Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1271

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00987 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ийн хариуцагч “А-” ХХК болон П.Г- нарт холбогдуулан гаргасан “А-” ХХК болон П.Г- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 10 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг “А-” ХХК-д даалгах, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг “А-” ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч П.Г-ын нэхэмжлэгч Б.Э-т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э- би 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “А-” ХХК-тай Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяан гүний гудамж, 10 тоот /хаалганы №105/ хаягт байршилтай 68м2 үл хөдлөх эд хөрөнгийг 1м2-ийг нь 4 500 000 төгрөгөөр 306 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч “А-” ХХК нь худалдан авагч Б.Э- надад 68 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч 60.7 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байсан. Б.Э- би худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө 7.3 м.кв дутуу байсан болохыг мэдэхгүйгээр 283 898 300 төгрөг төлсөн ба 10 748 300 төгрөгийг илүү төлсөн байна. Худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан учир өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг худалдагч “А-” ХХК-ийн захирал П.Т мэдэгдэхэд өмчлөх гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээсээ санаатайгаар зайлсхийж өөрийн төрсөн дүү болох П.Г-т шилжүүлсэн. Иймд “А-” ХХК болон П.Г- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамъяан гүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр Б.Э- намайг тогтоож өгнө үү. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг “А-” ХХК-д даалгаж өгнө үү. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг “А-” ХХК-аас гаргуулж Б.Э- надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А-” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "А-" ХХК болон П.Г- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох гэсэн тухайд, Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ: тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оноос хойш төлбөр тооцоо хийж худалдан авч байгаа болохыг маш сайн мэдэж байж өмчлөх эрхийн гэрчилгээг ах дүү хоёр дүр үзүүлэн нэг рүүгээ шилжүүлсэн тухайд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах хүдалдан авах гэрээний аль ч заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцлийн 10 заалтад хамаарахгүй бөгөөд хэдий миний төрсөн ах болох нь үнэн боловч П.Г- нь өөрийн гэр бүл үр хүүхэд, ахуй амьдралтай, бидний өмч хөрөнгө мөнгө төгрөг тооцоо туурга тусдаа билээ. П.Г- манай компанид түшиг тулгуур минь болж дэд захирлын ажил албан тушаалд ажилдаг учир Б.Э-ийн худалдан авч чадаагүйгээс манай компани зээлийн хугацаа хэтэрч удаан хугацаанд хүү алданги төлж алдагдал хүлээсэн өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад өөрийн хөрөнгө мөнгийг Б.Э-ээс ч илүү төлж зарцуулсан болно. П.Г- нь тус компанид 2018-2019 онд зээлийн эргэн төлөлт хийсэн, бэлэн мөнгө компанид төлсөн зэрэг баримтаар 300 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул маргаж байгаа 105 тоот өрөөний өмчлөх эрхийг шилжүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгч Б.Э- 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон худалдан авалтаа зогсоох баталгаа гарган өгсөн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч миний өөрийн үзэмжээр захиран зарцуулж худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй болно. Нэхэмжлэгч Б.Э- нь Сүхбаатар дуурэг, 1-р хороо, Соёл амралтын 14240, Жамъян гүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэсэн тухайд, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 306 сая төгрөгөөр худалдах-аар үнийг тодорхойлсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлд Худалдан авагчид төлбөр тооцоо хийж дууссан өдрөөс эхлэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ" гэж үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөх шаардлага тавигдсан юм. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар бид Б.Э-ээс худалдан авч байгаа бол үнийг цувуулж биш нэг дор бүрэн хийхийг удаа дараа шаардаж ирсэн билээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Э- гэрээнд заасан 306 000 000 төгрөгийг төлж дуусгах 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, гэрээний хавсралт гэх баримтад хугацаа сунгагдсан 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, бичгээр гаргасан хүсэлтэндээ товлосон 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлөөгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 дугаарт 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож гэсэн тухайд, Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлийг худалдсан байрны талбайн хэмжээ дутуу байсан мэтээр 60,7 м.кв талбайн үнээ тооцоо хийнэ гэжээ. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь барилга угсралтын захиалгын гэрээ биш бөгөөд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан 306 000 000 төгрөг гэсэн үнэ бол 68 м.кв талбай бүхий өрөөний зах зээлийн үнэ ханш бөгөөд гэрээнд нэг м.кв-ийн үнийг 4 500 000 төгрөг тодорхойлж заагаагүй, ашиглалтанд ороод компанийн үйл ажиллагаа явагдаж байсан сургалтын зориулалтаар ашиглаж байсан заал буюу дотроо өрөө тасалгаа гаргаагүй том нэг өрөөг харилцан тохиролцож 306 000 000 төгрөгөөр худалдан авахаар Б.Э- хүсч үнийг төлөх үүрэг хүлээсэн юм. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар болон талбайн хэмжээтэй холбоотой санал гомдол гэрээний хугацаанд огт гаргаж байгаагүй бөгөөд шүүхэд үнийг бүрэн төлсөн мэтээр үндэслэл гаргахын тулд м.кв дутуу гэх гэрээнд заагаагүй худал үндэслэл гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Э- 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөөрс хойш эзэмшиж ирсэн хугацаандаа нэг том заал байсан өрөөг 5 жижиг өрөө болгон хана тасалгаа гарган ашиглаж байгаа билээ. Нөгөө талаар манай 105 тоот өрөө эд хөрөнгийн доголдолгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд худалдсан өрөөг нэгж талбайн хэмжээгээр тооцож үнэ тодорхойлоогүй, худалдан авах гэрээний хугацаа болон нэмэлт тогтоосон хугацаа дуусгавар болсон тул талуудын үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгч Б.Э- тасалгаа гарган нэмж хана өрж өрөөний талбайн хэмжээг багасгасан, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дах хэсэгт тус тус зааснаар манай компанийн сургалтын зориулалтаар ашиглаж ирсэн, Б.Э-т шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон одоо ч ашиглаасаар байгаа тул энэхүү шаардлага нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Э- нь өмчлөх эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлэхийг манай компанид даалгах шаардлага гаргаж байгаа тухайд, Нэхэмжлэгч Б.Э-тэй байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнийг бүрэн төлөөгүй, үнэ төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон талаар дээр дэлгэрэнгүй тайлбар хийсэн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч нь Б.Э- биш, шударга бус эзэмшигч учир өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй юм. Манай компанийн өмчлөх эрх тухайн үл хөдлөх эд хөрөнгийг П.Г-т хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар дуусгавар болсон билээ. Иймд энэ шаардлагын хариуцагч нь манай компани биш болсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид шилжүүлсэн болно. Ихэсгэсэн шаардлагын 3 дугаарт, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу илуу төлсөн 10 748 300 төгрөгийг гаргуулж Б.Э-т олгох гэсэн тухайд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнэ болох 306 000 000 төгрөгөөс илүү төлөлт хийгдээгүй, нийт 283 898 300 төгрөг Б.Э- төлсөн баримтыг шүүхэд гарган өгсөн байсан. Түүний төлбөр төлсөн огноо болон дүн манай санхүүгийн баримттай нийлж байгаа тул энэхүү шаардлага нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Б.Э- өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааг нэмж тогтоох талаар бичгээр баталгаа гарган өгч байсан болон төлбөр тооцоо нийлж байсан баримтаар илүү төлөлт хийсэн баримт байхгүй билээ. Харин нэхэмжлэгчийг өрөөг чөлөөлж өгөхийг эвийн журмаар шаардаж ирсэн боловч одоо хүртэл чөлөөлөөгүй маргаж байгаа тул Б.Э-ийн байр талбайг эзэмшсэн хугацаанд зах зээлийн үнэ ханшаар түрээсийн төлбөр тооцоог хийх бөгөөд эзэмшиж байсан хугацааны ашиглалтын зардал, манайд учирсан хохирол, алдагдлыг арилгахыг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч П.Г- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Г- би “А-” ХХК-д 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 11 удаагийн үйлдлээр нийт 301 000 00 төгрөгийг зээлдүүлсэн. “А-” ХХК нь П.Г- надаас авсан дээрх 301 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг өөр үүргийн гүйцэтгэлээр орлуулан гүйцэтгэх болсноор буюу тус компанийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч П.Г- надад шилжүүлэхээр болсон. Үүний дагуу бид 2019 оны 9 дүгээр сарын 19-ний "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл, П.Г- миний өмнө 301 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээгээд байсан “А-” ХХК нь уг үүргээ сольж, өөр үүргийн гүйцэтгэлийг буюу компанийнхаа өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг П.Г- надад шилжүүлснээр “А-” ХХК-ийн зээлийн хэлцлээр хүлээсэн 301 000 000 төгрөгийн үүрэг дуусгавар болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлснээр хэлцэл хуулийн хүчин төгөлдөр байхыг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан байх бөгөөд “А-” ХХК болон П.Г- бидний хооронд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар баталгаажиж, гэрээ Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд энэ ч үүднээс П.Г- миний нэр дээр тар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 000702487 дугаартай гэрчилгээ гарч надад уг үл хөдлөх эд эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн болно. Энэхүү 68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх “А-” ХХК-иас П.Г- надад шилжих үед иргэн Б.Э- гэх эмэгтэйн эзэмшилд түр хугацаатайгаар байсан ба “А-” ХХК-иас ...манай компани ойрын хугацаанд Б.Э-тэй тооцоо нийлж дууссаны дараагаар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж П.Г- танд хүлээлгэн өгнө... гэж хэлсний дагуу миний бие Б.Э- гэх эмэгтэйг үл хөдлөх эд хөрөнгийг минь чөлөөлж өгөхийг тодорхой хугацаанд хүлээхээр болсон. Гэвч, Б.Э- нь “А-” ХХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 мкв2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан буюу П.Г- миний өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан нь үндэслэлгүй төдийгүй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа түүний энэ үйлдлийг таслан зогсоолгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, миний бие өмчлөх эрхийг нь хуульд заасны дагуу олж авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөө Б.Эрдэнчимэгийн хууль бус үйлдлээс болж өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Иймд П.Г- миний өмчлөх эрхийн гэрчилгээний 000702487 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягийн 68 мкв2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: П.Г-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. П.Г- нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцлээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан тул өмчлөгч биш юм. иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт зааснаар А- ХХК, П.Г- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу хүчин төгөлдөр бус тул хариуцагч А- ХХК-д Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Э-т шилжүүлэхийг даалгаж, Б.Э-ийн нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, илүү төлсөн 10 748 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу П.Г-ын Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах 68 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг “А-” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ Б.Э- нь үл хөдлөх эд хөрөнгийг Түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаад худалдан авсан тул худалдах худалдан авах гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл “А-” ХХК нь Б.Э-гэй 1 мкв талбайн үнийг 4 500 000 төгрөгөөр анх тохирч 68 мкв талбайгаа 306 000 000 төгрөгөөр худалдахаар болсон боловч худалдагч тал болох “А-” ХХК нь талбайн хэмжээгээ зөрүүтэй дутуу гэдгийг мэдэж байсан учир үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа 1 мкв талбайн үнийг тодорхойлж бичээгүй байна. Б.Э- нь тухайн үедээ худалдагч талд итгэж байсан ба бодит байдал дээр талбайн хэмжилтийг дутуу гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Харин Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэй “Бройт пойнт” ХХК-ийн мэргэжлийн шинжээчдээр хэмжилт хийлгүүлэхэд Б.Э-ийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 60,70 мкв талбай буюу 7,3 мкв талбайгаар дутуу байсан болохыг мэдсэн энэ үедээ Б.Э- нь “А-” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 283 898 300 төгрөгийг төлсөн байсан. Зүй нь бодит талбайн төлбөрт 273 150 000 төгрөг төлөх байснаас мкв талбайн хэмжээ дутуу байсныг мэдэлгүйгээр 10 748 300 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Гэвч Б.Э-ийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг мэдэх боломжгой байсан гэж үзэхээргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б.Э-ээс илүү төлсөн 10 748 300 төгрөгийг “А-” ХХК-аас гаргуулан Б.Э-т олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжпэгч Б.Э- нь анх хариуцагчтай 3 сарын хугацаатай түрээслэх, дараа нь худалдан авахаар хүсэлт гарган 2016.12.15-ны өдөр Ажлын байрны эрх шилжүүлэх болон түрээслүүлэх тухай 16/БГ-208 дугаартай гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээний 1.1 дэх заалтад “ Энэхүү гэрээний зорилго нь түрээслүүлэгч тал түрээслэгчид 68 ам.метр талбай бүхий өрөөг оффиссын зориулалтаар, нэг сарын 2 040 000 / нөат-гүй дүн/ 03 сарын хугацаатай түрээслэх, 3 сарын дараа түрээсээр ашиглаж буй оффиссын өрөөг 306 000 000 төгрөгөөр худалдан авах харилцааг зохицуулна" гэж заасан юм. Гэвч нэхэмжлэгч түрээсийн гэрээ дуусгавар болоход үргэлжлүүлэн сууж төлбөр тооцоог худалдан авах үнийг бүрэн төлтөл хугацаанд түрээсээр эзэмшиж байгаагаар тооцож байхаар тохиролцсон болно. Нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэл тодорхойгүй байр суурьтай явсаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж гэрээний 12 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөх хамгийн сүүлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хатуу тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид шилжүүлэх бидний эрхийг хүлээн зөвшөөрсөн билээ. “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” энэхүү гэрээ нь нотариатаар гэрчлэгдэн эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор гэрээний 10 дугаар зүйлд зааснаар Эд хөрөнгийн улсын бүртгэлд огт бүртгэгдээгүй учир энэхүү гэрээг хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэл байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж шийдвэртээ дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Бид энэ талаар шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбартаа дурьдаж энэхүү гэрээний дагуу талуудын үүрэг дуусгавар болсон талаар маргасан билээ. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасантай тус тус нийцээгүй, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн бусад баримтаар нотлогддог бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. Иймээс нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч “А-” ХХК нар нь Иргэний хуулийн 56.5-т зааснаар өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх ёстой. Нэхэмжлэгч Б.Э- нь СБД-ийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/Жамъянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхар 105 тоот 68 м2 талбай бухий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг одоог хүртэл эзэмшиж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулж ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар “Эд хөрөнгө ашигласны хөлсийг ашигласан хугацаандаа төлөх үүрэгтэй” билээ. Нэхэмжпэгчийн нийт төлсөн гэх 283 898 300 төгрөгийн тооцооноос 2017 оны 4 сараас 2020 оны 4 сар хүртэл 3 жилийн хугацаанд 106 300 000 төгрөг түрээсийн төлбөрт тооцогдож хасагдаж тооцох ёстой бөгөөд үүн дээр ашиглалтын зардлын 2 530 052 төгрөгийг хасч, дээр нь хохиролд төлсөн 40 978 300 төгрөг бүгд 149 808 352 төгрөгийг тооцон хасвал үл хөдлөх эд хөрөнгө худалдах үнэнд ердөө 134 089 948 төгрөг төлсөн тооцооны талаар тайлбар нотлох баримтыг хариуцагч манай талаас санхүүгийн бүртгэлээр тооцоолж анхан шатны шүүхэд гарган өгсөн. Энэ тооцоо нь Б.Э-ийн байр чөлөөлөх өдөр хүртэлх хугацаагаар тооцогдон түүний нийт төлсөн гэх 283 898 300 төгрөгөөс хасч тооцогдох нь шударга ёсонд нийцэх билээ. “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний хугацаанд буюу уг гэрээний 12-д заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болоход 78 100 000 төгрөгийг төлсөн байсан. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд гэрээний хугацаа дууссанаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн хүдалдан авахад зориүлж 55 989 948 төгрөг төлсөн тооцоо гарн байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авахад нийт 134 089 948 төгрөг төлсөн гэх үзэж болно. Гэтэл анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа ашиглалтын зардал хөлс төлөх үүрэгтэй гэх хуулийн заалтыг огт хэрэглэсэнгүй, түүний нийт төлбөрийг худалдан авахаар шилжүүлсэн мөнгө гэж нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна. Худалдан авах үнэнд тооцогдож байгаа 134 089 948 төгрөг нь нийт худалдан авах 306 000 000 төгрөгийн үнийн дөнгөж 43.8 хувь байхад анхан шатны шүүх ямар ч задаргаа тооцоо хийлгүй худалдан авагч төлбөр гүйцэтгэх үүргийнхээ 92,8% -ийг гүйцэтгэсэн мэтээр дүгнэсэн нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтыг зөрчсөн байна. Хавтаст хэргийн 81-85, 139 дүгээр хуудаснуудад нэхэмжлэгч Б.Э-ийн үйлдсэн хүсэлт бичгүүд байгаа бөгөөд эдгээр бичигт тооцоог хийхдээ түрээсийн төлбөрөөр тооцож эзэмшиж ашиглаж байгаа хугацаанд хасч тооцох, компанид төлөх хугацаа ихэд саатуулж байгаагийн хохирол тооцож төлөхийн зэрэгцээ худалдах худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөх эцсийн хугацааг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тогтоож, энэ өдрөөс хойш байрны мөнгийг түрээсийн төлбөрөөр тооцох, худалдах худалдан авалтыг зогсооно гэж мэдэгдсэн байна. Энэ нь нэхэмжлэгч өөрөө худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан мэдэгдэл гаргасан, үүнийг хүлээн зөвшөөрч хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр П.Г-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргасан байхад нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх мэдэгдэл гардуулсан байхад шүүх үүнийг гэрээнээс татгалзах мэдэгдэл 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан гэж дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн баталгааг 2019 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр үйлдэж, өөрөө 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс худалдан авалтыг зогсоох тухай мэдэгдэл гаргасныг шүүх ач холбогдолтой байдлаар үнэлсэнгүй. 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түүнийг хууль бус эзэмшлэс чөлөөлөх мэдэгдлийг Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсныг мэдэгдсэн гэж үзэх баримт мэтээр буруу үнэлсэн байна. Хавтаст хэргийн 108-109 талд авагдсан хариуцагч “А-” ХХК, П. Г- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүрэн агуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасан шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхээс хариуцагч нарын дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж дүгнэсэн боловч уг дүгнэлт хэрэгт авагдсан хэд хэдэн нотлох баримтаар үгүйсгэгддэг. Тухайлбал, хариуцагч “А-” ХХК нь 11 удаагийн үйлдлээр нийт 301 000 000 төгрөгийг хариуцагч П. Г-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээний хэлцлийн дагуу авсан бөгөөд уг мөнгөн төлбөрийн үүргийг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж, 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах 68 мкв2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр орлуулан гүйцэтгэхээр болж талууд үүнийгээ худалдах, худалдан авах гэрээгээр баталгаажуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж бодит үр дагаварт хүрсэн тул дүр үзүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар П.Г-т төлөх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримтыг шүүх үнэлсэнгүйд гомдолтой байна. Хариуцагч П.Г-ын хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөлийн эд хөрөнгөө нэхэмжлэгч Б.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр түүнээс шаардаж байгаа нь нэг талаас “А-” ХХК, Б.Э- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй, нөгөө талаас худалдан авагч тал буюу Б.Э- нь өөрийн худалдан авалтаа 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс дуусгавар болгохоор “Баталгаа” гаргасан учир П.Г-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцэж гарсан болно. Анхан шатны шүүхээс энэ талаар гаргасан хариуцагч П. Г-ын талаас гаргасан тайлбар, шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ “ нэхэмжлэгч Б. Э- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан ...68 мкв2 талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4- т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч “А-” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул тус гэрээтэй холбоотой шаардах эрх нэхэмжлэгч Б. Эрдэнчимэгт үүсэхгүй буюу ... хариуцагч П.Г-ын өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгийг шаардах боломжгүй юм. Харин, нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч “А-” ХХК нар нь 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаа, түүнээс цаашхи шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, харилцан тооцоо нийлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасантай нийцнэ. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б. Э- нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ирсэн байх боловч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/, Жамьянгүний гудамж", 10 дугаартай барилгын 1 дүгээр давхрын 105 тоот хаягт байрлах 68мкв2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх түүнийг үл хөдлөх эд хөрөнгийг аль хэдийнэ худалдан авсан мэтээр дүгнэж шүүх хэрэглэх зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйл 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож түүний хууль бус эзэмшлээс хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “А-” ХХК, П.Г- нарт холбогдуулан “А-” ХХК болон П.Г- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаартай барилгын 1 давхарын 105 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан болохыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг “А-” ХХК-д даалгах, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 10 748 300 төгрөгийг “А-” ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч П.Г- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

           

            Хариуцагч “А-” ХХК болон нэхэмжлэгч Б.Э- нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Жамъяангүний гудамж, 10 дугаар барилгын 1 давхарын 68 мкв талбайтай 105 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнэ 306 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна. /1хх 7-8 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч дээрх гэрээ байгуулагдахаас өмнө маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэж талууд тайлбарласан тул тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө эрх зүйн ямар харилцаа үүссэнийг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр тухайн объектыг эзэмшиж байсан үйл баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

            Учир нь нэхэмжлэгч хариуцагч байгууллагад 283 898 300 төгрөг шилжүүлснээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “105 тоот өрөөний урьдчилгаа төлбөрт” гэх утгаар 15 000 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 14-ний өдөр “худалдан авсан төлбөрөөс” гэх гүйлгээний утгаар 4 000 000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдөр “худалдан авсан төлбөрөөс” гэх утгаар 3 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр “худалдан авсан төлбөрөөс” гэх утгаар 500 000 төгрөгийг тус тус төлсөн байна. /1хх 33-34 дүгээр тал/ Уг мөнгө нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт хамаарах эсэх талаар зохигчид маргаж байхад, дээрх мөнгө нь өөр гэрээний төлбөр эсэх талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлж, дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн буюу ямар хэмжээтэйгээр биелүүлсэн нь тодорхой байх учиртай.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00987 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 186 923 төгрөг, хариуцагч “А-” ХХК-ийн төлөөлөгчийн 1 654 543 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                                      С.ЭНХТӨР