Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/00829

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК-д холбогдох 2 522 908 110 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б /үнэмлэх /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э /үнэмлэх 0974, Ж.Э /үнэмлэх 1295/, гэрч Х.Б, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг, харин Х ХХК нь алт олборлох үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд тус хоёр компани 2010 оноос эхлэн хамтран ажилласан. Ингэж хамтран ажиллахдаа 2011 оноос Хос д ХХК нь Хаан банкнаас өөрийн нэр дээр, гэхдээ банкны шаардлагын дагуу барьцаалуулагч, хамтран зээлдэгчээр Х ХХК-ийг оруулан удаа дараа, нийт 1 сая гаруй ам.долларын зээл авсан. Уг авсан зээлээ Х ХХК-д өгсөн. 1 сая гаруй ам.долларыг манай компани хэрэглээгүй. Зээл авахдаа тухайн үед амжилттай ажиллаж байсан Х ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, Х ХХК-ийн БГД-ийн 20-р хороонд байх хуучин барилгыг засварлан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр шинээр бий болгох төсөл боловсруулж байж авсан ч зээлийн ихэнх хэсгийг Х ХХК-ийн эзэмшлийн, Булган аймаг дахь алтны ордоос алт олборлох ажлыг санхүүжүүлэхэд зарцуулсан. Дээрх зээлээр санхүүжүүлж, бий болгосон шинэ үйлдвэрийн болон алтны олборлолтын орлогоос зээл төлөгдөж дууссаны дараа Х ХХК нь нийт хөрөнгө, орлогын 40 хувийг эзэмшихээр Х ХХК-ийн удирдлагатай амаар тохиролцсон байсан. 2013 онд Х ХХК-ийн захирал Ц.Б Булган аймаг дахь  алтны ордоос алт олборлох ажлыг явуулахад шаардлагатай санхүүжилт 4-5 сая ам.долларыг Хаан банкнаас зээлж авахад туслахыг Х ХХК-ийн захирал Х.Б-аас хүссэн. Тэр үед Х ХХК нь уг ажлын санхүүжилтийг олж чадахгүй удсан, санхүүжилт олж өгөхөөр амласан Х ХХК-ний захирал Д.Б-тай орлогоо 51, 49 хувиар хуваахаар тохиролцсон боловч цаад хүн нь зээл, санхүүжилт олж чадаагүй, Х ХХК-ийн ерөнхий захирал Ц.Б банкнаас дангаараа зээл хүсээд татгалзсан хариу авсан байдалтай байсан. Ц.Б нь Өгөөмөрийн алтны ордыг 4 тн алтны нөөцтэй тул зээлээ хугацаанд нь төлөх бүрэн боломжтой гэж Х.Б-д хэлсэн. Х.Б Ц.Б-д алтны борлуулалтын орлогын 40 хувийг авах санал гаргасан ч Ц.Б нь 3-ний 1 хувийг л өгөх боломжтой гэсэн хариу амаар өгсөн. Ингээд Х.Б нь Х ХХК-тай хамтран уг зээлийг авах талаар банктай уулзахад танай Х ХХК нь хамтран зээлдэгчээр орсон тохиолдолд зээл олгох боломжтой гэсэн тул Ц.Б-тай 2013 оны 04-р сарын 11-нд эцсийн байдлаар тохиролцож Зуучлалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хос далай ХХК нь хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх, харин Х ХХК нь банкны зээлийг найдвартай төлөх үүрэг хүлээсэн. Мөн уг гэрээгээр Х ХХК нь Х ХХК-д хөлс, шагнал, хувь хүртээх үүрэг хүлээсэн бөгөөд уг гэрээний 2 дахь заалтад Х ХХК нь зээл хөөцөлдөх үйл ажиллагааны зардалд зээлийн гэрээний үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх хөлс Х ХХК-д төлөх, Х ХХК нь хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэсний төлөө, зээл төлж дууссаны дараа гэрээний 3 дахь хэсэгт зааснаар хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхай, мөн бусад төслөөс ашгийн 3-ний 1 хувь буюу 33% хүртэх, эсвэл хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нийт зээлийн 3-ний 1 хувьтай тэнцэх шагнал /бэлэн мөнгө, алт/ авах-аар тохиролцсон. Үүний дараа Хаан банк нь Х ХХК-ийг зээлдэгч, Х ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч болгон 2013 оны 04-р сарын 12-ны өдөр №ЗГ-13/62 дугаартай 3,1 сая ам.долларын Зээлийн гэрээ, мөн 2013 оны 04-р сарын 12-ны өдөр №ЗГ-13/61 дугаартай 900,000 ам.долларын Зээлийн эрх нээх гэрээг тус тус байгуулсан. Ингээд банк тус хоёр компанийн хамтран эзэмшдэг 5038038832 тоот дансанд 3,1 сая ам.долларыг шилжүүлсэн. Х ХХК нь уг 3,1 сая ам.долларыг, мөн 900,000 ам.долларын зээлийн эрхээс 750,000 ам.долларыг тус тус авч Өн алтны ордоос алт олборлоход ашигласан. Нийтэд ил байдаг алт олборлолтын мэдээллээс харахад Х ХХК нь уг ордоос жил бүр 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 100 гаруй кг алт олборлосон, нөөц нь дуусах болоогүй байна. Х ХХК нь энэ 3 сая 850 мянган ам.долларын зээлээс авч ашиглаагүй. Х ХХК нь 3,1 сая ам.доллараа Хаан банкнаас авсныхаа маргааш буюу 2013 оны 05-р сарын 07-ны өдөр Х ХХК-ийн дансанд гэрээний дагуу үйлчилгээний хөлс гэж 100 ам.доллар шилжүүлсэн. Х ХХК нь энэ зээлийг авсныхаа дараа Баянгол дүүргийн 20-р хороонд шинээр байгуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрээ хамтран ажиллуулахаас татгалзаж, 4 сая ам.доллараа дангаараа хэрэглэхээр болсон. Х ХХК нь өөрийн үйлдвэрийн түрээсийн байрны хугацаа дууссан, Х ХХК нь өмнөх зээлүүдийг төлөөгүй, Х ХХК-ийн 4 сая ам.долларын зээлийн хамтран зээлдэгч болсноос нэмж зээл авах боломжгүй болсон тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж үйлдвэрээ зогсоосон. Улмаар 2013 оны 10 дугаар сард Х ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Ц.Б нас барж, эхнэр Д.Э нь Х ХХК-ийг үргэлжлүүлэн авч ажиллуулсан. Х ХХК нь зээлийн ашиглалт, зарцуулалт, эдийн засгийн тайлан тооцоо, орлого, ашгийн талаар Х ХХК-д мэдээлэл өгч байгаагүй. Х ХХК нь 3,1 сая ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадалгүй, хугацааг нь сунгуулсаар 2015 оны 11-р сарын 05-ны өдөр төлж дууссан байна. Харин 900,000 ам.долларын зээлийн эрхээс 750,000 ам.долларыг авч ашиглаж, мөн л хугацаанд нь төлөлгүй, хугацааг нь сунгуулсаар байгаад 2017 онд төлж дуусгасан гэж сонссон. Х ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тэдгээр зээлүүд бүрэн төлөгдөж дуусаагүйн улмаас банкнаас зээл авах боломжгүй, өдий болтол хохирч байгаа юм. Х ХХК-ийн ерөнхий захирал Д.Э-тай 2016 он уулзахад сүүлд авсан зээлээ төлж дуусаагүй гэж хэлсэн бөгөөд уг уулзалтаар гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу 3-ний 1 хувийн шагнал өгөх үүргээ биелүүлэхийг шаардсан боловч 100,000 ам.доллар өгөөд уг гэрээг дуусгавар болгох санал тавьсныг Х ХХК нь зөвшөөрөөгүй болно. Х ХХК нь зээлийн 4 сая орчим ам.долларын санхүүжилтээр их хэмжээний алт олборлож, их хэмжээний хөрөнгө, орлоготой болж, амжилттай ажиллах хугацаанд манай компани зээл авах боломжгүйгээс хөрөнгө, санхүүгийн дутагдалд орсон. Өөрийн үйлдвэрийн түрээсийн байрны хугацаа 2013 онд дуусахад хамтарсан үйлдвэрийн байранд шилжин ажиллахаар төлөвлөсөн байсан ч Х ХХК нь үйлдвэрийг хамтран ажиллуулахаас татгалзсанаас болж үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн гадаад, дотоодын компаниудтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж чадалгүй, торгууль төлж, их хэмжээний орлогоо алдаж хохирсон. Иймд дээр дурдсан гэрээний 3 дахь хэсэгт зааснаар хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нийт зээлийн 3-ний 1 хувьтай тэнцэх шагнал /бэлэн мөнгө, алт/ авах эрхийнхээ дагуу Х ХХК нь зээлийн хөрөнгийн нийт үнийн дүн болох 3 850 00 ам.долларын 1/3 буюу 1 283 330 ам.долларыг Х ХХК-аас гэрээ байгуулсан 2013 оны 04-р сарын 11-ний өдрийн ам.долларын ханшийг үндэслэн нэхэмжилж байна. Иймд Х ХХК-иас гэрээний төлбөрт 1 283 330 ам.доллар буюу 1 809 238 634 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Х ХХК нь 2018 оны 11 сарын 02-ны өдөр Х ХХК-иас гэрээний төлбөрт буюу 1 283 330 ам доллар болох 1 809 238 634 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Х ХХК, Х ХХК-ийн хооронд хийгдсэн зуучлалын 2013 оны 04-р сарын 11-ний өдрийн гэрээний 3 дахь хэсэгт хамтын зээлээр санхүүжигдсэн алтны .уурхай, мөн бусад төслөөс ашгийн 3-ний 1 хувь буюу 33% хүртэх, эсвэл хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нийт зээлийн 3-ний 1 хувьтай тэнцэх шагнал /бэлэн мөнгө, алт/ авах гэж заасны дагуу Х ХХК-иас зээлийн хөрөнгийн нийт дүн болох 3 850 000 ам.долларын 1/3 буюу 1 283 330 ам доллар болох 1 809 238 634 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. 2013 оноос 2018 онуудад Булган аймгийн алтны 2 ордоос олборлосон 536,59 кг алтнаас олсон ашгийн 3-ний 1 хувь болох 1 895 167 756 төгрөгийг Х ХХК-иас гаргуулах, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших алтны 3 орд /тусгай зөвшөөрлийн дугаар: MV-00, MV-000, МV-0/-ыг ашиглаж дуусах хүртэл уг 3 алтны ордоос ирээдүйд олох ашгийн 3-ний 1 хувийг компанийн тухайн жилийн санхүүгийн тайлан гарсан өдөр буюу жил бүрийн 02-р сарын 10-ны Х ХХК-д олгож байхыг Х ХХК-д даалгуулах, 2013 онд Х ХХК-ийн захирал Ц.Б Булган аймгийн  алтны орд /тусгай зөвшөөрлийн дугаар MV-00/, Өгөөмөр-2 нэртэй алтны орд /тусгай зөвшөөрлийн дугаар MV-0000/, Өгөөмөр хоолой-3 нэртэй алтны орд /тусгай зөвшөөрлийн дугаар МV-0/ газруудад алт олборлоход шаардлагатай санхүүжилт 4 сая орчим ам.долларыг Хаан банкнаас Х ХХК-ийн тусламжтайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд уг 3 тусгай зөвшөөрлийг тавьсан. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар. төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу Х ХХК нь тэдгээр алтны ордуудаас 2013 оноос 2018 онуудад олборлосон алтны хэмжээ, борлуулалтын дүнгээ Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга төслийн https://e-reporting.eitimongolia.mn вэб сайтад цахим тайлан болгож нийтэлсэн байна. Х ХХК-ийн 2013 оноос 2018 онуудын цахим тайлангаас үзэхэд 2013 онд 0 кг алт 2014 онд MV-00 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 7 560 800 000 төгрөгийн үнэ бүхий 101,7 кг алт, 2015 онд MV-0 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 7 415 851 771 төгрөгийн үнэ бүхий 102.55 кг алт, 2016 онд MV-00 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 6 020 564 046 төгрөгийн үнэ бүхий 68 кг алт, 2016 оны MV-0000 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 3 004 750 450 төгрөгийн үнэ бүхий 33.9 кг алт, 2017 онд MV-0000 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 12 125 052 094 төгрөгийн үнэ бүхий 121.47 кг алт, 2018 онд МV-00 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 15 454 120 998 төгрөгийн үнэ бүхий 154 52 кг алт, 2018 онд MV-00 тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 5 273 893 332 төгрөгийн үнэ бүхий 6.14 кг алт нийт 56 855 032 691 төгрөгийн үнэ бүхий 536.59 кг алт олборлосон байна. Алтны ордын хамгийн бага ашиг 10 хувиар тооцоход 536.59 кг алт олборлосон байна. Алтны ордын хамгийн бага ашиг 10 хувиар тооцоход 536.59 кг алт олборлосны ашиг нь 5 685 503 269 төгрөг болох ба гэрээний дагуу уг ашгийн 3-ний 1 хувийг тооцоход 1 895 167 756 төгрөг болж байна. Энэ дүн нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 85 929 122 төгрөгөөр илүү байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг 85 929 122 төгрөгөөр өсгөж, 1 895 167 756 төгрөг болгож байна. Х ХХК-ийн захирал Ц.Б 2013 онд Булган аймгийн Ө нэртэй алтны 3 орд нь нийлээд 1 тонн гаруй алтны нөөцтэй гэж банкинд танилцуулж байсан. Иймд Х ХХК нь тэдгээр 3 ордын нөөцийн 50 хувийг л одоогоор ашиглаад байна. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04-р сарын 11-ний өдрийн гэрээний 3 дахь хэсэгт Х ХХК нь хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхай, мөн бусад төслөөс ашгийн 3-ний 1 хувь буюу 33 хувиар хүртэхээр заасан. Дээрх 3 ордын алтны олборлолт нь 2013 оны 04-р сарын 11-ний өдрийн гэрээний дагуу олж авсан зээлийн хөрөнгөөр анх эхэлсэн бөгөөд уг 3 орд нь одоо болтол ашгаа өгч дуусаагүй байгаа тул Х ХХК нь уг ордуудын ирээдүйн ашгаас өөрт ногдох хувийг авах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт Х ХХК нь 2013-2018 онуудад Булган аймгийн нутагт орших алтны 2 ордоос олборлосон алтнаас олсон ашгийн 3-ний 1 хувь болох 1 895 167 756 төгрөгийг Х ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан билээ. Нэхэмжлэлийн уг шаардлагын үндэслэлийг Х ХХК 2014-2018 онд нийт 56 855 032 691 төгрөгийн үнэ бүхий 536,59 кг алт олборлосон тул алтны ордын хамгийн бага ашиг 10 хувиар тооцоход 536,59 кг алт олборлосны ашиг нь 5 685 503 269 төгрөг болох ба гэрээний дагуу уг ашгийн 3-ний 1 хувийг тооцоход 1 895 167 756 төгрөг болно гэж тайлбарласан. Гэтэл Монгол банкнаас ирүүлсэн лавлагаагаар Х ХХК нь нийт 638,4 кг алт болон уг алтны найрлага дахь 43,7 кг цагаан мөнгө тушааж, нийт 56 964 724 615 төгрөгийн орлого олсон байна. Мөн татварын албанаас ирүүлсэн Х ХХК-ийн 2014-2018 онуудын татварын тайланд тусгагдсан Х ХХК-ийн ашиг нь нийт 7 645 176 091.43 төгрөг болсон байх ба гэрээний дагуу Х ХХК-д ногдох ёстой ашгийн 33 хувь нь нийт 2 522 908 110 төгрөг болж байна. Иймд Х ХХК-ийн 2014-2018 онуудын татварын тайланд үндэслэн 2014-2018 онуудад Булган аймгийн  алтны 2 ордоос олборлосон алтнаас олсон ашгийн 3-ний 1 хувь болох 2 522 908 110 төгрөгийг Х ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 627 740 354 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Х ХХК-тай 2010 оноос хамтран ажилласан. Ингээд хамтран ажиллахдаа Хос далай болон Х ХХК нь 2011 онд Хаан банкнаас зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2013 онд Хос хас ХХК-ийн захирал асан Ц.Б нь Булган аймаг дахь Өгөөмөрийн алтны уурхайгаас алт олборлох ажилд санхүүжилт шаардлагатай байна, 4.5 сая ам.долларын зээлийг Хаан банкнаас авахад туслахыг Х ХХК-иас хүссэн. Тухайн үед Х ХХК нь Х ХХК-тай хамтран зээл авах гэсэн боловч чадаагүй. Ц.Б нь Ө алтны ордыг 4 тонн алтны нөөцтэй, зээлээ хугацаанд нь төлөх боломжтой гэдгээ хэлж байсан. Ингэхдээ Х ХХК-ийн захирал н.Б алтны борлуулалтын 40%-ийг анх авах саналыг гаргасан боловч Ц.Б захирал 1/3-ийг өгөх боломжтой гэдэг хариуг өгсөн. Хаан банкны хувьд Х ХХК, Х ХХК-иуд хамтран зээлдэгч болвол 4.5 сая ам.доллар гарах боломжтой гэсэн. Ингээд 2013 онд хоёр тал ярилцаад Зуучлалын гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр Х ХХК нь эрсдэл хүлээж, хамтран зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх, Х ХХК нь банкны зээлийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Зуучлалын гэрээний 3 дахь заалтаар хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхай, мөн бусад төслөөс ашгийн гурваны нэг хувь буюу 33% хүртэх, эсхүл гуравны нэг хүртэл хувьтай тэнцэх хэмжээний шагнал авна гэж тохирсон. Ингээд хоёр компани хамтран 2013 оны 04-р сарын 12-ны өдөр ХААН банктай ЗГ1362 дугаартай 3.1 сая ам.долларын, мөн тухайн өдөр ЗГ1361 дугаартай 900 000 ам.долларын зээлийн эрх нээлгэх гэрээг тус тус байгуулсан. Зээлийг 2013 оны 4-р сарын 18-ны өдөр ХААН банкны хамтран эзэмшдэг 5038038832 тоот дансаар 3.1 сая ам.доллар, мөн 713 822 ам.долларыг Х ХХК авсан. Энэхүү зээлээс Х ХХК авч ашиглаагүй. 2013 оны 05-р сарын 07-ны өдөр Х компаниас гэрээний дагуу зуучлалын хөлс 100 000 ам.долларыг шилжүүлсэн. Гэтэл Х ХХК-ийн захирал нь зээл авсныхаа дараа 2010 онд манайхтай хамтран ажиллуулж байсан мах махан бүтээгдэхүүний үйлдвэрийг хамтран ажиллуулахаасаа татгалзсан, үүнээс болж Х ХХК-д ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Х ХХК нь 2013 оны 04-р сарын 12-ны өдөр ХААН банкнаас авсан зээлийг бүрэн барагдуулж дууссан. Х ХХК нь хамтран зээлдэгч болсноороо зээл авах эрхээ алдсанаас ихээхэн хохирсон. Х ХХК нь 2014-2018 онуудад нийт 56 855 032 691 төгрөгийн үнэ бүхий 536.59 кг алт олборлосон тул олсон ашгийн хамгийн багаар тооцоход 5 685 503 269 төгрөгийн ашиг олсон байна. Зуулчлалын гэрээний дагуу уг ашгийн 1/3-ээр тооцоход 1 895 167 756 төгрөг болно гэж тооцсон боловч Монгол банкнаас авсан лавлагаагаар Х ХХК нь нийт 638,04 кг алт буюу алтны найрлага дахь 43,7 кг цагаан мөнгө тушаасан байна. Үүний ашиг нь 56 964 720 615 төгрөг болно. Татварын албанаас ирүүлсэн 2014-2018 онуудын татварын тайланд тусгагдсан байдаг. Ингээд Х ХХК-ийн ашиг нь 7 645 176 091 төгрөг болсон байх ба энэ мөнгөнөөс гэрээний дагуу Х ХХК-д ногдох ашгийн 2 522 908 110 төгрөгийг Х ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Х ХХК нь 2013 оны 44-р сарын 12-ны өдөр ХААН банктай ЗГ-13/61, ЗГ-13/62 тоот зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 5-р сарын 6-нд зээлийн 5038038832 тоот дансанд 3 100 000 ам.доллар, 2013 оны 8-р сарын 13-нд 713 822 ам.долларын санхүүжилт тус тус хийгдсэн. Энэ зээлийн гэрээнд Х ХХК-ний захирал Х.Б хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээл бүтээхэд зуучлагчийн хөлсөнд зээлийн гэрээний үнийн дүнгийн 3 хувийг авахаар Х ХХК-ний захирал Ц.Б-ай амаар тохирсон байдаг. Зээлийн мөнгө орж ирсний дараа 2013 оны 5-р сарын 7-нд Х ХХК-ний 5038026859 тоот данссанд 100 000 ам.долларыг шилжүүлж, үлдэх 20 000 ам.долларыг Х ХХК-ны ХААН банкнаас авсан ЗГ-12/244 тоот зээлийн гэрээний хүүг төлснөөр тохиролцсон төлбөр дууссан. Энэ тухайгаа Ц.Б амьд ахуйдаа эхнэр, хүүхдэдээ хэлсэн байсан. Харин Зуучлалын гэрээг бичгээр хийсэн талаар хэлж байгаагүй, нэхэмжлэл гаргасны дараа анх мэдсэн. Зуучлалын гэрээг хийсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангасан байх шаардлагатай. Гэтэл гэрээ эх хувиараа байдаггүй, гэрээг эх хувиар нь гаргуулах хүсэлт гаргахаар Х ХХК-ийн Налайх дүүрэгт байрлах оффисын зориулалттай гэр хулгайд алдагдахад зуучлалын гэрээ бас алдагдсан гэдэг. Энэ гэрээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. Хоёр компанийн хооронд аливаа өр төлбөрийн маргаан, үлдэгдэл байхгүй гэдгээ Х ХХК-ны захирал 2017 оны 10-р сарын 5-ны өдрийн 2017/12 дугаартай албан тоотоороо илэрхийлсэн. Х ХХК нь зээлийн ЗГ-13/61 тоот гэрээний үүргийг 2014 оны 10-р сарын 22-нд ЗГ-13/62 тоот гэрээнд өөрчлөлт оруулаад 2015 оны 11-р сарын 5-нд төлж дуусгасан. Эдгээр гэрээний үүрэгт Х ХХК нэг төгрөг төлөөгүй, Х дангаараа хариуцаж дуусгасан. Гэтэл энэ хугацаанд тухайн орд газруудаас олсон ашигтай холбоотой, мөн зуучлалын гэрээний талаар огт ярьж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь 2018 оны 11-р сарын 2-ны өдөр Х ХХК-д холбогдох хамтын зээлийн хөрөнгийн 3/1 хувь 1 809 238 634 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2019 оны 4-р сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж олборлосон алтны ашиг болох 1 895 167 756 төгрөг гаргуулахаар, 2019 оны 8-р сарын 9-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2 522 908 110 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2013 оны 4-р сарын 11-ний өдөр Х ХХК болон Х ХХК нь зуучлалын гэрээг бичгээр /1-р хавтас 20/ байгуулж, Иргэний хуулийн 410-420 дугаар зүйлийг үндэслэн Х ХХК-ийг зээл авахад банктай холбож өгөх, хамтран зээл авах зорилгоор гэрээний агуулгыг зорилгыг тодорхойлсон байна.

 

Х ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд алт олборлох үйл ажиллагаа явуулахад хөрөнгө дутагдалтай, банкны зээлд хамрагдахад барьцаа хөрөнгө, баталгаа гаргахад хүндрэлтэй байсны улмаас зээлийн гэрээ байгуулахад зуучлах хүсэлтийг Х ХХК-д гаргасан, зуучлалын хөлсөнд зээлийн гэрээний үнийн дүнгийн 3 хувьтай тэнцэх мөнгө төлөхөөр гэрээний 1, 2 дахь заалтад тусгагджээ. Үүгээр талуудын хооронд Иргэний хуулийн 412-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулахад зуучлах гэрээ байгуулагдсан, гэрээний хуулбарын үнэн зөвийг нотариатч гэрчилсэн нь бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн /хх 112-113/ байна.

 

Х ХХК нь 2013 оны 4-р сарын 12-ны өдөр ХААН банктай ЗГ-13 тоот зээлийн гэрээ байгуулж 3 100 000 ам.долларыг 18 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр, 2013 оны 4-р сарын 12-ны өдөр ЗГ-13/61 тоот Зээлийн эрх нээх гэрээ байгуулж 900 000 ам.долларын аккредитив эрхийг 18 сарын хугацаатай зээлэхээр тус тус /1-р хавтас 12-19/ тохирчээ. Эдгээр зээлийн гэрээнд Х ХХК хамтран зээлдэгч болсон, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулахад зуучилж, хамтран үүрэг гүйцэтгэхээр тохирсон байна.

 

Х ХХК нь зуучлагч Х ХХК-д 2013 оны 5-р сарын 7-ны өдөр зуучлалын хөлс 100 000 ам.доллар шилжүүлсэн /1-р хавтас 24/, 20 000 ам.долларыг Х ХХК-ны ХААН банкнаас авсан ЗГ-12/244 тоот зээлийн гэрээний хүүг төлснөөр Зуучлалын гэрээний 2 дугаар зүйлээр тохирсон зээлийн үнийн дүнгийн буюу 4 000 000 ам.долларын гэрээний 3 хувьтай тэнцэх хөлс 120 000 ам.доллар төлөх үүргээ биелүүлсэн, үүгээр зуучлалын гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэлээ.

Эдгээр зээлийн гэрээний дагуу ХААН банк зээлдэгч Х ХХК-ний дансанд мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч зээлээ төлж гэрээний үүргийг дуусгавар болгосон, энэ зээлээс Х ХХК хэрэглээгүй, зээлээс төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, мөн зээлдүүлэгч, зээлдэгчийн хооронд маргаан гараагүй байна.

 

Харин нэхэмжлэгч Х ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь зуучлалын гэрээ, мөн гэрээний 3 дахь заалт нь хамтран ажиллаж ашиг өгөхөөр тохирсон хамтран ажиллах холимог гэрээ гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхай, бусад төслөөс ашгийн 3/1 буюу 33 хувь хүртэх, эсхүл хамтын зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө, нийт зээлийн 3/1 хувьтай тэнцэх шагнал /бэлэн мөнгө, алт/ авна гэж тохирсон, энэ үүргээ Х ХХК биелүүлээгүй талаар маргаж, Булган аймгийн 2 ордоос 2014-2018 онд олборлосон алтнаас олсон ашгийн 3/1 хувь болох 2 522 908 110 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг байна.

 

Гэрээний 3 дахь заалтыг дээрх алтны ордод хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан гэж үзвэл ...хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг тохирсон байхаас гадна талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх, төлсөн хураамж, гэрээний үр дүнд бий болсон үр шим, бий болсон хөрөнгө дундаа хамтран өмчлөх хөрөнгө болдог байна.

 

Түүнчлэн хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, ашиг хуваарилахдаа талуудын оруулсан хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах, алдагдлыг хамтран хариуцах, хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.

 

Эдгээрээс дүгнэвэл, Зуучлалын гэрээний 3 дахь заалтаар талууд Х ХХК-ний тусгай зөвшөөрөл бүхий Булган аймгийн алтны уурхайд /1-р хавтас 48-53/ хамтран ажиллах, ашиг олохоор тохирсон үндэслэл тогтоогдоогүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, гэрээний энэ заалтад хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхайгаас олсон ашгийн 3/1 буюу 33 хувийг Х ХХК авахаар шаардсан нь зээлдэгч Х ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х ХХК-ний ХААН банктай байгуулсан 2013 оны 4-р сарын 12-ны өдрийн ЗГ-13/62 тоот 3 100 000 ам.долларын, 2013 оны 4-р сарын 12-ны өдөр ЗГ-13/61 тоот 900 000 ам.долларын нийт 4000 000 ам.доллараар буюу Монгол банкны 2013 оны 4-р сарын 11-ний өдрийн албан ёсны ханш 1 409.80 төгрөгөөр тооцвол 5 639 200 000 төгрөгийн санхүүжилтээр санхүүжигдсэн алт олборлох ажил хамаарахаар байна.

 

Харин Х ХХК нь 5 639 200 000 төгрөгийн хамтын санхүүжилтээр 2014-2018 онуудад нийт 638,04 кг алт, алтны найрлага дахь 43,7 кг цагаан мөнгө олборлож 56 964 720 615 төгрөгийн зардал гаргасан гэх үндэслэлгүй, үүнээс 7 645 176 091 төгрөгийн ашиг олсон, Х ХХК нь ашгийн 33 хувь буюу 2 522 908 110 төгрөгийг шаардах эрхтэй нь тогтоогдоогүй /1-р хавтас 184-199 татварын тайлан, 234 тооцоолол, Монгол банкны мэдээ/, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөөтэйгүүр, Х ХХК нь ХААН банкнаас гадна Голомт, Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээний үндсэн дээр зээл авсан, зээл төлж байсан нь хариуцагчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар /хх 58-78/ тогтоогдсон байна.

 

Х ХХК-ний ХААН банкинд гаргасан 2014 оны 4-р сарын 22-ны 05/07 тоот тодорхойлолт, Х ХХК-ний Х ХХК-нд гаргасан 2017 оны 10-р сарын 05-ны өдрийн 2017/12 тоот Зээлийн төлбөрийн тухай албан тоот, Х ХХК-ний захиралд гэсэн Х.Б-ийн хүсэлт, Зээл төлж барагдуулах 2014 оны 12-р сарын 23-ны өдрийн гэрээ, Зээл төлж барагдуулах 2016 оны 3-р сарын 4-ний өдрийн гэрээ зэрэг баримтууд /1-р хавтас 156-164/ нь Х ХХК болон Х ХХК-ний ХААН банкнаас хамтран зээлсэн зээлийн ЗГ-12/244 тоот гэрээний үүрэг, төлбөр тооцоо, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх маргаантай холбоотой баримтууд бөгөөд ЗГ-13/61, ЗГ-13/62 тоот гэрээтэй холбоогүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрч Х.П мэдүүлэхдээ...зуучлалын гэрээний эх хувийг би бичиж өгсөн...МОНЦАМЭ-гийн байранд гарын үсэг зурах гэж очсон, зуучлалын гэрээ, Х ХХК-иас Х ХХК-ний захирал Б олгосон итгэмжлэлийн эх хувийг би боловсруулсан ...талаар мэдүүлсэн /2-р хавтас 28-32/, шүүх хуралдааны шатанд гэрч Х.Б мэдүүлэхдээ...2002 оноос Х ХХК-тай Ө алтны ордод хамтарч ажилласан, Х ХХК-нийг 2 гишүүнтэй 49 хувийг Ц.Б, 51 хувийг Х.Б эзэмшихээр байгуулсан, хөрөнгө оруулалтыг Японоос оруулж ирэх, тоног төхөөрөмжийг Канадаас оруулахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй, тэгээд компанийг татан буулгасан талаар мэдүүлсэн, гэрч Д.Б мэдүүлэхдээ ...2003 оноос Х ХХК-тай хамтарч ажилласан, уул уурхайн бүх асуудлыг би хариуцаж байсан, Японы иточу корпорацитай гэрээ хийхэд оролцсон, төсөл бүтээгүй, дараа нь Унгар, Швейцарийн компанитай гэрээ хийж байсан, зуучлалын гэрээний талаар мэдэхгүй, ийм гэрээ байгаагүй талаар тус тус мэдүүлжээ.

 

Харин эдгээр гэрчүүд талуудын маргаж буй хамтын зээлээр санхүүжигдсэн алтны уурхайн ашгаас авахаар тохирсон эсэх, зуучлалын гэрээний талаар мэдүүлээгүй байна.

 

1 дүгээр хавтаст хэргийн 54-57, 99-100 дугаар хуудсанд авагдсан Х ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримттай нэхэмжлэгч маргаагүй, 91-98 дахь талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, 2-р хавтасны 6-16 дахь хуудсанд авагдсан баримтууд нь Х ХХК-тай холбоотой, энэ шийдвэрийн үндэслэл болоогүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 412-р зүйлийн 412.1, 476-р зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-иас 2 522 908 110 /хоёр тэрбум таван зуун хорин хоёр сая есөн зуун найман мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулахыг хүссэн Х ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 088 401 /арван гурван сая наян найман мянга дөрвөн зуун нэг/ төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА