ ирүүлсэн 431 иргэнд газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож баталгаажуулсан байх ба уг захирамжийн хавсралтын 212 дугаарт Ч.О*******энд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт И гэх газарт нэгж талбарын 13 дугаар бүхий 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн 0000 дугаар гэрчилгээг,

Иргэн Ц.Оээс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд хандан ...******* овогтой О миний эзэмшдэг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш******* байрлах 700 м2 хашааны газрыг баталгаажуулж иргэний ахуйн зориулалтаар гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан,

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/368 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн 534 иргэнд газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон байх ба уг захирамжийн хавсралтын 506 дугаарт Ц.От тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хоолойн аманд нэгж талбарын 13******* дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаар бүртгэж, 0000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна.

Улмаар 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ц.О нь дүүргийн газрын албатай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 01110-2022/07128 байгуулжээ

Нэхэмжлэгч Ч.О*******энгээс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны дарга Н.Ш*******д хандан ...газраа шударгаар эзэмшиж байхад миний эрхийг зөрчиж бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж 2020 онд уг газрыг эзэмших хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг хангахдаа газар дээр нь ирж нягталж шалгалгүй надтай уулзалгүй давхардуулан олгосон байна. Иймд газрыг шударгаар эзэмшигч миний эрхийг зөрчсөн үйлдлийг зөвтгөн үүссэн асуудлыг хуульд заасны дагуу шалган шийдвэрлэж өгнө үү гэх өргөдлийг гаргасан,

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 15/515 дугаар албан бичгээр иргэн Ч.О*******энд хандан ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Ианд таны хүсэлт гаргасан байршилд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар таны хүсэлт гаргасан байршилд эзэмшүүлсэн байна. Архивын баримтыг шүүж үзэхэд газрын байршлыг өөрчлөөгүй бөгөөд хүсэлт гаргасан кадастрын зургийн эргэлтийн цэгийн дагуу газар эзэмших эрх олгосон байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэн зөвшөөрөлгүй хашааг буулган газар чөлөөлсөн гэжээ.

Нэхэмжлэгч Ч.О*******энгээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Б*******т хандан ...одоо эзэмшиж амьдарч байгаа газрыг хил хязгаарыг буруу тэмдэглэсэн, үүнээс шалтгаалсан улсын бүртгэлтэй холбоотой зөрчил надаас шалтгаалаагүй тул уг зөрчлийг залруулан зөвтгөж миний газар эзэмших эрхийг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Дээрх хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ...иргэн Ч.О*******энд шүүхийн байгууллагад хандаж гомдлоо эцэслэн шийдвэрлүүлэх тухай тайлбарлаж өгснөөр гомдлыг хааж шийдвэрлэжээ.

2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ч.О*******энгээс Нийслэлийн Засаг даргад хандан ...миний эзэмшиж буй газрын хил заагийг буруу тэмдэглэж огт өөр эзэмшүүлэх боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайг оролцуулан зураг хийсэн...үүнийг би мэргэжилтэн хүн биш тул мэдээгүй. 2019 оны 3 дугаар сарын 14-с тухайн газар дээр хашаа гэр байшингаа барьж хууль болон гэрээнд заасан үүргээ ямар нэг алдаагүй биелүүлэн эзэмшиж байхад 2022 оны 6 дугаар сарын 03-нд иргэн Ц.От давхардуулан олгож манай хашааг тус газрын албанаас буулгахаар ирэх үед мэдсэн...уг газар дээр нэг ч ирж нягталж шалгалгүй надад мэдэгдэлгүй 2022 оны 6 дугаар сарын 03-нд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/368 дугаар захирамж гаргуулан иргэн Ц.От давхардуулан олгосонд гомдолтой байна...миний одоо эзэмшиж амьдарч байгаа газрыг хил хязгаарыг буруу тэмдэглэсэн, үүнээ шалтгаалсан улсын бүртгэлтэй холбоотой зөрчил нь миний буруутай үйлдэл биш надаас шалтгаалаагүй тул уг зөрчлийг залруулан зөвтгөж захирамжийн Ц.От хамаарах хэсгийг хүчингүй болгож миний газар эзэмших эрх, өмчлөх хөрөнгийн минь эрхийг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан,

Дээрх хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ...иргэн Ч.О*******энгийн хүсэлтийн дагуу тус албаны Захиргааны хэлтсийн мэргэжилтэн судалгаа, шалгалт хийж Газрын тухай хуулийн 27.1, 27.4 дэх заалтыг зөрчсөнийг тогтоосон байдаг. Энэ талаар иргэн Ч.О*******энтэй холбогдож мэдэгдсэн бөгөөд газар дээр нь очиж танилцахаар болов. Иргэн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ирж уулзахаар болов гэж шийдвэрлэжээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс анх 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Ч.О*******эн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Өөрийн эзэмшлийн газартаа евро хийцийн 120 м бетон хашаа, гэр байшин барьж 112 ширхэг мод тарьсан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/368 тоот захирамжаар иргэн Ц.От миний эзэмшлийн газартай давхцуулан газар олгож, газар эзэмшигч миний эрхийг зөрчиж байна.

3.2 Бусдад газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа тул эрх бүхий этгээдээс газар давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу, ямар нэгэн саадгүйгээр эзэмшиж, ашиглах боломж бүрдэх юм. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалтыг зөрчиж, Ц.От газар давхцуулан олгосноос болоод миний эзэмшлийн газрыг бусад этгээд ашиглах нөхцөл байдал үүсээд байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ....Хариуцагчийн зүгээс Ц.От олгосон газрыг олгохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газар эзэмшил, ашиглах, ашиглуулах тухай Геодези зураг зүйн газраас баталсан 2008 оны газар эзэмших ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журмын холбогдох заалтуудыг зөрчсөн. Хүсэлт гаргасан газрыг бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж олгосон гэж үзэж байна. гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Бодитоор ашиглаж байна уу гэвэл бодитоор ашиглаж байна. Эзэмших ашиглах эрх нь давхардуулж олгосон юм уу эсвэл координатын зөрөө гарчихсан юм уу яасан бэ гэдгийг нь хариуцагч тодорхойлох ёстой байтал эрх нь ямар ч байдлаар зөрчилдөөгүй гэдэг байдлаар үндэслэлгүй тайлбар хийж байна.

Эзэмших эрхтэй эрхгүй эсэх талаар бол маргаан байхгүй гэж ойлгож байгаа. Харин яг аль газар юм бэ гэдэг дээрээ л маргаан байна гэж ойлгоно. Хэн нэгэн этгээд аливаа газар дээр газар эзэмших эрхийн хүсэлт гаргаж болно. Үүнийг хууль ёсны дагуу бүртгэж аваад суурин болоод хээрийн судалгаа хийх ёстой.

Хээрийн судалгаа хийгдээгүй учраас гуравдагч этгээдийн эзэмших ёстой одоо бид нарын эзэмших газар аль нь юм бэ гэдэгт эргэлзээ үүсээд байна.

Газар зохион байгуулалтын алба хариуцагч газрын тухай хуулийн 32-ыг энэ журмынхаа 6.2.2 6.2.4-ийг эргэлтийн цэгүүдийг газар дээр хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдээ тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралтад заасан тэмдэглэлийг үйлдэнэ. Энэ үйлдлийг л хийчихсэн бол өнөөдрийн маргаан гарахгүй байсан. Газар дээр нь очсон бол Ц.Бийн гэр бүл нэхэмжлэгч Ч.О*******эн хашаагаа хатгачихсан гэрээ барьчихсан байгаа гэдгийг мэдчих байсан.

Нотлох баримтын хүрээнд Засаг дарга яагаад шар хоолойт гэж 13км-ийн цаана байгаа газарт хүсэлт гаргаад байхад нь татаж авчраад ид газар олгоод байгаа вэ? Хүсэлт гаргахдаа яг эргэлтийн цэг гэдэг жишээлбэл хүсэлт хүсээд байгаа газар чинь бол яг энэ хөдлөхгүй цэгээрээ тогтоогоод дүрэм ийм газар юм шүү гэдгийг тодорхойлж байгаа хамгийн чухал баримт бичиг, гэтэл 4 өөр кадастр гаргасан байна.

2013 онд эргэлтийн цэгээ газар бэхжүүлсэн, 2022 оны 06 сарын 03-нд гуравдагч этгээдийг газар эзэмших эрхтэй болохоос 10 сарын өмнө хашаагаа барьж байсан байна. Гуравдагч этгээдийг яг маргаад байгаа газар эзэмших эрхээ баталгаажуулж 10 сарын өмнө хашаагаа бариад эхэлчихнэ. Тэнд бодитоор ашиглаад байна гэсэн үг.

Гуравдагч этгээд яг жинхэнэ кадастр дээрээ байгаа гэж яриад байна. Анх олгогдоод, бүртгэлжүүлээд архивд орохдоо хүртэл алдаатай яваад байгаа учраас энэ үр дагавар чинь бий болчихсон байна гэж маргаад байгаа. Гэтэл үр дагавар үүсэх болсон урьдчилсан нөхцөл баримт бичиг нотлох баримтуудаа огт харахгүйгээр хамгийн наана үүсчхээд байгаа. Одоо кадастрын зургууд хийж ороонгуутаа харагдаж байгаа илэрцээр нь энэ 2-ыг чинь хоорондоо хамаарахгүй давхцахгүй юм байна. Нэг нь тэр бол нөгөөдөх дээр хойно нь ингэж асуудлыг хариуцагч шийдэж болохгүй.

Гуравдагч этгээдийн бүрдүүлж өгсөн газрын хувийн хэрэгт байгаа материалууд чинь гуравдагч этгээдэд газар эзэмших шийдвэр гаргахад хангалттай баримт бичиг мөн юм уу гэдгийг хууль зүйн талаас нь болоод бодит байдлаас нь хариуцагч яагаад бодохгүй байгаа юм бэ? Хууль зүйн талаас нь болоод бодит байдал дээр үнэхээр шийдвэр гаргах боломжгүй тийм газар биш. Тэгээд яагаад захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүй байгаа та бүхэн шийдвэр гаргаагүй юм. гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

6.1. ...Баянзүрх дүүргийн 33 дугаар /хуучнаар 20 дугаар хороо/ хорооны Ианд иргэн Ч.О*******эн /РД:*******/-гийн хүсэлт гаргаж кадастрын зураг хийлгэсэн байршилд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон бөгөөд тус иргэн нь өөрийн эзэмшлийн газрын эргэлтийн цэгээс өөр газар хашаа барьсан байсан.

Иргэн Ц.О нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшсэн газарт зөвшөөрөлгүй хашаа барьсан байна гэх гомдлыг гаргаж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зөвшөөрөлгүй хашааг буулган газар чөлөөлсөн.

Тухайн 2 иргэний хүсэлт өгсөн байршлын кадастрын зургууд хоорондоо давхцаагүй хүсэлт гаргасан кадастрын зургийн эргэлтийн цэгийн дагуу газар эзэмших эрх олгосон байна.

Хүсэлт гаргахдаа тойм зураг, кадастрын зураг хавсаргаж өгдөг нь үнэн эргэлтийн цэгийг хүлээлцсэн.

Нэхэмжлэгч А/368 тоот захирамжийг хүчингүй болгосноор зөрчигдсөн гэж үзэж сэргэх эрх байхгүй. Яагаад гэвэл өөрийнх газар эзэмших гэж байгаа захиргааны акт хүчинтэй байж байгаа. Газрын байршил нь байж байна. Ийм байхад эрх, хууль, ёсны, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх асуудал байхгүй. гэв.

7. Гуравдагч этгээд Ц.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. ...миний эзэмшил газар иргэн Ч.О*******энгийн эзэмшил газартай давхцаагүй бөгөөд бөгөөд тус тусын Газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай.

БЗД-ийн газрын албанд хандаж газрын албанаас 2021 оны 9-р сараас 2023 оны 7-р сар сарын хооронд БЗД-ийн газар албанд биечлэн 30 гаруй одоо очсон бичгээр 4 удаа газар чөлөөлүүлэх талаар өргөдөл хүсэлт гаргаж байсан. гэв.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Ц.Б нь дур зоргоор Ч.О*******энгийн эзэмшлийн баруун тал модон энэ сараалжин хашааг буулгаад баруун хойд талын зүгээс өөрийн хүүгийн нэр дээр авсан гэж хэлдэг. Эзэмшил газрынхаа баруун урд байршилтай газрын урд тал хүртэл бетон хашаа барьсан юм. Хувь хүний өмч болох хашааг газар зөвшөөрөлгүй түрэмгийлэн хашаа барьчхаад хүүгийнхээ газар дээр барьсан гэр барьж байгаа байшингаа үзүүлээд Ц.Оийн газрыг миний эзэмшлийн газрыг өөрийн эзэмшлийн газар гэж гүтгэж байгаа юм.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/368 тоот захирамжаар Ц.О миний нэр дээр олгогдсон газар Ч.О*******энд олгогдсон газартай давхцаагүй болохыг Газрын албанд өргөдөл гомдол өгсөн хариунуудаар нотлогдоно.

Ц.Б Ц.О нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын А/368 тоот захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/102 тоот захирамж гэрчилгээнүүд давхцаагүй байна. Ц.О миний зөвшөөрөлтэй газар дээр Ц.Б зөвшөөрөлгүй барьсан бетон хашааг буулгаж, вагончик, гэр, хувь хүний өмч буулгах боломжгүй гэхэд та нар шүүхэд ханд гэснийг эсрэгээрээ эргүүлээд шүүхэд хандсан.

Бүхэлдээ өөрийн буруутай үйлдлийг үл тоомсорлож эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, ажилтан, хувь хүн, иргэнийг буруутгах гэсэн бодит байдлыг эсрэгээрээ 100 хувь мушгин гуйвуулсан агуулгатай байгаа нь харамсалтай.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Бодит байдал газрын түүхийг яривал та шар хоолой ам, гэнэ Гачууртын ам, гэнэ хооронд нь хольж хутгаад өөртөө давуу байдал үүсгэх гэж байна. Газрын байршил өөр байна гээд газрын цэгийг хэн ч өөрчлөхгүй. 112 мод тарьсан зүйл байхгүй. Харин жалганы нөгөө талд хашаандаа 112 мод тарьсан байх. Нэгж талбарын дугаартай өөрийн эзэмшдэг газартай маргадаггүй. Шал өөр гэрчилгээтэй газрыг миний газар байх ёстой гээд дайраад байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

10. Нэхэмжлэгч Ч.О*******энгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...бусдад газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тухайн 2 иргэний хүсэлт өгсөн байршлын кадастрын зургууд хоорондоо давхцаагүй, хүсэлт гаргасан кадастрын зургийн эргэлтийн цэгийн дагуу газар эзэмших эрх олгосон байна гэж, гуравдагч этгээдээс ...миний эзэмшил газар иргэн Ч.О*******энгийн эзэмшил газартай давхцаагүй, тус тусын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Нэхэмжлэгч Ч.О*******энгээс 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандаж Баянзүрх дүүргийн 20-р хороо, Ианд зуслангийн зориулалтаар 700 м.кв газар эзэмших хүсэлт гаргаж түүндээ нэгж талбарын 13 дугаар бүхий кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргийг хавсаргаж өгснөөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх олгож, баталгаажуулах тухай А/102 дугаар захирамжаар Ч.О*******энд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт И гэх газарт нэгж талбарын 13 дугаар бүхий 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн 0000 дугаар гэрчилгээг олгосон, эдгээр гэрчилгээ болон шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байх ба талууд энэ талаар маргаагүй.

Харин гуравдагч этгээд Ц.Оээс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш******* байрлах 700 м2 хашааны газар эзэмших хүсэлт гаргаж, түүндээ хорооны Засаг даргын тодорхойлолт, нэгж талбарын 13******* дугаар бүхий кадастрын зураг зэргийг хавсаргаж өгснөөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/368 дугаар захирамжаар Ц.От тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн аманд нэгж талбарын 13******* дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаарт бүртгэж, 0000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан, уг гэрчилгээ хүчин төгөлдөр, гэрээний хугацаа дуусаагүй үйл баримтууд тус тус тогтоогдов.

12. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн...газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.2.2-т  эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг; гэж зааснаар тухайн газрын зааг байршил, нэгж талбарын дугаар бүхий тойм зургийг хавсаргаж өгөх үүрэгтэй, энэ нь тухайн хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэх шийдвэрийн бүрэлдэхүүн байхаар зохицуулагдсан ба нэхэмжлэгч нь нэгж талбарын 13 дугаар бүхий, гуравдагч этгээд нь нэгж талбарын 13******* дугаар бүхий кадастрын зургийг тус тус хариуцагч захиргааны байгууллагад гаргасны дагуу эдгээр нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд олгогдсон байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж, мөн хуулийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж тус тус заасан.

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тухайн газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон Геодези зураг зүйн газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1696 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч Ч.О*******эн болон гуравдагч этгээд Ц.О нарын эзэмших эрх бүхий газар нь 2 өөр нэгж талбарын дугаар бүхий хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх ба байршлын хувьд давхцаагүй болох нь тогтоогдсон болно.

Энэ тохиолдолд гуравдагч этгээд Ц.От газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн, уг захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

15. Нэхэмжлэгч нь хариуцагчийг ...хээрийн судалгаа хийгээгүй, хэрвээ хийсэн бол тухайн газар дээрээ амьдарч бодитоор ашиглаж байгаа нь тогтоогдох байсан... гэж маргаж байх боловч Газрын тухай хуульд зааснаар иргэний газар эзэмших эрх нь тухайн газрыг бодитоор ашигласнаар биш харин уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж хүсэлтээ гаргасан байхыг, тухайн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших ашиглах эрх бүхий газартай давхцаагүй байх талаарх хуулийн 31.3-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд олгогдох учиртай.

16. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь анхнаасаа нэгж талбарын 13 дугаар бүхий, гуравдагч этгээд нь нэгж талбарын 13******* дугаар бүхий кадастрын зургийн дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан, эдгээр газрууд нь байршлын хувьд давхцаагүй байхад ...миний хүсэлт болгосон газар энэ мөн, кадастрын компани буруу зураг хийсэн байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүйн дээр Дүүргийн Засаг даргын, 2019 оны А/102 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсноос хойш 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл энэ асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж байгаагүй байна.

17. Өөрөөр хэлбэл Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ, 10.2-т Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 10.2.1-д газрын кадастрыг удирдах, зохион байгуулах гэж зааснаар газрын кадастрыг эрхлэн хэрэгжүүлэгч байгууллага нь Дүүргийн засаг дарга биш Дүүргийн газрын алба бөгөөд ...кадастрын зургийг буруу хийсэн гэх асуудал нь хариуцагч Дүүргийн засаг даргаас Ц.От газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, нөгөө талаар нэхэмжлэгч тухайн асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

18. Газрын тухай хуулийн 27.1-д газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан, нэхэмжлэгч Ч.О*******эн болон Ц.О нарт тус тусын нэгж талбарын дугаартайгаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байгаа, Ч.О*******энгийн эзэмших эрх бүхий нэгж талбарын 13 дугаартай газар нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон болно.

19. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16/515 дугаар бичгээс үзвэл нэхэмжлэгч нь хүсэлт гаргасан байршилдаа газар эзэмших эрхтэй болсон атлаа гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байсны улмаас Ч.О*******энгийн зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

20. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.От холбогдох хэсэг нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх ба уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэгч Ч.О*******энгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О*******энгээс гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Ц.От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН