Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/909

 

 

 

 

 

      2022            9             15                                         2022/ДШМ/909                     

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бл,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Мөнхсайхан, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Г.Бд холбогдох эрүүгийн 2012 0104 0254 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д овгийн Гын Б, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................ аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, .................. дүүргийн ... дугаар хороо, ........................... тоотод оршин суух хаягтай, /РД:............................./;

            - Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 1 жил 8 сар 27 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.

            Шүүгдэгч Г.Б нь:

            - 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 29 дүгээр гудамжны 264 тоотын орчимд өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, онц харгис хэрцгийгээр амь хохирогч Ч.Мбын биед олон удаа хутгалж, олон тооны гэмтэл шарх учруулж, түүний эзэмшиж, такси үйлчилгээнд явж байсан 13-25 УБЛ дугаартай “Соната-2” загварын тээврийн хэрэгсэл болон хэрэглэж байсан “Нокиа” загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2 сим карт уншдаг товчлууртай гар утас зэрэг эд зүйлсийг авсан, дээрх аюултай үйлдлийн улмаас амь хохирогч Ч.Мб нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нас барсан,

            - үргэлжилсэн үйлдлээр Б.Б-Э, Д.Л нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор “Хьюндай Соната-6” загварын 05-26 УБГ дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн сант асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг нийт 11.946.450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

            - 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 103 дугаар байрны подвалд байрлах алт, мөнгөний дарханы газрын хаалганы цоожийг эвдэн 10 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 8 лан мөнгө, 7 лан хар мөнгө, 5 грамм алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн гинж, 29 ширхэг бөгж, 6 ширхэг эрэгтэй бөгж, 8 ширхэг мөнгөн зүүлт, 7 ширхэг мөнгөн бөг, 52 ширхэг мөнгөн бөгж, 32 ширхэг мөнгөн хослол, 12 ширхэг мөнгөн ээмэг, 48 ширхэг тогтоогч суурь, төмөр сейф, монетон бугуйвч, сийлбэртэй мэлхий, 700 гр мөнгө зэрэг нийт 14.008.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч хулгайлан авсан,

            - ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж “Якут годон якут годон” гэх фейсбүүк сайтад “Зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гуталдаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн мэдээлэл оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Таас 650.000 төгрөг, М.Боос 80.000 төгрөг, П.Гээс 40.000 төгрөг нийт 770.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5064817965 дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

            - 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк зарын группт “Baaska Aldaraa” гэсэн хаягаас “...“Ай фоне икс” гар утас хямд захиалж өгнө” гэх зарыг байршуулж улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Н.Бт “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд захиалсан гар утас ирнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Н.Б нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 93-22 тоот хаягаас интернэт банкаар 500.000 төгрөгийг Хаан банкны 5064817965 дугаарын данс руу шилжүүлсэн буюу бусдад нийт 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Бг цагаатгаж, 201201040254 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, шүүгдэгч Д овогт Гын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн урьд цагдан хоригдсон 962 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.Бгээс 1.476.483 төгрөгийг гаргуулан хохирогч З.Оюун-Эрдэнэд, 1.214.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эрдэнэбаатарт олгож, шүүгдэгч нь хохирогч С.Т, Н.Б, М.Б, П.Г, иргэний нэхэмжлэгч Ч.Хулан нарт төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос 3.166.666 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Блийн 8.942.010 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын Г.Бд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Г.Бг цагаатгаж, 201201040254 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаан шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, амь хохирогч Ч.Мб 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн эгч Ч.Блтай уулзаж, 13-25 УБЛ улсын дугаартай “Соната-2” загварын автомашиндаа шатахуун хийлгээд “өнөөдөр валентины өдөр гадуур хүн их байх халтууранд явж байгаад орой очиж хононо” гэж хэлээд салаад явсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бл мэдүүлсэн. Үүнээс хойших хугацаанд гэрч Б.Михлай “...2012 оны 2 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнө 05 цаг 30 минутын үед хашааны гадаа хашааны төмөр хаалгыг цохисон, ...гараад харахад нь үл таних залуу газар хэвтчихсэн толгой нь зүүн зүг рүү харсан байсан ба тэр залуу хөлөөрөө манай хаалгыг өшиглөж байсан. Би тэр залуугийн дэргэд очоод юу болсон талаар асуутал хүнд дээрэмдүүлээд хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь би гэртээ ороод утсаар цагдаа дуудсан юм. Цагдаагийн ажилтан гэрэл тусгахад тэр залуугийн цээж хавийн хувцас цус мэт зүйл болчихсон байсан. Би тэр залууг огт танихгүй. ...цагдаагийн ажилтан дээрэмдсэн хүнээ таних уу гэхэд үгүй гэж хэлж байсан...” /хх 40-42/ гэж мэдүүлдэг ба хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг.

            Харин амь хохирогчийн халтуур хийхээр унаж байсан 13-25 УБЛ улсын дугаартай “Хьюндай Соната-2” загварын тээврийн хэрэгслийг авч явсан этгээд нь Баянгол дүүргийн нутаг, Энхбаярын замд байрлах гэрлийн шонг мөргөх үед гэрч Р.Г хашаанаас гарч ирээд автомашин жолоодож явсан хүнтэй харилцан биеийг нь асууж уулзсан байдаг.

            Энэ талаараа гэрч Р.Г 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “...унтаж байхад тас гээд чанга дуу чимээ гарсан. Тэгээд хашаанд машин ороод ирэв үү гэж бодоод нимгэн хувцас өмсөөд гараад хартал хашааны үүдэнд байх гэрлийн шонг машин мөргөөд машины урд копут сөхөгдсөн уур манан болсон, хажуугаас нь намхан нуруутай, хар куртиктэй залуу жолоочийн сандлаас бууж ирсэн. Яагаад орчив гээд асуусан чинь зүгээр, зүгээр пизда гээд амандаа уншаад байсан. Бие чинь зүгээр үү, түргэн дуудах уу гэхэд зүгээр, зүгээр пизда гэж уншиж байгаад найз нарыгаа дуудна гэж хэлсэн. Дүү нь жоохон согтуу байна гэж хэлсэн. Би нимгэн хувцастай байсан учраас гэр лүүгээ орсон. ...би шон мөргөсөн машин дээр ирж жолоочтой нь уулзчихаад гэртээ ороод цаг харахад 4 цаг 30 минут болж байсан. Шон мөргөсөн автомашинаас 20 гаран насны 170 см орчим нуруутай, хар өнгийн куртиктай, шар царайтай хазгайдуу гэмээр аялгатай, согтуудаа ч болоод тэгж ярьсан байж болно, богино халимаг мөртлөө босоо үстэй, бараан өмдтэй, гутлыг нь анзаараагүй, дунд зэргийн туранхайдуу биетэй залуу ганцаараа бууж ирсэн. Ер нь тэр залууг харвал барагцаалаад хэлж чадна. ...Тухайн үед гадаа шонгийн гэрэлтүүлэг сайтай байсан. ...машинаас бууж ирсэн залууг би нүүр ам нь цус болсон байж магадгүй гэж бодоод нүүрийг нь сайн харсан. Тэгтэл нүүр нь цус болоогүй цус харагдахгүй нүүрээ элээд доошоо болоод байсан...” гэж /хх 60-61, 200/ дээрэмдүүлсэн гэх машинаас буусан хүнийг тодорхой дүрсэлж мэдүүлсэн байдаг. Дээрх мэдүүлгийн дагуу таньж олуулах ажиллагаа явуулахад яллагдагч Г.Бг шууд таньсан.

            Хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийг улсын яллагч ялласан нотлох баримтыг өөр бусад нотлох баримтаар няцааж үгүйсгээгүй, нотлогдоогүй гэж үзэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг “хөдөлбөргүй үнэн зөв гэж үзэх боломжгүй”, “гэм буруутай талаар хөдөлбөргүй баримт сэлт, мэдээлэл байхгүй тул түүнийг энэ хэрэгт буруутгах үндэслэл сул байна” гэхчлэн хоёрдмол утга бүхий байдлаар үнэлж зөвхөн үгүйсгэж буй нотлох баримт нь мөрдөн байцаагчийн санал, прокурорын шийдвэр үйл ажиллагаатай холбож цагаатгаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

            Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

            Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 964 хоног цагдан хоригдсон билээ. Гэвч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 962 хоног гэж алдаатай бичигдсэн байх тул залруулж өгнө үү. Мөн прокурор Н.Булганчимэг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэн эсэргүүцэл бичсэнтэй холбогдуулан гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Г.Б намайг цагаатгасан тогтоолыг дэмжиж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн ба ямар нэгэн маргаангүй, өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт анх Багануур дүүргээс 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан ба 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хугацаа дуусаж мөн өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон. 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр батлан даалтад гарсан ба нийт 27 хоног цагдан хоригдсон. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгаас барьж шууд цагдан хоригдсон. Өнөөдрийг хүртэл нийт 2 жил 9 сар 10 хоног буюу 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 1012 хоног цагдан хоригдсон билээ. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Б миний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шийтгүүлсэн 3 жилийн хугацаа дуусаж байгаа ба 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлсэн 6 сарын хорих ял эхэлж байгаа. Миний бие Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Г.Б миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол гомдлоо барагдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн хохирлын талыг төлсөн ба үлдсэн хохирол болох 2.700.000 төгрөгийг нэн даруй барагдуулна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү.

            Миний бие мөрдөн байцаалтын шатанд хохирол, төлбөрөө нөхөн төлөхөө байнга илэрхийлж байсан ч прокурор Н.Булганчимэг намайг хилс хэрэгт гүтгэн 2 жил 9 сар цагдан хорьж хохирол төлөх нөхцөлөөр хангаагүй. Мөн Н.Булганчимэг прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж миний эрх зүйн байдал маш их дордсон. Намайг хилс хэрэгт яллах гэж улайран зүтгээгүй бол Г.Б миний бие аль хэдийн хийсэн хэргийнхээ ялыг эдлээд, хохирол, төлбөрийг бүрэн төлөөд, магадлангаар гарч өдийд эрх чөлөөтэй явж байх байсан. Эдгээр нөхцөл байдал, зөрчигдсөн эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж үлдсэн 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Бгийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Прокурорын гаргасан эсэргүүцлийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед миний бие байр сууриа тодорхой илэрхийлсэн. Сүүлийн яллах дүгнэлтэд дурдагдсан баримтаар шүүгдэгч Г.Бг эргэлзээгүйгээр гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон үйл явдал, баримт гараагүй. Иймд анхан шатны шүүхийн “хүн алах” гэмт хэрэгтэй холбогдох шийдвэр үндэслэлтэй гарсан. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл олон төрлийн мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн боловч эргэлзээгүйгээр, хөдөлшгүй тогтоогдсон баримт байхгүй гэж үзэж байна. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн Нямзаяа, Г, Цэнгэл нарын мэдүүлгийг шалган судалж үзсэн боловч Г.Бг уг хэргийг үйлдсэн талаар тогтоох боломжгүй байсан. Бусад хэргийн хувьд анхнаасаа хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгодог. Мөн шүүх хуралдааны явцад хохирлын тодорхой хэмжээг төлсөн. Хэргийн нөхцөл байдалтай холбогдуулж 1000 гаруй хоног хоригдсоноос шалтгаалж, хохирол төлбөр барагдах боломж багассан.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг шийдэх гэж 10 гаруй жил болж байна. Миний ганц хүсэж байгаа зүйл бол хэн нэгэнд ял үүрүүлэхдээ бус миний ахыг өчнөөн олон удаа хутгалж зэрлэгээр хөнөөсөн хүнийг олох хүсэлтэй байна. Прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Миний хувьд олон шүүх хуралдаанд сууж байна. Би ямар ч шийдлийг аваагүй өдийг хүрж байна. Гэрч Б “...14-ний шөнө хамт хоносон...” гэж мэдүүлсэн атлаа дараа нь мэдүүлгээсээ буцсан байдаг. Уг хэргийг үйлдсэн хүн мэдээж хүн алаагүй гэж хэлэх нь ойлгомжтой. Гэрч Р.Г “...тэр хүнийг таньсан...” гэж мэдүүлсэн бөгөөд 4, 5 хүнээс Г.Бг таньсан тул би Г.Бг уг хэргийг үйлдсэн байх магадлал өндөр гэж үзэж байна. Гэрч Б мэдүүлгээсээ буцсан нь сэжигтэй. Нэг удаагийн шүүх хуралдаанд Г.Бгийн эх болон түүний эгч мөн ирсэн байсан. Шүүх хуралдаанд дуусахад “...энэ хэргийг үйлдсэн гээд явлаа гэхэд уг хэргийг үйлдсэн хүн гараад ирвэл яах вэ...” гэж хэлсэн нь надад сэжигтэй санагдсан. Үнэхээр уг хэргийг үйлдээгүй гэсэн ч хэргийн талаар мэдээд байгаа юм шиг зөн совин төрсөн. Г.Бгийн эгч рүү “тэвчээр алдагдаад чи хэргийн талаар мэдэж байгаа юм байна шдээ” гэж бухимдсандаа хэлтэл Г.Бгийн эгч “миний дүү хүн алаагүй” гэж хэлсэн. Г.Бгийн эгч Тэди төвд утас худалдан, борлуулдаг байсан юм байна лээ. Гэрч Бг дарамталж “...14-ний шөнө надтай хамт хоносон гэж хэлээрэй, тэгэхгүй бол намайг хүн амины хэрэгт сэжиглээд байгаа юм...” гэж хэлсэн нь надад сэжигтэй санагдаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь:

- Б.Б-Э, Д.Л нартай бүлэглэн “Хьюндай Соната-6” загварын 05-26 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 17 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэмүүн сант асар” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утас, 1 ширхэг зургийн аппарат, 2 ширхэг монетон ээмэг, 3 ширхэг монетон кулон, 4 ширхэг монетон бөгж зэрэг нийт 11.946.450 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- мөн 2018 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн Мааньзавын 103 дугаар байрны подвалд байрлах алт мөнгөний дарханы газрын хаалганы цоожийг эвдэн 10 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, 8 лан мөнгө, 7 лан хар мөнгө, 5 грамм алт, 3 ширхэг мөнгөн бугуйвч, 5 ширхэг мөнгөн гинж, 29 ширхэг бөгж, 6 ширхэг эрэгтэй бөгж, 8 ширхэг мөнгөн зүүлт, 7 ширхэг мөнгөн бөгж, 52 ширхэг мөнгөн бөгж, 32 ширхэг мөнгөн хослол, 12 ширхэг мөнгөн ээмэг, 48 ширхэг тогтоогч суурь, төмөр сейф, монетон бугуйвч, сийлбэртэй мэлхий, 700 грамм мөнгө зэрэг нийт 14.008.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу “Якут годон якут годон” гэх фейсбүүк сайтад “Зөвхөн Увсчууддаа шинэ жилийн урамшуулал болгон годон гутлаа 30 хувийн лизингээр худалдаалж байна, та бүхэн 95775283 дугаараар мэдээлэл авна уу” гэсэн хуурамч мэдээлэл оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулж иргэн С.Таас 650.000 төгрөг, М.Бс 80.000 төгрөг, П.Гээс 40.000 төгрөг нийт 770.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5064817965 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

- 2019 оны 2 дугаар сарын 28-ний өдөр фейсбүүк сайтад “Baaska Aldaraa” гэсэн хаягаар “Айфоне икс” гар утас хямд захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Н.Бт “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд захиалсан гар утас чинь ирнэ...” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан интернэт банкаар 500.000 төгрөгийг ХААН банкны 5064817965 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдсэн болох нь: 

Эд зүйлсээ алдсан талаарх хохирогч Д.О, /3 хх 30/, Ш.Л /3 хх 40, 4 хх 173-174/, М.Б /3 хх 43/, Б.Д /3 хх 49/, Ж.Э /3 хх 55/, З.О-Э /3 хх 61-63/, Ч.Ж /3 хх 69/, Д.Д /3 хх 75/, Н.И /3 хх 81-82/, Ж.У /3 хх 91, 4 хх 175-176/, Б.Б /3 хх 97/, Т.Т /3 хх 106/, Ц.Э /8 хх 117-120, 182-184/, С.Т /5 хх 35-36/, Т.О /5 хх 48-49/, М.Б /5 хх 38-40/, П.Г /5 хх 42-43/, Н.Б /6 хх 21/ нарын мэдүүлгүүд,

гэрч М.М /3 хх 120-121/, Д.И /8 хх 140-141/, Ч.Б /8 хх 144-148/, Д.Л /3 хх 118-119, 129/ нарын мэдүүлгүүд,

иргэний нэхэмжлэгч Ч.Х /3 хх 113/-ийн мэдүүлэг,

Б.Б-Э /4 хх 114-115, 8 хх 194-198/, Г.Б /2 хх 177, 5 хх 124-125, 248-250, 6 хх 76-77, 8 хх 80-81/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх 24, 6 хх 17, 8 хх 90/,

эд зүйлсийн үнэлгээ /3 хх 34, 40, 46, 52, 58, 66, 71-72, 78, 86-87, 94, 100, 108, 8 хх 124-125/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар схем зургаар /2 хх 229-235, 91-93/,

хохирогч Т.О /5 хх 27/, М.Б /5 хх 31/, Н.Б /6 хх 51/, шүүгдэгч Г.Б /2 хх 91-99, 5 хх 51-61, 6 хх 48-50/ нарын дансны хуулга,

фейсбүүк хаягт байршуулсан байсан зарын зураг /5 хх 26/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Бг “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн”, “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Бгийн “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн, Г.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнөх үйлдэл байгаа хэдий ч тэрээр Булганчимэган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамжаар /4 хх 14/ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор /4 хх 9/ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлснийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан байх тул түүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг.

Хэргээс үзэхэд, анхан шатны шүүхээс Г.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 682 дугаар тогтоолоор гэрч Т.Б, О.Б, Д.С нарын мэдүүлгүүдийг мөрдөн байцаалтын шатанд урьдаас хөдөлбөргүй үнэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай, Г.Бгийн эсрэг ашиг сонирхолтой байж болзошгүй, гар утсыг борлуулж алга хийсэн гэх өдрийн дараа шүүгдэгчид байхыг О.Б нь харсан гэсний зөрүүг гаргаагүй, М.Н, С.Б нар хэрэг учрал болсон өдөр хаана байсан болохыг тодруулаагүй, тухайн өдөр гэрч Д.Сийн 91681899 дугаарын утас руу шүүгдэгч болон О.Б нар залгасан эсэхээр огноо, өдрийг тогтоох ажиллагааг хийлгэхээр /7 хх 166-171/, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ДШМ/77 дугаар магадлалаар Ч.Мб нь үг ярих, үг хэлэх боломжтой эсэхийг шалгах, гэрч М.Нгийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоолгохоор тус тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан байх боловч уг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж тодруулаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан ба гэрч С.Бын “...2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шиг санагдаад байна. Тэр өглөөний 08-10 цагийн орчимд намайг “Монтел” гар утасны худалдааны төвийн гадна гар утас худалдаж авахаар зогсож байхад үл таних 25-30 орчим насны шаравтар царайтай, өтгөн хөмсөгтэй, туранхай ч биш тарган ч биш дунд зэрэг биетэй залуу надад энэ гар утсыг бас нэг скайтелын нилээн дээр үеийн дэлгэдэг гар утас хамт зарсан. ...надад гар утас зарсан залууг зүс мэддэг байсан. ...өтгөн хөмсөгтэй, шар царайтай, жоохон монхордуу хамартай, 2 чих нь соотондуу байсан нь содон харагдсан. ...одоо харвал энэ шинж тэмдгээр нь танина...” /2 хх 21/, гэрч Р.Гын “...унтаж байхад тас гээд чанга дуу чимээ гарсан. Тэгээд хашаанд машин ороод ирэв үү гэж бодоод нимгэн хувцас өмсөөд гараад хартал хашааны үүдэнд байх гэрлийн шонг машин мөргөөд машины урд копут сөхөгдсөн уур манан болсон, хажуугаас нь намхан нуруутай, хар куртиктэй залуу жолоочийн сандлаас бууж ирсэн. Яагаад орчив гээд асуусан чинь зүгээр, зүгээр гээд амандаа уншаад байсан. Бие чинь зүгээр үү, түргэн дуудах уу гэхэд зүгээр, зүгээр гэж уншиж байгаад найз нарыгаа дуудна гэж хэлсэн. Дүү нь жоохон согтуу байна гэж хэлсэн. ...Шон мөргөсөн автомашинаас 20 гаран насны 170 см орчим нуруутай, хар өнгийн куртиктай, шар царайтай хазгайдуу гэмээр аялгатай, согтуудаа ч болоод тэгж ярьсан байж болно, богино халимаг мөртлөө босоо үстэй, бараан өмдтэй, гутлыг нь анзаараагүй, дунд зэргийн туранхайдуу биетэй залуу ганцаараа бууж ирсэн. Ер нь тэр залууг харвал барагцаалаад хэлж чадна...” /хх 60-61, 200/ гэх мэдүүлгүүд болон тэдгээрийн таньж олуулах ажиллагаа /хх 62-64, 226-229, 2 хх 182-186/-аар Г.Бг шууд заасан зэрэг баримтууд хэрэгт авагдсан байсан хэдий ч гэрч Т.Бын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...намайг уг гар утас авсан болохыг гэрчлэх хүн байхгүй, би ганцаараа зогсож байгаад хүнээс авсан. Эрэгтэй, эмэгтэй ямар хүнээс авснаа санахгүй байна...” /хх 162/, О.Бгийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Г.Б ээжийн утас руу залгаад гараад ир гээд түүнтэй хамт Налайх явсан ...” /хх 71-72/, 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад ээжийн 91681899 гэсэн дураар руу 9995-тай дугаараас залгаад гараад ир гэж хэлсэн. ...Г.Бгийн хамт суутал Шар хадны тэнд байдаг 805 дугаар сангийн тэнд очоод нэг дотуур байранд орж, би энд байр хөлсөлж байгаа хааяа ирж хонодог гэж хэлсэн. ...тэр байранд ороод буцаж гараагүй тэндээ хоноод өглөө 14 цаг өнгөрч байхад цуг гараад, Г.Б намайг Налайх дүүрэг рүү хамт явсан гэж хэлээрэй гэсэн. ...тэгээд Г.Бг баригдсаныг мэдээд би одоо үнэн зөв мэдүүлж байна...” /хх 106/, Д.Сгийн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байх Валентины өдөр гэж байсан. Гэртээ орой 18 цагийн үед хүүхдүүдийн хамт хоолоо хийж байхад миний утас руу танихгүй дугаараас дуудлага орж ирээд авахад О.Бтай ярья гэж эрэгтэй хүний дуу гарахаар нь О.Бд утсаа өгч яриулсан. ...гадуур хувцсаа өмсөөд хүнтэй хамт юманд яваад ирье удахгүй гээд гарсан. Тэр шөнөдөө ирээгүй. ...тэгээд хаашаа явсан юм бэ гэхэд Сансрын хойшоо байшин хөлсөлж байсан. Тэнд очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би лавлаж асуугаагүй...” /хх 206/, 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...О.Б намайг Г.Б бид хоёр 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хамт хоносон гэж хэлээрэй гээд байсан. ...2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр л Г.Бтэй хамт явсан юм байна шүү дээ яагаад надаар тэгж хэлүүлсэн юм болоо гээд гайхсан...” /2 хх 26-27/ гэх зэрэг өөр хоорондоо олон удаа зөрүүтэй мэдүүлж, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосон зүйлгүй, Г.Бг амь хохирогч Ч.Мбыг алсан гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул прокурор Н.Булганчимэгийн бичсэн “...цагаатгасан нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцоолж 962 гэж бичсэн байх тул шүүгдэгч Г.Бгийн “...цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг болон прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 92 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн урьд цагдан хоригдсон 962 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн урьд цагдан хоригдсон 964 /есөн зуун жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн “...цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг болон прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерөн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                   

                                 ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ