Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1246

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01149 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.У-ын хариуцагч Н.М-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.М-д 2018 оны 12 дугаар сард 25 000 000 төгрөг зээлүүлсэн. Мөнгө зээлүүлэхдээ Н.М-гийн өөрийнх нь гарын хээгээр ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн хуулбарыг гаргуулан авч ард талд нь 25 000 000 төгрөг авсан болно гэх тодорхойлолт бичүүлж тус мөнгийг өгсөн. 12 дугаар сарын 25-ны өдөр н.Ц гэх хүний дансаар дамжуулан миний данс руу 7 500 000 төгрөг орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрчээр гэрчлүүлэх гээд байгаа зүйл дээр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Үүрэг гүйцэтгэгч нь хариуцагч юм. Өөр этгээдээр дамжуулаад төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэрч гээд байгаа хүн нь үнэхээр авсан бол нотлох, гэрчлэх ёстой байсан байх гэж бодож байна. 11 250 000 төгрөгийг авсан, өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Үүрэг гүйцэтгэгч энэ асуудлаа үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хариуцах ёстой. Иймд 17 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 25 000 000 төгрөгийн зээл авсан. 11 250 000 төгрөгтэй холбоотой асуудлыг О.У- мэдэж байгаа учраас маргаан үүсгээд явж байна. 6 250 000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.М-гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхдээр О.У- нэхэмжлэлтэй иргэн Н.М- миний биед холбогдуулан хянагдаж байгаа иргэний хэрэгт гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч иргэн О.У-ын өмгөөлөгч Аззаяа нь шүүгч Энхбаярыг элдэв хэл амаар загнаж, хашгичиж, шахаж ажлаас нь халуулна, сошилоор тавина, дараагийн хурлаа богино хугацаанд товло; гэрчийг оролцуулах шаардлагагүй гэх зэргээр загнаж, зандарч, айлган сүрдүүлж, чухал гэрчийг олох хугацааг олгуулахгүйгээр шүүхийн шийдвэрийг шударга бус гаргуулж иргэн намайг 11 сая 250 мянган төгрөгийн хохиролд хилсээр унагаад байна. Шүүгч маань өмгөөлөгч А-ын хэл амнаас айсандаа юмуу учир битүүлэг байдлаас болж иргэн намайг 11 сая 250 мянган төгрөгийн хилс хохиролд унагасан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй шударга бус гэж үзэж байна.Иймд Төрийн минь шүүх чухал гэрчийг оролцуулж, үнэн зөвийг олж, ялган салгаж өгнө гэдэгт гүнээ найдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч О.У- нь хариуцагч Н.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч , 7 500 000 төгрөгийг Д.Ц-ийн дансаар 11 250 000 төгрөгийг н.Н-ээр дамжуулан тус тус төлсөн, одоо 6 250 000 төгрөг төлнө гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 25 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь мөнгө зээлсэн баримт, зохигчдын тайлбараар/хэргийн 6 дугаар тал/ тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Талууд 25 000 000 төгрөг зээлсэн болон 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Ц-ийн хаан банкны дансаар 7 500 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргажээ.

 

            Хариуцагч нь 11 250 000 төгрөгийг н.Н-ээр дамжуулан О.У-т өгсөн гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр н.Т, н.Н-г нарыг асуулгах хүсэлт гаргаж, шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4241 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна./хэргийн 61-62 дугаар тал/ Улмаар хариуцагч нь н.Т-г гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзаж, гэрчээр н.Н-г асуухаар хариуцагчийн хэлсэн Хан-Уул дүүргийн Буянт Ухаа-2 хотхон 1014 дүгээр байр 14 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягаас нүүсэн, Хорооны засаг дарга бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тодорхойлжээ. Шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5377 дугаар шүүгчийн захирамжаар гэрч н.Нямсүрэнг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын газрын цагдаа, цагдаагийн ахлагч Н.Н нь гэрчийн амьдарч байгаа гэх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд очиход 38 дугаартай байр байдаггүй, мөн утас нь холбогдохгүй байх тул гэрчийг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй байгаа талаар илтгэх хуудсыг ирүүлсэн байна./хэргийн 88-89, 92-93, 97 дугар тал/ Иймд анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүхээр бүрдүүлүүлэх нотлох баримт буюу гэрчээр асуулгах хүний байгаа оршин суугаа газрыг шүүхэд мэдэгдсэнээр тус хүсэлтийг хангах нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Н.М-гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна

.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                               С.ЭНХТӨР