Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1277

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ОСНААУГ-”

ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01008 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын хариуцагч Ж.Б-д холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохирол 62 488 726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б- нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар ажиллаж байх хугацаандаа буруу шийдвэр тушаал гаргасны улмаас шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны олговорт мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.А-д 3 569 399 төгрөг, 10 919 787 төгрөг, цалин хөлсний нягтлан бодогч Г.М-ад 4 608 397 төгрөг, хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 ээлжийн инженер Б.О-т 2 865 932 төгрөг, баруун түгээх төвийн машинист Ч.Д-д 3 187 377 төгрөг, хэрэглэгчдэд үйлчлэх төв-16 дарга Б.Ө-д 2 039 964 төгрөг, 286 662 төгрөг, 21 904 498 төгрөг, Хэмжих хэрэгслийн лабораторын эрхлэгч Б.У-д 8 632 380 төгрөг, хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 дарга Д.Б-т 6 727 668 төгрөг, нийт 64 742 066 төгрөг олгосон бөгөөд үүнээс Ж.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2 253 340 төгрөгийн хохирол барагдуулсан байна. Үлдэгдэл 62 488 726 төгрөг Ж.Б-аас гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ж.Б- нь ОСНААУГ- ОНӨААТҮГ-ын даргаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус байгууллагын болон харьяа газруудын холбогдох ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан нэр бүхий хүмүүс нь шүүхээр маргаж, ажилдаа эгүүлэн тогтоосон байдаг. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч тэдгээр нь нэр бүхий ажилтнуудын тухайд аливаа сахилгын зөрчил гаргаагүй гэсэн үг биш бөгөөд гагцхүү зөрчлийн бүрэн нотолж тогтоогоогүй гэдэг үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон нэр бүхий хүмүүс байгаа болохыг харгалзан үзэх хэрэгтэй. Тухайлбал, тус газрын мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.А-, цалин хөлсний нягтлан бодогч Г.М-, хэмжих хэрэгслийн лабораторын эрхлэгч Б.У-, хэрэглэгчдэд үйлчлэх төв-3-ийн ээлжийн инженер Б.О-, баруун түгээх төвийн машинист Ч.Д-, хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-ийн дарга Б.Ө- нарт шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж олгохоор болсон боловч тэдний хувьд гаргасан зөрчил нь илэрхий байдаг. Түүнчлэн нөгөө талаасаа “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаал нь нийтийн эрх зүйн албан тушаалд хамаардаг, төрийн захиргааны, төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бөгөөд хариуцагч Ж.Б-ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаарх маргаан өнөөдрийн байдлаар шүүхэд хянагдаж байгаа болно. Иймээс төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалтантай холбоотой хохирол гаргуулах асуудлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар шийдвэрлэгдэх тул нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3 дах хэсэгт заасны дагуу аудитын байгууллага хохирлыг барагдуулах үүрэгтэй байхад нэхэмжлэгч буюу “ОСНААУГ-” ОНӨААТҮГ нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байхын зэрэгцээ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Ж.Б-аас 61 891 321 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 597 405 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 826 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 467 407 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шуүхээс дүгнэхдээ “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-ы албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан хохирлын нэхэмжлэгч байгууллага төлсөн...иймд мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд Үболгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагаас дээрх нэр бүхий ажилтнуудад олгосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гэм хорын хохиролд тооцож, хариуцагч Ж.Б-аас гаргуулах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуульд заасан шаардлагад нийцэхгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн “...нэхэмжлэгч "ОСНААУГ-” ОНӨААТҮГ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд...” гэж маргаж, хариу тайлбараа гаргасаар байхад шүүхийн шийдвэрт энэ талаар огт дүгнэлт өгөөгүй зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар, нэхэмжлэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, 103.3-т "Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасны дагуу аудитын байгууллага хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж хуульчилсан байхад нэхэмжлэгч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Нөгөө талаараа анхан шатны шүүхээс зохигчид болох нэхэмжлэгч, хариуцащч 2 талуудын маргаж байгаа үндэслэлүүдээс зөвхөн нэхэмжлэгч талын үндэслэлд дүгнэлт өгч, хариуцагч тал гэж огт байхгүй мэтээр огт дүгнэлт хийгээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэхээр байхын зэрэгцээ хэргийн үйл баримтын талаар хариуцагчийн зүгээс маргаж байгаа үндэслэл болон түүний хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс түүнд нь хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болох нөхцөл байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй асуудлыг давж заалдах шатны шүүхээс санаачилгаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрпэх нь хуульд нийцэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд зөв дүгнэлт хийсэн эсэх, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудыг зөв үндэслэлтэй дүгнэсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх, нотлох баримтыг бүрэн цуглуулсан эсэх зэрэг нөхцөл байдлыг хянахаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй асуудалд цоо шинээр дүгнэлт хийх эрхийг хуулиар олгоогүй байна. Энэ нь анхан шатны шүүхээс хүнд ял оноож ирүүлснийг давж заалдах шатны шүүх хянаад санаачлагаар ял нэмж оногдуулдаггүйтэй адил нөхцөл байдлыг бий болгож байна. Хариуцагчийн хувьд уг хохирлын асуудлыг бүрэн хариуцахгүй гэж М-аггүй, гагцхүү энэхүү хохирлыг төрийн аудитын байгууллагаас барагдуулах арга хэмжээг авахаар хуульчилсан байхад “ОСНААУГ-” ОНӨААТҮГ буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжпэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй, хууль "зөрчиж байна гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг баримталж, ийнхүү хэргийг шийдвэрлэж байгаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсныг зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ОСНААУГ-” ОНӨААТҮГ нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 62 488 726 төгрөг гаргуулах шаардсаныг хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дах хэсэгт “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргажээ.

 

“Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16”-ын дарга Б.Ө-, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ын дарга Д.Б-, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ын ээлжийн инженер Б.О-, Санхүү эдийн засгийн хэлтсийн мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.А-, Баруун түгээх төвийн машинист Ч.Д-, Хэмжих хэрэгслийн лабораторын эрхлэгч Б.У-, Цалин хөлсний нягтлан бодогч Г.М- нар нь Иргэний хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдож, тэдэнд нэхэмжлэгч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны олговор олгосонд зохигч маргаагүй байна. Харин анхан шатны шүүхээс уг маргаанд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг хэрэглэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу. Тодруулбал, иргэний хэргийн шүүхийн харъяалалаар Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын дагуу ажилтанд олгосон ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогч хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаас шаардаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, тус хуулийг хэрэглэх бол ажил олгогч байгууллага нь өөрт учирсан хохирлыг мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй эсэх, эсхүл 103 дугаар зүйлийн 103.3 дах хэсэгт зааснаар аудитын байгууллага шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх байжээ.

Нөгөө талаар, анхан шатны шүүх шийдвэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт заасныг хэрэглэх болсон үндэслэлээ, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, маргааны үйл баримтад тулгуурлан тайлбарлаагүй зөрчил гаргасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

 

Учир нь дээрх 7 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн үед, тухайн ажлын байранд өөр ажилтан томилж ажиллуулснаас давхар цалин хөлс олгох зэргээр нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн буруугаас гэм хорын хохирол бодитой учирсан эсэх нөхцөл байдал тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд гэрээ болон хуульд зааснаар олгох ёстой цалин хөлсийг ажил олгогч олгосон нь байгууллагад учирсан бодит хохиролд тооцогдох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай. Үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах үйл баримт тодорхой бус байна. Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч байгууллагад учирсан гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор хамаарах үндэслэл шалтгаан болсон нөхцөл байдал тодорхой байх учиртай.

Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар хуульчилсан. Мөн зүйлийн 498.5 дах хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4 дэх хэсэгт  заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заажээ.

Гэтэл хариуцагч Ж.Б- ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа дээрх 7 ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт заасан шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл болох эсэх үйл баримт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Тодруулбал, ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой тушаал гаргасан нь хариуцагчийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээс болсон гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд үүнийг хэрхэн баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж байгааг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

            Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/01008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                         С.ЭНХТӨР