Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 453

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “С” танхимд нээлттэй хийж, “Эрдмин” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хууль бусаар төлүүлсэн 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх үнийн дүнг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий Гааль, Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буянбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эрдмин” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал хүдрийг худалдан авч, боловсруулалт хийж, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн болох катодын зэс гарган авч экспортод гаргахын зэрэгцээ цахилгааны утас үйлдвэрлэж Монгол улсын хөгжилд багагүй хувь нэмэр оруулдаг. 1997 оноос эхлэн 120 иргэдийг ажлын байраар хангаж 5 тэрбум гаруй төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт оруулж Татварын албаны бүх шагнал, өргөмжлөлөөр шагнагдаж ирсэн. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эрдэнэтийн овоо”-ны ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн 1-р хавсралтын 1 дэх заалтад 900 га талбайг манай компанид 1997 оны 7 сарын 19-өөс эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсныг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 2004 оны 02 сарын 03-ны 5-770 тоот тушаалаар хүчингүй болгосон. 2005 оноос эхлэн 2011 он хүртэл “Эрдмин” ХХК Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-тай “Хүдэр худалдах, худалдан авах гэрээ”-г хийж үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдээ худалдаж авсаар ирсэн. Гэрээний дагуу 2009-2011 онд нийт 754,9 мянган тонн хаягдал хүдрийг АМНАТ-т 419,3 сая төгрөгийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д төлсөн. Ашигт малтмалын тухай хууль 2007 онд шинэчлэгдсэний дараа энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзмшигч биш болсон тул АМНАТ төлөх, тайлагнах үндэслэлгүй болсон бөгөөд АМНАТ төлөгчөөс хасуулах хүсэлтээ Татварын ерөнхий газарт уламжилсан. Энэ хүсэлтийг Татварын ерөнхий газар хүлээн зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэд дарга 2009.04.09-ний 2б/688 тоотоор, УТОХГ-ын даргын 2009.07.20-ны 1/923 тоотоор манай компанид зөвлөмж ирүүлж байсныг дагаж мөрдөж байсан. Манай компани 2012 оноос хойш хаягдал хүдэр худалдаж аваагүй урьд онуудад худалдаж авсан АМНАТ төлөгдсөн хүдрийг уусган баяжуулж катодын зэс үйлдвэрлэж байгаа.

УТОХГ-ын дарга Я.Аюушжав 2013 оны 02 сарын 04-ний 1/98 тоотоор Ашигт малтмалын тухай хуулийн 58 дугаар зүйл, 58 дугаар зүйлийн 58.4-ийг үндэслэн гарсан Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.10-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулах аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө” гэж заасныг баримтлан АМНАТ-ийг АМНАТ төлөгч бус манай компаниар хууль зүйн үндэслэлгүйгээр төлүүлэхийг шаардсан. 

Тухайн үед АМНАТ төлөх үндэслэлгүй талаархи тайлбараа 2013.03.05-ны өдрийн Э-19/16 тоотоор Татварын ерөнхий газарт хүргүүлсэн боловч бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ТЕГ-ын даргын 2013.03.19-ний өдрийн 1/660 тоотоор АМНАТ-ийг төлөх шаардлагыг дахин ирүүлсэн. Манай компанид тухайн үед дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол Татварын ерөнхий хуульд заасны дагуу нөхөн татвар, торгууль, алданги тавьж, хариуцлага хүлээлгэх болно гэдэг шахалт үзүүлж байсан тул манай компани 2013 оны 1,2-р улиралд борлуулсан катодын зэсийн борлуултад ногдох АМНАТ-өөр 982,667,099 төгрөгийг төлсөн. 

УТОХГ-аас манай компанийн илүү төлөлтийг хүлээн зөвшөөрч, 2014 оны 02 сарын 19-нд гэрээ байгуулж танай татварын ногдол 982,6 сая төгрөгт хүрэх үед суутган тооцооллоор татварын өрийг хаана гэж хугацаа хойшлуулсаар өнөөг хүргэсэн. 

Улмаар АМНАТ-ийн илүү төлөлтийг суутган тооцох талаар удаа дараа хүсэлт гаргасны эцэст Гааль, татварын ерөнхий газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/04 дүгээр албан бичгээр татгалзсан буюу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах хариуг өгсөн болно. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газрын дээд шатны байгууллага болох Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3-2/1672 дугаар албан бичгээр Гааль, татварын ерөнхий газрын дээрх албан бичгийг дэмжсэн хариуг ирүүлсэн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. 

Дараах үндэслэлээр манай нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Манай компани Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй тул АМНАТ төлөгч биш бөгөөд АМНАТ төлөх үүрэггүй.

2. Манай компанийн 2013 онд ашиглаж байгаа хүдэрт  ногдох АМНАТ-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК бүрэн төлж, тайлагнасан байхад давхардуулан манай компанийн үйлдвэрлэж борлуулсан катодын зэсийн борлуулалтад дахин АМНАТ /үндсэн 5% + нэмэлт 4%/ ногдуулж төлүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэгд нь давхардуулахгүйгээр ногдуулна” гэж заасныг зөрчиж давхардуулан ногдуулж төлүүлсэн. 

3. Ашигт малтмалын тухай хуулийн 58, 59 дүгээр заалтыг УИХ-ын 2011 оны 12 сарын 23-ны өдөр энэ хүчингүй болгож 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс энэ хууль хүчин төгөлдөр болсон. Иймд энэ заалтыг үндэслэж гарсан Засгийн газрын 272 дугаар тогтоолыг үндэслэж манай компаниар 2013 онд АМНАТ төлүүлсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 982,667,099 төгрөг төлүүлсэн нь хууль бус болохыг хариуцагч 2014 онд хүлээн зөвшөөрч “Суутган тооцооллоор татварын өр хаасан гэрээ”-г 2014 оны 02 сарын 19-ний өдөр хийж талууд гарын үсэг зуран зөвшөөрсөн байдаг. 

Иймд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хууль бусаар төлүүлсэн 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх үнийн дүнг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “Эрдмин” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Засгийн газрын 2006 оны 11 сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын 2 дугаарт “...10 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан хуулийн этгээд бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө...” гэж зааснаас үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХК-тай байгуулсан гэрээний дагуу 2009-2012 онд хүдрийн овоолго боловсруулж үйлдвэрлэсэн зэсийн борлуулалтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн  болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэсний дагуу “Эрдмин” ХХК Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 982,667,099 төгрөгийн татвар төлсөн байна. 

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 58.4-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар батална” гэж заасан. 2006 оны 11 сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 58.4, 59.3 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газраас баталж мөрдүүлсэн. Засгийн газрын тухай хуулийн 30.7-д Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно, 30.2 дахь хэсэгт “Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт” гаргаж болно. “Энэ эрхийн акт нь тогтоол хэлбэрээр байна. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно”, 30.8 дэх хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нийтээр дагах эрх зүйн акт болох нь тогтоогдож байна. Дээрх Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ын дугаар зүйл “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөх”, 2.10-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд орших ашигт малтмалыг гэрээний үндсэн дээр боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө” гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл бүрдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн АМНАТ-ийг төлөх эрх зүйн үндэслэлтийг зохицуулсан бол Засгийн газрын 272 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-аар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдэлбэр талбайд гэрээний үндсэн дээр  боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээл дээр борлуулсан аливаа хуулийн этгээд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд ногдох АМНАТ-ийг төлөх харилцааг зохицуулсан нь Монгол улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно, мөн хуулийн 36.6 дахь хэсэгт “хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж заасанд нийцэж байна. Энэ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх харилцааг нөхөн зохицуулсан заалт гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Гааль, татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хууль бусаар төлүүлсэн 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх үнийн дүнг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий “Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан” гэж мэтгэлцээнээ үндэслэсэн.

Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид нь татвар ногдуулалт, төлөлтийн үнийн дүн, тооцоололд маргаагүй болно.

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтууд.

Нэхэмжлэгч “Эрдмин” ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас балансын бус хүдэр болон хаягдал овоолго худалдан авч зэс үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байна.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/660, Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 8/629, Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/98 дугаар албан бичгүүдээр “Эрдмин” ХХК-ийг үйлдвэрлэж борлуулсан зэсийн борлуулалтандаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөх талаар мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлүүдийн дагуу “Эрдмин” ХХК-ийн 2013 оны эхний 2 улирлын зэсийн борлуулалтанд нийт 982,667,099 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны татвар тооцож 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 71, 72, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 398, 399 дүгээр төлбөрийн даалгавруудаар төлбөрийг улсын төсөвт төлсөн байна.  

“Эрдмин” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь хууль  бус болох талаар анхнаасаа маргаж байсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 982,667,099 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэлгүй болохыг татварын байгууллага зөвшөөрч “Суутган тооцооллоор татварын өр хаасан гэрээ” байгуулж илүү төлөлтийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохоор тохиролцожээ. 

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1-д “тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох”, 58.1.2-т “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох” гэх хуулийн зохицуулалттай бүрэн нийцэж байгаа болно.

 Гэвч Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/04 дүгээр албан бичгээр 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, дутуу төлөлтөнд суутган тооцохгүй талаар мэдэгдсэн байна.

Хоёр. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

а/ Нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2009-2012 он хүртэл нийт 754,9 мянган тонн хаягдал хүдэр худалдан авсан ба 2012 оноос хойш нэмж хаягдал хүдэр худалдаж аваагүй болох нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 111/187 дугаар албан бичгээр мөн нотлогдож байгаагаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх үйл баримтыг үгүйсгээгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” 47.7-д “Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэгд нь давхардуулахгүйгээр ногдуулна” гэж заажээ.

 Тодруулбал хуулийн зохицуулалт ёсоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ёстой бөгөөд түүхий хүдэр эсхүл боловсруулсан баяжмал, бэлэн бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд давхардуулан төлбөр ногдуулахгүй байх зохицуулалт юм. 

Нөгөө талаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хүдэр худалдан авч баяжуулж боловсруулан бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдэр борлуулах гэрээний үнийн дүнд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан хэмжээг тусгаж төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд өөр бусад этгээдэд хүдэр худалдах замаар боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээлд борлуулсан нь түүнийг тухайн ашигт малтмалын нөөцөд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй юм. Ийм ч учраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Эрдмин” ХХК-иас төлбөр тооцохдоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төсөвт тайлагнаж байсан байна. 

 Иймд “Эрдмин” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байх тул түүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг байхгүй, худалдан авсан хаягдал хүдэрт ногдох ашигт малтмал ашигласны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийн тайландаа тусгасан байхад төлбөрийг давхардуулан “Эрдмин” ХХК-д ногдуулсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн байна.

б/ Үндэсний татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/923 дугаар албан бичгээр “Эрдмин” ХХК 2009 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй болж дээрх үүрэг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д шилжиж байгааг мэдэгдсэн атлаа 2013 онд нэхэмжлэгчээс 2013 оны эхний 2 улиралд хийсэн борлуулалтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан төлөхийг шаардсан нь хууль бус юм.

в/ Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Наранчимэг, Ш.Цогцолмаа нар “Эрдмин” ХХК-ийн 2009-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган 2009-2012 онуудад “Эрдмин” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж үзэж 10,358,574 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Эрдмин” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш гэж дүгнэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Ийнхүү хариуцагч нь татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий өөрийн харьяа Татварын маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэртэй зөрчилдсөн шийдвэр гаргаж байгаа нь Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Гаалийн болон татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх...” гэх зарчимтай зөрчилдөж байна. 

г/ Хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлүүлэх үед Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам” хүчин төгөлдөр үйлчилж байсан” гэж мэтгэлцээнээ үндэслэсэн. 

2006 оны “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам” нь Ашигт малтмалын тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлийг үндэслэж гарсан бөгөөд Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдийг хүчингүйд тооцож 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Иймд хариуцагч нь хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн хууль бус шаардлага гаргаж нэхэмжлэгчээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, хариуцагчийн зохицуулалт бүхий хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж давхардуулан, үндэслэлгүйгээр ногдуулсан төлбөрийг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т “илүү төлсөн татварыг татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийж буцаан олгох”,  Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” гэж тус тус заасны дагуу хариуцагч татвар төлөгчийн илүү төлсөн төлбөрийг бусад татварын өр, төлбөрт суутган үүрэгтэй харин татвар төлөгч нь суутгуулах эрхтэй тул “Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 9 дүгээр зүйлийн 9.1.9, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.7-д заасныг тус тус баримтлан “Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 982,667,099 төгрөгийг хууль бусаар төлүүлсэн, бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгасугай.  

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   С.ТӨМӨРБАТ