Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1193

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х Д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00829 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х Д-” ХХК-ийн хариуцагч “Х Х-” ХХК-д холбогдуулан гаргасан 2 522 908 110 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-, Д.О-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Д-” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг, харин “Х Х-” ХХК нь алт олборлох үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд тус хоёр компани 2010 оноос эхлэн хамтран ажилласан. Ингэж хамтран ажиллахдаа 2011 оноос “Х Д-” ХХК нь Хаан банкнаас өөрийн нэр дээр, гэхдээ банкны шаардлагын дагуу барьцаалуулагч, хамтран зээлдэгчээр “Х Х-” ХХК-ийг оруулан удаа дараа, нийт 1 сая гаруй ам.долларын зээл авсан. Уг авсан зээлээ “Х Х-” ХХК-д өгсөн. 1 сая гаруй ам.долларыг манай компани хэрэглээгүй. Зээл авахдаа тухайн үед амжилттай ажиллаж байсан “Х Д-” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, “Х Х-” ХХК-ийн БГД-ийн 20-р хороонд байх хуучин барилгыг засварлан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр шинээр бий болгох төсөл боловсруулж байж авсан ч зээлийн ихэнх хэсгийг “Х Х-” ХХК-ийн эзэмшлийн, Булган аймаг дахь Ар тамсагийн алтны ордоос алт олборлох ажлыг санхүүжүүлэхэд зарцуулсан. Дээрх зээлээр санхүүжүүлж, бий болгосон шинэ үйлдвэрийн болон алтны олборлолтын орлогоос зээл төлөгдөж дууссаны дараа “Хосдалай” ХХК нь нийт хөрөнгө, орлогын 40 хувийг эзэмшихээр “Х Х-” ХХК-ийн удирдлагатай амаар тохиролцсон байсан. 2013 онд “Х Х-” ХХК-ийн захирал Ц.Б- Булган аймаг дахь Өгөөмөрийн алтны ордоос алт олборлох ажлыг явуулахад шаардлагатай санхүүжилт 4-5 сая ам.долларыг Хаан банкнаас зээлж авахад туслахыг “Х Д-” ХХК-ийн захирал Х.Б-гаас хүссэн. Тэр үед “Х Х-” ХХК нь уг ажлын санхүүжилтийг олж чадахгүй удсан, санхүүжилт олж өгөхөөр амласан “Х Х- Гоулд” ХХК-ний захирал Д.Б-тай орлогоо 51, 49 хувиар хуваахаар тохиролцсон боловч цаад хүн нь зээл, санхүүжилт олж чадаагүй, “Х Х-” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Б- банкнаас дангаараа зээл хүсээд татгалзсан хариу авсан байдалтай байсан. Ц.Б- нь Өгөөмөрийн алтны ордыг 4 тн алтны нөөцтэй тул зээлээ хугацаанд нь төлөх бүрэн боломжтой гэж Х.Б-д хэлсэн. Х.Б- Ц.Б-д алтны борлуулалтын орлогын 40 хувийг авах санал гаргасан ч Ц.Б- нь 3-ний 1 хувийг л өгөх боломжтой гэсэн хариу амаар өгсөн. Ингээд Х.Б- нь “Х Х-” ХХК-тай хамтран уг зээлийг авах талаар банктай уулзахад танай “Х Д-” ХХК нь хамтран зээлдэгчээр орсон тохиолдолд зээл олгох боломжтой гэсэн тул Ц.Б-тай 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эцсийн байдлаар тохиролцож Зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Х Д-” ХХК нь хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх, харин “Х Х-” ХХК нь банкны зээлийг найдвартай төлөх үүрэг хүлээсэн. Мөн уг гэрээгээр “Х Х-” ХХК нь “Х Д-” ХХК-д хөлс, шагнал, хувь хүртээх үүрэг хүлээсэн бөгөөд уг гэрээний 2 дахь заалтад “Х Х-” ХХК нь зээл хөөцөлдөх үйл ажиллагааны зардалд зээлийн гэрээний үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хөлс “Х Д-” ХХК-д төлөх, “Х Д-” ХХК нь хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэсний төлөө, зээл төлж дууссаны дараа гэрээний 3 дахь хэсэгт зааснаар хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхай, мөн бусад төслөөс ашгийн 3-ний 1 хувь буюу 33% хүртэх, эсвэл хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нийт зээлийн 3-ний 1 хувьтай тэнцэх шагнал /бэлэн мөнгө, алт/ авах-аар тохиролцсон. Үүний дараа Хаан банк нь “Х Х-” ХХК-ийг зээлдэгч, “Х Д-” ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч болгон 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №ЗГ-13/62 дугаартай 3,1 сая ам.долларын Зээлийн гэрээ, мөн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №ЗГ-13/61 дугаартай 900 000 ам.долларын Зээлийн эрх нээх гэрээг тус тус байгуулсан. Ингээд банк тус хоёр компанийн хамтран эзэмшдэг 5038038832 тоот дансанд 3,1 сая ам.долларыг шилжүүлсэн. “Х Х-” ХХК нь уг 3,1 сая ам.долларыг, мөн 900 000 ам.долларын зээлийн эрхээс 750 000 ам.долларыг тус тус авч Өгөөмөрийн алтны ордоос алт олборлоход ашигласан. Нийтэд ил байдаг алт олборлолтын мэдээллээс харахад “Х Х-” ХХК нь уг ордоос жил бүр 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 100 гаруй кг алт олборлосон, нөөц нь дуусах болоогүй байна. “Х Д-” ХХК нь энэ 3 сая 850 мянган ам.долларын зээлээс авч ашиглаагүй. “Х Х-” ХХК нь 3,1 сая ам.доллараа Хаан банкнаас авсныхаа маргааш буюу 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Х Д-” ХХК-ийн дансанд гэрээний дагуу үйлчилгээний хөлс гэж 100 ам.доллар шилжүүлсэн. “Х Х-” ХХК нь энэ зээлийг авсныхаа дараа Баянгол дүүргийн 20-р хороонд шинээр байгуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрээ хамтран ажиллуулахаас татгалзаж, 4 сая ам.доллараа дангаараа хэрэглэхээр болсон. “Х Д-” ХХК нь өөрийн үйлдвэрийн түрээсийн байрны хугацаа дууссан, “Х Х-” ХХК нь өмнөх зээлүүдийг төлөөгүй, “Х Х-” ХХК-ийн 4 сая ам.долларын зээлийн хамтран зээлдэгч болсноос нэмж зээл авах боломжгүй болсон тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж үйлдвэрээ зогсоосон. Улмаар 2013 оны 10 дугаар сард “Х Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Ц.Б- нас барж, эхнэр Д.Э- нь “Х Х-” ХХК-ийг үргэлжлүүлэн авч ажиллуулсан. “Х Х-” ХХК нь зээлийн ашиглалт, зарцуулалт, эдийн засгийн тайлан тооцоо, орлого, ашгийн талаар “Х Д-” ХХК-д мэдээлэл өгч байгаагүй. “Х Х-” ХХК нь 3,1 сая ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадалгүй, хугацааг нь сунгуулсаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлж дууссан байна. Харин 900 000 ам.долларын зээлийн эрхээс 750 000 ам.долларыг авч ашиглаж, мөн л хугацаанд нь төлөлгүй, хугацааг нь сунгуулсаар байгаад 2017 онд төлж дуусгасан гэж сонссон. “Х Д-” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тэдгээр зээлүүд бүрэн төлөгдөж дуусаагүйн улмаас банкнаас зээл авах боломжгүй, өдий болтол хохирч байгаа юм. “Х Х-” ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-тай 2016 он уулзахад сүүлд авсан зээлээ төлж дуусаагүй гэж хэлсэн бөгөөд уг уулзалтаар гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу 3-ний 1 хувийн шагнал өгөх үүргээ биелүүлэхийг шаардсан боловч 100 000 ам.доллар өгөөд уг гэрээг дуусгавар болгох санал тавьсныг “Х Д-” ХХК нь зөвшөөрөөгүй болно. “Х Х-” ХХК нь зээлийн 4 сая орчим ам.долларын санхүүжилтээр их хэмжээний алт олборлож, их хэмжээний хөрөнгө, орлоготой болж, амжилттай ажиллах хугацаанд манай компани зээл авах боломжгүйгээс хөрөнгө, санхүүгийн дутагдалд орсон. Өөрийн үйлдвэрийн түрээсийн байрны хугацаа 2013 онд дуусахад хамтарсан үйлдвэрийн байранд шилжин ажиллахаар төлөвлөсөн байсан ч “Х Х-” ХХК нь үйлдвэрийг хамтран ажиллуулахаас татгалзсанаас болж үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн гадаад, дотоодын компаниудтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж чадалгүй, торгууль төлж, их хэмжээний орлогоо алдаж хохирсон. Иймд дээр дурдсан гэрээний 3 дахь хэсэгт зааснаар хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нийт зээлийн 3-ний 1 хувьтай тэнцэх шагнал /бэлэн мөнгө, алт/ авах эрхийнхээ дагуу “Х Д-” ХХК нь зээлийн хөрөнгийн нийт үнийн дүн болох 3 850 00 ам.долларын 1/3 буюу 1 283 330 ам.долларыг “Х Х-” ХХК-аас гэрээ байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ам.долларын ханшийг үндэслэн нэхэмжилж байна. Иймд “Х Х-” ХХК-иас гэрээний төлбөрт 1 283 330 ам.доллар буюу 1 809 238 634 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж, нийт ногдох ашгийн 2 522 908 110 төгрөгийг “Х Х-” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Д- ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Х Х- ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банктай ЗГ-13/61, ЗГ-13/62 тоот зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээлийн 5038038832 тоот дансанд 3 100 000 ам.доллар, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 713 822 ам.долларын санхүүжилт тус тус хийгдсэн. Энэ зээлийн гэрээнд “Х Д-” ХХК-ийн захирал Х.Б- хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээл бүтээхэд зуучлагчийн хөлсөнд зээлийн гэрээний үнийн дүнгийн 3 хувийг авахаар “Х Х-” ХХК-ийн захирал Ц.Б-тай амаар тохирсон байдаг. Зээлийн мөнгө орж ирсний дараа 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Х Д-” ХХК-ийн 5038026859 тоот данссанд 100 000 ам.долларыг шилжүүлж, үлдэх 20 000 ам.долларыг “Х Д-” ХХК-ийн ХААН банкнаас авсан ЗГ-12/244 тоот зээлийн гэрээний хүүг төлснөөр тохиролцсон төлбөр дууссан. Энэ тухайгаа Ц.Б- амьд ахуйдаа эхнэр, хүүхдэдээ хэлсэн байсан. Харин Зуучлалын гэрээг бичгээр хийсэн талаар хэлж байгаагүй, нэхэмжлэл гаргасны дараа анх мэдсэн. Зуучлалын гэрээг хийсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан байх шаардлагатай. Гэтэл гэрээ эх хувиараа байдаггүй, гэрээг эх хувиар нь гаргуулах хүсэлт гаргахаар “Х Д-” ХХК-ийн Налайх дүүрэгт байрлах оффисын зориулалттай гэр хулгайд алдагдахад зуучлалын гэрээ бас алдагдсан гэдэг. Энэ гэрээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. Хоёр компанийн хооронд аливаа өр төлбөрийн маргаан, үлдэгдэл байхгүй гэдгээ “Х Д-” ХХК-ийн захирал 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2017/12 дугаартай албан тоотоороо илэрхийлсэн. “Х Х-” ХХК нь зээлийн ЗГ-13/61 тоот гэрээний үүргийг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-13/62 тоот гэрээнд өөрчлөлт оруулаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлж дуусгасан. Эдгээр гэрээний үүрэгт “Х Д-” ХХК нэг ч төгрөг төлөөгүй, “Х Х-” ХХК дангаараа хариуцаж дуусгасан. Гэтэл энэ хугацаанд тухайн орд газруудаас олсон ашигтай холбоотой, мөн зуучлалын гэрээний талаар огт ярьж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х Х-” ХХК-иас 2 522 908 110 /хоёр тэрбум таван зуун хорин хоёр сая есөн зуун найман мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулахыг хүссэн “Х Д-” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 088 401 /арван гурван сая наян найман мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу тайлбарлаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “талуудын хооронд Иргэний хуулийн 412 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулахад зуучлах гэрээ байгуулагдсан, “Х Х-” ХХК нь “Х Д-” ХХК-д ... гэрээний 3 хувьтай тэнцэх хөлс 120 000 ам.доллар төлөх үүргээ биелүүлсэн, үүгээр зуучлалын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэлээ” гэжээ. Шүүх зуучлалын гэрээний 2 дах хэсэгт заасан зүйл дээр дүгнэлт хийсэн. Энэ талаар талууд маргаагүй. 2013 оны 04 сарын 11-ний өдрийн “Зуучлалын гэрээ”-нд "... Иргэний хуулийн 410- 420 дугаар зүйлийг үндэслэн зээл авахад банктай холбож өгөх, хамтран зээл авах зорилгоор дараах нөхцөлт гэрээг байгуулав” гэж гэрээний зорилгыг тодорхойлж, гэрээний гол нөхцөлүүдийг тохирсон. Маргааны зүйл нь гэрээний 3 дах заалт буюу “ ... батлан даалт гаргах хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх замаар буюу эрсдэл хүлээж банкнаас 4-5 сая ам.долларын зээлийг банкны дундаж хүүгээс хэтрэхгүй, хугацаа урттай бүтээхэд зуучлах, үүгээрээ алтны уурхайн хэвийн үйл ажиллагааг дэмжих, санхүүжилтийн хүндрэлээс гаргахад туслах, үүнийхээ төлөө хамтын зээлээс санхүүжигдсэн алтны уурхай, мөн бусад төслөөс ашгийн 3-ны 1 хувь буюу 33 хувь хүртэх, эсхүл хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө нийт зээлийн гуравны нэг хувьтай тэнцэх шагнал / бэлэн мөнгө. алт / авна ..” юм “Х Д-” ХХК нь гэрээний 2 дах хэсэгт зааснаар “Х Х-“ ХХК-ииг Хаан банктай холбож өгч зээл авах нөхцөлийг бүрдүүлж өгснөөр “Х Х-” ХХК нь Хаан банктай 2013 оны 04 сарын 12-ны өдрийн №ЗГ-13/62 дугаар 3,1 сая ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 04 сарын 12-ны өдрийн №ЗГ-13/61 дугаар 900 000 ам.долларын Зээлийн эрх нээх гэрээг тус тус хийсэн нь Иргэний хуулийн 412 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцэж байгаа. Зуучлалын гэрээний 3 дах хэсэгт зааснаар “Х Х-” ХХК нь хүссэн 4 сая ам.долларын зээл авахад зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх үүргээ биелүүлснээр, алтны уурхайн тоног төхөөрөмж худалдан авах, үйл ажиллагаа явагдахгүй байсан алтны уурхайнууд ажиллаж эхэлсэн юм. Хаан банкнаас олгосон зээл зориулалтын дагуу алтны уурхайд санхүүжилт болсон болохыг хариуцагч тал маргадаггүй. 2013 оны 04 сарын 11-ний өдрийн "Зуучлалын гэрээний 2 дах хэсэг зуучлалын гэрээний агуулгыг бүрэн тодорхойлж байхад гэрээний 3 дах хэсэг "Х Д-" ХХК нь батлан даалт гаргах, хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх, ... банкнаас 4-5 сая амдолларын зээлийг банкны дундаж хүүгээс хэтрэхгүй, хугацаа урттай бүтээхэд зуучлах"-ны эцэст шагнал авах нөхцөлийг заасан. Энэхүү үүргээ биелүүлсэн. “Х Д-” ХХК нь "Зуучлалын гэрээний 3-д зааснаар "Х Д-" ХХК нь батлан даалт гаргах, хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэгчээр оролцохдоо “Х Х-” ХХК зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй тохиолдолд “Х Д-” ХХК-ийн махны үйлдвэрийн орлогоос зээлийн эргэн төлөлтийг хийж байхаар Хаан банктай тохиролцсон юм. Энэ тохиролцоо нь талуудын хооронд зуучлалын гэрээний харилцааг үүсгээгүй бөгөөд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуульд шууд нэрлэгдээгүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж байна. Зүйрлэвэл, "Х Д-" ХХК хамтран зээлдэгч болсон нь өөр нэг зээлдэгч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж зээл авч чадвал барьцааны хөрөнгийн өмчлөгчид шагнал олгохоор тохиролцохтой адил бөгөөд энэ тохиролцоо нь Иргэний хуульд шууд нэрлэгдээгүй гэрээ болох юм. Гэтэл анхан шатны шүүх "Зуучлалын гэрээ-ний 3 дугаар заалтаар талууд Өгөөмөрийн алтны уурхайд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, мөн "Х Х- ХХК нь 5 639 200 000 төгрөгийн хамтын санхүүжилтээр 2014-2018 онуудад нийт 638,4 кг алт, 43.7 кг цагаан мөнгө олборлож. 56 964 724 615 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлгүй. ... нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хаан банк нь тус хоёр компанийн хамтран эзэмшдэг 5038038832 тоот дансанд 3,1 сая амдолларыг шилжүүлсэн. "Х Х-" ХХК нь уг 3.1 сая амдолларыг, мөн 900 000 амдолларын зээлийн эрхээс 713 822 ам.долларыг тус тус 2013 онд авч Өгөөмөрийн алтны ордоос алт олборлоход ашигласан. “Х Х-" ХХК нь 2014 онд Өгөөмөрийн алтны ордоос 101,7 кг алт олборлож, Монгол банкинд тушаан 7,5 тэрбумтөгрөгийн орлоготой ажилласан. 2015 онд 102,5 кг алт олборлож, 7,4 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. 2016 онд 101.9 кг алт олборлож, 9 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. 2017 онд 121.4 кг алт олборлож, 12,1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. 2018 онд 210.6 кг алт олборлож, 20.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Ингээд нийт 2014-2018 онуудад нийт 638,4 кг алт, 43,7 кг цагаан мөнгө олборлож, 56 964 724 615 төгрөгийн орлого, 7 645 176 091 төгрөгийн ашиг олсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. "Х Х-" ХХК нь 2013 онд авсан 3 813 822 ам.долларын зээлийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлж дуусах хүртлээ ашигласан бөгөөд 3 813 822 ам.долларын зээлийг ашиглаж, 2014 онд алт олборлосон, түүнээс хойш уг олборлосон алтны орлогоосоо дараа жилүүдийн алт олборлолтоо санхүүжүүлж байсан тул 3 813 822 ам долларын зээлийн үр өгөөжийг одоо хүртэл ашиглаж байгаа юм. "Х Х-" ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан гэж тайлбарлаж байгаа боловч зээл авсан тухай нотлох баримт гаргаж өгөөгүй. Голомт банкнаас 2018 онд шугамын зээл авсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа боловч энэ нь 2013 онд авсан 3 813 822 ам долларын   зээлийн үр өгөөжийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд уг шугамын зээлийг алтны уурхайд ашигласан гэх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад шүүх 2018 онд авсан шугамын зээлээр уурхайн санхүүжилт хийгдсэн мэт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дүгнэлт хийсэн төдийгүй хариуцагчийн тайлбарласан хамтран ажиллах гэрээ биш гэдгийг хүлээн авч 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн "Зуучлалын гэрээ"-ний 3 дах хэсгийн нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн "Зуучлалын гэрээ"-ний 3 дугаар заалтаар "Х Д-” ХХК нь "хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхай. мөн бусад төслөөс ашгийн 3-ний 1 хувь буюу 33% хүртэх. эсвэл хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нийт зээлийн 3-ний 1 хувьтай тэнцэх шагнал /бэлэн мөнгө, алт/ авах"-аар тохирсон нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар "Х Д-" ХХК нь хамтран зээлдэгч болох үүргээ биелүүлсэн тул гэрээний 3 дугаар заалтад заасан шагнал олгох үүргээ биелүүлэхийг "Х Х-" ХХК-иас шаардах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Х Д-” ХХК нь хариуцагч “Х Х-” ХХК-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хамтын зээлийн хөрөнгийн 3/1 хувь 1 809 238 634 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж олборлосон алтны ашиг нийт 2 522 908 110 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зуучлалын гэрээ байгуулагдаж, “Х Х-” ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд алт олборлох үйл ажиллагаа явуулахад хөрөнгө дутагдалтай, банкны зээлд хамрагдахад барьцаа хөрөнгө, баталгаа гаргахад хүндрэлтэй байсны улмаас зээлийн гэрээ байгуулахад зуучлах хүсэлтийг “Х Д-” ХХК-д гаргасан, зуучлалын хөлсөнд зээлийн гэрээний үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх мөнгө төлөхөөр тохиролцжээ. /1хх 20 дугаар тал/

 

            Улмаар хариуцагч “Х Х-” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Хаан банк” ХХК-тай ЗГ-13/62 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 3 100 000 ам.долларыг 18 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр, мөн оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-13/61 тоот Зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж 900 000 ам.долларын аккредитив эрхийг 18 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Х Д-” ХХК хамтран зээлдэгчээр зээлийн гэрээний нэг тал болон оролцсон байх ба хариуцагч зээлийг шилжүүлэн авч, дангаар буцаан төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогджээ. /1хх 12-19 дүгээр тал/ Өөрөөр хэлбэл уг зээлийг нэхэмжлэгч аваагүй, хариуцагч дангаар төлбөрийг төлж, дуусгавар болгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

            Хариуцагч “Х Х-” ХХК нь зуучлалын гэрээний 2 дугаар зүйлээр тохирсон зээлийн үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хөлс болох 120 000 ам.долларыг нэхэмжлэгч “Х Д-” ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 100 000 ам.доллар шилжүүлж, 20 000 ам.долларыг “Х Д-” ХХК-ийн “Хаан банк” ХХК-аас авсан ЗГ-12/244 тоот зээлийн гэрээний хүүг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан зуучлалын гэрээний үүрэг дуусгавар болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэсэлгүй.

 

            Мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч зуучлалын гэрээний 3 дах заалтыг үндэслэн ашиг хуваах талаар гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Учир нь талуудын хооронд зуулчлалын гэрээнээс гадна хамтран ажиллах гэрээ буюу холимог гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Тодруулбал, “Хаан банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд зохигчид хамтран зээлдэгчээр оролцсоноос өөрөөр нэхэмжлэгч хамтран ажиллах ямар үүрэг хүлээсэн, түүнийгээ хэрхэн биелүүлсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч “Х Д-” ХХК-ийг зээлийн гэрээний харилцаанд хамтран зээлдэгчээр оролцсоныг хариуцагчтай хамтран ажиллахаар тохиролцсон буюу хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулсанд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний харилцаанд оролцож ашиг авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Түүнчлэн, хариуцагч “Х Х-” ХХК нь “Хаан банк” ХХК-аас гадна “Голомт банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас зээл авч, зээл төлж байсан нь хариуцагчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул тухайн хугацаанд алт олборлож олсон ашгийг зөвхөн “Хаан банк” ХХК-аас авсан зээлээр санхүүжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. /1хх 58-78 дугаар тал/

 

            Хэрэгт “Х Д-” ХХК-ийн “Хаан банк” ХХК-д гаргасан 2014 оны 4 дүгээр сарын 22-ны 05/07 тоот тодорхойлолт, “Х Д-” ХХК-ийн “Х Х-” ХХК-д гаргасан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2017/12 тоот Зээлийн төлбөрийн тухай албан тоот, “Х Д-” ХХК-ийн захиралд гэсэн Х.Б-гийн хүсэлт, Зээл төлж барагдуулах 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ, Зээл төлж барагдуулах 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ зэрэг баримтууд авагджээ. /1хх 156-164 дүгээр тал/ Эдгээр баримт нь “Х Д-” ХХК болон “Х Х-” ХХК-ийн “Хаан банк” ХХК-аас хамтран зээлсэн зээлийн ЗГ-12/244 тоот гэрээний үүрэг, төлбөр тооцоо, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх маргаантай холбоотой байх бөгөөд ЗГ-13/61, ЗГ-13/62 тоот гэрээтэй холбоогүй байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Х.П, Х.Б-, Д.Б нарыг асуусан байх боловч тэд талуудын маргаж буй хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхайн ашгаас авахаар тохирсон эсэх, зуучлалын гэрээний талаар мэдүүлээгүй байна./2хх 28-32, 140 ар-143 дугаар тал/\

 

            Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00829 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 772 491 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                   

 

                                       ШҮҮГЧИД                              Д.НЯМБАЗАР            

                                                С.ЭНХТӨР