Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1272

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01015 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Д-д холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 61 222 486 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Д-, түүний өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д- нь манай компанитай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16/017 тоот зээлийн гэрээ, 16/017А тоот барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр хд, 84 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 45.2 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206009453 дугаартай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж, уулзаж, шаардлага мэдэгдэл хүргүүлж, зээлдэгчээс 2 удаа зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг зөвшөөрсөн ч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Хариуцагч нь уг зээлийг өөрөө аваагүй, хүргэн болох Д.Э-т авч өгсөн тул хариуцагч биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.А-г оролцуулсан боловч бид уг этгээдийг хариуцагчаар оролцуулах шаардлага гаргаагүй. Энэ хүн нь Монгол улсад байхгүй байгаа гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт нийт 67 773 032 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч тооцооллын хувьд алдаа гаргасан байсан ба одоо нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 27 188 602 төгрөг, зээлийн хүү 28 361 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 672 314 төгрөг, нийт 61 222 486 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байгаа тул уг мөнгийг хариуцагч Ц.Д-гаас гаргуулж өгнө үү, мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д-, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг зээлийн гэрээ миний нэрээр байгуулагдсан хэдий ч хүргэн Д.Э-ийн гуйлтаар, түүний бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор зээлийн 30 000 000 төгрөгийг, өөрийн 2 өрөө орон сууцыг барьцаалж авч өгсөн. Анх рестораны үйл ажиллагаан эрхэлж байсан боловч уг ажил нь доголдож үйл ажиллагаа нь зогссон. Мөн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлсэн боловч уг ажил нь логолдож цаг уурын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэл учирсан. Гэхдээ уг зээлийн төлбөрийг төлж нийт 29 360 223 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 18-ний өдөр дууссан бөгөөд 2018 оны 01 сард сунгасан гэх гэрээгээр үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Д.Э нь төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар бичгээр тайлбар өгсөн байдаг. Энэ хугацаанд Д.Э-г зээлдэгч болгож гэрээг өөрчилж болох байсан. Иймд гэрээний бус хугацаанд төлсөн 27 570 930 төгрөгийг үндсэн зээлээс хасч, тооцож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д-гаас зээлийн гэрээний үүрэгт 26 526 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 25 914 096 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д- нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр хд, 84 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 45.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206009453 дугаартай Ц.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 567 015 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж. хариуцагч Ц.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 360 781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт "Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 26 526 320 төгрөгийг хангаж, үлдэх 25 914 096 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ" гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг зөрчсөн, “Э-” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан хэлэлцэж, Анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болсон 25 914 096 төгрөгийг хариуцагч Ц.Д-гаас нэмж гаргуулах зээлийн гэрээний сайн дураар биелүүлээгүй тохиолдолд, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15-р хороо, үйлдвэр хд, 84-р байр 35 тоот хаягт байрлах 45,2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206009453 үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг, зээлийн хүү 31 597 527 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 175 505 төгрөг, нийт 67 773 032 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 27 188 602 төгрөг, зээлийн хүү 28 361 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 672 314 төгрөг, нийт 61 222 486 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хариуцах ёстой хүн нь Д.Энхзориг, хугацаа сунгасан нэмэлт гэрээнүүдийн дагуу шаардах үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16/017 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 30 000 000 төгрөгийг, рестораны үйл ажиллагаа явуулах зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан- Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр хд, 84 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 45.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206009453 дугаартай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон 16/017А тоот барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 14-18 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэж, зээлдэгч буюу хариуцагч Ц.Д- нь нэхэмжлэгч байгууллагаас 30 000 000 төгрөг авсан талаар талууд маргаагүй. Зээлийн гэрээний хавсралтын дагуу хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүд 4 200 533 төгрөг, нийт 34 200 533 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

 

            Дээрх зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дууссан байх бөгөөд үүнээс хойш 2 жилийн дараа уг гэрээний хугацааг нөхөн сунгасан агуулгаар 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №16-017 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №16-017 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг байгуулж, үүний дагуу зээлийн төлбөрийг шаардсан нь хуульд нийцээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Хэргийн 79 дүгээр талд авагдсан зээл хүүний тооцооллоор нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 11, 2016 оны 4 дүгээр сарын 15, 2016 оны 11 дүгээр сарын 08, 2016 оны 11 дүгээр сарын 30, 2017 оны 6 дугаар сарын 02, мөн оны 7 дугаар сарын 17, 12 дугаар сарын 05, 2018 оны 6 дугаар сарын 06, 9 дүгээр сарын 06, 11 дүгээр сарын 20, 2019 оны 01 дүгээр сарын 05, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэж хэсэгчлэн зээл, зээлийн хүү, хурамтлагдсан хүүг тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 27 188 602 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 28 361 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 672 314 төгрөг бүгд 61 222 486 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагын үндэслэлийг тайлбарласан байна.

 

            Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх хуулиар үүсэх юм.

 

Анхан шатны шүүх зээлдэгч буюу хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу дээрх хугацаа сунгасан өөрчлөлтийг гэрээнд оруулахаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн нийт 27 570 930 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үлдэгдэл 2 429 070 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцжээ. Тодруулбал, зээлдэгч буюу хариуцагч нь хэргийн 18 дугаар талын арын хэсэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн төлөлтийн хэмжээнээс бага төлөлт хийсэн байна.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн хүүд 24 097 250 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шаардлага гаргасан дээрх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнээс хэтрэхгүй байх ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаж, маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

            Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 26 526 320 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 914 096 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/01015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 520 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                        С.ЭНХТӨР