Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2020/01015

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/01015

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Э ХХК

            Хариуцагч: Ц.Д

            Зээлийн гэрээний үүрэгт 61 222 486 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь манай компанитай 2016 оны 2 сарын 18-ны өдөр 16/017 тоот зээлийн гэрээ, 16/017А тоот барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр хд, 84 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 45.2 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206009453 дугаартай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж, уулзаж, шаардлага мэдэгдэл хүргүүлж, зээлдэгчээс 2 удаа зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг зөвшөөрсөн ч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Хариуцагч нь уг зээлийг өөрөө аваагүй, хүргэн болох Д.Эавч өгсөн тул хариуцагч биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.А оролцуулсан боловч бид уг этгээдийг хариуцагчаар оролцуулах шаардлага гаргаагүй. Энэ хүн нь Монгол улсад байхгүй байгаа гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт нийт 67 773 032 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч тооцооллын хувьд алдаа гаргасан байсан ба одоо нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 27 188 602 төгрөг, зээлийн хүү 28 361 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 672 314 төгрөг, нийт 61 222 486 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байгаа тул уг мөнгийг хариуцагч Ц.Д гаргуулж өгнө үү, мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг зээлийн гэрээ миний нэрээр байгуулагдсан хэдий ч хүргэн Д.Э гуйлтаар, түүний бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор  зээлийн 30 000 000 төгрөгийг, өөрийн 2 өрөө орон сууцыг барьцаалж авч өгсөн. Анх рестораны үйл ажиллагаа эрхлэж байсан боловч уг ажил нь доголдож үйл ажиллагаа нь зогссон. Мөн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлсэн боловч цаг уурын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэл учирсан. Гэхдээ  уг зээлийн төлбөрийг төлж нийт 29 360 223 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 сарын 18-нд дууссан бөгөөд 2018 оны 1 сард сунгасан гэх гэрээгээр үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Д.Э нь төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар бичгээр тайлбар өгсөн байдаг. Энэ хугацаанд Д.Э ийг зээлдэгч болгож гэрээг өөрчилж болох байсан. Иймд гэрээний бус хугацаанд төлсөн 27 570 930 төгрөгийг үндсэн зээлээс хасч, тооцож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Ц.Д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг, зээлийн хүү 31 597 527 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  6 175 505 төгрөг, нийт 67 773 032 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, үндсэн зээлийн 27 188 602 төгрөг, зээлийн хүүгийн 28 361 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 672 314 төгрөг, нийт 61 222 486 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 26 526 320 төгрөгийг хангаж, үлдэх 25 914 096 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 2 сарын 18-ны өдөр 16/017 тоот зээлийн гэрээ, 16/017А тоот барьцааны гэрээ болон 2018 оны 07 сарын 03-ны өдрийн №16-017 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 06 сарын 20-ны өдрийн №16-017 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд үндэслэж...” шаардсныг хариуцагч тал “...уг зээлийн гэрээг хариуцах ёстой хүн нь Д.Э гэж, мөн хугацаа сунгасан нэмэлт гэрээнүүдийн дагуу шаардах үндэслэлгүй...” гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2016 оны 2 сарын 18-ны өдөр 16/017 тоот зээлийн гэрээ, 16/017А тоот барьцааны гэрээ тус тус  байгуулагдаж, уг гэрээгээр Э ХХК нь 30 000 000 төгрөгийг, рестораны үйл ажиллагаа явуулах зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 6-7/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр хд, 84 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 45.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206009453 дугаартай орон сууцыг барьцаалжээ./хх-ийн 8-10/

Хариуцагч Ц.Д уг зээлийг би авч ашиглаагүй тул хариуцагч биш гэж маргасан нь үндэслэлгүй байх ба 2016 оны 2 сарын 18-ны өдөр 16/017 тоот зээлийн гэрээ, 16/017А тоот барьцааны гэрээ тус тус  Ц.Д байгуулагдаж, гэрээ тус бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан, түүнчлэн Ц.Д нь зээлийн 30 000 000 төгрөгийг өөрийн нэр дээрх ХААН банкны дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин 2018 оны 07 сарын 03-ны өдрийн №16-017 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019 оны 06 сарын 20-ны өдрийн №16-017 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг хуульд заасан журмын дагуу байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 сарын 18-ны өдөр дууссан байх бөгөөд дээрх гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа уг гэрээг сунгасан агуулгаар гэрээ байгуулж, уг гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг шаардсан нь хуульд нийцэхгүй байна.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй талаар маргаагүй ба нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байх ба хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцож шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл уг зээлийн төлбөрт 2016 оны 11 сарын 08-ны өдрөөс хойш нийт 27 570 930 төгрөгийг төлсөн байх ба уг мөнгийг үндсэн зээлийн 30 000 000 төгрөгөөс хасаж, үндсэн зээл 2 429 070 төгрөг, хүү 24 097 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 819 450 төгрөг, нийт 26 526 320 төгрөгийг хангав.  

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 26 526 320 төгрөгийг хангаж, үлдэх 25 914 096 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг  хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д зээлийн гэрээний үүрэгт 26 526 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 25 914 096 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Д нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр хд, 84 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 45.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206009453 дугаартай Ц.Д өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 567 015 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д улсын тэмдэгтийн хураамжинд 360 781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах  эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ