Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0985

 

2023 12 18 128/ШШ2023/0985

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Н.Н*******ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н******* овогтой Н******* миний бие 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.

Дахин миний нэрийн өмнөөс хэн нэгэн нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н******* нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасанд нийцсэн, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н*******ын Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА