Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 408

 

“Б х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                М.Батсуурь,                       

Шүүгчид:                             Х.Батсүрэн,

                                              Б.Мөнхтуяа,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б х х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг даалгах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0427 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч З.С нарыг оролцуулж,

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэрээр: Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Баян хишиг хараа” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Баян хишиг хараа” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0427 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам’’-ын 6 дугаар зүйлийн 6.2-т “Сонгон шалгаруулалтын комиссын гишүүн нь геологи, уул уурхай, зураг зүй, хууль эрх зүйн салбарын мэргэжилтэй, геологийн судалгаа, хайгуул, ашиглалтын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай байна” гэж заасан бөгөөд Сонгон шалгаруулах комиссын даргаар Кадастрын хэлтсийн дарга ажилладаг, “Б х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон.

4. Анхан шатны шүүх “Б х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран хариуцагч татуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд уг захиргааны хэрэгт Кадастрын хэлтсийн дарга дахин итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох хууль зүйн үндэслэл байгаагүй, энэ нь хариуцагчийн эрх юм.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг үл харгалзан шүүх хурал хийсэн нь хариуцагчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй түүнийг зөрчсөн үйлдэл болсон.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хамтран хариуцагч татуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, хамтран хариуцагчаар Сонгон шалгаруулах комиссын даргыг татуулах хүсэлт  нэхэмжлэлийн аль шаардлагад холбогдож байгаа нь тодорхойгүй бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад тодруулан  асуусан боловч “хамтран хариуцагч татан оролцуулах шаардлагатай” гэсэн хариулт л өгсөн.

8. Нэгэнт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдуулан хамтран хариуцагч татах талаар хүсэлт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэн, хамтран хариуцагч татах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасантай нийцэхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх буюу ямар эрхээ хэрхэн хамгаалуулах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхэнд халдсан зүйлгүй

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрх хуулиар олгогдсон ба нэхэмжлэгчээс энэхүү эрхийнхээ хүрээнд хангуулахаар хугацаа тогтоох боломжтой байсан мэтээр тайлбарлаж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, ихэсгэх, багасгах талаар хандаагүй, харин хамтран хариуцагч татуулах хүсэлт л гаргасан байхад үүнийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх багасгахтай адилтган үзэх боломжгүй.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-д заасан зохицуулалт нь анх нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга тухайн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэнэ.

11. Давж заалдах шатны шүүхээс сонгон шалгаруулах комиссын дүгнэлт, үйл ажиллагааны талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөх эсэхийг тодруулж, хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар татах эсэхийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмаар явуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх нэхэмжлэгч этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эсэх талаар асууж, тодруулах ёстой байсан мэтээр дүгнэсэн мэт ойлгомжгүй байна.

12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-т давж заалдах гомдол гаргах эрх олгогдоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д зааснаар шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргах эрх итгэмжлэлд тусгайлан заагдаж байж хэрэгжих ёстой байтал зөвхөн хуулийн заалтыг бичсэнээр энэ эрх нээгдсэн гэж үзэж гомдлыг хүлээн авч шийдвэрлэснийг зөв гэж үзэхээргүй байна.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн боловч уг алдаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн үйл баримтын талаарх зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

15. “Б х х” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 628 дугаар “С б н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах, хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б х х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

16. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Кадастрын хэлтсийн даргад холбогдож, уг этгээдээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах, даалгах шаардлага байгаа хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл нь Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдсон, сонгон шалгаруулалтын журам зөрчсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, хэрэгт авагдсан баримтууд ч Сонгон шалгаруулалтын комиссоос гаргасан шийдвэр, нотлох баримт байхад анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хамтран хариуцагчаар татах ажиллагаа явуулаагүй буруутай, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Гэхдээ анхан шатны шүүхийн хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй алдаа нь шүүхийн шийдэлд шууд нөлөөлөхгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зайлшгүй шаардлага тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл, түүнд холбогдох Сонгон шалгаруулалтын комиссын холбогдох шийдвэр, нотлох баримт хэрэгт бүрэн авагдсан тул Сонгон шалгаруулалтын комисс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсноор хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, нөгөө талаар эдгээр асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь мэтгэлцэж, тайлбар гаргах эрхээр бүрэн хангагдсан, холбогдох нотлох баримтыг гаргах боломжтой байсан, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, өөрчлөх бүрэн боломжтой атлаа уг эрхээ эдлээгүй, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй байна.

18. Нэхэмжлэгч 4 үндэслэлээр маргасан байх бөгөөд үндэслэл тус бүрээр дүгнэлт хийхэд, нэгдүгээрт, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагт сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах байсан бөгөөд “17 цаг” болоход “С б н” ХХК-ийн тендерийг бүртгэх эсэх талаар маргаан гарсан, уг хуулийн этгээд нь 17 цаг болох үед захиргааны байгууллагад ирсэн байсан, харин өмнөх компанийн бүртгэл дуусаагүй шалтгаанаар тус компанийг бүртгээгүй болох нь хэрэгт авагдсан Сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэл, Ажлын хэсгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдсон байна. Иймээс нэгэнт гуравдагч этгээдээс заасан хугацаанд ирсэн тул тухайн компанийг “17 цагаас хойш ирсэн” гэж буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

19. Хоёрдугаарт, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагт үнийн санал нээх байсан бөгөөд хэрэгт авагдсан Үнийн санал нээлтийн тэмдэглэлд “Б х х” ХХК-ийг 16 цаг 27 минут, “Х х а” ХХК-ийг 16 цаг 27 минут, “С б н” ХХК-ийг 16 цаг 30 минут” гэж цаг хугацааг тэмдэглэсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 7.2.3 дахь хэсэгт зааснаар саналаа ирүүлсэн оролцогчийн төлөөлөл урилгад заасан газар болон цаг хугацаанд хүрэлцэн ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцох байна. Гэтэл энэ тохиолдолд гуравдагч этгээдийн төлөөлөгч хоцорч ирсэн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, бүх үнийн саналыг тогтоосон хугацаа болох 16 цагт нээгээгүй, харин 16 цаг 27 минутанд нээсэн болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.  Энэ үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс тухайн цаг хугацаанд Сонгон шалгаруулалтын комиссын хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй, улмаар үнийн саналыг нээх ажиллагаа явагдаад дууссан байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулахаар хүсэлт гаргах эрхтэй, нэхэмжлэгчээс энэхүү эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан, тухайлбал дээр дурдсан үйл баримтыг нотлуулах талаар хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй тул шүүхийг буруутгах боломжгүй юм.

21. Гуравдугаарт, нэхэмжлэгчийн “С б н компани нь тендерийн баримт бичигт мэдээлэл дутуу бичсэн, холбоо барих утас, саналын хуудасны нийт тоо бичээгүй байсан тул хүлээн авахаас татгалзах байсан” гэх үндэслэлийн тухайд: Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5.11 дэх хэсэгт зааснаар шаардлага хангаагүй баримт бичгийг Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн буцаах бөгөөд журмын 6.4 дэх хэсэгт зааснаар тендерийн баримт бичиг шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах үйл явцыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах байна.

22. Сонгон шалгаруулах журмын 7.2.2 дахь хэсэгт зааснаар техникийн саналыг нээх үед сонгон шалгаруулалтын баримт бичгийн иж бүрдлийг нягтлан шалгах ба энэ үед нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр маргаж байгаагүй, бусад оролцогчийн баримт бичигтэй танилцах, маргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн санал өгөх ажиллагаа эхлэхээс өмнө маргах, гомдол гаргах эрхээ эдлэх ёстой байжээ. Учир нь шаардлага хангасан тендерийн баримт бичгийг дараагийн шат буюу техникийн саналын үнэлгээ өгөх шатанд оруулах ба нэхэмжлэгчийн тухайд техникийн санал үнэлэх үе шатанд дээрх асуудлаар маргаагүй, цаг хугацааны хувьд маргах эрхээ алдсан байна.

23. Дөрөвдүгээрт, нэхэмжлэгчийн “Сонгон шалгаруулалтын комисс өөрт олгогдоогүй эрх эдэлсэн, санал хүлээн аваагүй тухай гуравдагч этгээдийн гомдлыг шийдвэрлэх эрхгүй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шийдвэрлэх байсан” гэх тухайд: Сонгон шалгаруулах журмын 5.10 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах ажлыг Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч, комиссын даргад хүлээлгэн өгөх байна. Харин уг журамд Сонгон шалгаруулалтын нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд холбогдуулан хаана, ямар байгууллагад гомдол гаргах талаар нарийвчлан зохицуулаагүй тул журмын ерөнхий харилцааг зохицуулсан заалтыг хэрэглэх байна.

24. Сонгон шалгаруулалтын журмын 6.5 дахь хэсэгт Сонгон шалгаруулалтын комиссын эдлэх эрх, хүлээх үүргийг заасан байх бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх хэмжээний хүрээнд нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй тул “гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой гомдлыг хянах эрхгүй” гэж үзэх боломжгүй, өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байна. Энэ нь Сонгон шалгаруулалтын журмын 13.1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй зөрчилдөхгүй буюу сонгон шалгаруулалтын бэлтгэх үе шат, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь Сонгон шалгаруулах комиссын бүрэн эрхэд хамаарах бөгөөд харин сонгон шалгаруулалтын үе шатуудтай, үнэлгээтэй холбогдуулан гомдол хянан хэлэлцэх нь төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдах юм. 

25. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхи үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2018/0427 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

       ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ