Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0989

 

2023 12 19 128/ШШ2023/0989

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг эс зөвшөөрч, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2/ Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрсөн гэх дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, энэхүү дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 550 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дугаар захирамжаар Ч.Б*******аас Х******* ХХК-д 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн.

2.2 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд. 2017 онд Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргасан. Энэхүү хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл бүтэн 6 жилийн турш буюу 2023 оныг хүртэлх хугацаанд тодорхой шийдвэрийг гаргахгүй явж байсан. Энэ нь шийдвэр гаргах хугацааг шууд зөрчсөн учраас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн захирамж хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа.

Х******* ХХК-ийн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлтийг 2023 он хүртэл шийдвэрлэхгүй байсан ч газрын албанаас Х******* ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй байсан гэж үзсэн. Үүнийг нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргаас хүчингүй болгох талаар тодорхой шийдвэрийг гаргаагүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй учраас Х******* ХХК-ийн газар эзэмших эрх одоогийн байдлаар хүчинтэй байсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Учир нь Х******* ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөрийг төлсөөр ирсэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд тухайн газарт ногдуулсан төлбөрийг төлөх ёстой.

Х******* ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд газар эзэмших гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 5.5 дахь хэсэгт хугацаа дуусмагц аль нэг тал нь цуцлах санал тавиагүй тохиолдолд гэрээний хугацаа нэг жилийн хугацаанд хүчинтэй байхаар гэрээгээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг дарга болон Х******* ХХК-иас газар эзэмших эрхийг цуцлах тухай саналыг гаргаагүй учраас өнөөдрийг хүртэлх хугацаанд Х******* ХХК нь тухайн газрыг эзэмших эрхтэй байсан болохыг нотолж байна.

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн захирамжийн гол үндэслэл нь газрыг 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримталсан. Х******* ХХК нь 2017 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд газрыг эзэмшиж, ашиглаж байсан хэдий ч Нийслэлийн Засаг даргаас тодорхой шийдвэрийг гаргахгүй байсан нөхцөл байдлаас болж газрыг бодитойгоор эзэмших боломж Х******* ХХК-д байгаагүй. Тийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэж үзэж байгаа Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэл нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны байгууллагууд уялдаа холбоотойгоор ажиллах ёстой. Энэ утгаар нь харвал 2017 оноос 2023 оны хооронд Х******* ХХК-ийг газар эзэмшиж байгаа гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд нотолсон баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дурдвал, 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаас тухайн газарт ерөнхий үнэлгээ хийлгэх боломжтой гэх чиглэлийг өгсөн байдаг. Үүний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаас тухайн газрын хянан баталгааны дүгнэлтийг баталгаажуулж өгсөн байгаа. Дээрх нөхцөлүүдээс үзвэл захиргааны байгууллагууд нь тухайн газрыг эзэмшиж байгаа гэдгийг үйлдлээр хүлээн зөвшөөрч байсан байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж байгаа бус эзэмшиж байсан газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Энэхүү бодит байдалд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар Х******* ХХК тодорхой үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас Засаг даргын захирамж нь хууль бус байх тул хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна.

Хоёр дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах ёстой байсан ч тодорхой шийдвэр гаргаагүй учраас энэ нь эс үйлдэхүй нь хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй гэдэг утгаараа хууль бус юм. Түүний улмаас Х******* ХХК-ийн газар эзэмших эрх хөндөгдөж байгаа учраас эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 1.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэр нь хууль ёсны байх урьдчилсан нөхцөлийг хангадаг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх нэгж юм. Энэхүү урьдчилсан нөхцөлийг баримтлан Засаг дарга тодорхой шийдвэр гаргах ёстой гэдэг нь харагдаж байна. Гэтэл зөвшөөрсөн шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байхад ямар үндэслэлээр дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаагүй гэдэг нь тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс Нийслэлийн Засаг дарга нь энэхүү Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг заавал баримтлах албагүй гэж байгаа боловч ажиллах журмын 1.1 дэх хэсэгт заасныг баримтлах ёстой. Хэрэв баримтлахгүй гэвэл түүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой гэж бодож байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүй байгаа болохыг тогтоож Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчлигээг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү. гэв.

3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Үзлэг хийх явцад болон хариуцагчийн гаргасан тайлбарын хувьд Х******* ХХК ямар хүсэлт, баримтуудыг гаргасан болох нь архив, хувийн хэрэгт яагаад байхгүй байгааг мэдэхгүй байна. Гэхдээ нэг хүсэлт гаргаж түүнийг нь 8 удаа хэлэлцсэн. Бүтэн 6 жилийн хугацаанд хариу өгсөн, өгөөгүйгээр хүсэлт хэлэлцэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зөвшөөрсөн дүгнэлтийг гаргаж үүнээс хойш 2 жилийн хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр дахин татгалзсан шийдвэрийг гаргасан. Зөвшөөрсөн дүгнэлтийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл Нийслэлийн Засаг даргад танилцуулж баталгаажуулах арга хэмжээ аваагүй байж яагаад дахин хэлэлцэж хүчингүй болгосон нь тодорхойгүй байна. Захиргааны байгууллагын шуурхай тасралтгүй байх, зорилгодоо нийцсэн байх, итгэл хамгаалах зэрэг үйл ажиллагааны зарчмууд байдаг. Бидний хувьд зөвшөөрсөн шийдвэр гарснаас хойш 2019 онд тодорхой баримт бичиг цуглуулах, тухайн газарт байгаль орчны үнэлгээ хийх ажиллагаануудыг хийсэн. Энэ ямар үр дагаврыг бий болгосон гэхээр тухайн газрыг зөвшөөрсөн гэх нөхцөл байдал нь өөрөө эдийн засгийн үр дагаврыг бий болгож байна. Газрын татвар авах зэрэг тодорхой ажиллагаа хийлгэж байгаа нь итгэл хамгаалах зарчмыг хамааруулах нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байгаа. Сунгагдсан гэдэг нөхцөл байдлыг бий болгож 2018 оноос 2019 онуудад тодорхой ажиллагааг хийлгэсэн бөгөөд энэ талаарх нотлох баримт нь хавтаст хэрэгт байгаа.

Сунгах эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм шигээр Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөс хариу өгч байгаа. Гэхдээ тус хариуг эрх бүхий этгээдийн гаргасан хариу биш гэж үзсэн. Тэгэхээр 6 жилийн хугацаанд сунгах эсэх асуудлыг огт шийдвэрлээгүй гэж үзэж байна. Засаг дарга ямар нэгэн байдлаар захирамж гаргаж байгаа нь хуульд нийцсэн байх ёстой. Газрын тухай хуульд хугацаандаа хүсэлт гаргаагүй бол дуусгавар болгохоор заасан. Гэтэл Х******* ХХК хугацаандаа хүсэлт гаргасан. 2 жилийн хугацаанд гэдгээ 2017 оноос өмнөх болон хойш хугацаанд хамааруулах ёстой гэж үзсэн гэхээр Засаг даргаас үүнийг тодорхойлоогүй. Газар эзэмших хугацаа 2017 онд дууссан ч гэсэн түүнээс хойш тодорхой хэмжээний үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тэгэхээр аль 2 жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэн нь тодорхойгүй учраас хууль бус захиргааны акт гэж үзсэн.

Зөвшөөрсөн тохиолдолд хүчингүй болгох эрх хэмжээ нь Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн эрх хэмжээнд байдаггүй. Засаг дарга ямар нэг байдлаар буцаасан, өөрчилсөн тохиолдолд буцааж байгаа. Гэтэл ямар нэг баримтгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус юм. Хэрвээ Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөс санал гаргаж, үүнд нь Нийслэлийн Засаг дарга ямар нэг байдлаар оролцох ёстой бол зөвшөөрсөн дүгнэлтийн дагуу ямар нэг шийдвэрийг гаргах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/61 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 550 м.кв газрыг Х******* ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 5, 14 дүгээр, Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 2,8 дугаар хурлаар, 2022 оны 16 дугаар хурлаар тус тус хэлэлцүүлэхэд "эс зөвшөөрсөн" дүгнэлт гарсан. Хурлын шийдвэрийг тухай бүр албан бичгээр хүргүүлсэн.

Мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 16 дугаар хурлаар хэлэлцүүлэхэд "Тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй, цэвэр усны хамгаалалтын бүсэд өртсөн үндэслэлээр "эс зөвшөөрсөн" тухай шийдвэр гарсан тул 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 05-08/5304 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01-08/122 дугаартай албан бичгээр 2022 оны 16 дугаар хурлын шийдвэрийг дахин мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Иймээс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Нийслэлийн Засаг даргад Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгож, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын "зөвшөөрсөн" гэх дүгнэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-т зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана" гэж заасны дагуу хянаж үзсэн. Гэтэл Х******* ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасан газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, газраа үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдсон. Мөн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд 33.6 дахь хэсэг "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэх хэсэг нэмэгдсэн бөгөөд тус газар нь цэвэр, бохир усны шугамын хамгаалалтын зурвас газартай давцхцалтай байсан. Иймээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болсон тул хугацаа сунгах шийдвэр гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээний нөхцөлийг хангаж ажилласан тохиолдолд хугацааг сунгана гэж заасан байдаг. Түүнээс биш заавал сунгана гэдэг ойлголт байхгүй. Х******* ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон тул газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй. Засаг дарга тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасны дагуу хүчингүй болгох шийдвэр гаргаж Х******* ХХК-д мэдэгдсэн.

Х******* ХХК-ийн зүгээс газрыг 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай ашиглаагүй гэх боловч бодит нөхцөл байдалд тогтоогддоггүй. Улсын Дээд шүүхийн тайлбарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заалтыг тайлбарлахдаа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газартаа гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу, тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан.

Эдгээр нөхцөл байдал нь газрын үзлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас Нийслэлийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрсөн гэх дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, энэхүү дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд.

1. Маргаанд хамаарах Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 550 м.кв газрыг иргэн Ч.Б******* Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар эзэмшиж байсныг эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтээр 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/61 дугаар захирамжаар Х******* ХХК-д 5 жилийн хугацаатай шилжүүлэн үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байдаг.

2. Тус компанид уг газрыг эзэмшүүлсэн 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 0232914 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 5 жилийн хугацаа 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дуусгавар болсон.

3. Тус компани 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлтээ гаргасан, уг хүсэлтэд Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/5836 тоот албан бичгээр хариу өгсөн гэх боловч өөрийн гаргасан гэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ирсэн бичгийн бүртгэл-ээс шүүж үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлтээс өөр хүсэлт 2017 онд бүртгэгдээгүй.

Х******* ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ, гэрчилгээ нөхөн авах хүсэлт Нийслэлийн Газрын албаны ирсэн бичгийн бүртгэлийн 6 дугаар дэвтрийн 2024 дугаарт 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдэж, 11 дүгээр сарын 29-ний өдөр цохогдож, 2017 оны 03/5636 тоот албан бичгээр хариу өгсөн нь тэмдэглэгдсэн байх тул Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/5636 (03/5836 байж болно, 5 дугаартай цифрийн ардах цифр гаргацгүй бичигдсэн 8, эсхүл 6) тоот албан бичгээр[1] Х******* ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтэд 2 жилээс дээш ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон талаарх хариу өгсөнийг тус компанийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хүсэлтэд өгсөн хариу гэж үзэв.

4. Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтэд өгсөн дээрх хариунаас гадна Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл тус компанийн удаа дараагийн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг эс зөвшөөрч шийдвэрлэсэн байдаг, тухайлбал,

4.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж Геодези, усны байгууламжийн газар болон шугамын хангагч байгууллагаас санал авах шаардлагатай гэж үзээд хойшлуулах дүгнэлт гарсныг, дээрх байгууллагаас санал авч ирүүлэхийг Х******* ХХК-д Газрын албаны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 02-06/2180 тоот албан бичгээр[2] мэдэгдсэн,

4.2. Х******* ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 07 тоот усны барилга байгууламжийн хангагч байгууллагын саналыг хүргүүлж, газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг[3] Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцээд далантай үндэслэлээр эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг 8 дугаар сарын 28-ны өдрийн 03-06/4043 тоот албан бичгээр мэдэгдсэн[4],

4.3. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар дахин хэлэлцээд эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасан[5],

4.4. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцээд мөн эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг Газрын албаны 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02-06/2132 тоот албан бичгээр мэдэгдсэн[6],

4.5. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар хэлэлцээд гэрчилгээг хүчингүй болгох 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн үндэслэлээр эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг Газрын албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03-06/7620 тоот албан бичгээр мэдэгдсэн[7],

4.6. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцээд эс зөвшөөрсөн дүгнэлт гаргасныг Газрын албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05-08/5304 тоот албан бичгээр мэдэгдсэн[8],

4.7. Мөн тус компанийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаа сунгуулах хүсэлтэд 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01-08/122 дугаартай албан бичгээр 2022 оны 16 дугаар хурлын шийдвэрийг дахин мэдэгдсэн[9], 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтэд 2 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/486 тоот албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлтийг зөвлөлөөр хэлэлцүүлэн эс зөвшөөрснийг өмнө 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05-08/5304, 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01-08/122 тоот албан бичгүүдээр хариу мэдэгдсэн болохыг дурдаж, зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрх дуусгавар болсныг мэдэгдсэн[10] байдаг.

5. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана, 37.2-т тухайн шатны Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана гэж заасан. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл хугацаа сунгуулах хүсэлтийг хэлэлцэж эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд удаа дараагийн хүсэлтийг хянан хэлэлцэж газраа зориулалтын дагуу ашиглаагүй 2-оос дээш жил өнгөрсөн, усны шугам сүлжээтэй давхцалтай гэх эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаагүй талаарх дүгнэлтүүдийг гаргасан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

5.1. Тус компани уг газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй болох нь шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 27-нд хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг бэхжүүлсэн фото зургууд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарх мэдээллийн сангийн кадастрыг агаарын зургаар давхцуулсан зургаар тогтоогдож[11] байх бөгөөд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүйтэй болон уг зориулалтаар ашиглахаар эрх бүхий этгээдээр батлуулсан зураг төсөлгүйтэй маргаагүй болно.

Шүүхийн үзлэгээр нэгж талбарын 18******* дугаарт бүртгэгдсэн 550 м.кв газар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд Токиогийн гудамж, Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/, Топ мебель дэлгүүрийн эсрэг талд, авто замын зүүн талд, зам дагуу зүүн хойноос баруун урагш сунасан байршилтай, 11м х 43м харьцаатай, баруун талаараа явган зам, авто зам бүхий, зүүн талаараа налуу, чулуун далантай, зүүн талд өндөрлөг хэсэгт орон сууцны 27 дугаар байр, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж байрласан, газрын зарим хэсгийг цементэлсэн, нийтийн эзэмшлийн авто зогсоолын байдлаар ашиглагдаж байгааг[12], 2020 онд хийгдсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтээр зүүн хойноос баруун урагш 5-9 хэмийн налуу, 550 м.кв газрын 284 м.кв талбайг цементэлсэн, 226 м.кв талбайд чулуун далан хийгдсэн, 40 м.кв талбай сул байгааг[13] тус тус тэмдэглэсэн.

5.2. Түүнчлэн маргаан бүхий газар доогуур цэвэр усны инженерийн шугам байгаа болох нь,

5.2.1. Нэгж талбарын 18******* дугаарт бүртгэгдсэн 550 м.кв уг газрын 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэвлэгдсэн кадастрын зурагт хэмжилтийн ажилтан 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цэвэр усны ф200 шугам нь 1, 2 дугаар цэгээс зүүн тийш 1 метр зайд, засмал хашлагаас зүүн тийш 7 метр байрласан болно. (машины зогсоолын замын хашлагаас баруун тийш 2.8 метр зайд болно) хэмээн тэмдэглэж, газрын автозам дагуух баруун талд цэвэр усны ф200 шугам бүтэн давхцсан хэмжилтийг зурсан баримтаар[14],

5.2.2. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/1207 тоот Токиогийн гудамжны авто зам дагуу байрлах газарт байгаа цэвэр усны шугамыг хонгилын системд оруулах Х******* ХХК-ийн хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн техникийн нөхцөл олгох хурлаар хэлэлцсэн, шугамыг бүрэн нэвтрэх сувагт оруулж хамгаалалт бэхэлгээ хийлгэх тохиолдолд ажлын зураг хийлгэн Барилгын хөгжлийн төв, холбогдох байгууллагуудтай зөвшилцөх шаардлагатай[15] гэх албан бичгээр,

5.2.3. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас шүүхэд тодруулга хүргүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2499 тоот албан бичигт дурдсанаар нэгж талбарын 18******* дугаартай Х******* ХХК-ийн эзэмшилд байсан газрын кадастрын зургийн 1, 2 дугаар цэгээс зүүн тийш 1 метрт буюу 550 м.кв талбай дотор төвийн цэвэр усны ф200 мм-ийн голтой шугам байрласан[16] нь тогтоогдож байна.

5.3. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан энэ үндэслэлийг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй, харин хугацаа сунгуулах хүсэлтдээ энэ талаар газрын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллага нь цэвэр усны шугамын хамгаалалтын бүсэд давхцалтай газрыг эзэмших эрхийн нэр шилжүүлэх хүсэлт шийдвэрлэхдээ үнэн зөв мэдээллээр хангаагүй, төөрөгдөлд оруулсан, эргээд эрх хязгаарлаж байгааг зөвшөөрөхгүй хэмээн дурдсан байх боловч энэ нь хугацаа сунгахаас татгалзсан энэ үндэслэлийг няцаахгүй.

5.4. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугам, түүний тэнхлэгээс 2 тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтоох бөгөөд инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд орон сууц үйлчилгээний барилга барих боломжгүй юм.

6. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй үндэслэлээр Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

Уг захирамжид Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан хавсралтаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд хавсралтад Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь аль үндэслэлд, эсхүл аль аль үндэслэлд хамаарахыг тусгаагүй, 40.1.1 дэх заалт талуудын маргаж буй үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэлд хамааруулж дүгнээгүй болно.

6.1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд 37.2-т зааснаар тухайн шатны Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах ба нөхцлийг хангаагүй гэж үзвэл хугацаа сунгахаас татгалзах эрх хэмжээ бий гэж үзнэ. Тиймээс хугацаа сунгахаас татгалзсан тохиолдолд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болсон үндэслэл, үр дагавар үүснэ.

6.2. Өөрөөр хэлбэл Х******* ХХК-ийн 2017-2023 оны хооронд удаа дараагийн гаргасан хугацаа сунгуулах агуулгатай хүсэлтүүдийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2018-2022 онд тухай бүр хэлэлцэж 2017-2023 онд тухай бүр хариу өгч байсан нь газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсныг илэрхийлэхгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийг үндэслэл бүхий хариу өгөхөөр шийдвэрлэж байсан захиргааны байгууллагын үйл ажиллагааны нэгэн хэлбэр гэж үзнэ.

6.3. Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн 40.1.6 дахь газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг газар эзэмшигч эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаагүй үндэслэл болгож Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл хугацаа сунгуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн дүгнэлтэд баримталсан нь үндэслэл бүхий болжээ.

6.4. Гэхдээ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болсон үндэслэл, үр дагавар нэгэнт үүссэнээс хойш 6 жилийн дараа уг заалтаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргаж буй нь захиргааны байгууллагаас зайлшгүй хийгдэх ажиллагаа биш бөгөөд эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр нь 6 жилийн өмнөх газар эзэмших эрх дуусгавар болсон үр дагаврыг үгүйсгэхгүй, газар эзэмших эрхийг 2023 он хүртэл хүчинтэй байсан гэх үндэслэл болохгүй.

7. Тус компанид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар Газрын алба мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа хийсэн, тухайлбал,

7.1. Газрын албаны 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02-06/2034 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэнд тус компани 2022 оны 5 дугаар сарын 06-нд 22/04 тоот албан бичгээр хариу тайлбар ирүүлсэн[17],

7.2. Газрын албаны 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01-08/486 тоот албан бичгээр Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрх дуусгавар болсныг мэдэгдсэн[18] байдаг.

Иймд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хоёр. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрсөн гэх дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, энэхүү дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын хувьд.

1. Нэхэмжлэгч Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар хуралдааны дүгнэлтийг Нийслэлийн архивын газрын хуулбар үнэн тэмдэгтэйгээр ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа уг дүгнэлттэй холбогдуулан нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч уг дүгнэлтийг үнэлэх эсэхэд маргаагүй тул нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

2. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар Х******* ХХК-ийн 2012 оны А/61 дүгээр захирамжаар эзэмшсэн газрын эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хэлэлцээд зөвшөөрсөн дүгнэлт гаргасан байна.

3. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх олгох, хугацаа сунгах, сунгахаас татгалзах, эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргах бөгөөд Засаг дарга энэ чиг үүргээ тухайн асуудлыг хариуцсан агентлагаараа дамжуулан хэрэгжүүлдэг, тухайлбал агентлаг нь өргөдлийг хүлээн авах, судлах, шийдвэрийн төсөл боловсруулах, хариу өгөх зэрэг ажиллагааг хэрэгжүүлдэг.

4. Тиймээс Газрын албаны Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь Засаг даргын шийдвэр гаргах ажиллагааны нэг үе шат, санал болохоос Засаг даргын энэ талаарх шийдвэрийн төсөл биш, Засаг дарга уг саналын дагуу шийдвэр гаргах үүрэг хүлээхгүй тул Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар хуралдааны зөвшөөрсөн гэх дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй Нийслэлийн Засаг даргын хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

5. Нөгөө талаас Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл хугацаа сунгуулах хүсэлт бүрт тодорхой татгалзсан, эс зөвшөөрсөн хариу өгч байсан тул хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй.

6. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт Засаг даргын шийдвэрийн нэг үндэслэл, шийдвэр гаргах ажиллагааны 1 үе шат хэдий ч 2017 оны 2 дугаар сард эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, хугацаа сунгуулах хүсэлтэд татгалзсан дүгнэлт гарч хариу өгснөөр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан газар эзэмших эрх дуусгавар болсон хууль зүйн үр дагавар нэгэнт үүсчихсэн байхад 2023 онд захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээнд халдах байдлаар шүүх газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах үндэслэлгүй юм.

Тиймээс нэхэмжлэлийн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрсөн гэх дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, энэхүү дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Гурав. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны архиваас маргаанд хамаарах газрын эзэмшлийн хувийн хэрэгт авагдсан материалыг шүүхэд ирүүлсэн[19], 2012-2017 оныг хүртэлх хугацаанд хувийн хэрэгт баяжилт хийгдсэн материал нэмэгдээгүй нь хувийн хэргийг Газрын алба хөтлөөгүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас гарсан Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрсөн гэх дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, энэхүү дүгнэлтийн дагуу Х******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА