| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/0515/З |
| Дугаар | 128/ШШ2023/0736 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2023/0736
| 2023 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 128/ШШ2023/0736
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М,
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хоорондын Төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч Г.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Г.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг төлсөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгуулахаар маргаж байна.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Хавтас хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.М 2007 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаа[1][1] бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар 421 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллаж,[2][2] албан үүргээ гүйцэтгэж байх явцад тус нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хоригдол Ж.А худгийн сахиулаар ажиллаж байх хугацаандаа оргох гэмт хэрэг үйлджээ.
2.2.Энэхүү гэмт үйлдэлтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт Аюулгүй байдлын газраас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албаны шалгалт явуулан 421 дүгээр нээлттэй хорих ангийн эрх бүхий албан тушаалтнуудаас тайлбар[3][3], мэдүүлэг[4][4] авч, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад албаны шалгалт хийсэн тухай илтгэх хуудсыг танилцуулжээ.[5][5]
2.3.Тус илтгэх хуудаст ахлах төлөөлөгч, хошууч Г.Мыг ажил үүргийн хуваарийн дагуу тухайн хоригдлыг хариуцан ажилладаг бөгөөд өмнөх орой буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний цагийн орчимд аж ахуйн ажилтан ахлах дэслэгч Ц.Сгээс авсан мэдээллийн мөрөөр тухайн хоригдолд биечлэн үзлэг, нэгжлэгийг хийж эцэслэн шийдвэрлээгүй, энэ талаар удирдлагадаа танилцуулаагүй байгаа нь Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, үзлэг, нэгжлэгийн стандартын 6.5 дахь хэсэгт заасны дагуу Хорих анги, цагдан хорих байранд үзлэг, нэгжлэг хийх тохиолдол бүрт тэмдэглэл үйлдэж хорих байгууллагын даргад даруй мэдэгдэнэ гэсэн заалт, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 2081.1.4 дэх заалтыг үндэслэн Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах буюу тушаал бууруулж өөр анги, байгууллагад шилжүүлэн ажиллуулах саналыг гаргасан байна[6][6].
2.4.Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дээрх саналыг харгалзан үзээд нэхэмжлэгч Г.Мыг ...хорих ангиас хоригдол оргуулан алдсан... зөрчил гаргасан гэж үзэн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2023 оны 05 дугаар сарын18-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн ээлжийн даргаар томилжээ.
2.5.Г.Маас дээрх тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Г.М миний бие 2007 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх ажилтнаар тогтвор суурьшилтай, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 421 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ажилласан
Энэ хугацаандаа гадна хэсгийн заалттай хоригдлуудыг ажил үүргийн хуваарийн дагуу хариуцан ажиллаж байсан. Тухайн гадна заалтад гаргасан хоригдлуудыг холбогдох хууль, журмын дагуу ахлах төлөөлөгч судалж ангийн арга зүйн зөвлөлийн хуралдаанаар хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэн ажлын заалтад гаргах ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар гадна сахиул 10 хоригдол ажиллаж байгаагаас би өөрөө судалж арга зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж ажлын заалтад гаргасан хоригдол нэг ч байхгүй. Эдгээр 10 хоригдлыг хорих ангийн дарга, хурандаа Б.Т, дэд дарга, хошууч н.Б нар нь өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэн ажлын заалтад шууд тавьсан. Миний бие гадна заалтын хоригдлуудыг хариуцан ажиллаж байсан боловч хорих ангийн дарга, дэд дарга нар эдгээр хоригдлуудыг шууд хянаж, удирдаж байсан учраас тухайн хоригдлуудад албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг, хууль журмын дагуу хэрэгжүүлэх, хяналт тавих боломжгүй болсон.
Тухайлбал Тухайн оргосон хоригдол болох Д.Аыг 2022 оны 03 дугаар сард хорих ангийн дарга томилогдон ирээд өөрийн хувийн тогоочоор шууд ажилд гаргасан. Улмаар эхнэрийнх нь буузны цехэд ямар ч зөвшөөрөлгүйгээр н.Эа гэх хоригдлын хамт ажиллуулсан.
...2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гадна хэсгийн сахиул, албаны тогооч ажлын заалттай хоригдол Ж.А нь хорих ангиас оргосон гэмт хэрэг үйлдсэн. Тухайн хоригдол нь ХХГА эрхэлсэн дэд дарга хошууч Д.Б нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагийн орчимд албан өрөөндөө дарамталсны улмаас тухайн хоригдол нь сэтгэл зүйн байдал тогтворгүй болж оргох гэмт хэрэг үйлдсэн.
Хяналт шалгалтын газраас хоригдол Ж.Аы оргосон асуудлыг шалгахдаа хэт нэг талыг барьсан, тухайн нөхцөл байдлыг гүйцэт тогтоогоогүй, шалгасан алба хаагч нь гүйцэтгэх ажлын эрхгүй алба хаагч байсан тул нөхцөл байдлыг танилцуулах боломжгүй байсан бөгөөд тус хоригдол оргосон асуудал нэхэмжлэгч Г.М миний биеийг буруутган албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
... Тодруулбал: Захиргаа нь гарч болох гомдол шаардлагыг урьдчилан тооцоолон аль болох боломжит судалгааг хийж нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой бөгөөд тухайн тохиолдолд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа нөхцөл байдлыг нарийвчлан судлан тогтоогоогүй.
... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 3.2-д "Алба хаагч зөрчил гаргасан тухай гомдол мэдээллийг ШШГЕГ-ын хяналт шалгалтын нэгж, эсхүл Сахилга, ёс зүйн хороо, Салбар хорооноос томилогдсон эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомж, журмын хүрээнд бүрэн, бодитой шалган нотлох баримтаар баримтжуулж ажиллана" гэж заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулаагүй.
...Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй.
... тухайн хоригдол ямар шалтгааны улмаас оргох болсон талаар шалтгааныг тогтоогоогүй... гэжээ.[7][7]
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эз шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...сахилгын шийтгэл тохироогүй гэж үзэж байгаагаас бусдаар зөрчил гаргаагүй гэж үзээгүй. Тухайн оноосон сахилгын шийтгэл нь ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчил биш.
...Мөн хэргийн материалд А нь өөрөө гараар бичсэн тодорхойлолт гэх зүйлд ...надад утас байхгүй, хог цэвэрлэж байх үедээ гар утасны зай цэнэглэгч,
гар утасны зай олсон гэж хэлсэн. Тиймээс тус хяналт шалгалт нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан хяналт шалгалт болсон. Г.Мы хувьд тухайн хорих байгууллагад хоригдож буй нийт хоригдлуудад хяналт тавих чиг үүрэгтэй боловч, тухайн чиг үүргийн хувьд хууль, дүрэм, журамд заасны дагуу зөвхөн гадна хэсгийн заалтад гаргасан хоригдлуудад хяналт тавих үүрэгтэй. Тиймээс сахилгын шийтгэл хүндэдсэн тул хүчингүй болгож өгнө үү... гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангиас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хоригдол Ж.А оргосон гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээрх хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу тус газрын Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Б, ахлах мэргэжилтэн хошууч Ш.Н, хошууч Д.Еэ нар албаны шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Явуулсан албаны хяналт шалгалтын хүрээнд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхэд алба хаагчдын сахилга хариуцлага алдсан, буруутай үйл ажиллагаа тогтоогдсон тул нэр бүхий алба хаагчдад сахилгын шийтгэлийг оногдуулах тухай санал, дүгнэлт гаргаж илтгэх хуудсыг удирдлагад танилцуулсан. Шалгалтаар буруутай алба хаагч өөрийн ажлын хариуцлага алдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, холбогдох сахилгын арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй талаар бичгээр илэрхийлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3, 281 дүгээр зүйлийн 281.14, 262 дугаар зүйлийн 262.1.5, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан үндэслэл болон хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга "албан тушаал бууруулах" сахилгын арга хэмжээ оногдуулсан. Иймд Г.Мы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй..." гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дээр шүүгдэгч Ж.Аы ... 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр албаны гал тогоонд ажиллаж байгаад гар утасны цэнэглэгч, гар утасны зай хоёрыг хураалгасан. Тэгээд С дэслэгчтэй хамт ахлах төлөөлөгч, Хошууч Г.Мы өрөөнд орсон. Энэ утастай байгаа асуудлыг чинь тодорхойлолт бичээд өнгөрөөе. Учир нь өмнө алба хаагчдын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг байсан болохоор чинь гээд ямар шийтгэл авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би ...бороохойдуулъя... гээд цахилгаан бороохойгоор 9 удаа Г.М хошуучид цохиулсан гэх мэдүүлэг авагдсан байдаг.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан NOKIA гэх бичигтэй саарал өнгийн зай 1 ширхэг, HUAWEI гэх бичигтэй гар утас 1 ширхэг, улаан өнгийн NOKIA гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс эд мөрийн баримтаар хураагдсан. Эдгээрээс дүгнэж үзэхэд тэнд гар утас байсан. Гар утастай байсныг Ахлах төлөөлөгч Г.М мэдэж байсан. Мэдсэн байж зориудаар өөрийн биеэр хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлээгүй.
Тэмдэглэл үйлдэн Шалган нэвтрүүлэх, үзлэг, шалгалт хийх стандарт журмыг зөрчсөн асуудал ойлгомжтой. Шалгах ёстой гэх үүрэг байсан уу? гэвэл байсан. Тухайн үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ хүн албан тушаалын чиг үүргийн дагуу шалгалтай үзлэг, нэгжлэгээ хийсэн бол нэн даруй тус ангийн даргад танилцуулах үүрэгтэй байсан. Тус үүргээ биелүүлээд тухайн арга хэмжээг хуулийн дагуу авсан бол хоригдол оргож чадах байсан эсэх талаар асуудал яригдахаар байсан.
Мөн хувийн шинжтэй харилцаа, албан үүргээ гүйцэтгээгүй талаарх асуудал шүүх дээр яригдсан байдаг. Үүнийг анхаарч үзнэ үү... гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хоригдол оргох нь, оргуулах нь ноцтой зөрчил. Нэгдүгээрт хоригдлыг оргуулахгүй байх үүрэгтэй. Хоёрдугаарт хорих анги дотор гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх. Ийм л үндсэн үүрэгтэй. Түүнээс ялгамжтай хандах зүйлс байхгүй. Хоригдол оргуулсан гэх зүйлчлэлээрээ ноцтой зөрчилд хамаана... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Ггийн Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргахдаа ...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 276 дугаар зүйлийн 276.3.3, 281 дүгээр зүйлийн 281.1.4, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 12.1, Хорих ангийн харуул хамгаалалтын журмын 7.3.2 дахь заалт... зэрэг хуулийн зохих заалтуудыг үндэслэжээ[8][8].
4.3.Хавтас хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... шийтгэх тогтоолоор Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар хорих ялаар шийтгэсэн байна.[9][9]
4.4.Хорих ял шийтгүүлсэн ялтан Ж.А оргон зайлсан гэмт хэргийг нэхэмжлэгч ахлах төлөөлөгч, хошууч Г.Мыг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд үйлдсэн болох нь нэхэмжлэгчийн ...тухайн хоригдлыг оргохоос урьдчилан сэргийлж чадаагүй тул хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй... гэх тайлбар[10][10] болон бусад бичгийн баримтаар тогтоогдлоо.
4.5.Учир нь нэхэмжлэгч Г.М нь хорих байгууллагын албан хаагч болохын хувьд өөрийн албан тушаалын тодорхойлолтод[11][11] заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д Хорих ял эдэлж байгаа ялтанг хоригдол-д мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.3-д Хамгаалалтын ажилтан нь хоригдол, ...бие, эд зүйл, ...өдөр, шөнийн аль ч цагт үзлэг, нэгжлэг хийнэ биечилсэн хяналт, хамгаалалтыг хийгээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тушаалаар батлагдсан шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, үзлэг, нэгжлэгийн стандарт-ын 6.5-д ...үзлэг нэгжлэг хийх тохиолдол бүрт ...маягтын дагуу тэмдэглэл үйлдэж хорих байгууллагын даргад даруй мэдэгдэнэ...заасныг хэрэгжүүлээгүй.
4.6. Хоригдлын аюулгүй байдал, харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагаанд хангалттай хяналт тавьж ажиллаагүйн улмаас түүний хяналтад байсан хорих ангид ял эдэлж байгаа ялтан эрүүгийн хуульд заасан оргох гэмт хэргийг үйлдсэн болно.
4.7.Хэдийгээр нэхэмжлэгчээс ...2007 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх ажилтнаар тогтвор суурьшилтай, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн..., харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Г.Мы хувьд бол тус хорих ангид ажиллаж эхэлсэн цагаас хойш анх удаа зөрчил гаргасан. Тиймээс тухайн шийтгэл нь хүнддэж байна... гэх боловч хавтас хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангийн даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тоот тушаалаар[12][12] ...Г.Мыг төрийн албан хаагчийн бүрдүүлбэл зохих бичиг баримтын бүрдэл хангаагүй, удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй зөрчил гарган үндсэн цалингийн 20 хувиар 1 сарын хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээж байсан, мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 421 дүгээр нээлттэй хорих ангийн зөвлөлийн хуралдаанаар[13][13]Г.Мыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэж байсан үйл баримтаар[14][14] тэдгээрийн тайлбар үнэнд нийцсэнгүй.
4.8.Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Ер нь бол тухайн гаргасан зөрчилд тохирсон шийтгэлийг оногдуулах ёстой, ...Албан тушаалыг бууруулах бус тухайн албан хаагчийн цалин хөлсийг бууруулах нь тохирсон шийтгэл гэж үзэж байгаа... гэх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мийн ...Хоригдол нь нийгэмд аюултай үйлдэл хийснээр нийгмээс тусгаарлагдана. Хоригдол гэх статусаар нэг адил байна. Үйлдсэн дэглэмийн хувьд бол тухайн хүний хувийн байдлыг илэрхийлж байгаа хэлбэр болно. Хоригдол оргох, оргуулах нь ноцтой зөрчил. Г.М нь нэгдүгээрт хоригдлыг оргуулахгүй байх үүрэгтэй. Хоёрдугаарт хорих анги дотор гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх. Ийм л үндсэн үүрэгтэй. Хоригдол оргуулсан гэх зүйлчлэлээрээ ноцтой зөрчилд хамаарна... хэмээх тайлбараар няцаалт өгч байна.
4.9. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Мыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.3.3-д заасан ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж буруутган албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд..., бууруулах, хураан авах бүрэн эрхийнхээ хүрээнд 281 дүгээр зүйлийн 281.1.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
4.10.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, 45 дугаар зүйлийн 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл байх тул энэ хуулийн 48.1-д ...энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй ...тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн ...албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.3-д энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж заасан байх тул маргаан бүхий 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар Г.Мд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, түүнийг цагдан хорих 461 дүгээр ангийн ээлжийн даргаар томилсныг буруутгах боломжгүй.
4.11.Мөн хариуцагчаас энэхүү актаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримталсан, уг актыг улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
4.12.Иймд нэхэмжлэгч Г.Маас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Ггийн Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг төлсөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь хэсэг, 281 дугаар зүйлийн 281.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Мы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Ггийн Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг төлсөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар
зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР