Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2020/01149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.У-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н.М-д  холбогдох

 

   Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, Б.Баярмаа, хариуцагч Н.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ О.У  миний бие 2018 оны 12 дугаар сард иргэн Н.М д 25,000,000 төгрөг зээлүүлсэн. Мөнгө зээлүүлэхдээ Н.М гийн өөрийнх нь гарын хээгээр ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн хуулбарыг гаргуулан авч ард талд нь 25,000,000 төгрөг авсан болно гэх тодорхойлолт бичүүлж тус мөнгийг өгсөн. 12 дугаар сарын 25-ны өдөр н.Цэвэлмаа гэх хүний дансаар дамжуулан миний данс руу 7,500,000 төгрөг орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Одоо хариуцагчаас 17,500,000 төгрөг нэхэмжилж байгаа ” гэв.

           

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хариуцагч тал нь зээлийн гэрээ үүссэн гэдэгт маргахгүй байна. 7,500,000 төгрөг дээр маргаан үүсэхгүй байгаа. Гэрчээр гэрчлүүлэх гээд байгаа зүйл дээр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Үүрэг гүйцэтгэгч нь хариуцагч юм. Өөр этгээдээр дамжуулаад төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэрч гээд байгаа хүн нь үнэхээр авсан бол нотлох, гэрчлэх ёстой байсан байх гэж бодож байна. 11,250,000 төгрөгийг авсан, өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Үүрэг гүйцэтгэгч энэ асуудлаа үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хариуцах ёстой. Иймд 17,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 25,000,000 төгрөгийн зээл авсан. 11,250,000 төгрөгтэй холбоотой асуудлыг О.У  мэдэж байгаа учраас маргаан үүсгээд явж байна. 6,250,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.У  нь хариуцагч Н.М д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.М  нь О.У аас 25,000,000 төгрөгийг авсан, 7,500,000 төгрөгийг Д.Цэвэлмаагийн дансаар дамжуулж, 11,250,000 төгрөгийг Нямсүрэнгээр дамжуулан тус тус О.У т төлсөн, 6,250,000 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд “Зээлийн гэрээ” аман хэлбэрээр байгуулагдаж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 6 дахь тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байгуулсан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н.М гээс шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,500,000 төгрөгийг Д.Цэвэлмаагийн Хаан банк ХХК дахь 5057078678 тоот дансаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр О.У т төлсөн болох нь талуудын тайлбар, Долгорын Цэвэлмаагийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 20 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Туулбаатараас 11,250,000 төгрөгийг Нямсүрэнгээр дамжуулан О.У т өгсөн” гэж, нэхэмжлэгч О.У  нь “Миний бие Д.Цэвэлмаагийн дансаар 7,500,000 төгрөг авсан. Нямсүрэн надад нэг ч төгрөг төлөөгүй” гэж тус тус тайлбар гаргасан.

 

Шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4241 дүгээр захирамжаар гэрч Тамир, Нямсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн ба хариуцагч нь Тамирыг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан, харин гэрч Нямсүрэнг Хан-Уул дүүргийн Буянт Ухаа-2 хотхон 1014 дүгээр байр 14 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягаас нүүсэн, Хорооны засаг дарга бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тодорхойлсон, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5377 дугаар захирамжаар гэрч Нямсүрэнг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын газрын цагдаа, цагдаагийн ахлагч Н.Нямдаваа нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 38 дугаар байр байдагггүй, мөн утас нь холбогдохгүй байх тул гэрчийг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх боломжгүй гэх итгэх хуудсыг ирүүлсэн тул шүүх цаашид гэрч Нямсүрэнг ирүүлэх талаар ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа гүйцэтгээгүй болно.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг бусдаар дамжуулан гүйцэтгэх бус, харин О.У т өөр нь өгөх үүрэгтэй тул 11,250,000 төгрөгийг О.У т хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Н.М гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,500,000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.У т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.М гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,500,000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.У т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР