Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01008

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр                    Дугаар 102/ШШ2020/01008                            Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: ЧД-ийн 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах ОСНААУГ ОНӨААТҮГ /РД: 0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух Х х овогт Ж-ийн Б /РД: АА00000000/-д холбогдох,

 

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 62,488,726 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, иргэдийн төлөөлөгч М.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар ажиллаж байх хугацаандаа буруу шийдвэр тушаал гарсаны улмаас шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож ажилгүй байсан хугацааны олговорт мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.Алтангэрэлд 3,569,399 төгрөг, 10,919,787 төгрөг, цалин хөлсний нягтлан бодогч Г.Маргадад 4,608,397 төгрөг, хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 ээлжийн инженер Б.Оюунчимэгт 2,865,932 төгрөг, баруун түгээх төвийн машинист Ч.Дагвасүрэнд 3,187,377 төгрөг, хэрэглэгчдэд үйлчлэх төв-16 дарга Б.Өнөрсайханд 2,039,964 төгрөг, 286,662 төгрөг, 21,904,498 төгрөг, Хэмжих хэрэгслийн лабораторын эрхлэгч Б.Уянгад 8,632,380 төгрөг, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 дарга Д.Баатарт 6,727,668 төгрөг, нийт 64,742,066 төгрөг олгосон бөгөөд үүнээс Ж.Б нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2,253,340 төгрөгийн хохирол барагдуулсан байна. Үлдэгдэл 62,488,726 төгрөг Ж.Баас гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ж.Б нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус байгууллагын болон харьяа газруудын холбогдох ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан нэр бүхий хүмүүс нь шүүхээр маргаж, ажилдаа эгүүлэн тогтоосон байдаг.

Хэдийгээр шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч тэдгээр нь нэр бүхий ажилтнуудын тухайд аливаа сахилгын зөрчил гаргаагүй гэсэн үг биш бөгөөд гагцхүү зөрчлийн бүрэн нотолж тогтоогоогүй гэдэг үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон нэр бүхий хүмүүс байгаа болохыг харгалзан үзэх хэрэгтэй.

Тухайлбал, тус газрын Мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.Алтангэрэл, цалин хөлсний нягтлан бодогч Г.Маргад, Хэмжих хэрэгслийн лабораторын эрхлэгч Б.Уянга, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ийн ээлжийн инженер Б.Оюунчимэг, Баруун түгээх төвийн машинист Ч.Дагвасүрэн, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16”-ийн дарга Б.Өнөрсайхан нарт шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж олгохоор болсон боловч тэдний хувьд гаргасан зөрчил нь илэрхий байдаг.

Түүнчлэн нөгөө талаасаа “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаал нь нийтийн эрх зүйн албан тушаалд хамаардаг, төрийн захиргааны, төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах бөгөөд хариуцагч Ж.Быг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаарх маргаан өнөөдрийн байдлаар шүүхэд хянагдаж байгаа болно.

Иймээс төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалтантай холбоотой хохирол гаргуулах асуудлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар шийдвэрлэгдэх тул нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3,-т заасны дагуу аудитын байгууллага хохирлыг барагдуулах үүрэгтэй байхад нэхэмжлэгч буюу “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байхын зэрэгцээ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 62,488,726 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас байгууллагад учирсан гэм хорыг арилгуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Ж.Б нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан контрактын гэрээ /хх 164-170/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь контрактын гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаалаар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16”-ын дарга Б.Өнөрсайхан, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/548 тоот тушаалаар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ийн дарга Д.Баатар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/762 тоот тушаалаар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ийн ээлжийн инженер Б.Оюунчимэг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тоот тушаалаар мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.Алтангэрэл, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1167 тоот тушаалаар баруун түгээх төвийн машинист Ч.Дагвасүрэн, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөө дууссан хэмжих хэрэгслийн лабораторын эрхлэгч Б.Уянгыг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/670 тоот тушаалаар цалин хөлсний нягтлан бодогч Г.Маргад нарыг тус тус ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тэдгээрийг дараах шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Үүнд:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00944 дугаартай шийдвэрээр Б.Өнөрсайханыг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16”–ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,626,723 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Өнөрсайханд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1585 дугаартай магадлалаар шийдвэрийн 2 дахь заалтын 2,626,723 гэснийг 2,266,627 гэж өөрчилж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01899 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, /хх 42-45, 143-145/

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01694 дугаартай шийдвэрээр 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговорт 21,642,336 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Өнөрсайханд олгохоор, /хх 35-41/

 

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/02023 дугаартай шийдвэрээр Д.Баатарыг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, /хх 46-49/

 

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01536 дугаартай шийдвэрээр Д.Баатарыг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3”-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нэмэгдэл хөлс, үр дүнгийн шагнал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2006 дугаартай магадлалаар Д.Баатарыг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,727,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Баатарт олгохоор өөрчлөлт оруулж, /хх 50-57 ,133-136/,

 

5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02121 дугаартай шийдвэрээр Б.Оюунчимэгийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын харъяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” 3-ын ээлжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,503,620 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгох, /хх 55-60/

 

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаартай шийдвэрээр Э.Алтангэрэлийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын санхүү эдийн засгийн хэлтсийн мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,372,098 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Э.Алтангэрэлд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2331 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00331 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, /хх 70-73, 140-142, 150-153/

 

7. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01561 дугаартай шийдвэрээр 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговорт 10,644,525 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Э.Алтангэрэлд олгохоор, /хх 61-66/

 

8. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/02463 дугаартай шийдвэрээр Ч.Дагвасүрэнг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Баруун түгээх төвийн машинистын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,909,108 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ч.Дагвасүрэнд олгохоор, /хх 67-69/

 

9. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01430 дугаартай шийдвэрээр Б.Уянгын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,632,380 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Уянгад олгохоор, /хх 74-78/

 

10. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01946 дугаартай шийдвэрээр Г.Маргадыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын цалин хөлсний нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,646,170 төгрөгийг хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Маргадад олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2555 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00599 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, /хх 79-83, 138-139/ тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь Б.Өнөрсайхан, Д.Баатар, Б.Оюунчимэг, Э.Алтангэрэл, Ч.Дагвасүрэн, Б.Уянга, Г.Маргад нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төлсөн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн даалгавар, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын “Олговор олгох тухай” тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ж.Б нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа дээрх ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас тэдгээрийг урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж зааснаар хариуцагч Ж.Бы албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан хохирлыг нэхэмжлэгч байгууллага төлсөн байна.

 

Иймд мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагаас дээрх нэр бүхий ажилтнуудад олгосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гэм хорын хохиролд тооцож хариуцагч Ж.Баас гаргуулж, нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэм хорын хохирлын хэмжээг тооцоход:

1. “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16”-ын дарга Б.Өнөрсайханд 2,039,964 + 286,662+ 21,642,336 = 23,968,962 төгрөг,

2. “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ын дарга Д.Баатарт 6,727,688 төгрөг,

3.“Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3”-ын ээлжийн инженер Б.Оюунчимэг 2,865,932 төгрөг,

4. Санхүү эдийн засгийн хэлтсийн мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.Алтангэрэлд 3,569,399 + 10,919,787 = 14,489,186 төгрөг,

5. Баруун түгээх төвийн машинист Ч.Дагвасүрэнд 3,187,377 төгрөг,

6. Хэмжих хэрэгслийн лабораторын эрхлэгч Б.Уянгад 8,632,380 төгрөг,

7. Цалин хөлсний нягтлан бодогч Г.Маргадад 4,608,397 төгрөг, нийт 64,742,066 төгрөгөөс хариуцагч Ж.Бы төлсөн 2,253,340 төгрөгийг хасаж, үлдэх 62,488,726 төгрөгийг байгууллагад учруулсан гэм хорын хохиролд хариуцагч Ж.Баас гаргуулахаар шаардсан боловч Б.Өнөрсайхан, Э.Алтангэрэл нарт олгосон олговорыг шүүхийн шийдвэрт заасан хэмжээнээс илүү нэхэмжилсэн байх тул шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр,

харин Б.Оюунчимэг, Ч.Дагвасүрэн, Г.Маргад нарт олгосон олговрыг шүүхийн шийдвэрт зааснаас бага хэмжээгээр нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тус тус тооцож, хариуцагч Ж.Баас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 61,891,321 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 597,405 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Ж.Б-аас 61,891,321 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 597,405 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,826 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 467,407 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                     Т.ГАНДИЙМАА

 

                                                                                    Н.ХАНГАЛ